Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0057

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Ц.Цогт, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч М.Батсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Батхүү, гуравдагч этгээд Д.Дөлмандахын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амгалан нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.Батсүхийн нэхэмжлэлтэй Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан иргэн М.Батсүхийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудын иргэн З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням, С.Дөлмандах нарт холбогдох заалтыг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Батсүхийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргах, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “....З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням нарын хувьд газраа зориулалтын дагуу ашиглаагүй 7 жил гаруй болсон ба тухайн газар дээрээ ямар ч хөрөнгө оруулалт хийгээгүй. Мэдээллийн санд орсон нэгж талбарын дугаар Засаг даргын №217, №331 тоот захирамжуудын нэгж талбарын дугаарууд зөрүүтэй. Дээрх 4 иргэний маргаан бүхий газрын кадастрын зураг хийсэн компани нь 2009 онд тусгай зөвшөөрлийн эрх аваагүй байсан. Дээрх 4 иргэн нь кадастрын зургаа өөрчлүүлэх өргөдөл хүсэлт гаргаагүй байхад тухайн үед Сүхбаатар дүүргийн газрын албанд ажиллаж байсан төлбөрийн байцаагч Д.Нарангэрэл, газар зохион байгуулагч Ж.Азжаргал нар нь үгсэн хуйвалдаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 217 тоот захирамж гарахаас 1 хоногийн өмнө буюу 2009 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Вайлдхорс” ХХК-ийн кадастрын зургийг зохиомлоор оруулж ирсэн. Энэ тухайд газар зохион байгуулагч Ж.Азжаргалын дээрх кадастрын зурган дээр гараар бичсэн цохолтуудаас тодорхой харж болно. Дээрх 4 иргэний газар олгохыг хүссэн өргөдөл материалыг хүлээн авсан бүртгэл хяналтын 2153, 2154, 2155, 2156 картанд “Хөх саарал” ХХК-ийн кадатсрын зураг бүртгэгдсэн байдаг. Нэхэмжлэгч тал маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтээ Сүхбаатар дүүргийн газрын албанд дээрх 4 иргэнээс түрүүлж гаргасан. Нэхэмжлэгч тал маргаан бүхий газрыг 2001 оноос хойш өнөөдрийг хүртэл зориулалтын дагуу эзэмшин ашиглаж ирсэн. Шүүх М.Батсүхийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд бичгээр болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарыг хянан хэлэлцэхдээ уг маргаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн. Бүр тодруулбал, нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдал нь энэ хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн. Дүүргийн Засаг дарга захирамж гаргахдаа Газрын тухай хууль болон бусад дүрэм журмаа зөрчсөн гэдгийг хэлээд байхад хүсэлтийг хүлээж авдаггүй, нотлох баримт бүрдүүлдэггүй, илт нэг талд үйлчилсэн шийдвэр гаргасанд нэхэмжлэгч миний бие маш их гомдолтой байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсье.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч М.Батсүх нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжуудын иргэн З.Доржсүрэн, Г.Золжаргал, С.Энхтүвшин, Н.Балжинням, С.Дөлмандах нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн М.Батсүхийн нэр дээр болгон өөрчлөн захирамж гаргах болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад тус тус даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 217 дугаар захирамжаар иргэн Н.Балжинням, З.Доржсүрэн, С.Энхтүвшин, Г.Золжаргал нарт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Бэлх зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжаар дээрх нэр бүхий иргэдээс иргэн С.Дөлмандахад газар эзэмших эрхээ шилжүүлсэнийг баталгаажуулсан байх бөгөөд энэхүү үйл ажиллагаа болон хариуцагчийн гаргасан шийдвэр нь Газрын тухай хуулийн 31, 32, 33, 38 дугаар зүйлүүдийн холбогдох хэсэгт заасныг зөрчөөгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Бэлх хадатын аманд 10 айлын кадастрын зургийг 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Топ сүрвэй” ХХК-иар гүйцэтгүүлж 2008 онд газрын албанд хүсэлтээ гаргаж байсан, тухайн газарт  2000 онд анх буусан ба одоог хүртэл өөрийн ээж болон компанийн ажилчдын хамт амьдарч байгаа учир миний эрх, ашиг сонирхол хөндөгдсөн” гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэсэн боловч газар эзэмших хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргаж байсан эсэх нь тогтоогдоогүй, маргаан бүхий газарт  нэхэмжлэгч М.Батсүхийн эзэмшлийн барилга, байшин баригдаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгээр нотлогджээ.

Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл маргаан бүхий акт нэхэмжлэгч М.Батсүхийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл аливаа этгээд хууль бус эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулахаар шаардах эрхгүй бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг нэхэмжлэгч зөрчиж хууль бусаар эзэмшил үүсгэсэн талаар шүүх зөв дүгнэжээ.

Мөн “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг хэрэгжүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгах” шаардлагын тухайд нэхэмжлэгчид хамааралгүй талаар болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбар тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 903 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:                

                          ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

                          ШҮҮГЧ                                           Ц.ЦОГТ  

                          ШҮҮГЧ                                           О.НОМУУЛИН