Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 136/ШШ2021/00005

 

 

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 05 өдөр Дугаар 136/ШШ2021/00005 Дорноговь аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: ...хот, ....дүүрэг, ....-р хороо, ...-р хороолол, ..... тоотод оршин суух, .....овогт Ч.Г /..../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ШШГГ холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн 820-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М цахимаар /Zoom программ/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, Б.З, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 136/Ш32017/00042 дугаарт "Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Хас банк ХХК болон хариуцагч Ч.Г нарын эвлэрлийг баталгаажуулсан болно. Тус захирамжийг үндэслэн 2017 оны 06 сарын 23-ны өдөр 01221 дугаарт Албадан гүйцэтгэх захирамж, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 255 дугаарт Гүйцэтгэх хуудас бичигдэн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 293 дугаарт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.Г холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаан оруулахаар 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 01/1306 дугаарт мэдэгдэл хүргүүлсэн болно. 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 136/Ш32017/00042 дугаарт Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Г 94 903 960 төгрөг гаргуулахаар захирамж гарсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүгчийн шийдвэр гараагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу явагдахаар хуульчилж өгсөн боловч Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх хуулийн үзэл санааг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Мөн 2020 оны 10 сарын 09-ны өдрийн 17080293/10 дугаарт шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шинжээч томилсон бөгөөд Ч.Г миний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг Ашид Билгүүн ХХК нь зах зээлийн үнээс хэт доогуур буюу эхлээд 23 129 083 төгрөгөөр дараа нь дахин үнэлгээ тогтоон 21 237 549 төгрөгөөр үнэлж буй өдий 26 жил ажиллаж хөдөлмөрлөж буй болгосон миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд баймгүй хямдаар үнэлж байна хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд 2020 оны 10 сарын 26-ны өдрийн Ашид Билгүүн ХХК-ийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 820-59 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0042 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Хас банк болон хариуцагч Г нарын эвлэрлийг баталгаажуулсан. Тус захирамжийг үндэслээд 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 01221 дугаарт албадан гүйцэтгэх захирамж, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаарт гүйцэтгэх хуудас бичигдээд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаарт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхлүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч Г холбогдуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа барьцаа хөрөнгө болох Дорноговь аймгийн Сайншанд сум, 1 дүгээр баг, 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн дугаартай 685 м2 өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 011306 дугаарт мэдэгдлийг хүргүүлсэн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар хариуцагч Г 94.903.930 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүхийн шийдвэр гараагүй. Өөрөөр хэлбэл талууд эвлэрээд энэ төлбөрийг төлнө гэдэг эвлэрлийн гэрээ байгуулж шүүх энэ гэрээг баталгаажуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй, шүүхээс тийм шийдвэр гараагүй. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээрх эд хөрөнгө дээр ажиллагаа явуулсан. 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилсон тогтоолоор Г эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг Ашид билгүүн ХХК 23.129.083 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлгээ тогтоосон. Ингэхдээ үнийг нь бууруулсан. Хэтэрхий багаар үнэлсэн байна гэж үзэж байгаа тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагчийн гаргасан хариу тайлбар болон түүнтэй холбогдуулан гаргаж өгсөн нотлох баримтуудыг харахад хуульд нийцээгүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанууд явагдсан болох нь харагдаж байсан. Энэ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцож байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШЗ2017/00042 дугаар шүүгчийн захирамжаар Ч Г /.../-оос төлбөр 94,888,960 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 50,000 төгрөгийг гаргуулж Хас банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр авагч Хас банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлийн мэргэжилтэн З.Будсүрэн нь Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гарган, урамшуулал болон зардлын гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ч.Г шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17080293/01 дугаартай мэдэгдэл өгсөн боловч хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадлагын чанартай арга хэмжээ болох 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 946 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 17080293/07 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөрийг төлөх 14 хоногийн хугацааг олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17080293/08 тоот хураах тогтоолоор төлбөр төлөгч Ч.Г нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-0713000626 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж, 13-17тоот, 685 мкв талбай бүхий өмчлөлийн газар, Ч.Г болон хамтран өмчлөгч Д.Бадамханд нарын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-0713000911 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах, 55 мкв орон сууцыг тус тус хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад, үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу Улаанбаатар хот СБД 5 дугаар хороо 5 дугаар хороолол 2-р байрны 46 тоотод байрлалтай хөрөнгийн үнэлгээний байгууллага болох хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17080293/10 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан боловч даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК нь үнэлгээний нэгжийг буруу нэгжийн аргаар бодсон гэх тайлбартай үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин ирүүлсэн, үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Ч.Г үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ тогтоодог байгууллага болох хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргаан үүссэн байгаа учраас дуудлага худалдаа явуулах тогтоол гаргаагүй. Шинжээч томилох тогтоол гаргаад мэргэжлийн байгууллагаар үнэлүүлсэн. 10 дугаар сарын 21-ний өдөр үнэлгээний тайлан Ашид билгүүн ХХК-иас ирсэн. Тэрийг хүлээж авсан даруйдаа төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Ашид билгүүн ХХК-иас алдаатай үнэлгээ хийсэн байна гэсэн тоот ирсний дагуу ахиж үнэлгээний тайланг нь хүлээж авсан. Дахиж шинжээч томилж дахин үнэлүүлсэн зүйл байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд баталгаажуулах албадлагын арга хэмжээ авах гэж заасан байгаа. Хэдийгээр шүүгчийн захирамжид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуул гэж заагаагүй ч гэсэн тухайн төлбөр төлөгчийн нэр дээр бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгөн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах ёстой. Лавлагаагаар илэрсэн хөрөнгөн дээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулсан. Тийм учраас хууль зөрчсөн гэж үзэхгүй байна. Үнэлсэн үнэлгээний талаар Ашид билгүүн ХХК тайлбар өгөх байх. Манай талаас тайлбар байхгүй гэв.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг барилгын нэгжийн аргын бодолт нь хөөсөнцөр дулаалгатай 2 талаас төмөрлөсөн сэндвичин гэж авч үзэж байсан. Манай туслах мэргэжилтэн өөрийн биеэр очиж үзээд холимог барилга байна гэж үзээд нэгж аргаар бууруулж үзсэн. Эхний үнэлгээн дээр 2 талдаа сэндвичин барилга гэж үзэж байсан боловч манайх очиж зураг авч баталгаажуулан хэмжээд холимог барилга гэдгийг нь тодорхойлсон. Тийм учраас бууруулж бодсон. Зах зээлийн хандлагаар бодох гэхээр харьцуулах хөрөнгө байхгүй тул өртгийн аргаар бодсон. Уг барилга нь 1988 онд баригдсан тул 29 жилийн ашиглалтын элэгдэл хорогдлыг тооцсон гэв.

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шүүгчийн захирамжид заагаагүй хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан, мөн хөрөнгийг хэт хямд үнээр үнэлсэн гэх үндэслэлээр хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаар үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэр гүйцэтгэх, хөрөнгө үнэлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээ үндэслэлтэй гэж маргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 136/Ш32017/00042 дугаарт Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Г 94 903 960 төгрөг гаргуулахаар захирамж гарсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүгчийн шийдвэр гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу явагдана. Хариуцагч нь дээрх хуулийн үзэл санааг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Мөн үл хөдлөх хөрөнгийг хэт хямд үнэлсэн, үндэслэлгүйгээр дахин үнэлгээ хийсэн гэж, хариуцагчаас захирамжид дурдаагүй байсан ч тухайн этгээдийн өмчлөлийн хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах боломжтой, үнэлгээ үндэслэлтэй гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлбөр төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно. 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт Энэ хуулийн 44.1-д заасан арга хэмжээнд дараахь үйл ажиллагаа хамаарна: 44.2.3.төлбөр төлөгч болон бусад этгээдээс төлбөр төлөгчийн хөрөнгийн тухай мэдүүлэг гаргуулан авах, түүнийг төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэх; 44.2.8.гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгчийн бие, бэлэн мөнгө, бусад хөрөнгөд үзлэг хийх, тэдгээрийг битүүмжлэх, барьцаалах, хураан авах, худалдан борлуулах, хураан авсан эд зүйл, хөрөнгийг хадгалуулах, хамгаалуулахаар хүлээлгэн өгөх; 44.2.9.хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд шинжээчийг оролцуулах; гэж заасны дагуу хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгчийн өмчлөлийн эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлтэй байна.

Мөн Ашид билгүүн ХХК-иас үнэлгээний тайланг өөрчлөн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин ирүүлснийг дахин шинжилгээ хийсэн гэж үзэхгүй бөгөөд хариуцагчаас Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШЗ2017/01221 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаартай дугаартай гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэж 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 293 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гарсан байдаг. Улмаар 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 17080293/07 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Эд хөрөнгө хураах тухай 17080293/08 дугаартай тогтоол, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилуулах тухай 17080293/10 дугаартай тогтоол, хөрөнгө үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээний тайлан гарчээ. Эдгээр ажиллагааг хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид тэмдэглэл үйлдэн мэдэгдэж, тогтоолуудын зохих хувийг шийдвэр гүйцэтгэгч гардуулан өгсөн, үнэлгээний тайлан зохих аргачлалын дагуу хийгдсэн, тооцоолол, үнэлгээ үндэслэлтэй гарсан нь хэрэгт авагдсан мэдэгдэл, баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт Шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална., Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-д Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлан өгч, ... гарын үсэг зуруулна. гэж заажээ.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.З 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Шинжээч томилуулах тухай 17080293/10 дугаартай тогтоолоор төлбөр төлөгч улсын бүртгэлийн Г-0713000626 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж, 13-17 тоот, 685 мкв талбай бүхий өмчлөлийн газар, Ч.Г болон Д.Б нарын хоёр хүний хамтын өмч улсын бүртгэлийн Ү-0713000911 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж, 13-17 тоотод байрлах, 55 мкв орон сууцанд үнэлгээ тогтоолгохоор Ашид билгүүн ХХК-г шинжээчээр томилж, эрх үүргийг нь тус компанийн захирал М.Д танилцуулж тэмдэглэл үйлджээ.

Гэвч 17080293/10 дугаартай тогтоолд дурдсан хөрөнгийг үнэлж, үнэлгээний тайлан боловсруулах ажлыг тус компанийн үнэлгээчин Б.Ш, үнэлгээний туслах А.Ц нар гүйцэтгэсэн болох нь Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээний тайлан, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар тогтоогдож байна. Иймд хууль тогтоомжид заасан эрх, үүргийг шинжээчид тайлбарласан гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Шинжээч томилох тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийг томилсон бөгөөд түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд болох захирал М.Д танилцуулж, эрх, үүргийг тайлбарласан. Захирал нь хэнээр үнэлгээ хийлгэхээ шийдэх, эрх, үүргийг тайлбарлаж өгөх ёстой. Энэ нь тухайн байгууллагын асуудал. Иймд М.Д шинжээчийн эрх, үүргийг тайлбарласан нь үндэслэлтэй байна гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл бүхий этгээд байна. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан шинжээчийн эрх, үүргийг тусгай зөвшөөрөл бүхий тухайн үнэлгээг хийж буй үнэлгээчинд шууд танилцуулсныг ойлгоно. Харин түүний харьяалагдаж буй байгууллагын удирдлагад эрх, үүргийг танилцуулсныг үнэлгээчинд танилцуулсан гэж үзэхгүй. Хэдийгээр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар Шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан нь шинжээчид эрх, үүргийг нь тайлбарлахаар заасан боловч энэхүү үүргээ биелүүлээгүй нь шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүйг зөвтгөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Иймд шинжээчид хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчигдсөн байх тул нэхэмжлэгжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээний тайланг хүчингүй болгох нь зүйтэй.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана: 9.3.1.үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид тусгай зөвшөөрөл гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл; гэж заасан. Гэтэл Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээний тайланд үнэлгээчний тусгай зөвшөөрлийн хугацааг дурдаагүйг анхаарах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ч.Г улсын тэмдэгтийн хураамжид урьчдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, шийдвэрлэв.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр гарсан Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар Ашид билгүүн ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА