Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 0038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Т, Э.Э нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       Э.Э

               Шүүгдэгч нарын өмгөөлөгч                      Ц.Э

               Хохирогчийн өмгөөлөгч                           М.Г, Э.Т

  Нарийн бичгийн дарга                              Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолтой, Л.Т, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э-ийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Л-н Т.

 

Монгол Улсын иргэн, Ш овогт Э-н Э.

 

Шүүгдэгч Л.Т, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн 45-17 тоотод эх Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан сандал дээр суулган хөл, гарыг нь хүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овогт Л-н Т, Ш овогт Э-н Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Э.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Э.Э нарт оногдуулсан 500 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Т, Э.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 

Хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж,

 

  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Э давж заалдах гомдолдоо:

 

“... Тус шийтгэх тогтоолоор намайг хохирогч Б.Н-ийн мэдүүлэг, гэрч Д.О нарын мэдүүлгээр Б.Нийг гэрт оруулахад, сандалд суулган хүлэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлт хийсэн.

Гэтэл хэрэг болсон гэх газар зөвхөн миний нөхөр Л.Т хадам ээж хоёр байсан. Би яваад ороход хадам ээжийг хүлчихсэн, хадам ээж надад хандан ээждээ ус өгөөч гэхээр нь ус авч өгч хадам ээжид уулгачихаад Л.Т-д хүлээсийг нь тайлаач гэхэд чамд хамаагүй чи гар гэж хэлсэн. Болсон үйл явдал гэвэл ийм л зүйл болсон. Гэрч Д.О нь хашааны гаднаас хашаа руугаа авч орсныг л харсан гэрч байтал болсон хэрэг үйлдлийн талаар юу ч хараагүй гэрч юм.

Би өмгөөлөгчийн хамтаар хохирогчийн сэтгэцийн байдалд Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 65 тоот дүгнэлтээр хохирогч Б.Н нь сэтгэцийн хувьд DS F.06.32 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг сэтгэл гутрал хэлбэр өвчтэй. Энэ өвчний учир хөдөлмөрийн чадвар алдалт 70%-тай 2009 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг, энэ өвчний учир эмчилгээ хийлгэж сэтгэцийн эмчийн хяналтанд байгаа.

Одоо түүнд дээрх сэтгэцийн эмгэг өөрчлөлт байна, бүрэн эдгэрэх боломжгүй боловч эмчилгээний үр дүнд намжмал байдалд ордог. 2019 оны 08 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд сэтгэцийн тасагт сэтгэцийн эмчилгээ хийлгэж гарсан тул /одоогоор/ өвчин намжмал байдалтай байна. Цаашид дээрх өвчний стандарт эмчилгээ сэтгэцийн эмчийн хяналтанд хийлгэх шаардлагатай. Одоо хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай талаар /хх-67/ хэрэгт авагдсан дүгнэлттэй холбогдуулан мөн түүнчлэн хохирогч Б.Н нь өөртөө болон орчиндоо байнгын ойр дотны хүмүүс рүү буюу хүү Л.Т, бэр Э.Э нар руу удаа дараа аюултай довтолгоо, үйлдэл хийгээд байгаа нь сэтгэцийн өвчтэй холбоотой эсэх эсвэл өөрийнх нь ухамсарт үйлдлээр хийгээд байгаа эсэхийг тогтоолгохоор Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт тавьсан. Шүүх энэ хүсэлтийг хангахаас татгалзсан.

Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрүүл маргаан хийж, агсам согтуу тавьж, хутга барьж айлган сүрдүүлж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд зөрчлийн 1925001361 тоот тогтоолоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж, Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот шийтгэврээр 100.000 төгрөгөөр торгуулсан.

Бид зөрчлийн хэрэг шалгагдаж байх хугацаанд хохирогч Б.Н нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх эргэлзээтэй байх тул Шүүх сэтгэц эмгэг судлалын Үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахаар дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан нь ийм учиртай. Хохирогчийн өмгөөлөгч нар нь Л.Т нь барьцаанд тавихдаа бусад өмчлөгч нараасаа зөвшөөрөл авах ёстой. Ийм ажиллагаа хийгээгүйгээс болж муудалцах шалтгаан болсон гэж дүгнэж ярьдаг. Гэтэл би эдгээр маргаантай гэх хөрөнгийн өмчлөгч эзэмшигч биш надад огт хамаагүй.

Хохирогч бид хоёрын дунд маргах эд хөрөнгө байхгүй. Харин байнга өдөр бүр элдэв бохир үг хэллэгээр хадам ээжээрээ доромжлуулдаг. Би ханиа бодож л өдий хүртэл тэвчиж өнөөдрийг хүрсэн юм. Иймд анхан шатны шүүх нь хэргийн нотолбол зохих байдлыг шалгаад хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний гэм буруу нотлогдохгүй байхад Э.Э намайг дээрх гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтанд хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Э.Э надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Эийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Л.Т, Э.Э нар нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бүлэглэн Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн 45-17 тоотод эх Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг гэрт нь оруулж, сандал дээр гар, хөлийг нь хүлэхдээ биед нь “...цээжинд зулгаралт, цус хуралт, дал, бугуйнд зулгаралт, цус хуралт, бугалга, гуя, өвдөгт цус хуралт, шилбэнд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий...” хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх Л.Т, Э.Э нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Э.Э нь “... хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний гэм буруу нотлогдохгүй байхад намайг дээрх гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал, үйл баримтанд хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна ...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Мөн Э.Э нь давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... намайг ороход Л.Т хүлчихсэн байсан, би хүлэхэд нь байхгүй байсан ...” гэсэн тайлбар гаргасан боловч түүний давж заалдах гомдол болон тайлбар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Н-ийн өгсөн “... тэр өдөр хашаагаа буулгаж байхаар нь би гэрээ буулгуулчихаад дахиад хашаагаа буулгуулмааргүй байна гэсэн чинь Л.Т намайг зодох гэхээр нь би хашаанаас аллаа гээд орилоод гүйсэн чинь авгай нь араас наад балай галзуу архичин янхан чинь овоохой руугаа орохгүй ээ гээд хүрз бариад гэр лүү гүйж орсон. Тэгсэн чинь Л.Т намайг татаж чирээд түлхэж унагаасан. Тэгээд намайг дахиад чирээд гэр лүү аваад ороход авгай нь юм оёж байсан утсыг авч өгөөд хүний захиалгаар оёж байсан улаан даавууг холбоод сандал дээр суулгаад хүзүүнээс арагш татаж уясан, тэгээд намайг ангайгаад уйлахаар уйллаа гээд авгай нь гэрт байсан нүүрний алчуур ам руу чихсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 22/,

хохирогчийн дахин өгсөн “... намайг чирээд гэр лүү оруулаад Л.Т намайг доош харуулж хэвтүүлээд миний дээр дарж өвдөглөх хооронд Э.Э миний оёдлын ширээн дээрээс даавууны өөдөс, бүс, ремений тасархайг авчраад миний хөлийг Э.Э хүлсэн ... Л.Т миний гарыг хүлсэн. Дараа нь миний хөл гар хоёрыг холбож Л.Т, Э.Э нар хамтарч холбосон. Миний ам руу чихсэн алчуурыг Э.Э авчирч өгөөд Л.Т-той хамтарч миний ам руу чихсэн. Хэсэг хугацааны дараа чихсэн байсан алчуур авахаар нь би үхлээ, үхлээ гэсэн чинь Э.Э миний ам руу ус хийсэн ... миний ярьсан зүйл үнэн ...” гэсэн мэдүүлэг /хх 221-222/,

шүүгдэгч Л.Тийн гэрчээр өгсөн “ ... би ор гээд гэр лүү нь гараас нь чирч оруулаад юм оёж байсан даавууны өөдсөөр хөл гарыг нь хүлсэн. Тэгсэн чинь үхлээ хатлаа ус ууя гээд байхаар нь манай эхнэр ус өгсөн ... ” гэх мэдүүлэг /хх 27/,

гэрч Н.Р-н “... гэтэл манай хүү Л.Т намайг эхнэртэйгээ нийлээд зодоод хүлсэн, би арайхийж зугатаалаа гэж хэлтэл дуудлагын цагдаатай хамт гэр буцаад очсон ... Л.Т надад хандаж “чи бас архичин авгай нарын нэг нь үү, нэрээ хэл утас чинь хэд вэ, чи муу сэгээ чирээд эндээс хурдан арилаарай, чамайг алчихна шүү миний нүдэнд харагдаад үзээрэй, чи муу янхан архичин миний эцгийг харах юм бол чацга чинь гоожоод үхнэ биз” гэж хэлсэн ... цаана нь эхнэр нь гарч ирээд “наадах чинь нөгөө хэдэн архичин, янхан авгай нарын нэг нь биз дээ, наадахынхаа утсыг сайн аваарай...” гэж хэлээд бохь зажлаад инээгээд чанга чанга орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх 33/,

гэрч Д.О-н “ ... ямар ч байсан хашаандаа Л.Т юм хийх гээд хүмүүс дуудсан бололтой байсан. Гэнэт л Б.Н орилоод хашгичаад хүү, бэр хоёртойгоо муудалцаад хэрэлдээд байсан ... Л.Т ээжийгээ чирч оруулах гээд байгаа бололтой ноцолдоод чаргууцалдаад байсан. Тэгээд удалгүй Л.Т, Э.Э нар ээжийгээ гэрт нь аваад орсон... ” гэсэн мэдүүлэг /хх 36, 2 дугаар хх 2/,

гэрч П.Э-н “... Л.Т Э.Э нар гэртээ оруулаад дараа нь ээж нь гэрээсээ гараад хашаан дотроо яваад л байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 42/,

хохирогч Б.Н-ийн биед учирсан гэмтлийг тогтоосон Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 487 дугаартай “ ... дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ... ” гэсэн дүгнэлт /хх 45/,

шүүгдэгч Л.Т-ийн яллагдагчаар өгсөн “... намайг ээжийгээ хүлж байхад манай эхнэр Энхчимэг хамт байсан...” гэсэн мэдүүлэг /хх 194/,

шинжээч Ж.Г-н өгсөн “... хохирогчийн биед үүссэн зөөлөн эдийн гэмтэл, зулгаралт үүссэн байрлалаас үзэхэд хохирогчийг гарнаас нь чирч гулдрах, даавууны өөдөс, уяа, ременээр хөл гарыг нь холбож хүлэх үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх 5/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна.

Хохирогч Б.Н сэтгэцийн хувьд DS F.06,32 Органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг сэтгэл гутрах хэлбэрийн өвчний улмаас сэтгэцийн эмчийн хяналтанд байдаг боловч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай нь Шүүх сэтгэц эмгэг судлалын 65 дугаартай дүгнэлтээр нотлогдсон болно.

Б.Н нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тухайн үйл баримтын талаар тогтвортой мэдүүлдэг ба анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч эмч Ж.Д нь “... наадам болохын өмнө манай өвчтөнгүүд ирж эм авсан. Тухайн үед өвчин нь сэдрээгүй байсан. Эм авч байхдаа тайван байсан ... өвчин сэдэрсэн байсан бол 7 сард хэвтэх байсан ... өвчин намжмал байдалтай байгаа учраас мэдүүлэг гаргах чадвартай гэсэн дүгнэлт гаргасан ...” гэсэн байх тул түүнийг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй юм.

Мөн хохирогч Б.Н-ийн удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Э.Э-ийг дээрх хэрэгт гэм буруугүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч Э.Э-ийн гаргасан “... надад холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

             2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.ЦЭЦЭГМАА

                                                                                           С.УРАНЧИМЭГ