Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2024/00095

 

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэртэй,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА204/00338 дугаар магадлалтай,

 

“М” ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

М.О-д  холбогдох,

 

Сургалтын зардал 51,219,622 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын олговор 8,219,127 төгрөг, нийт 59,438,749 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р

Хариуцагч М.О, түүний өмгөөлөгч Ч.Б

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “М” ТӨХК хариуцагч М.О-д холбогдуулан сургалтын болон томилолтын зардал 51,219,622 төгрөг, ээлжийн амралтын цалин 8,219,127 төгрөг, нийт 59,439,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.О-аас  59,439,549 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М”  ТӨХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 467,333 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.О-аас  455,147 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00338 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.11.10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4, 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.О-аас  8,219,127 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 51,219,622 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “56.1” гэснийг “56.2” гэж, “455,147” гэснийг “146,456” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 455,148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.19-ний өдрийн 210/МА2024/00338 дугаартай магадлалыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

М.О нь “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2017.01.02-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар нислэгийн хэлтэст сурагч нисгэгчээр, 2017.06.02-ны өдрийн Б/437 дугаар тушаалаар Б767-300 агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр тус тус томилогдсон. М.О нь 2023.02.06-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасныг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023.03.02-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. М.О-тай 2017.06.02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэх сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж заасан. Хөдөлмөрийн гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан ч тус гэрээний 3.3-д “Аль нэг тал гэрээний хугацааг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгөөгүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасан тул хөдөлмөрийн гэрээ 2023.03.02-ны өдөр хүртэл сунгагдсан. М.О нь “М” ТӨХК-д үндсэн ажилтнаар буюу байнгын ажлын байранд ажиллаж байсан ба Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулна.” гэж заасан ч “М”  ТӨХК-д улирлын чанартай ажил их байдаг тул хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулан гэрээний хугацааг шууд сунгагдах заалтыг тусгасан.

Давж заалдах шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023.03.02-ны өдөр хүртэл үргэлжилсэн тул ажилтны ажлаас чөлөөлөгдсөн хугацааг тооцож, 2023 оны ээлжийн амралтын зөрүү мөнгийг ажил олгогч шаардах эрхтэй хэмээн дүгнэсэн атлаа хөдөлмөрийн гэрээний хугацааг анх байгуулагдсан үеэс дахин 1 удаа сунгагдана хэмээн зөрүүтэй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо талуудын хооронд 2017.06.02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т заасан нь нэхэмжлэгч сургалтын болон томилолтын зардлыг хариуцагчаас буцаан шаардах эрхийн үндэслэл болохгүй гэж дүгнэсэн. Үүнд:

Хариуцагч нь 2021.08.15-22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан 17,726,940 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулиар сургалтын төлбөр буцаан шаардах зохицуулалт байхгүй тул Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3, 186 дугаар зүйлийн 186.1 дэх заалтуудыг үндэслэл болгоно. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас үүргийн зөрчилтэй холбоотой зардлыг шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн нь зөрчилтэй байна. Учир нь: шүүх талуудын хооронд үйлчилж байсан хөдөлмөрийн харилцааг үгүйсгээгүй мөртлөө тухайн харилцааг баталгаажуулсан хөдөлмөрийн гэрээний зүйл, заалтаар талуудад харилцан үүрэг үүсгэсэн хэлцлийн зохицуулалтын дагуу хариуцагч хэлцлээр хүлээсэн үүргийн дагуу нэхэмжлэгч талд хохирол шаардах эрх үүссэн хэмээн үзэхгүй, хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг ур чадварыг дээшлүүлэхээр сургалтад хамрагдсан зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж заасан байх боловч энэ нь нэгд: нэмэлт харилцаа, хоёрт сургалтын зардлыг буцаан шаардах нэхэмжлэгчийн эрх 2019.06.02-ны өдрөөр дуусгавар болно гэсэн нь ойлгомжгүйгээс гадна хэлцлээр үүсэх үүргийн дагуу үүсэж буй нэхэмжлэгчийн шаардах эрхийг хуулиас үүсэх үүргийн харилцааг үндэслэн үгүйсгэж байгаа нь хууль хэрэглээний зөрчил үүсгэж байна.     

М.О 2022.02.27-2022.03.06-ны өдрийн хооронд, 2022.08.31-2022.09.07-ны өдрийн хооронд сургалтад хамруулсны зардал 33,492,682 төгрөг гаргуулах шаардлагын тухайд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн гэрээнд сургалтын хэлбэр хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, талуудын эрх үүрэг хариуцлагыг харилцан тохиролцоогүй тул шаардах эрхгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

Учир нь: бодит нөхцөл байдалд ажлын байрны сургалтын шаардлага, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хангалттай тодорхойлогдсон, хэдийгээр нэмэлтээр сургалтын гэрээ байгуулагдаагүй боловч талууд харилцан хамаарал бүхий гэрээг талууд гол нөхцөлийг тохирч байгуулсан.  Сургалтын агуулга, хугацаа, сургалтын зардал, томилолт буюу олговрын хэмжээ тодорхой, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалсан, сургалтын дараа ажилтныг үргэлжлүүлэн ажиллуулсан ажил олгогчийн үйлдэл бодитоор хэрэгжээд дууссан талаар нотлох баримт хэрэгт авагдсан байхад нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн хуулийн дагуу шаардах эрхгүй хариуцагч сургалтын төлбөр төлөх үндэслэлгүй гэсэн нь Хөдөлмөрийн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. “М”  ТӨХК нь жил бүр төлөвлөгөө гаргаж, төсөв баталж нисгэгчдийг бэлтгэж иргэний нисэхийн дүрэм болон олон улсын агаарын тээвэрлэгчдийн хүлээсэн үүргийг биелүүлж шаардлагатай мэргэжлийн сургалт, хөтөлбөрт хамруулан цаг, хугацаа, зардал гаргадаг. М.О өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.18-ны өдрийн 001/ШХТ2024/00443 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Р-ын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

 

7. Нэхэмжлэгч “М” ТӨХК хариуцагч М.О-д  холбогдуулан сургалтын болон томилолтын зардал 51,219,619 төгрөг, ээлжийн амралтын цалин 8,219,127 төгрөг, нийт 59,438,746 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, “... М.О нь 2017 оноос “М” ТӨХК-ийн нислэгийн хэлтэст сурагч нисгэгчээр, 2 дугаар нисгэгчээр тус тус томилогдож ажилласан. Түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т ажилтан нь тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд хэрэв сахилгын шийтгэлээр эсхүл өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын зардлыг төлөхөөр заасан. “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.02-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар М.О-ын  хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. М.О 2021 онд 17,726,940 төгрөгийн, 2022 онд 33,492,679 төгрөгийн, нийт 51,219,619 төгрөгийн сургалтад хамрагдсан. Мөн 2023.02.01-ний өдрөөс тус оны ээлжийн амралтыг эдлэх хүсэлт гаргасны дагуу түүнд ээлжийн амралтыг урьдчилан эдлэхээр тооцон олгосон тул эдгээр төлбөрийг буцаан гаргуулна.” гэж тайлбарласан,

Хариуцагч М.О нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд зааснаар ажил олгогч сургалтын зардлыг хариуцах үүрэгтэй. Сургалтын хүчинтэй хугацаанд нэг ч өдөр ажил таслалгүй, өөрт ногдсон хуваарийн дагуу дагуу ажил үүргээ биелүүлсэн, мөн 2022 онд ажилласан хугацааны ээлжийн амралтыг 2023 онд авсан тул ээлжийн амралтын олговрыг буцаан төлөх үндэслэлгүй....” гэж маргасан.  

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ: “... Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө.” гэж, “М” ТӨХК-ийн болон М.О нарын 2017.06.02-ны өдөр байгуулсан 04Ж/56 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж тус тус заасан. Иймд М.О нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул сургалтын зардал 51,219,619 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021.12.06-ны өдрийн А/191 дүгээр тушаалаар баталсан Ээлжийн амралт олгох, ээлжийн амралтын цалинг тооцох журмын 2.8-д заасны дагуу ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах, дуусгавар болгох үед ажил олгогч нь ажилтантай ээлжийн амралтын тооцоог хийж илүү олгосон ээлжийн амралтын цалингийн суутгалыг хийнэ гэсний дагуу түүнд олгосон 10,657,072 төгрөгөөс ногдох 8,219,127 төгрөгийг буцаан шаардах эрхтэй. Хариуцагч хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах үедээ ажил олгогч тулган шаардсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй....” гэж дүгнэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “.... хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т заасан заалт нь нэхэмжлэгч сургалтын болон томилолтын зардлыг хариуцагчаас буцаан шаардах эрхийн үндэслэл болж чадахгүй байна. Учир нь хариуцагчийг 2021.08.15-ны өдрөөс 2021.08.22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсантай холбоотой зардал 17,726,940 төгрөг буцаан гаргуулах маргаанд Хөдөлмөрийн тухай (1999 оны) хуулийн холбогдох зохицуулалт хамаарах боловч тухайн хуульд энэ талаар зохицуулаагүй, талуудын хооронд сургалтад хамруулахтай холбоотой гэрээ байгуулагдаагүй, Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийг буцаан хэрэглэхгүй, хариуцагчийг 2022.02.27-ны өдрөөс 2022.03.06-ны өдрийн хооронд, 2022.08.31-ний өдрөөс 2022.09.07-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан зардал нийт 33,492,682 төгрөг гаргуулах тухайд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, ажил олгогчийн сургалтын зардлыг нөхөн төлүүлэх шаардах эрхийн урьдчилан нөхцөлийг мөн хуулийн 73.1, 73.2 дахь хэсэгт зохицуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 73.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч өөрийн зардлаар ажилтныг сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэхээр ажилтантай сургалтын нэмэлт нөхцөлийг харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээнд тусгах, эсхүл энэ талаар дагалдах гэрээ байгуулж болох бөгөөд гэрээнд мөн сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээнд дээрх нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна талууд дагалдах гэрээ байгуулаагүй байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас сургалтад хамруулсан зардал нийт 33,492,682 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шаардах эрхгүй, хариуцагч нь “...2022 оны ээлжийн амралтын цалин олгосон” гэх татгалзлаа баримтаар үгүйсгэж чадаагүй байна. Хариуцагч нь ээлжийн амралтын цалинд 10,657,072 төгрөг олгосны зөрүү 8,219,127 төгрөгийг төлөх үүрэгтэй....” гэж үзжээ.

 

10. Анхан болон давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийг зөрүүтэй хэрэглэсэн эсэх гомдлын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хэлэлцүүлэв.

 

11. Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт “хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцалсан бол ажил олгогч сургалтын зардлыг хэсэгчлэн болон бүхэлд нь чөлөөлснөөс бусад тохиолдолд ажилтан ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө” гэж заасан.

Мөн зохигчийн хооронд байгуулсан 2017.06.02-ны өдрийн 04Ж/56 дугаар хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т “Хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцалсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх үүднээс хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж тусгагдсан.

 Нэхэмжлэгч “М” ТӨХК эдгээр хууль, гэрээний заалтыг нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэлээ болгожээ.

 

12. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч М.О нь 2017 оноос “М”  ТӨХК-ийн нислэгийн хэлтэст сурагч нисгэгчээр, 2 дугаар нисгэгчээр тус тус томилогдон ажилласан, ийнхүү ажиллаж байх хугацаанд “М” ТӨХК-ийн зардлаар Белгийн вант улсын Брюссел хотын САЕ сургалтын төвд 2021.08.15-ны өдрөөс 2022.08.22-ны өдрийн хооронд, Франц улсын Парис хотын Simaero сургалтын төвд 2022.02.27-ны өдрөөс 2022.03.06-ны өдрийн хооронд, 2022.08.31-ний өдрөөс 2022.09.07-ны өдрийн хооронд дадлагажуулалтын давтан сургалтад тус тус хамрагдсан, “М” ТӨХК-аас сургалтын болон томилолтын зардалд нийт 51,219,622 төгрөг зарцуулсан, 2023 оны ээлжийн амралтын цалинд 10,657,072 төгрөгийг ажил олгогч олгосон, “М” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.03.02-ны өдрийн Б/108 дугаар тушаалаар М.О-ын  хүсэлтийг үндэслэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримт тогтоогджээ.

 

13. Нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх сургалтын болон томилолтын зардал, ээлжийн амралтын цалинг буцаан шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болсон ба анхан шатны шүүх ээлжийн амралтын цалингийн зөрүү 8,219,127 төгрөгийг хариуцагч буцаан төлөх үүрэгтэй гэж үзэж хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй гэж дүгнэсэн, хариуцагч энэ талаар хяналтын гомдол гаргаагүй тул хяналтын шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

 

14. Анхан шатны шүүх сургалтын болон томилолтын зардал 51,219,619 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийн “...ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлнө...” гэснийг зөв тайлбарлан хэрэглээгүй, 2021 оны сургалтын зардал гаргуулах маргаанд 2022.01.01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийг буцаан хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Давж заалдах шатны шүүх 2021 оны сургалтын зардал гаргуулах маргаанд хуулийг буцаан хэрэглэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй боловч сургалтын болон томилолтын зардалд нийт 51,219,619 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсгийн зохицуулалтын агуулгыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна. 

 

15. Нэхэмжлэгч “М”  ТӨХК нь М.О-ыг 2021.08.15-ны өдрөөс 2021.08.22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан зардал нийт 17,726,940 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан.

 

15.1. Зохигч нар нэг жилийн хугацаатай байгуулсан 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээг сунгасан баримт хэрэгт байхгүй боловч гэрээний хугацаа дууссанаас хойш хариуцагч ажлаа гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээ нь гэрээнд заасан хугацаагаар сунгагдаж, хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилж байсан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын агуулгад нийцнэ. Харин давж заалдах шатны шүүх “...2019.06.02-ны өдөр гэрээний хугацаа дуусгавар болсон... мөн хугацааг гэрээний 3.3-т зааснаар 2 дахь удаа болон түүнээс хойш мөн хугацаагаар сунгасан... гэж тайлбарлахгүй” гэж дүгнэсэн нь буруу болсныг залруулах нь зүйтэй.

 

15.2. Гэвч 1999 онд батлагдаж, 2022.01.01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон Хөдөлмөрийн тухай хуульд энэ талаар зохицуулаагүй, 2022.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн маргаанд буцаан хэрэглэхгүй тул 2017.06.02-ны өдрийн 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.1.12-т заасныг үндэслэн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3 дахь хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол хөдөлмөрийн гэрээнд энэ хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэнэ” гэж заасан зохицуулалтын агуулгаар хөдөлмөрийн эрх зүйн харилцааг тусгайлсан зохицуулсан хэм хэмжээнд хууль буцаан хэрэглэх талаар тухайлан зохицуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн ерөнхий үндэслэлийг хэрэглэх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй.

 

15.3. Нөгөө талаар 04Ж/56 дугаартай хөдөлмөрийн гэрээг гэрээнд заасан хугацаагаар сунгагдаж байсан гэж үзвэл хариуцагч нь сургалтад хамрагдсан 2021.08.22-ны өдрөөс хойш нэг жилийн хугацаанд ажилласан тул сургалтын зардлыг гэрээнд зааснаар нөхөн төлөх үүрэг үүсээгүй гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас М.О-ыг 2021.08.15-ны өдрөөс 2021.08.22-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан зардал, томилолтын зардал нийт 17,726,940 төгрөгийн нэхэмжлэлийг хангахгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

16. Нэхэмжлэгч “М” ТӨХК нь М.О-ыг 2022.02.27-ны өдрөөс 2022.03.06-ны өдрийн хооронд, 2022.08.31-ний өдрөөс 2022.09.07-ны өдрийн хооронд сургалтад хамруулсан зардал, томилолтын зардал нийт 33,492,682 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

 

16.1. Хөдөлмөрийн тухай (2021 оны) хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ТӨХК хариуцагч М.О-ыг 2022 онд сургалтад хамруулсан зардлыг түүнээс шаардах эрхтэй боловч бүхэлд хангах үндэслэлгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй.

 

16.2. Хариуцагч М.О нь сургалтад хамрагдсанаас хойш тодорхой хугацаанд ажилласан тул ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг хувь тэнцүүлж ажил олгогчид нөхөн төлүүлэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасныг давж заалдах шатны шүүх тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсэгт “Хөдөлмөрийн гэрээнд, эсхүл ажил олгогчийн зардлаар суралцах дагалдах гэрээнд сургалтын хэлбэр, хугацаа, олговрын хэмжээ, суралцах хугацаанд ажилтны ажлын байрыг хадгалах, сургалтын дараа ажилтныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллуулах хугацаа, ажил олгогчийн гаргах зардлын хэмжээ, гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага зэргийг тусгана” гэж заасан ба хариуцагч Д.О нь “М” ТӨХК-тай 2022.10.31-ний өдрийн 1534 дугаартай хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж байсан нь мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасан сургалтын зардлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

 

“М” ТӨХК-ийн Нислэгийн хэлтсийн нисгэгчид ажилтнууд хөдөлмөрийн шинэчилсэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулахгүй байгаа талаар Хүний нөөцийн хэлтсээс мэдэгдэж байсан баримт хэрэгт авагдсан, ажил олгогч шинэчилсэн хөдөлмөрийн  гэрээнд гарын үсэг зурахыг шаардаж байсан талаар хариуцагч тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

 

Иймээс давж заалдах шатны шүүхээс “...хөдөлмөрийн гэрээнд дээрх нөхцөлийг нэг бүрчлэн харилцан тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, сургалтад хамруулахтай холбоотой гэрээ байгуулагдаагүй ...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

 

16.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсэгт “Сургалтын дараа ажилтны тухайн аж ахуйн нэгж, байгууллагад үргэлжлүүлэн ажиллах хугацааг талууд харилцан тохиролцох бөгөөд гурван жилээс илүүгүй байна” гэж заасан. 

Харин хариуцагчийн гарын үсэг зураагүй 2022.10.31-ний өдрийн 1534 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.2.12-т заасан ажилтны хүлээх үүрэгт “ажлын байрандаа тогтвор суурьшилтай ажиллах бөгөөд өөрийн санаачилгаар болон сахилгын шийтгэл гарган хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд ажилтны мэдлэг чадварыг дээшлүүлэх, мэргэшүүлэх зорилгоор сүүлийн 2 жилд хамруулсан сургалтын зардлыг үл маргах журмаар компанид буцаан төлөх” гэж заасан тул хариуцагч Д.О сургалтын дараа “М”  ТӨХК-д үргэлжлүүлэн ажиллах хугацааг 2 жилээр тооцох боломжтой гэж үзэв.

 

16.4. Нэхэмжлэгч “М”  ТӨХК нь хариуцагч М.О-ыг 2022.02.27-ны өдрөөс мөн оны 2022.03.06-ны өдрийн хооронд Белгийн Вант Улсын Брюссел хотод “CAE” сургалтад хамрагдаж нэхэмжлэгч “М” ТӨХК нь сургалтын зардалд 11,273,218 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон бөгөөд хариуцагч М.О нь сургалтад хамрагдсан 2022.03.06-ны өдрөөс хойш 1 жил ажиллаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн байх тул түүний ажиллаагүй хугацаанд ногдох сургалтын зардлыг 50 хувиар тооцвол нөхөн төлөх сургалтын зардал 5,636,609 төгрөгийг нэхэмжлэгч “М” ТӨХК буцаан төлүүлэхээр шаардах эрхтэй гэж үзлээ.

 

16.5. Хариуцагч М.О 2022.08.31-ны өдрөөс 2022.09.07-ны өдрийн хооронд Франц Улсын Парис хотын Simaero сургалтын төвд сургалтад хамрагдаж нэхэмжлэгч “М” ТӨХК 8,946,702 төгрөг төлсөн ба хариуцагч 2022.09.07-ны өдрөөс хойш 6 сарын дараа ажлаас чөлөөлөгдсөн тул сургалтад хамрагдсанаас хойш 2 жил ажиллахаас ажилласан хугацаа 6 сар нь ¼ буюу 25 хувь, харин түүний ажиллаагүй хугацаа нь 18 сар нь ¾ буюу  75 хувьд ногдох сургалтын зардал нь  6,710,026 (8,946,702*75%) төгрөг болно.

Иймд хариуцагч М.О нь сургалтын зардалд (6,710,026+5,636,609)= 12,346,635 төгрөгийг нэхэмжлэгч “М” ТӨХК-д төлөх үүрэгтэй гэж үзэв.

 

17. Харин ажилтан томилолтын зардлыг нөхөн төлөх талаар дээрх гэрээнд болон “М” ТӨХК-ийн “Компанийн ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдах журам”-ын 3.4-д тус тус тусгагдаагүй байх тул гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч М.О-аас  (сургалтын зардалд 12,346,635 + ээлжийн амралтын цалин 8,219,127)= 20,565,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,872,984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 210/МА2024/00338 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШШ2023/03656 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай (2021 оны) 73 дугаар зүйлийн 73.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.О-аас  20,565,762 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “М” ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 38,872,984 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “455,147” гэснийг “260,779” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М”  ТӨХК нь 2024.03.26-ны өдөр 415,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БАЯРМАА

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

         ШҮҮГЧИД                                                           Н.БАТЗОРИГ                        

                      Н.БАТЧИМЭГ

                      Х.ЭРДЭНЭСУВД