Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 202/МА2021/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2021          02           24                                           ­202/МА2021/00003                                           

 

 

 

Ч.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зайнаас цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2021/00005 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Ч овогт Ч-ийн Г-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “А” ХХК –д холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн 820-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М/зайнаас, цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Тэгшдүүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 136/Ш32017/00042 дугаарт "Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Хас банк ХХК болон хариуцагч Ч.Г нарын эвлэрлийг баталгаажуулсан болно. Тус захирамжийг үндэслэн 2017 оны 06 сарын 23-ны өдөр 01221 дугаарт Албадан гүйцэтгэх захирамж, 2017 оны 08 сарын 23-ны өдрийн 255 дугаарт Гүйцэтгэх хуудас бичигдэн 2017 оны 08 сарын 30-ны өдрийн 293 дугаарт ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ч.Г-д холбогдуулан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа барьцаа хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 01/1306 дугаарт мэдэгдэл хүргүүлсэн болно. 2016 оны 12 сарын 28-ны өдрийн 136/Ш32017/00042 дугаарт Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Г-оос 94 903 960 төгрөг гаргуулахаар захирамж гарсан бөгөөд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шүүгчийн шийдвэр гараагүй болохыг дурдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудаст бичигдсэний дагуу явагдахаар хуульчилж өгсөн боловч Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх хуулийн үзэл санааг зөрчин шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Мөн 2020 оны 10 сарын 09-ны өдрийн 17080293/10 дугаарт шинжээч томилох тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор Шинжээч томилсон бөгөөд Ч.Г миний эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө болох Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК нь зах зээлийн үнээс хэт доогуур буюу эхлээд 23 129 083 төгрөгөөр дараа нь дахин үнэлгээ тогтоон 21 237 549 төгрөгөөр үнэлж буй өдий 26 жил ажиллаж хөдөлмөрлөж буй болгосон миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлд баймгүй хямдаар үнэлж байна хэмээн нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Иймд 2020 оны 10 сарын 26-ны өдрийн А ХХК-ийн Дорноговь аймаг, Сайншанд сум, 1-р баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах улсын бүртгэлийн Г-0713000626 дугаарт 685 мкв өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 820-59 дугаарт үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шинээр гаргах 2 хүсэлт байна. Нэгдүгээрт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар үнэлгээ тогтоосныг мэдэгдсэнээс хойш сарын дотор дуудлага худалдаа явуулдаг журамтай. Гэтэл энэ нөхцөл байдлаас шалтгаалаад 10 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдэл хүргүүлснээс хойш хуульд заасан дуудлага худалдааны ажиллагаа хийгдээгүй байна. Миний хувьд Корона вирус гарсантай холбоотойгоор энэ ажиллагаа хийгдэлгүй хойшилсон гэж ойлгож байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болтол түдгэлзүүлэх хуулийн зохицуулалттай. Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.5-д заасны дагуу маргаан бүхий газарт хариуцагчийг ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Хоёрдугаарт, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02151 дугаартай шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Энэ шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй А ХХК-г гуравдагч этгээдээр татсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3-т заасны дагуу Хас банкны хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байна гэж нэхэмжлэгчийн зүгээс харж байна. А ХХК зөвхөн уг эд хөрөнгө хэдэн төгрөгийн үнэтэй гэдгийг тогтоосон үнэлгээ гаргасан. Үнэлгээ хийсэнтэй холбогдуулан А ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна гэж харахгүй байна. Шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт заасан гуравдагч этгээдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй байх тул гэдэг үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт А ХХК тайлбар өгч гэрчээр оролцох боломжтой болохоос эрх ашиг нь зөрчигдсөн гуравдагч этгээд биш. ... 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шинжээч томилсон тогтоолоор Г-ын эзэмшил, өмчлөлийн хөрөнгийг А ХХК 23.129.083 төгрөгөөр үнэлсэн. 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлгээ тогтоосон. Ингэхдээ үнийг нь бууруулсан. Хэтэрхий багаар үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ... А ХХК-ийн Д гэдэг хүнд эрх, үүрэг тайлбарлаад байх шиг байна. Гэтэл Ш гэдэг хүн үнэлгээ хийсэн байна. Д гэдэг хүн А ХХК-тай хамааралтай болохыг тогтоосон болон тогтоож болохуйц нотлох баримт хэрэгт байхгүй... гэжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШЗ2017/00042 дугаар шүүгчийн захирамжаар Ч-ийн Г-оос төлбөр 94.888.960 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 15,000 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 50,000 төгрөгийг гаргуулж Хас банкны Дорноговь салбарт олгохоор шийдвэрлэгдсэн. Төлбөр авагч Хас банкны Дорноговь салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, зээлийн мэргэжилтэн З.Б нь Дорноговь аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүсэлт гарган, урамшуулал болон зардлын гэрээ байгуулан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн. Төлбөр төлөгч Ч.Г-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 17080293/01 дугаартай мэдэгдэл өгсөн боловч хуульд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадлагын чанартай арга хэмжээ болох 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 946 дугаар тогтоолоор төлбөр төлөгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлж, 2020 оны 8 дугаар сарын 20-ний өдрийн 17080293/07 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн төлбөрийг төлөх 14 хоногийн хугацааг олгосон. Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 17080293/08 тоот хураах тогтоолоор төлбөр төлөгч Ч.Г-ын нэр дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох улсын бүртгэлийн Г-0713000626 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж, 13-17тоот, 685 мкв талбай бүхий өмчлөлийн газар, Ч.Г болон хамтран өмчлөгч Д.Б нарын нэр дээрх улсын бүртгэлийн Ү-0713000911 дугаартай, Дорноговь аймаг, Сайншанд сум, 1 дүгээр баг, Дампилын гудамж 13-17 тоотод байрлах, 55 мкв орон сууцыг тус тус хураан авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгч, хамтран өмчлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авахад, үнийн санал дээр талууд тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасны дагуу Улаанбаатар хот СБД 5 дугаар хороо 5 дугаар хороолол 2-р байрны 46 тоотод байрлалтай хөрөнгийн үнэлгээний байгууллага болох хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийг 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 17080293/10 дугаар тогтоолоор шинжээчээр томилж, 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн авсан боловч даатгалын хохирлын үнэлгээний А ХХК нь үнэлгээний нэгжийг буруу нэгжийн аргаар бодсон гэх тайлбартай үнэлгээг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дахин ирүүлсэн, үнэлгээний мэдэгдлийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлбөр авагч, төлбөр төлөгч, хамтран өмчлөгч нарт үнэлгээг танилцуулсан. Төлбөр төлөгч Ч.Г-ын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Манай газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор мэргэжлийн хөрөнгийн үнэлгээ тогтоодог байгууллага болох хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний А ХХК-ийн тогтоосон үнэлгээ үндэслэлтэй гэж үзэж байна...” гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үнэлгээг тогтоохдоо Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тушаалаар гаргасан өртгийн хандлагын 420 гэсэн нэгжийн аргаар бодож гаргасан. Зах зээлийн арга хэрэглэх гэхээр Дорноговь аймгийн Сайншанд суманд адилтгах хөрөнгө байхгүй тул өртгийн хандлага ашигласан. Уг барилгын нэгжийн аргын бодолт нь хөөсөнцөр дулаалгатай 2 талаас төмөрлөсөн сэндвичин гэж авч үзэж байсан. Манай туслах ажилтан өөрийн биеэр очиж үзээд холимог барилга байна гэж үзээд нэгж аргаар бууруулж үзсэн. Эхний үнэлгээн дээр 2 талдаа сэндвичин барилга гэж үзэж байсан боловч манай очиж зураг авч баталгаажуулан хэмжээд холимог барилга гэдгийг нь тодорхойлсон. Тийм учраас бууруулж бодсон. Зах зээлийн хандлагаар бодох гэхээр харьцуулах хөрөнгө байхгүй тул өртгийн аргаар бодсон. Уг барилга нь 1988 онд баригдсан тул 29 жилийн ашиглалтын элэгдэл хорогдлыг тооцсон. ...Д бол А ХХК-ийн орон нутаг хариуцсан ахлах мэргэжилтэн. Хөрөнгийн үнэлгээ хийх мэргэжилтнийг манай компаниас томилж өгдөг. Би Ш-тай хамт тар үнэлгээг гаргасан...” гэжээ. 

 

            Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар А ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгож,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай захирамжийн үйлчлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөрмөгц дуусгавар болохыг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж,

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05 -ны өдрийн 00005 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Монгол Улсын нэрийн өмнөөс гарч байгаа шүүхийн шийдвэр өөрөө хууль ёсны буюу, үндэслэлтэй байх хуулийн зарчимтай. Иймд шийдвэрийн 3 дахь заалтаар 35 дугаар захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргах хугацаа дуусна гэж оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгөх хүсэлт гаргасан. Шүүх хуралдааны явцад тухайн хүсэлтийг хангахаас татгалзсан. Дахин хэрэг хэлэлцэх ажиллагаа эхлэхээс өмнө өмгөөлөгч миний бие захирамжид өөрчлөлт оруулж өгөөч ээ, үүнийг түдгэлзүүлэхгүй бол энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм гэдгийг тайлбарласан. Тэгээд шүүх захирамжид өөрчлөлт оруулаад дахин захирамж гаргаж, хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байдаг. Тиймээс хуулийн үндсэн санаа нь юу байдаг вэ? гэхээр Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан бол нэгдүгээрт хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаан хойшлуулах гомдол гаргах эрхийг хангах, хоёрдугаарт хэрвээ шүүгч өөрийнхөө гаргасан захирамжид өөрөө өөрчлөлт оруулж байгаа бол Иргэний хуулийн 170 дугаар зүйлд заасны дагуу гомдол гаргах эрхийг хангах ёстой байсан. Гэтэл энэ заалтуудыг бүгдийг нь зөрчиж шүүх хуралдааныг явуулсан. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан хойшилсон бол миний бие дахиад өөр хүсэлт гаргах байсан боловч шүүх хуралдаанаар шууд шийдвэрлэсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийнхаа зарчмуудыг ноцтой зөрчсөн ийм асуудал гарсан учир захирамжийн заалт хуульд нийцээгүй байна гэж харж байгаа. Дээрээс нь шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 115, 116 дугаар заалтуудыг үндэслэж гарсан. Шийдвэр гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан зарчимд тааруулан дүгнэлтийг гаргасан. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйл нь шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх гэсэн ийм ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл маргааны зүйлийн шинжээч томилж, шүүхийн шинжилгээний байгууллага дүгнэлт гаргана. Харин тус хуулийн 9 дүгээр зүйлд шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуурх хийлгэх буюу хувийн байгууллагаар хийлгэх зохицуулалт байгаа. Гэтэл шүүх шийдвэрээ гаргахдаа шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэсэн юм шиг дүгнэлт гаргах нь үндэслэлгүй. Яагаад гэвэл А ХХК буюу хувийн байгууллагаар хийлгэж байгаа бол хуулийг баримтлахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тодорхой биччихсэн. Шүүхийн шинжилгээг гадуур хийлгэхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг  зөрчсөн бол хүчингүй болгоно гэдэг. Шүүх өөрөө шийдвэр гаргаад хуулийг хэрэглэдэг тул бүх хуулийг тайлбарлах ёстой юм аа гэдэг агуулгыг анзаарах хэрэгтэй. Шүүхийн шийдвэр хууль ёсны, хуулийг зөв хэрэглэх, үндэслэл бүхий, хэрэгт авагдсан баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэх боловч шүүх хуралдаан хуулийг зөв тайлбарлаж чадсангүй. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг учир дутагдалтай дүгнэсэн юм болов уу? гэж төлөөлөгчийн зүгээс харж байна. Иймээс 2021 оны 01 дүгээр сарын 05 -ны өдрийн 00005 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж өгөөч ээ гэсэн гомдол гаргасан юм гэв...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ч.Г нь хариуцагч Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн ҮХХ/820-59 тайлангийн дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч үнэлгээ үндэслэлтэй гэж маргажээ.

 

Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг /хх-91/ үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 136/ШЗ2020/02151 дугаартай шүүгчийн захирамжаар “А” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүх хуралдаанд “ ... өртгийн аргаар бодож эд хөрөнгийн үнэлгээг тогтоосон ...” гэжээ.

 

            Анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, Шүүхийн шинжилгээний тухай 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар А ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 820-59 дугаартай үнэлгээг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М эс зөвшөөрч “... шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхийг зөрчсөн, ... шүүх шийдвэртээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлах нь ... хуулийн шаардлагыг хангах үндэслэл болно, ... шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон гэж дүгнэв.

 

 

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар:

 

  • нэхэмжлэгч Ц.Г нь Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 136/ШЗ2017/00042 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-12/ Хас банкны Дорноговь салбарт зээлийн гэрээний үүрэгт нийт 94888960 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн эвлэрлийн гэрээг баталж шийдвэрлэсэн, 
  • мөн шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 136/ШЗ2017/01221 дугаартай шүүгчийн захирамжаар /хх-13/ дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэж,
  • 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 255 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж /хх-14/,
  • 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж /хх-11/,
  • 2017 оны 09 дүгээр сарын 7-ны өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ч.Г-д хүргүүлсэн /хх-36/,
  • 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг гаргаж /хх-44/,
  • 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч Б.З эд хөрөнгө битүүмжлэх тогтоол үйлдэж /хх-46/, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 13-17 тоот, улсын бүртгэлийн Ү- 071300911 дугаартай, хоёр хүний хамтын өмч, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Дампилын 13-17 тоот, улсын бүртгэлийн Г- 0713000626 дугаартай, 1 хүний өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн,
  • 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17080293/08 дугаартай эд хөрөнгө хураах тухай шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор /хх-48/ дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг хурааж,
  • 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлбөр төлөгч Ч.Гд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэл /хх-50/ хүргүүлж, эд хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Бд үнийн санал ирүүлэх талаар утсаар мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдсэн /хх-51/,
  • 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлбөр авагч Хас банкны Дорноговь салбарт төлбөр төлөгч Ч.Г болон хамтран өмчлөгч Б.Б нараас ирүүлсэн үнийн саналыг /хх52-53/ /орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 50000000 сая төгрөг, газар 200000000 төгрөгөөр үнэлсэн/ хүргүүлсэн /хх-54/,
  • 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02/494 дугаартай албан бичгээр төлбөр авагч эд хөрөнгийг нийт 15000000 төгрөгөөр үнэлэх тухай саналаа, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 02/495 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч болон хамтран өмчлөгч нарын үнийн саналыг зөвшөөрөхгүй, шинжээчээр үнэлгээ хийлгүүлэх тухай саналаа  тус тус ирүүлсэн /хх-55/,
  • 2020 оны 10 дугаар сарын 09-ны өдөр 17080293/10 дугаар тогтоолоор Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоолгохоор “А” ХХК-ийг томилсон,
  • 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 23 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Б.Зэндмэн шинжээчээр томилогдсон “А” ХХК-ийн шинжээч М.Д-д эрх, үүрэг танилцуулж тэмдэглэл үйлдсэн /хх-57/,
  • 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “А” ХХК хөрөнгийн үнэлгээг нийт 29979083 төгрөгөөр үнэлсэн /хх61-69/ боловч тухайн байгууллага уг үнэлгээг хийхдээ буруу нэгжийн аргаар бодсон үндэслэлээр /хх-76/ үнэлгээг засварлаж 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гаргасан дүгнэлтдээ хөрөнгийг нийт 28087594 төгрөгөөр үнэлсэн /хх77-85/,
  • 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1306, 01/1307 дугаартай албан бичгүүдээр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр төлөгч Ч.Гд болон хамтран өмчлөгч Д.Б нарт эд хөрөнгийн үнэлгээний талаар болон төлбөрийг сайн дураар төлөх хугацааг 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөр тогтоож, үнэлэгдсэн үнээс багагүй үнээр өөрийн эд хөрөнгөө 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах эрхтэйг мэдэгдсэн /хх-88,89/,
  • 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/1308 дугаартай албан бичгээр Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар төлбөр авагч Хас банкны Дорноговь салбарт өөрчлөлт орсон үнэлгээний тайлан болон эд хөрөнгийг үнэлэгдсэн үнэлгээгээр шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон авах эрхтэйг мэдэгдсэн /хх-90/,
  • 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үнэлгээний тайланд өөрчлөлт орсон дүгнэлтийг шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч Ч.Гд гардуулж өгч тэмдэглэл үйлдсэн /хх-86/, хөрөнгийн хамтран өмчлөгч Д.Бд утсаар мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн /хх-87 тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан үнэлгээ хүчингүй болгох тухай шаардлагадаа нэхэмжлэлийн үндэслэлийг эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд үнэлсэн гэж тодорхойлсны гадна шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа шинжээчид эрх үүргийг танилцуулах хуульд заасан журмыг зөрчсөн гэжээ.

 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээр дурдсан үйл баримтаас үзэхэд төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар дуудлага худалдаагаар худалдах үнийн талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь дээрх хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2,  55.2.2-т нийцсэн.

 

Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Ч.Г нь шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэгч нь ийнхүү үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилж, түүнд эрх, үүрэг тайлбарлаж өгөх хуульд заасан ажиллагааг хийхдээ энэ талаарх журмыг зөрчсөн үндэслэлээр  “А” ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтална.” , Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан “...шинжээчид шинжилгээ хийлгэх  тухай тогтоол ... ыг гардуулан өгч, эрх, үүрэг хариуцлагыг урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна.”, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “”үнэлгээчин” гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг …” ойлгохоор заасантай тус тус нийцжээ.

 

Тодруулбал хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэгч үнэлгээ тогтоох шинжээчээр “А” ХХК-г томилж, эрх, үүрэг тайлбарлаж өгөхдөө М.Дд танилцуулсан атал дүгнэлтийг А.Ш, Б.Ц нар гаргасан нь ойлгомжгүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар гаргасан тайлбартаа байгууллагыг төлөөлөх эрх бүхий этгээд буюу захирал С.Дд танилцуулж, эрх, үүргийг тайлбарласан гэх боловч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, улмаар энэхүү тайлбар нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д нийцээгүй гэж үзнэ.

 

Учир нь дурдсан хуульд зааснаар үнэлгээчин нь тусгай зөвшөөрөл бүхий иргэн байх бөгөөд  шинжээчээр байгууллагыг томилсон хэдий ч дүгнэлт гаргах эрх бүхий этгээдийг тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээчин гэж үзэх тул түүнд эрх, үүрэг тайлбарлан өгч гарын үсэг зуруулсныг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу хийсэнд тооцно.

 

Харин анхан шатны шүүх энэхүү шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шүүхийн шинжилгээний байгууллагаар хийлгэх шинжилгээ гэж үзсэн нь буруу ба шинжээчээр томилогдсон “А” ХХК нь шүүхийн шинжилгээний байгууллага биш учраас энэхүү үнэлгээ тогтоолгох ажиллагааг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх шинжилгээ гэж үзэх ба энэ тохиолдолд хамаарах журам нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар тодорхойлогдоно.

 

Нэгэнт хариуцагч байгууллага шинжээч томилж, шинжилгээ хийлгэхдээ хуульд заасан журмыг зөрчсөнөөс тухайн шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан “... шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл ...” буюу нотлох баримт гэж үнэлэх боломжгүй болсон байх тул анхан шатны шүүх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдсан гомдолдоо анхан шатны шүүхийг үндэслэх болон тогтоох хэсэгт  Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасныг баримтлаагүй гэсэн нь агуулгын хувьд буруу биш боловч уг заалтыг тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Энэхүү харилцааг буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хураагдсан хөрөнгийг үнэлэх тохиолдол, түүнд гомдол гаргах ерөнхий үндэслэлийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2, 55.7-д нарийвчлан зохицуулсан тул эдгээр хуулийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т нийцнэ.

 

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдсан гомдолдоо шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шийдвэр гаргахдаа хэргийн оролцогчийн уг шийдвэрт гомдол гаргах эрхийг хангаагүй гэсэн байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШЗ2021/00036 дугаартай шүүгчийн захирамж нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

 

Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.3-т зааснаар шүүгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг  “... хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол ...” хугацаагаар түдгэлзүүлж болох тухай хуулийн агуулгад нийцсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан шүүгчийн захирамжид гомдол гаргах  журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангасан тул нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т нийцнэ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 136/ШШ2021/00005 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт зааснаар...” гэснийг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт тус тус зааснаар” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М-ийн давж заалдсан гомдлыг хангасугай.

 

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахад нэхэмжлэгч Ч.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

 

                                                     ШҮҮГЧИД                                     Н.БОЛОРМАА

 

                                                                                                       Н.БАТЧИМЭГ