Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 202/МА2021/00006

 

 

 

Д.Ш-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Сайнтөгс, ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

 

Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2021/00043 дугаар шийдвэртэй,  

 

Нэхэмжлэгч: Б овогт Д-ийн Ш-ийн  нэхэмжлэлтэй,

 

            Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80 сая төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг;

 

Нэхэмжлэгч Д.Шийн давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, прокурор Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Б овогт Д-ийн Ш миний авга ах Жийн С нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан, 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж улмаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дээд шүүхийн цэргийн коллегийн 34 дүгээр магадлалаар цагаатгагдсан тул улс төрийн хилс хэрэгт хэмлэгдэгчдийг цагаатгах тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нөхөх олговор авахаар заасны дагуу надад нөхөх олговрын 80 сая төгрөгийг олгуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болж байгаа ба цар тахалтай холбоотойгоор зарим нэг нотлох баримтаа Улаанбаатар хотоос гаргуулан авах боломжгүй байгаа тул ирсэн хойно нь шүүхэд хүргүүлэх тул хөгшин настай миний нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Нэхэмжлэгчээс Б овогт Дийн Ш миний авга ах Ж-ийн С нь улс төрийн хилс хэрэгт 1938 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр баривчлагдан 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Онцгой бүрэн эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дээд шүүхийн цэргийн коллегийн 34 дүгээр магадлалаар цагаатгагдсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4 дэх хэсгүүдэд зааснаар нөхөх олговор авахаар заасны дагуу надад нөхөх олговрын 80 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тогтоогдсон этгээдэд учирсан хохирол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчигдсөнийг энэ хуульд заасан үндэслэл журам, хэмжээний дагуу нөхөх олговор олгох хэлбэрээр нөхөн төлнө гэж заасан. Мөн хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 16 тоот цагаатгалын нөхөх олговор авах тухай гэсэн өвлөх эрхийн гэрчилгээ авагдсан. Энэ дагуу Д.Ш хуульд зааснаар нөхөх олговор авах эрхтэй гэж үзэж байна. Самбар нь хавтаст хэрэгт авагдсан архивын лавлагаа /хх 12/, тусгай архивын 1999 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/1040 дүгээр лавлагаа /хх 13/, Улсын Дээд Шүүхийн 1993 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн магадлалаар цагаатгагдсан болох нь тогтоогдсон. Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 05 дугаар сард хэвлэгдсэн Зууны мэдээ сонинд Дорноговь аймгийн Дийн Ш нь С-ын Жгийн ач дүү гэж 3 дугаар баганад бичигдэж нэхэмжлэгчийн эрх үүссэн байгаа юм. Ингэж зарлагдсанаар Сын нөхөх олговрыг авах нэхэмжлэгч нь мөн байна гэж цагаатгалын комиссоос зарласан. Өвлөх эрхийн гэрчилгээгээр цагаатгалын нөхөх олговрыг Д.Ш гуай авахаар болж, бусад өвлөгч нар нь өвлөх эрхээсээ татгалзсан тухай өвлөх эрхийн гэрчилгээнд бичигдэж хууль ёсны дагуу хүчин төгөлдөр болсон. 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 тоот шийдвэрээр Сын ач дүү болохоо тогтоолгосон байдаг. Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 0005 дугаартай магадлалаар Ш-г нэхэмжлэх эрхтэй гэж үзэж 1.000.000 төгрөгийн нөхөх олговрыг олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн магадлалаар тогтоогдож байгаа тул Ш нь С-ын нөхөх олговор болох 80 сая төгрөгийг авах эрхтэй байна гэж үзэж байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү… Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-т зааснаар өвлөх эрхийн гэрчилгээгээр нөхөх олговор нэхэмжлэх эрх өвлөгдөж байгаа гэж үзэж нэхэмжлэл гаргасан ... ” гэжээ.

 

Прокурор Г.Г анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д-ийн Ш-ийн авга ах Ж овогтой С нь Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 19 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 44, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээ буюу цаазаар авах ял шийтгэгджээ. Түүнчлэн Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлалаар түүнийг цагаатгасан болох нь Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 02/2343 дугаартай лавлагаа, Дээд шүүхийн цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 34 дүгээр магадлал зэргээр нотлогдож байна. Нэхэмжлэгч Д-ийн Ш нь улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Ж овогтой С-ын ач дүү болохыг тогтоосон Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 109/5295/ дугаартай улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн ач дүүгийн нэрсийн жагсаалтад Дорноговь, Д-ийн Ш, Ж-гийн С, Завхан аймгийн харьяат, ач дүү гэсэн нийтлэлийг үндэслэн Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 202/МА2018/0005 дугаар магадлалаар нэхэмжлэгч Д.Шд 1.000.000 /нэг сая/ төгрөгийн нөхөх олговрыг Дорноговь аймгийн Сайншанд сумын Санхүү хэлтсээс гаргуулан олгох-оор шийдвэрлэжээ. 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан ...80 сая төгрөгийн нөхөх олговор олгох тухай заалт хүчин төгөлдөр болсноос хойш Д.Ш нь дахин цагаатгалын нөхөх олговортой холбоотой материалыг бүрдүүлэн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст хянуулж хэвлэлд нийтлүүлээгүй, түүнчлэн орон сууц авч байгаагүй иргэнд энэ нөхөх олговрыг олгоно гэсэн хуулийн шаардлага хангагдаагүй зэрэг нотлох баримтууд дутуу, мөн Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар Д.Ш хэний өвийг авах нь тодорхойгүй байх тул 2018 оны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 109/5295/ дугаартай нийтлэлээр дахин 80.000.000 төгрөгийг төрөөс гаргуулж, нэхэмжлэгч Д.Ш-д олгох боломжгүй байна. Мөн Цагаатгалын ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт 2018 онд батлагдсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт ...80 сая төгрөг нэхэмжлэх эрхийн хүрээг тодорхойлсон байх тул иргэн Д.Ш энэ заалтад хамрагдах эрх зүйн боломжгүй гэжээ. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдаагүй байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт зааснаар Д.Ш-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар Д.Ш-ийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдаж, 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ш давж заалдсан гомдолдоо: “...Нэхэмжлэгч Д.Ш миний бие нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Жийн Сын ач дүү бөгөөд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нэг сая төгрөгийн нөхөх олговрыг авсан. Миний бие өөрөө өвдөөд мөн корона гээд Улаанбаатар хот явах боломжгүй байсан болохоор өмнө авч байсан өвлөх эрхийн гэрчилгээ, сонинд зарлуулсан зараараа 80 сая төгрөгийн нөхөх олговрыг авч болох юм байна гэж бодсон юм. Тэгсэн шүүх сонинд дахин зарлуулаагүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх намайг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэж дүгнэжээ. Надаас өөр энэ хүний нөхөх олговрыг авах хүн байхгүй. Миний ахыг эхнэр хүүхэдтэй болох, амьд явах эрхийг нь хууль бусаар хасчихаад улсаас өгч байгаа нөхөх олговрыг өгөхгүй гэж байгааг би Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхээс шаардаж байгаа нотлох баримтыг бүрдүүлж дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Шийн хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн шаардлагын дагуу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг. Ингэснээр ковид-19 Цар тахал гарч Монгол улс даяар хөл хорио тогтоосноор Улаанбаатар хот явах боломжгүй дээр бие нь өвчтэй байсан гэдэг. Өвлөх эрхийн гэрчилгээг дахин авахад 80 сая төгрөгт 800 000 төгрөг төлөх шаардлагатай болох юм байна. Иймд өмнө нь авсан өвлөх эрхийн гэрчилгээ дээр зөвхөн “1 000 000 төгрөг аваад дуусгавар болно” гэсэн зүйл байхгүй, мөн нөхөн олговор авахаар өвлөх эрхийн гэрчилгээ хийгдсэн учир энэ болно гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн шүүхийн шийдвэртэй танилцахад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байна гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйл, Иргэний хуулийн 24, 515, 518  дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны буюу “гэрээслэлээр өв залгамжлал шилжих тухай” тус хуулийн 10 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт заасан өөр бусад этгээдийн нөхөн олговрыг авах боломжийг бүрдүүлжээ гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү, ач зээгээс гадна өөр этгээд нөхөн олговор авах эрхтэй байх бөгөөд “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс”-ын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 89 дугаартай албан бичигт дурдагдсан тайлбар болон прокурорын тайлбар үндэслэлгүй байна гэж дүгнэсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгч Д.Шийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин өвлөх эрхийн гэрчилгээ авъя, мөн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст хандаж өргөдөл гаргаж, өдөр тутмын сонинд дахин зарлуулснаар нөхөн олговор авах эрх бүрдэх юм байна гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Мөн Иргэний хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь хэсэгт “нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ” гэж заасан байдаг. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт мөн адил заасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин нотлох баримт бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангах тал дээр анхаарч өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

Прокурор Г.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Ш нь хэдийгээр 1 000 000 төгрөг гаргуулахаар 2018 онд шүүхийн шийдвэр гаргуулж Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн. Тухайн хэргийг шийдвэрлэх үед шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг үндэслээд одоо 80 сая төгрөг нэхэмжилж байгаа шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь анхан шатны шүүхээс прокурорын тайлбар үндэслэлгүй гэж дүгнэж байгаа боловч нэгдүгээрт нэхэмжлэгчээс гарж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь бүрдүүлбэр хангаагүй, хоёрдугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол түүний эрх дараагийн хүнд шилжинэ  гэж заасан байдаг. Тэгэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өвлөх эрх болгоныг бүх нэхэмжлэлийн шаардлага дээр олгоно гэсэн зохицуулалт нөхөх олговор, цагаатгалтай холбоотой асуудал дээр яригдахгүй. Хоёрдугаарт энэ хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсэгт улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг авах эрх үүснэ гэж заасан байдаг. Энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдаагүй байна гэсэн үндэслэлүүдээр нэхэмжлэгч талтай маргаж, энэ байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон боловч анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэртээ прокурорын гаргасан тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэхдээ нэг хэсгийг нь ялгаж авч үзсэн байдаг. Прокурорын гаргасан тайлбар нь үндэслэлгүй гэдэг шаардлагаар нэхэмжлэгч Д.Шийн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрх нь үүсэхгүй. Нөгөө талаар энэ хууль 1999 онд нэмэлт өөрчлөлт орсон хуулиараа 80 сая төгрөгийг авах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч Д.Ш 2018 онд 1 000 000 төгрөгийн нөхөн олговор авсан энэ талаарх нэхэмжлэлийн нотлох баримтуудаа шүүхэд гаргах энэ талын мэдлэг, мэдээлэл байдаг. Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрхзүйн туслалцаа үзүүлсэн энэ нөхцөл байдал нь шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаад ирэх боломжтой байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага, нотлох баримтуудаа бүрдүүлэхийн тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэдэг давж заалдах гомдол нь үндэслэлгүй юм. Энэ хэрэгт хэрэглэж байгаа хууль буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулиар энэ хүн нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй. Өвлөх эрхийн асуудал ч Д.Шд яригдахгүй. Тийм учраас анхан шатны шийдвэр үндэслэлтэй гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

            Нэхэмжлэгч Д.Ш нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт 80000000 /наян сая/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “... авга ах Жийн С нь улс төрийн хилс хэрэгт ... хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж цагаатгагдсан тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3, 10.1.4-т зааснаар нөхөх олговор 80000000 төгрөгийг гаргуулж өгнө үү ...” гэж тодорхойлжээ.

 

            Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон Дорноговь аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Г.Г “... цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст материал нь хянагдаагүй, ... орон сууц авч байсан эсэхийг нотолсон баримтгүй ..., хэний өвийг залгамжилж нөхөх олговор авах гэж байгаагаа нотлоогүй ... Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан шаардлага хангагдаагүй  ... учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ...” гэсэн агуулга бүхий тайлбар гаргажээ.

 

Анхан шатны шүүх Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж Д.Ш-ийн улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсаны нөхөх олговор 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.Ш эс зөвшөөрч “... Миний ахыг эхнэр хүүхэдтэй болох, амьд явах эрхийг нь хууль бусаар хасчихаад улсаас өгч байгаа нөхөх олговрыг өгөхгүй гэж байгааг би Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж байна гэж үзэж ... анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхээс шаардаж байгаа нотлох баримтыг бүрдүүлж дахин анхан шатны шүүхээр шийдвэрлүүлэх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдсан гомдол гаргасан байна.

 

Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч маргааны үйл баримтыг оновчтой тодорхой тогтоож чадаагүй, холбогдох хуулийг зөв оновчтой тайлбарлаж хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Энэ нь анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш боловч нэхэмжлэгчийг Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрх бүхий этгээд биш буюу хуулийн 10.3-т заасан “...хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа, эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан ...” гэсэн өв залгамжлах эрх үүсээгүй гэсэн агуулга бүхий дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болов.

           

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.Сыг улс төрийн хэрэгт баривчлан 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Онцгой Бүрэн Эрхт комиссын хурлын 19 дүгээр тогтоол, ШЦБ-ийн 43, 44, 47 дугаар зүйлд зааснаар хуулийн дээд хэмжээгээр шийтгэж, хэргийг хянаад Монгол Улсын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1993 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр магадлалаар цагаатгасан /хх-13, 16-17/, Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр /хх-9-10/ нэхэмжлэгч Д.Ш-г Ж.С-ын ач дүү болохыг тогтоосон, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 202/МА2018/0005 дугаар магадлалаар /хх-3-8/ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Ш-д 1000000 төгрөгийн нөхөх олговрыг олгохоор шийдвэрлэсэн, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нотариатч Ш.С-ээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.Ш-д Ж.С-ын цагаатгалын нөхөх олговрыг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, гэрчилгээний хавсралтад /хх-36, 37/ ач дүү нар Д.Ш, Д.Ц, Д.Э, Д.Э, Д.Н, Д.О нар өв залгамжлах эрхээсээ татгалзсан тухай хэлцэл хийсэн талаар тэмдэглэгдсэн,  Зууны мэдээ сонины 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №109-д /хх-18,41/ 2016 оны тавдугаар сард нэхэмжлэгч Д.Ш-г Ж-ийн С-ын ач дүү болохыг зарласан тухай үйл баримт тус тус тогтоогдсон байна.

 

Эндээс үзвэл Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан  нөхөх олговрын нэхэмжлэл гаргахад хавсаргах баримт бичиг болох улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон эрх бүхий байгууллагын шийдвэр, цагаатгасан болон хэлмэгдсэн тухай үнэмлэх, нөхөх олговрыг авах эрхтэй бусад этгээдийн баримт бичиг хэрэгт хангалттай цугларсан байх тул эдгээрийг дахин бүрдүүлэх шаардлагагүй болно.

 

Мөн Засгийн газрын 1998 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн биелэлтийг зохион байгуулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 9-д “... нэхэмжлэл гаргах гэж буй этгээдийн нэрийг ... сонинд сар бүр зарлана ...” гэж заасныг өөр нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд байгаа эсэхийг тодруулах, тэднийг мэдээллээр хангах зорилго, ач холбогдолтой гэж үзэх боловч ийнхүү сонинд зарлаагүй нь шүүхээс  маргааны үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийхгүй байх үндэслэл болохгүй.

 

Түүнчлэн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн нотариатч Ш.С-ээс 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.Ш-д Ж.С-ын цагаатгалын нөхөх олговрыг өвлөх эрхийн гэрчилгээг олгосон, гэрчилгээний хавсралтад /хх-36, 37/ ач дүү нар Д.Ш, Д.Ц, Д.Э, Д.Э, Д.Н, Д.О нар өв залгамжлах эрхээсээ татгалзсан тухай хэлцэл хийсэн талаар тэмдэглэгдсэнээс үзэхэд  энэхүү гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2, 531.3-т заасантай нийцээгүй гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, 531.2, 531.3-т зааснаар өөр өвлөгч байхгүй нь лавтай баримтаар нотлогдвол нотариатч гэрчилгээ олгох тухай хүсэлт гаргасан хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг олгох бөгөөд анхан шатны шүүх улс төрийн хэрэгт хэлмэгдэгч Ж.С 1938 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, нэхэмжлэгч 1950 онд төрсөн байхад өвлөх эрхийн гэрчилгээг шууд Д.Ш-д олгосон гэж дүгнэсэн нь энэхүү хуульд нийцээгүй байна.

 

Мөн нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээг 2016 онд олгосон, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болсон нөхөх олговорт 80 сая төгрөг гаргуулах тухай зохицуулалт 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг нэмсэн хэдий ч гэрчилгээнд өвлөх эрхийг “...цагаатгалын нөхөн олговор” гэж зааснаас үзэхэд Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд заасан нөхөх олговор нэхэмжлэх эрхэд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүйн гадна өвлөх эрхийн гэрчилгээ нь энэхүү хуульд заасан нөхөх олговор гаргуулах тухай нэхэмжлэлд зайлшгүй хавсаргах баримт бичиг биш болно.  

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2-т зааснаас үзэхэд нөхөх олговрыг авах эрхтэй өөр этгээд байгаа тохиолдолд л нөхөх олговрыг ямар хувь хэмжээгээр хоорондоо хуваан авах тухай тохиролцсон баримт бичгийг нотариатаар гэрчлүүлэн хавсаргах тул өвлөх эрхийн гэрчилгээг дахин авах шаардлагагүй юм.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болон маргааны үйл баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийх боломжтой гэж үзэв.

           

Нэхэмжлэгч Д.Ш-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, агуулгаас үзэхэд тэрээр Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-т заасан “Энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно.”, “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг;” гэсэнд үндэслэжээ.

 

            Энэхүү хуульд заасан нөхцөл шаардлагыг тодруулан авч үзвэл Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-т заасан орон сууц аваагүй бол түүний үнэд 80 сая төгрөгийн нөхөх олговрыг авах эрх бүхий этгээд нь улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд байхаар хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан “... гэр бүлийн гишүүдэд ...” гэснээс  ялгаатай, хязгаартай заажээ.

 

            Харин Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийг зааж өгсөн байх боловч хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т нөхөх олговрын хэмжээг заахдаа хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан этгээдүүдээс хэн нь ямар тохиолдолд, хэдий хэмжээтэй нөхөх олговрыг нэхэмжлэх эрх буюу түүнд хамаарах нөхцөл шаардлагыг илүү тодорхой нарийвчлан зохицуулсан байна.  

 

            Нэхэмжлэгч Д.Ш-г Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийдвэрээр /хх-9-10/ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С-ын ач дүү болохыг тогтоосноос үзэхэд тэрээр Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан “... гэр бүлийн гишүүд ...” гэсэнд хамаарч байх боловч хуулийн 13.2.1-т заасан “... хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд ... “ гэсэнд хамаарахгүй байх тул түүнийг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “... 80 сая төгрөг ...”-ийг шаардах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

            Улмаар Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасан “... энэ зүйлийн нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээд ...” гэдэгт буюу өв залгамжлалаар нөхөх олговрыг шаардах эрх бүхий этгээдэд  хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.3-т зааснаар хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүд хамаарч,  хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т заасан “... 80 сая төгрөг ...”-ийг нэхэмжлэх эрх өвлөгдөхөөр байгаа боловч нэхэмжлэгч нь ийнхүү хуульд заасан шаардах эрхтэй этгээд биш тул түүний хувьд энэ тохиолдолд өв залгамжлал хамаарахгүй гэж үзнэ.

 

Тодруулбал Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар “...80 сая төгрөг ...”-ийн нөхөх олговрыг олгох үндэслэл нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч ял шийтгүүлснээс болон хэлмэгдүүлэлтийн улмаас нас барж эд хөрөнгөөрөө хохирсны нөхөн төлбөрт орон сууцны үнэд дүйцүүлэн төрөөс түүний эхнэр, нөхөр, эсхүл түүний хүүхдэд олгох нөхөх олговор байх бөгөөд  энэ утгаараа хуульд заасан зөвхөн эдгээр этгээдүүд энэ 80 сая төгрөгийг шаардах эрхтэй, тэдний энэхүү эрхийн өвлөгдөх нөхцлийг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа буюу эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан гэж нарийвчлан тодорхой заажээ.

 

Өөрөөр хэлбэл хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд энэхүү хуульд заасан нөхөх олговорт 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн бүрдүүлбэрээ хангаж байх хугацаандаа буюу эсхүл шүүхэд нэхэмжлэлээ гаргасны дараа нас барсан бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлан авах, эсхүл хуульд заасны дагуу хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрхтэй байна.

 

Энэ нь Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 13 дугаар зүйлийн 13.2.1-д  заасан агуулгаас үзэхэд энд заасан шаардах эрх нь цаазаар авах ял шийтгүүлснээс нас барсан хэлмэгдэгчид өөрт нь бус ийнхүү шийтгүүлж нас барсны улмаас түүний эхнэр, нөхөр хүүхдүүдэд олгосон эрх байх ба энэ утгаараа хэлмэгдэгчийн эхнэр, нөхөр, төрсөн болон үрчилж авсан хүүхдийн хувьд тэдний хууль ёсны өвлөгчид буюу Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д заасан өвлөгчдөд энэ эрх өвлөгдөнө гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын тусгай архивын лавлагаа /хх-12/, Улсын аюулгүй байдлыг хангах газрын тусгай архивын лавлагаа /хх-13/-нд Ж-ийн С нь ... ам бүл 4 /нэр бичээгүй/  гэснээс үзэхэд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийн хувьд Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д  заасан хүмүүс байсан эсэх нь тодорхойгүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

 

Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д “Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө.” гэж заасан, нэхэмжлэгч Д.Ш-д улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С-ын цагаатгалын нөхөх олговрыг өвлөх эрхийн гэрчилгээг нотариатчаас олгосноос үзэхэд нэхэмжлэгч Д.Ш нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.2-т зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч Ж.С-ын хууль ёсны өвлөгч байж болох хэдий ч түүнийг Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан нөхөх олговрыг шаардах эрх бүхий этгээдүүдийн хууль ёсны өвлөгч гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсонгүй.

 

Мөн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “... гэр бүлийн гишүүдэд ...” гэж, 13.2.1, 13.2.2-т “... хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд ... “ гэж ялгаатай, өөр өөр заасан байгаагаас үзэхэд хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ“ улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй байхаар заасан нь хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “... гэр бүлийн гишүүдэд ...” гэсэнд болон хэлмэгдэгчийн хувьд өөрийнх нь шаардах эрхэд  илүү хамааралтай гэж ойлгогдохоор байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Ш-ийн давж заалдсан гомдол үндэслэлгүй тул хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

Харин анхан шатны шүүхээс түүний улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговор 80 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу биш боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1-д зааснаар тодорхойлогдсон байхад анхан шатны шүүх хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т заасныг хэрэглэсэн нь оновчгүй, буруу тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад  хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136/ШШ2021/00043 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “... Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт  ...” гэснийг “Улс төрийн хилс хэрэгт  хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ш-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч Д.Ш нь давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны  шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

  

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Н.БОЛОРМАА

                                   ШҮҮГЧИД                                       А.САЙНТӨГС

                                                                                            Н.БАТЧИМЭГ