Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 467

 

Л.Т, Э.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцрээн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа /онлайн/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалтай, Л.Т, Э.Э нарт холбогдох 1925005080347 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Э.Э-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1985 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Л-ийн Т,

Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны менежмент мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э-н Э.

Л.Т, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн *** тоотод эх Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан сандалд суулган хөл, гарыг нь хүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Л.Т, Э.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүлэглэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Т, Э.Э нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Б.Н-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 1.180.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Эийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн шүүгдэгч Э.Э гаргасан гомдолдоо “...Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 тоот магадлалыг зс зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтоай зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар дараах хяналтын гомдол гаргаж байна.

Шүүгдэгч Э.Э-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцож, Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор торгуулийн ял ногдуулсан.Тус шийтгэх тогтоолоор Л.Э намайг хохирогч Б.Н-ийн мэдүүлэг, гэрч Д.О нарын мэдүүлгээр Б.Н-г гэрт оруулахад, сандалд суулган хүлэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлт хийсэн. Гэтэл хэрэг болсон гэх газар зөвхөн миний нөхөр Л.Т хадам ээж хоёр байсан. Би яваад ороход хадам ээжийг хүлчихсэн, хадам ээж надад хандан ээждээ ус өгөөч гэхээр нь ус авч өгч хадам ээжид уулгачхаад Л.Т-д хүлээсийг нь тайлаач гэхэд чамд хамаагүй чи гар гэж хэлсэн. Болсон үйл явдал гэвэл ийм л зүйл болсон.

Гэрч Д.О нь хашааны гаднаас хашаа руу авч орсонг л харсан гэрч байтал болсон хэрэг үйлдэлийн талаар юу ч хараагүй гэрч юм.

Би өмгөөлөгчийн хамтаар хохирогчийн сэтгэцийн байдалд нь Орхон аймгийн шүүх сэтгэц эмгэг судлалын №65 тоот дүгнэлтээр хохирогч Б.Н нь сэтгэцийн хувьд DS F.06.32 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг сэтгэл гутрал хэлбэр өвчтэй. Энэ өвчний учир ХЧТА 70%-тай 2009 оноос хойш сэтгэцийн эмчийн хяналтад байдаг, энэ өвчний учир эмчилгээ хийлгэж сэтгэцийн эмчийн хяналтад байгаа.

Одоо түүнд дээрх сэтгэцийн эмгэг өөрчлөлт байна8 бүрэн эдгэрэх боломжгүй боловч эмчилгээний үр дүнд намжмал байдалд ордог. 2019 оны 8 дугаар сарын 27-ноос 09 дүгээр сарын 09-ний хооронд сэтгэцийн тасагт сэтгэцийн эмчилгээ хийлгээд гарсан тул /одоогоор/ өвчин намжмал байдалтай байна Цаашид дээрх өвчний стандарт эмчилгээ сэтгэцийн эмчийн хяналтад хийлгэх шаардлагатай. Одоо хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай талаар /хх-67/ хэрэгт авагдсан дүгнэлттэй холбогдуулан, мөн түүнчлэн хохирогч Б.Н нь өөртөө болон орчиндоо, байнгын ойр дотны хүмүүс рүү буюу хүү Л.Т, бэр Б.Э нар руу удаа дараа аюултай довтолгоо, үйлдэл хийгээд байгаа нь сэтгэцийн өвчтэй холбоотой эсэх эсвэл өөрийнх нь ухамсарт үйлдлээр хийгээд байгаа эсэхийг тогтоолгохоор Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт тавьсан. Шүүх энэ хүсэлтийг хангахаас татгалзсан. Б.Н нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрүүл маргаан хийж, агсан согтуу тавьж, хутга барьж айлган сүрдүүлж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд зөрчлийн №1925001361 тоот тогтоолоор зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот шийтгэвэрээр 100.000 төгрөгөөр торгуулсан. Бид зөрчлийн хэрэг шалгагдаж байх хугацаанд хохирогч Б.Н нь шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх эргэлзээтэй байх тул Шүүх сэтгэц эмгэг судлалын үндэсний төвөөр дүгнэлт гаргуулахаар дээрх хүсэлтүүдийг гаргаж байсан нь ийм учиртай. Хохирогч нарын өмгөөлөгч нар нь Л.Т нь барьцаанд тавихдаа бусад өмчлөгч нараасаа зөвшөөрөл авах ёстой. Ийм ажиллагаа хийгээгүйгээс болж муудалцах шалтгаан болсон гэж дүгнэж ярьдаг. Гэтэл би эдгээр маргаантай гэх хөрөнгийн өмчлөгч эзэмшигч биш надад огт хамаагүй. Хохирогч бид хоёрын дунд маргах эд хөрөнгө байхгүй. Харин байнга өдөр бүр элдэв бохир үг хэллэгээр хадам ээжээрээ доромжлуулдаг. Би ханиа бодож л өдий хүртэл тэвчиж өнөөдрийг хүрсэн юм. Тус шүүх нь хэргийн нотолбол зохих байдлыг шалгаад хэрэгт авагдсан баримтын хүрээнд миний гэм буруу нотлогдохгүй байхад Э.Э намайг дээрх гэрчүүдийн мэдүүлгээр гэм буруутайд тооцсон нь хэргийн нөхцөл байдал,үйл баримтад хууль ёсны болоод үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэн гомдол гаргаж байна. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхүүд нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тогтоосон үйл баримттай харьцуулан дүгнээд шийдвэрийн үндэслэл болгон гэм буруутайд тооцон ял оногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 79 тоот шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 38 тоот магадлалд тус тус өөрчлөлт оруулж, Э.Э надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Хяналтын шатын шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхтуяа хэлсэн саналдаа “... Зөвхөн гэрч, хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгч нарыг бүлэглэж хохирогчийн биед гэмтэл учруулсан гэж дүгнэсэнд гомдолтой байдаг. Хохирогч нь сэтгэцийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувиар тогтоогдсон. Гэрч Д.О нь Л.Т ээжтэйгээ маргаж байсныг гэрчилсэн болохоос биш гэр дотор болсон үйл баримтыг хараагүй. Гэтэл гэрчийн мэдүүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосонд гомдолтой байдаг. Хохирогч нь сэтгэцийн өвчний улмаас маш их архи уудаг, гэр орноороо өвчтэй хүмүүсийг оруулдаг. Хохирогч 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр гудамжинд орилж хашгирсан буюу өвчин сэдэрсэн байх үед нь Л.Т түүний үйлдлийг таслан зогсоож хөл, гарыг нь боосон. Уг боосон үйлдлээ Л.Т хүлээн зөвшөөрч гэмшдэг. Мөн хохирогчийн  2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хэрүүл маргаан хийж, агсан согтуу тавьж, хутга барьж айлган сүрдүүлж, бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрээр 100,000 төгрөгөөр торгосон. Тухайн хэрэг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр буюу хууль нэмэлт өөрчлөлт орохоос өмнө гарсан учир хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацааг анхаарч хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл байна” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Л.Т, Э.Э нар нь бүлэглэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь зөвхөн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр бус шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдсон байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял оногдуулсан байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Эийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Л.Т, Э.Э нар нь бүлэглэн 2019 оны 07 сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-өндөр сумын Цагаанчулуут багийн *** тоотод эх Б.Н-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан “сандалд суулган хөл, гарыг нь хүлж” эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болсон байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Л.Т, Э.Э нарыг бүлэглэж “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан ял гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзэв.

Харин шүүгдэгч Э.Эийн “...надад холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

Учир нь Л.Т, Э.Э нар нь бүлэглэн Б.Н-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан сандал дээр суулган хөл, гарыг нь хүлж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Б.Н-ийн “... Т намайг татаж чирээд түлхэж унагаасан, тэгээд намайг дахиад чирээд гэр рүү аваад ороход авгай нь юм оёж байсан утсыг авч өгөөд хүний захиалгаар оёж байсан улаан даавууг холбоод сандал дээр суулгаад хүзүүнээс арагш татаж уясан ... Э.Э миний оёдлын ширээн дээрээс даавууны өөдөс, бүс, ремений тасархай авч ирээд миний хөлийг Э.Э хүлсэн ... дараа нь миний хөл, гарыг холбож Л.Т, Э.Э нар хамтарч холбосон”, гэрч Н.Р-н “... Н над руу 2019 оны 07 дугаар сарын 12, 13-ны өдөр утсаар залгаад “би өөрийн төрсөн хүү Т болон түүний эхнэр Э хоёрт зодуулаад босож чадахгүй байна, босох гэхээр толгой эргээд байна ... гаднаас намайг түгжсэн, цагдаа дуудаад өгөөч ээ” гэж хэлсэн, би тэгэхээр нь цагдаа дуудаж өгсөн”, гэрч Д.О-ийн “... би гудамжинд гараад хартал Наранцэцэг хашааны гадаа гараад гүйгээд байхаар нь Т ээжийгээ чирч оруулах гээд байгаа бололтой ноцолдоод чаргууцалдаад байсан, тэгээд удалгүй Т, Э нар ээжийгээ гэрт нь аваад орсон”, гэрч П.Э-н “Л.Т, Э.Э нар гэртээ оруулаад дараа нь ээж нь гэрээсээ гараад хашаан дотроо яваад л байсан”, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 487 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба хохирогчийн мэдүүлэг бусад эх сурвалжаар нотлогдсон гэж үзнэ.

Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 65 дугаартай дүгнэлтээр хохирогч Б.Н нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болох нь тогтоогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч Б.Н нь сэтгэцийн хувьд DS F.06,32 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг сэтгэл гутрах хэлбэрийн олдмол өвчтэй, 2009 оноос хойш дээрх сэтгэцийн өвчний улмаас эмчийн хяналтад байдаг болохыг Л.Т, Э.Э нар нь мэдэж байсан байна. Түүнчлэн гэр бүлийн дундаа өмчилдөг хөрөнгө болох /Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 45 дугаар гудамжны ***/ хашаа, байшинг Хас банкид барьцаанд тавьж зээл авч байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба тухайн өдөр уг хашааг буулгаж, нураахад хохирогч хамтран өмчлөгчийн хувиар байр сууриа илэрхийлсэн ба Л.Т, Э.Э нарын зүгээс үл хүндэтгэж, эрх, эрх чөлөөнд нь халдаж байгаа нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан шинжтэй /эцэг эхээ хайрлах, хүндлэх, асран хамгаалах/ үйлдэл болжээ.

Түүнчлэн тодорхой цаг хугацаанд хохирогчийн DS F.06,32 органик сэтгэлийн хөдөлгөөний эмгэг өвчин сэдрэх, өөрийнхөө үйлдлийг хянах боломжгүй нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүч хэрэглэх, үг хэлээр доромжлох, биед нь халдах байдлаар бус эмнэлэг, цагдаагийн байгууллагад хандах байдлаар асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан.

Хэргийг хянан үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Л.Т, Э.Э нарт холбогдох хэргийг анхан болон давж заалдах журмаар хянан хэлэлцэх үед гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байсан, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татагдсан байх тул хяналтын шатны шүүхээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 79 дүгээр шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 38 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Э-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                       ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН