Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 136/ШШ2021/00043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж, тус шүүхийн В2 танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Дийн Ш /РД:***/-ийн нэхэмжлэлтэй,

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, ахлах прокурор Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дийн Ш миний авга ах Жгийн С нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан, 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43.47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж улмаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн 34 дүгээр магадлалаар цагаатгасан тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2,10.1.3,10,1,4 дэх хэсгүүдээр зааснаар нөхөн олговор авахаар заасны дагуу надад нөхөн олговрын 80 000 000 төгрөгийг олгуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болж байгаа ба цар тахалтай холбоотойгоор зарим нэг нотлох баримтаа Улаанбаатар хотоос гаргуулан авах боломжгүй байгаа тул ирсэн хойно нь шүүхэд хүргүүлэх тул хөгшин настай миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчээс Боржигон овогт Дийн Ш миний авга ах Жгийн С нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дээд шүүхийн цэргийн коллегийн 34 дүгээр магадлалаар цагаатгагдсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нөхөх олговор авахаар заасны дагуу надад нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчигдсөнийг энэ хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор олгох хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот цагаатгалын нөхөх олговор авах тухай гэсэн өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан. Энэ дагуу Д.Ш хуульд зааснаар нөхөх олговор авах эрхтэй гэж үзэж байна. С нь хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаа /хх 12/, тусгай архивын 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/1040 дүгээр лавлагаа /хх 13/, Улсын Дээд Шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн магадлалаар цагаатгагдсан болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сард хэвлэгдсэн Зууны мэдээ сонинд Дорноговь аймгийн Дийн Ш нь Сын Жгийн ач дүү гэж 3 дугаар баганад бичигдэж нэхэмжлэгчийн эрх үүссэн байгаа юм. Ингэж зарлагдсанаар Сын нөхөх олговрыг авах нэхэмжлэгч нь мөн байна гэж цагаатгалын комиссоос зарласан. Өвлөх эрхийн гэрчилгээгээр цагаатгалын нөхөх олговрыг Д.Ш гуай авахаар болж, бусад өвлөгч нар нь өвлөх эрхээсээ татгалзсан тухай өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдэж хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болсон. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 тоот шийдвэрээр Сын ач дүү болохоо тогтоолгосон байдаг. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0005 дугаартай магадлалаар Шг нэхэмжлэх эрхтэй гэж үзэж 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн магадлалаар тогтоогдож байгаа тул Ш нь Сын нөхөх олговор болох 80.000.000 төгрөгийг авах эрхтэй байна гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэв.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Г би, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйл, 21 дүгээр зүйлийн 21.1.12 дахь хэсэг, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт оршин суух Боржигон овогт Дийн Ш /***/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Монгол Улсын төрд холбогдох Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жгийн Сын нөхөх олговрын 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулах тухай нэхэмжлэлд төрийг төлөөлөн оролцож дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Дийн Шгийн авга ах Ж овогтой С нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ял шийтгэгджээ. Түүнчлэн Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 02/2343 дугаартай лавлагаа, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлал зэргээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Дийн Ш нь улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Ж овогтой Сын ач дүү болохыг тогтоосон Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 109/5295/ дугаартай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач дүүгийн нэрсийн жагсаалтад Дорноговь, Дийн Ш, Жгийн С, Завхан аймгийн харьяат, ач дүү гэсэн нийтлэлийг үндэслэн Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 202/МА2018/0005 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.Шд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Санхүү хэлтсээс гаргуулан олгох-оор шийдвэрлэжээ. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан ...80 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай заалт хүчин төгөлдөр болсноос хойш Д.Ш нь дахин цагаатгалын нөхөх олговортой холбоотой материалыг бүрдүүлэн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хянуулж хэвлэлд нийтлүүлээгүй, түүнчлэн орон сууц авч байгаагүй иргэнд энэ нөхөх олговрыг олгоно гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй зэрэг нотлох баримтууд дутуу, мөн Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар Д.Ш хэний өвийг авах нь тодорхойгүй байх тул 2018 оны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 109/5295/ дугаартай нийтлэлээр дахин 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Шд олгох боломжгүй байна. Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт 2018 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт ...80 сая төгрөг нэхэмжлэх эрхийн хүрээг тодорхойлсон байх тул иргэн Д.Ш энэ заалтад хамрагдах эрх зүйн боломжгүй гэжээ. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдаагүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар Д.Шгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримт, нэхэмжлэгч болон прокурорын тайлбар зэргийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Жгийн Сын нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэлмэгдэгч Жгийн С нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ялаар шийтгэгдсэн нь Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 10/1040 дугаартай архивын лавлагаа, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 02/2343 дугаартай лавлагаа, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дугаартай магадлалаар тус тус тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Д.Шг хэлмэгдэгч Жгийн Сын ач дүү болохыг Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай шүүхийн шийдвэрээр тогтоожээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг дор дурдсан этгээд нэхэмжлэх эрхтэй: 10.1.1.улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө; 10.1.2.хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран; 10.1.3.хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд; 10.1.4.энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ. гэж заасны дагуу хэлмэгдэгч Ж.Сын ач дүү Д.Ш нь тус заалтын дагуу нөхөх олговрыг шаардах эрхтэй этгээд биш байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимиг нь Д.Ш хэлмэгдэгчийн ач дүү учир Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан этгээдэд хамаарахгүй. Харин хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу Өв залгамжлалын гэрчилгээгээр нөхөх олговрыг авах эрхтэй гэх тайлбар гаргажээ.

 

Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт 2018 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг гэж нэхэмжлэх хүрээг тодорхойлсон байх тул иргэн Д.Ш нь энэ заалтад хамаарагдах эрх зүйн боломжгүй... гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нь шүүх хуралдаанд Ж.С нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөх олговрыг нэхэмжлэх эрх үүсэхгүй гэдэг зөв. Гэхдээ хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй гэж, Прокуророос ...зөвхөн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд 80 сая төгрөгийг олгохоор хуулийн 13.2.1-д тусгайлан заасан тул өөр этгээдэд олгох боломжгүй. Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт дурдсан тайлбар үндэслэлтэй гэж маргаж байна.

Хууль хэрэглээний хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд 10.1-10.4 дэх заалтад хэлмэгдэгч өөрөө болон түүний эхнэр /нөхөр/, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ буюу гэр бүл, садан төрлийн холбоотой хүмүүсийг нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байхаар зохицуулсан байна. Харин нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид шилжих тухай тус хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан нь өөр бусад этгээд нөхөх олговрыг авах боломжийг бүрдүүлжээ.

Өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, хүүхэд, эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээгээс гадна өөр этгээд нөхөх олговрыг авах эрхтэй байх бөгөөд Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт дурдсан тайлбар болон прокурорын тайлбар үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 35 дугаар хуудсанд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээгээр Завхан аймгийн Тамч сумын харьяат Жгийн С нь 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдөр нас барсан учир Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр заалтыг үндэслэн өвлүүлэгчийн ач дүү болох Дорноговь аймаг, нийслэл Сайншанд сумын харьяат ... *** тоот регистрийн дугаартай Д.Шд өвлүүлэгчийн өмчлөлд байсан цагаатгалын нөхөх олговор өгөх эрхийн гэрчилгээ олгов. гэж дурдсан байх ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимиг шүүх хуралдаанд С 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нас барсан. Энэ хүний өв 1939 оны 5 дугаар сарын 20-ноос эхэлж үүсэж байгаа. Түүнээс хойш хэдэн онд ч байсан өвлөх эрхээ бичүүлэх эрхтэй гэж тайлбар гаргажээ.

Ж.С нь 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн бол Д.Ш нь 1950 оны 05 дугаар сарын 08-ны өдөр төржээ. Гэтэл өвлөх эрхийн гэрчилгээнд Ж.Сын цагаатгалын нөхөх олговрын шууд Д.Ш өвлөж авсан тухай тэмдэглэжээ.

Мөн нэхэмжлэгч Д.Шгийн эмэг эх Баярх болон эцэг Д нарын хэн аль нь нас барсан гэж байх бөгөөд Ж.Сын хэлмэгдэж, цагаатгагдсан нөхөх олговрыг авахаар 2018 онд батлагдан хүчин төгөлдөр болсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан эсэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар Д.Шд Өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөх олговор нэхэмжлэх эрх өвлөгдсөн гэж үзэх боломжгүй буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш байна.

Хэдийгээр Д.Шд 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээг олгосон байгаа боловч дээрх хуулийн[1] 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангаагүй байх тул нөхөх олговрыг шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх тухай. Нэхэмжлэгч Д.Ш нь Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журмын 9 дэх хэсэгт ... баримт бичгийг бүрдүүлсэн этгээд энэ тухайгаа аймаг, нийслэлийн Цагаатгалын салбар комисст бүртгүүлнэ. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг .. сонинд сар бүр зарлана. гэж заажээ.

Нэхэмжлэгчээс Зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109 (5295) дугаарт нийтлэгдсэн Нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалт-ыг хэрэгт авахуулсан бөгөөд 2017 онд 1 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулахаар шүүхээр шийдвэрлүүлэх явцад сонинд зарлуулсан тул 80 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулахад дахин сонинд зарлуулах шаардлага тавигдахгүй гэх тайлбарыг шүүхэд гаргажээ.

Дээрх журмын дагуу нөхөх олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах нь нөхөх олговрын талаар гомдол, санал гаргах эрхтэй этгээдийг бүрэн хамруулах, тэднийг мэдээлэл авах эрхээр хангах ач холбогдолтой. Харин Д.Ш нь 80 000 000 төгрөгийн нөхөх олговор гаргуулахаар нэхэмжлэлээ бүрдүүлэхдээ Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисст хандаж сонинд тухай бүр зарлуулаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгчдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй буюу хууль заасан шаардлагыг хангахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Өвлөх эрхийн гэрчилгээний тухайд. Мөн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээн хавсралт хэсэгт хэлмэгдэгчийн ач дүү нар болох Д.Ш, Д.Ц, Д.Э, Д.Э, Д.Х, Д.О нар цагаатгалын нөхөх олговрын өв залгамжлах эрхээсээ татгалзсан тухай хэлцэл хийж, түүнийг үндэслэн Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 202/МА2018/005 дугаартай магадлал, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 136/ШШ2017/00452 дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Шд 1 000 000 /нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг гаргуулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч 016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Ж.Сын ач дүү нар өв залгамжлах эрхээсээ татгалзсан гэх тайлбарыг гаргасан боловч 2016 онд 80 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох тухай хууль[2] батлагдаагүй байснаас үзвэл Д.Ш 80 000 000 төгрөгийн нөхөх олговрыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д.Ш, Д.Ц, Д.Э, Д.Э, Д.Х, Д.О нар мэдсэн эсэх, тэднийг гомдол, санал гаргах боломжоор хангасан эсэх, өв залгамжлах эрхээсээ татгалзсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Д.Шгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Ж.Сын нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч Д.Ш нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нөхөх олговор гаргах хүсэлтэд улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар Д.Шгийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 80 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА

 

 

 

 


[1] Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль

[2] Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль. Төрийн мэдээлэл сэтгүүл. 2018.02.09.