Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 001/хт2024/00090

 

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Н.Батчимэг, Н.Баярмаа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00364 дүгээр магадлалтай,

“Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“М” ХХК-д холбогдох

Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 335,492,063 төгрөг гаргуулах иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь “М” ХХК-д холбогдуулан 2022.12.19-ний өдрийн 22/12 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 335,492,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “М” ХХК-аас гэрээний үүргийн үлдэгдэл 335,492,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 1,835,410 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-аас 1,835,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ш” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00364 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,835,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд болон үйл баримтыг анхааралтай хянаж, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, мөн хуулийг буруу тайлбарласнаас хууль хэрэглээний зөрүү үүсэж хариуцагчийн эрх ашгийг хөндсөнд гомдолтой байгаа.

4.1. Талуудын хооронд байгуулагдсан 2022.12.19-ний өдрийн 22/12 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдахаас өмнө D компанийн итгэмжлэлийн дагуу “М” ХХК нь “Б” ХХК-тай 2022.01.10-ны өдрийн №005 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд “Б” ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй.

Улмаар 2022.08.10-ны өдөр №005 дугаар гэрээгээр урьд байгуулсан 10000 тн нүүрснээс 3300 тн-оор дахин гэрээ байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул “Б” ХХК-ийн захирал Т.Х-ын саналыг үндэслэн түүний төрсөн эх С.Ц-гийн компа ни болох “Ш” ХХК-тай 2022.12.19-ний өдөр 22/12 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээг байгуулсан юм.

2021.05.21-ний өдрийн №20210521/0001 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээг D компани болон “Б” ХХК нар байгуулсан. Тус гэрээгээр 100,000 тн нүүрсийг Эрээн хотын өртөөнд хүргэх нөхцөлтэй байхаар тохиролцсон ба төлбөр 7,050,000 юанийг “Б” ХХК-д шилжүүлсэн.

Улмаар D компаниас 2022.01.01-ний өдөр “М” ХХК болон захирал Н.У нарт өгсөн итгэмжлэлийн дагуу “Б” ХХК болон “Ш” ХХК нартай нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. 2022.12.19-ний өдрийн №22/12 дугаар гэрээний 3.3-т төлбөрийг зээлийн гэрээний төлбөрөөс төлнө гэж заасан буюу урьдчилгаа төлбөрт 300,000,000 төгрөг, үлдэгдэл төлбөр 348,978,000 төгрөгийг D компани болон “Б” ХХК-н хооронд байгуулсан зээлийн гэрээний дүнгээс суутган төлөгдөнө гэж заасныг шүүх дүгнээгүй.

Өөрөөр хэлбэл, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ц-гийн төрсөн хүү болох Т.Х-ын “Б” ХХК-ийн D компаниас нүүрс нийлүүлэх төлбөрт авсан 7,050,000 юаны төлбөрт 348,978,000 төгрөг суутгагдсан юм. Үүнийг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар үгүйсгэж, маргаагүй.

Мөн “Б” ХХК-ийн захирал Т.Х- нь D компаниас 700 сая төгрөг авч нийлүүлж байгаа нь үнэн болно гэсэн баталгаагаар нүүрсний төлбөрийг авч байсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж болох байсан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж, тухайн баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

4.2. Анхан шатны шүүх “Дээрх гэрээнд нүүрсний үнэ 648,978,000 төгрөг гэж тодорхойлсноор хариуцагч хариу төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд “М” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч болох “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр гэрч Д.М-ын харилцах банкны дансаар 2023.01.12-ны өдөр 244,911,400 төгрөгийг шилжүүлснээр үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

“Е” ХХК, “Ш” ХХК нар 2022.03.01-ний өдөр №22/0301 дугаар гаалийн хяналтын бүсэд нүүрс буулгах, хадгалах, ачих үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний төлбөр болох 244,911,400 төгрөгийг манай компанийн зүгээс “Е” ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримт болон “Е” ХХК-ийн захирал Д.М шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр оролцохдоо мэдүүлсэн.

Үүнийг анхан болон давж заалдах шатны шүүх 2022.12.19-ний өдрийн 22/12 дугаар нүүрс худалдах, худалдан авах гэрээний төлбөр гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэхүү 244,911,400 төгрөг нь “М” ХХК “Ш” ХХК нарын байгуулсан гэрээний төлбөр биш бөгөөд D компанийн олгосон итгэмжлэлийн дагуу нүүрс ачих, хадгалах, буулгах төлбөрийг “М” ХХК төлсөн явдал юм.

Тодруулбал, Dкомпани болон “М” ХХК нар нь “Б” ХХК-тай гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээнүүдийн үүргээ “Б” ХХК биелүүлэх боломжгүйгээ илэрхийлж, “Ш” ХХК-аар үүргээ гүйцэтгүүлсэн юм. Талуудын гаргаж өгсөн гэрээний 3.3 дахь заалт буюу зээлийн гэрээний төлбөрөөс төлбөрийг төлнө гэсэн заалт нь дээрх байдлаар хэрэгжсэн болох нь D компаниас “Б” ХХК-руу шилжүүлсэн төлбөрийн баримт болон, тус компанийн захирал Т.Х-ын бичсэн баталгаа зэрэг баримтаар нүүрсний төлбөрийг хүлээн авсан болох нь тогтоогддог.

4.3. Хавтаст хэргийн 25-27 дугаар талд авагдсан 2022.12.19-ний адрийн 22/12 дугаар “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” болон хавтаст хэргийн 115-117 дугаар талд авагдсан буюу Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 2022.12.19-ний өдрийн 22-12 дугаар “Нүүрс худалдах, худалдан авах” гэрээнүүдийн 3.3 дахь заалтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Тухайлбал, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн гэрээний 3.3-т “Төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс төлнө” гэж заасан бол хавтаст хэргийн 25-27 дугаар талд авагдсан гэрээний 3.3-т “төлбөрийн урьдчилгаанд 300,000,000 төгрөг төлөх ба үлдэгдэл 348,978,000 төгрөгийг D компани болон захирал С.Ц-гийн санхүүгийн хамаарал бүхий “Б” ХХК нарын хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө” гэж тус тус заажээ.

Дээрх зохицуулалтын хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь дээрх хоёр гэрээний 3.3-т зээлийн гэрээний дүнгээс төлнө, ... “Б” ХХК нарын хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө гэж заасан байх бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа байгаа эсэх, тус зээлийн гэрээ нь маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээнд хамаарах эсэх асуудлыг давж заалдах шатны шүүхээс залруулахгүйгээр гэрээ хэзээ, хэрхэн байгуулагдсан эсэх нь тодорхойгүй байна гэж дүгнэн хэрэгт хамааралгүй талаас нь хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхээргүй болжээ.

Дээр дурдсан асуудлыг шүүх харгалзаж үзэлгүй, хэргийн бодит байдлыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүйгээс хуулийг зөрүүтэй буруу тайлбарлаж шийдвэр гаргасанд гомдолтой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.04.18-ны өдрийн 001/ШХТ2024/00442 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 ХЯНАВАЛ:

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 2022.12.19-ний өдрийн 22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 335,492,063 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “... “М” ХХК нь нүүрсний төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс тооцож суутгахаар харилцан тохиролцсон боловч уг хэлцлийг бид нартай байгуулаагүй тул “М” ХХК-аас нүүрсний үнэд 2023.01.11-ний өдөр 50,000,000 төгрөг, 2023.01.12-ны өдөр 244,911,400 төгрөг нийт 294,911,400 төгрөгийг төлсөн, үлдэх 335,492,063 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүйгэж тодорхойлжээ.

8. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2022.01.10-ны өдөр №005 дугаар нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээг “Б” ХХК болон “М” ХХК байгуулсан. Энэхүү гэрээгээр “Э” ХК-ийн эрчим хүчний 10,000 тн, 5600 (+400:-400) /ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий нүүрс гэж гэрээний зүйлээ тодорхойлсон. Тухайн үед “Б” ХХК нүүрсээ Хятад улс руу ачуулаагүй тул 2022.08.10-ны өдөр №005 дугаар гэрээгээр урьд байгуулсан 10,000 тн нүүрснээс 3,300 тн-оор дахин гэрээ байгуулсан. Гэвч ... нүүрсээ ачуулахыг “Б” ХХК-ийн захирал Т.Х-аас удаа дараа шаардахад манай компани өр төлбөр ихтэй байна, манай ээжийн компани болох “Ш” ХХК-тай гэрээ байгуулчих ... гэхээр нь итгэж “Ш” ХХК-тай 2022.12.19-ний өдөр №22/12 дугаар нүүрс, худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр 1 тонн нүүрсний үнийг 196,600 төгрөг байхаар тохирч холбогдох татвар хураамжийн дүн /НӨАТ/болон /АМНӨАТ/ тооцож, нийт 648,978,000 төгрөгийн 3300 тонн нүүрсийг “Ш” ХХК 2023 оны 01 сард хятад улс руу явуулахдаа гэрээнд заасны дагуу “Э” ХК-ийн нүүрс байх байтал өөр нүүрс явуулж, гэрээний 1.1, 2.1, 4.3 дахь заалтыг зөрчсөн. ...Нэхэмжлэлд дурдсан нийт 294,911,400 төгрөг нь гэрээний төлбөр биш. Нүүрс худалдах, худалдан авах огноо, дугаар ижил гэрээний /эх хувьд/ 3.3-т Төлбөрийн урьдчилгаанд 300,000,000 төгрөг төлөх ба үлдэгдэл 348,978,000 төгрөгийг төлбөрийг D компани болон захирал С.Ц-гийн санхүүгийн хамаарал бүхий “Б” ХХК-ны хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө гэж зааж, “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ц-ийн санхүүгийн хамаарал бүхий буюу түүний хүүгийн “Б” ХХК-ийн D компаниас нүүрс нийлүүлэх тө лбөрт авсан 7,050,000 юаны төлбөрт суутгагдан төлөхөөр тохирсон, ... Нэхэмжлэгчийн хэрэгт нотлох баримтаар өгсөн Гаалийн Ерөнхий газрын харъяа Сайншанд дахь гаалийн хорооны хуулбар үнэн дардастай 2022.12.19-ний өдрийн №22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээний 1.1 дэх заалт, 2.1 дэх заалт, 3.1 дэх заалт, 3.3 дахь заалт, 4.3 дахь заалтууд нь хариуцагч байгууллагад байгаа талуудын гэрээний эх хувьтай таарахгүй байна” гэж маргажээ.

9. Анхан шатны шүүх “...Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний агуулгаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл болгосон 2022.12.19-ний өдрийн 22/12 тоот гэрээгээр худалдагч “Ш” ХХК нь бараа, бүтээгдэхүүн буюу 3,300 нийт тн 5400(+400) ккал/тн илчлэгчийн үзүүлэлт бүхий нүүрсийг худалдан авагч “М” ХХК-д нийлүүлснээр хариуцагч хуулийн этгээд нь тухайн нүүрсийг Чойр өртөөнөөс ачиж, 2023.01.13-ны өдөр экспортлогчоор бүртгэгдэн гаалийн хилээр гаргасан болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг бүхий баримтад 22/12 тоот гэрээ гэж бүртгэгдсэн, мөн энэхүү гэрээгээр нийлүүлсэн нүүрсэнд лабораторийн шинжилгээ хийсэн болох нь магадлан шинжилгээний дүгнэлтээр тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгчээс гаргасан уг гэрээг хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэлээ . ...Дээрх гэрээнд нүүрсний үнэ 648,978,000 төгрөг гэж тодорхойлсноор хариуцагч хариу төлбөрийг төлөх үүрэгтэй бөгөөд “М” ХХК нь үүрэг гүйцэтгүүлэгч болох “Ш” ХХК-ийн зөвшөөрснөөр гэрч Д.М-ын харилцах банкны дансаар 2023.01.12-ны өдөр 244,911,400 төгрөгийг шилжүүлснээр үүргийн зарим хэсгийг гүйцэтгэсэн гэж үзэхээр байна. ...Хариуцагч “М” ХХК-ийн 2023.01.11-ний өдрийн нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн 50,000,000 төгрөгийг 22/12 тоот гэрээний үүрэгт төлсөн гэж үзэхээр ба тэрээр нийт төлбөрөөс 294,911,400 төгрөгийг төлжээ. Иймд нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэл болгосон 22/12 тоот гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 335,492,063 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Хариуцагч тал татгалзлын үндэслэл болгон “Ш” ХХК, “М” ХХК-ийн хооронд байгуулсан 2022.12.19-ний өдөр 22/12 дугаартай нүүрс худалдах, худалдан авах гэрээг нотлох баримтаар гаргасан. Хариуцагч талаас гаргасан энэхүү гэрээний огноо, дугаар, үнийн дүн 648,978,000 төгрөг, гэрээний талууд зэрэг нь нэхэмжлэгчээс гаргасан гэрээтэй адил хэдий ч гэрээний гол нөхцөл нь өөр өөр байна. Хариуцагчаас гаргасан дээрх гэрээнд эрх бүхий этгээдүүд гарын үсэг зурсан, хуулийн этгээдүүд тамга дарсан байдал нь хэлбэрийн хувьд гэрээний шаардлага хангасан мэт боловч хуульд зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлгүй байна. Эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсан гэж хуулийн зохицуулалтаас үзэхэд энэхүү ... гэрээгээр эд хөрөнгө шилжсэн болох нь нотлогдохгүй байх тул тухайн гэрээг байгуулагдсан мөн хүчин төгөлдөр гэрээ гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд уг гэрээний 3.3-т төлбөрийн урьдчилгаанд 300,000,000 төгрөг төлөх ба үлдэгдэл 348,978,000 төгрөгийн төлбөрийг D компани болон захирал С.Ц-гийн санхүүгийн хамаарал бүхий “Б” ХХК хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө гэж зааснаар төлбөр төлөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй байна...” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ “...Анхан шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн, ... Нэхэмжлэгч 3,205.55 тн нүүрс нийлүүлсэн, хариуцагч 294,911,400 төгрөг төлсөн үйл баримтыг шүүх хэрэгт авагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, салбар лабораторийн магадлан шинжилгээний дүгнэлт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтаар зөв тогтоосон байна. Хариуцагч талын гэрээний огноо, дугаар, үнийн дүн зэрэг нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан гэрээнд заасантай адил хэдий ч гэрээний гол нөхцөл болох нүүрсний гарал үүсэл “Э” ХК, илчлэг 5800 (+100) ккал/тн гэж тусгасан нь зөрүүтэй болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. Үүний зэрэгцээ хариуцагчийн татгалзалд дурдсанаар нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн өрийг гүйцэтгэхийн тулд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар өр эзэмшигч D компанитай харилцан тохиролцох журамтай ба дээрх 3.3 дахь заалтаар өр шилжсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Учир нь, гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарахаар Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан бөгөөд “Б” ХХК болон D компанийн хоорондын зээлийн гэрээ нь хэзээ, хэрхэн байгуулагдсан, “Б” ХХК ямар үүрэг хүлээсэн, үүргээ гүйцэтгэсэн эсэх зэрэг нь тодорхойгүйгээс гадна D компанийг “М” ХХК төлөөлөх агуулга уг заалтад илэрхийлэгдээгүй байна. Түүнчлэн “Б” ХХК-аас “М” ХХК-тай, D компанитай тус тус байгуулсан гэх нүүрс худалдах, худалдан авах гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн талаар энэ хэрэгт буюу нэхэмжлэгч “Ш” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “М” ХХК-д холбогдох хэрэгт дүгнэх боломжгүй. Иймээс гэрээний үлдэгдэл төлбөр нь нэхэмжлэгч компанийн захирал С.Ц-гийн хамаарал бүхий “Б” ХХК болон БНХАУ-ын D компанийн хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдсөн гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ…Нэхэмжлэгч нь гэрээнд заасан нүүрсийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 335,492,063 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ…” гэсэн дүгнэлт хийжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх маргааны үйл баримт, зохигчийн хооронд үүссэн харилцааны талаар зөрүүгүй дүгнэж, адил шийдэл гаргасан байх боловч шүүхүүд маргааны зүйл болсон худалдах-худалдан авах гэрээний үнийг төлөх нөхцөлийн талаар дүгнэхдээ хэрэглэвэл зохих хууль болон талуудын хооронд байгуулагдсан гэрээг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг хянан үзэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж, энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

12. Хэрэгт цугларсан нотлох баримтаар нэхэмжлэгч “Ш” ХХК, хариуцагч “М” ХХК-ууд 2022.12.19-ний өдөр 22/12 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч буюу нэхэмжлэгч нь 3,300 тн  нүүрсийг нийлүүлэх, худалдан авагч буюу хариуцагч “М” ХХК нь 1 тн нүүрсний үнэд 196,660 төгрөг буюу нийт 648,978,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

13. Харин зохигчийн маргааны зүйл нь  гэрээний үнэ төлөх нөхцөлийн талаар байх бөгөөд талуудаас гэрээний хувийг шүүхэд ирүүлэхдээ гэрээний зүйл болон үнийг төлөх нөхцөлийг өөр өөрөөр тусгасан хоёр гэрээг тус тус шүүхэд ирүүлжээ.

Тухайлбал, гэрээний зүйлийг нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээний 2.1-д “гэрээний дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон эрчим хүчний нүүрс байх ба нийт 3,300 (гурван мянга гурван зуу)-н тонн, 5400 (+400:-400) ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий Эрчим хүчний нүүрс” гэж, хариуцагчаас ирүүлсэн гэрээний 2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт олборлосон эрчим хүчний нүүрс байх ба нийт 3,300 (гурван мянга гурван зуу)-н тонн, 5800 (+100:-100) ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий “Э” ХК-ийн гарал үүсэл бүхий “Эрчим хүчний нүүрс” гэж гэрээний зүйлийн чанар, гарал үүслийн талаар өөр өөрөөр заасан байна.

Гэрээний үнийн талаар зохигчоос хэн алинаас нь ирүүлсэн гэрээний 3.2-т “... нийлүүлэх 1 тонн нүүрсний үнэ 196,660 төгрөг буюу (нэг зуун ерөн зургаан мянга зургаан зуун жаран төгрөг) холбогдох татвар хураамжийн үнэ /НӨАТ/ болон АМНӨАТ тооцсон/ ба Гэрээний нийт үнэ 648,978,000 (зургаан зуун дөчин найман сая есөн зуун далан найман мянга)-н төгрөг байна.” гэж заасан ба уг үнийг төлөх нөхцөлийг нэхэмжлэгчээс ирүүлсэн гэрээний 3.3-т Төлбөрийг зээлийн гэрээний дүнгээс төлнө.” гэж, хариуцагчаас ирүүлсэн гэрээний 3.3-т “төлбөрийн урьдчилгаанд 300,000,000 төгрөгийг төлөх ба үлдэгдэл 348,978,000 төгрөгийн төлбөрийг Dкомпани болон захирал С.Ц-гийн санхүүгийн хамаарал бүхий “Б” ХХК-ийн хоорондын зээлийн гэрээний дүнгээс суутгагдан төлөгдөнө.” гэж тус тус заажээ.

14. Хоёр шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байна.

Тодруулбал, зохигчоос ирүүлсэн дээрх гэрээнүүдийг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон зохигчийн тайлбарт үндэслэн тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

15. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

16. Нэхэмжлэгч “Ш” ХХК болон хариуцагч “М” ХХК-ийн хооронд 2022.12.19-ний өдөр 22/12 дугаартай нүүрс худалдах-худалдан авах гэрээ  байгуулагдсан. Гэрээний зүйлийг буюу нэхэмжлэгчээс хариуцагчид нийлүүлэх нүүрсний чанар, гарал үүслийг талуудаас ирүүлсэн гэрээнд зөрүүтэйгээр тусгасан байх боловч энэхүү гэрээний хувьд нэхэмжлэгчээс нийлүүлсэн нүүрсний гарал үүслийн хувьд “Г” ХХК-ийн Хөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг хариуцагч хүлээн авч, үнийн зарим хэсгийг төлж, дээрх нөхцөлөөр гэрээ хэрэгжсэн болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

17. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбартаа “Б” ХХК, “М” ХХК-ууд 2022.01.10-ны өдөр №005 дугаар Нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нийт 10,000 тн 5,600 (+400:-400) ккал/тн илчлэгийн үзүүлэлт бүхий “Э” ХК-ийн эрчим хүчний нүүрсийг нийлүүлнэ гэж тохирсон боловч “Б” ХХК нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс энэхүү гэрээний 3,300 тн нүүрсний хувьд “Б” ХХК-ийн захирал Т.Х-ын хүссэнээр нэхэмжлэгч “Ш” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа гэрээний зүйлийг дээр дурдсан нөхцөлөөр тохирсон гэсэн нь хэргийн бусад баримтаар тогтоогдоогүй байна.  

18. Иймээс нэхэмжлэгчээс ирүүлсэн зохигчийн хооронд байгуулагдсан 2022.12.19-ний өдрийн 22/12 дугаартай нүүрс худалдах-худалдан авах гэрээ хэрэгжиж, уг гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь “Г” ХХК-ийн Хөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг хариуцагчид нийлүүлсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн, энэхүү хуульд зааснаар нэхэмжлэгч нь үнийг шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

19. Гэрээний нийт үнийг 648,978,000 төгрөг болохыг зохигч маргаагүй боловч хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч  2023.01.12-ны өдөр 244,911,400 төгрөгийг, 2023.01.11-ний өдөр 50,000,000 төгрөгийг, нийт 294,911,400 төгрөгийг төлсөн ба үүнийгээ гэрээний төлбөр биш гэж маргаж, үндэслэлээ “Ш” ХХК-ийн шаардсанаар тус компанид болон түүний “Г” ХХК-ийн Хөөтийн уурхайгаас олборлосон нүүрсийг ачуулахдаа “Е” ХХК-д гаалийн хяналтын бүсэд нүүрс буулгах, хадгалах, ачих үйлчилгээний төлбөрт төлөх төлбөрийг шилжүүлсэн гэжээ.

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүхээс гэрээний зүйлийг “Г” ХХК-ийн Хөөтийн уурхайгаас олборлосон нүүрс гэж үзсэн тул хариуцагчийн дээрх татгалзал нь үндэслэлгүй ба анхан шатны шүүх ийнхүү гэрээний үнийн зарим хэсгийг худалдагч буюу нэхэмжлэгчийн хүссэнээр өөр этгээдэд төлсөн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т нийцсэн гэж дүгнэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн.

Үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхдөө үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль,  гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх ба харин үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд үүргийг гүйцэтгэсэнд тооцох талаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2-т зохицуулжээ.

Дээрх тохиолдолд хариуцагчаас 2023.01.12-ны өдөр төлсөн 244,911,400 төгрөгийн хувьд нэхэмжлэгчийн хүссэнээр “Е” ХХК-ийн захирал Д.М-ын дансанд шилжүүлж, төлснөө үгүйсгээгүйн гадна хариуцагчийн энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан “Ш” ХХК-аас “М” ХХК-д хүргүүлсэн 2023.01.12-ны өдрийн 23/04 дугаар албан бичгээр давхар нотлогдсон тул хоёр шатны шүүх хариуцагчаас төлсөн төлбөрийг талуудын хооронд байгуулагдсан 2022.12.19-ний өдөр 22/12 дугаартай нүүрс худалдах-худалдан авах гэрээний үнэд төлсөн төлбөр гэж үзсэн нь хуульд нийцсэн.

20. Гэрээний үнийг төлөх нөхцөлийн талаар зохигч талуудаас хэн алинаас нь ирүүлсэн гэрээний 3.3-т ... үнийг зээлийн гэрээний дүнгээс төлнө гэсэн адил агуулга бүхий заалт тусгагдсан байх боловч энэ нь хэний хэнтэй байгуулсан зээлийн гэрээ болох нөхцөл байдал тогтоогдоогүйгээс уг заалтыг хэрэгжих боломжтой гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу гэрээний талууд ийнхүү худалдах-худалдан авах гэрээний үнийг  зээлийн гэрээний үүргийн дүнгээс тооцохоор тохиролцож болохыг үгүйсгэхгүй. Энэ нь агуулгын хувьд өр шилжих хууль зүйн үр дагаврыг үүсгэх хэдий ч  энэ хэргийн тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан өр шилжсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй. 

21. Түүнчлэн хариуцагчийн татгалзалд дурдсанчлан үлдэгдэл төлбөрийн хувьд “Б” ХХК болон Dкомпанийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дүнгээс суутгагдан тооцогдох тухай нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч үүнийгээ нотлоогүй байна.

Хариуцагчаас “Б” ХХК, “М” ХХК-ийн хооронд 2022.01.10-ны өдөр байгуулагдсан №005 дугаартай, мөн 2022.08.10-ны өдрийн №005 дугаартай  “Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ”, Т.Х-аас гаргасан “тайлбар, баталгаа гаргах нь” гэсэн бичмэл баримт, “Б” ХХК болон Dкомпанийн хооронд байгуулагдсан 2021.05.21-ний өдрийн №20210521/0001 дугаартай “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” зэрэг баримтыг шүүхэд ирүүлж мэтгэлцсэн.

Гэвч эдгээр баримтаар “Б” ХХК болон “М” ХХК,  “Б” ХХК болон D компанийн хооронд нүүрс худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж байсан болох үйл баримтыг нотолсноос өөрөөр тэдгээрийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, тэрхүү гэрээний үүргийг нэхэмжлэгчид төлөх төлбөрөөс хариуцагч суутган тооцох тухай нөхцөл байдал болон дээрх компаниудын хоорондох гэрээний үүрэг, төлбөртэй холбоотой асуудал нь энэхүү “Ш” ХХК болон “М” ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний үүрэг, үнэ төлөх нөхцөлд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

22. Харин анхан шатын шүүхээс энэ талаар дүгнэхдээ хариуцагчаас ирүүлсэн гэрээнд заасны дагуу гэрээний зүйл болох эд хөрөнгийг шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсанд тооцохгүй хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцээгүй ба эд зүйлийг шилжүүлээгүй явдал нь гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх хуульд заасан аль ч үндэслэлд хамаарахгүйг болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигч маргаагүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

Улмаар хариуцагчаас ирүүлсэн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулснаас үзэхэд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх боловч уг гэрээ хэрэгжсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс уг гэрээг үндэслэж, шүүхээс дүгнэлт хийх боломжгүй юм.

23. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийг худалдах худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл үнэд 335,492,063 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШШ2023/03721 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2024/00364 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч “М” ХХК-аас 2024.03.27-ны өдөр төлсөн 1,835,410 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                           Н.БАЯРМАА

                                                                                           Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД