Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ү.Түмэнжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч П.Мөнхзолбоо,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дашдорж /ҮД:0747/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Сүхбаатар дүүргийн прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 9 дүгээр гудамжны 124 тоот хашаанд оршин суух хаягтай, одоо Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоот хашаанд түр оршин суух, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1019 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-дзааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: УЦ88061571/ Бушга овогт Пүрвээгийн Мөнхзолбоод Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн 201625021460 дугаар 185/2016/0120/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Мөнхзолбоо 2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоот хашаан дотор иргэн Ч.Нямсүрэнгийн өмчлөлийн 62-36 УБП улсын дугаартай “Тоёота Суксеед” маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийн шилийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Мөнхзолбоогийн: Мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн тул хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэдүүлсэн мэдүүлэг,

Талуудын хүсэлтээр, хавтаст хэргээс:

Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Нямсүрэнгийн: ...2016 оны 05 дугаар сарын 09-ний орой Батбаяр гарахдаа “ манай найзууд дуудаад байна” гэж хэлээд гараад явсан. Тэгээд маргааш өглөө нь 07:00 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай хүү Батбаяр гаднаас орж ирээд “ээж ээ би машинаа журамлуулчихлаа” гэхээр нь би “юу болов” гэхэд манай найз намайг нэг газар хүргээд өгөөч гэхээр нь очсон чинь нөхөр нь гарч ирээд машины гэрлийн шилийг хагалаад, намайг зодох гээд ална гэж хөөгөөд, машин унаж хашаа мөргөөд түлхүүр хугалчихаар нь би цагдаа дуудсан гэж хэлсэн... ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-89, 164/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч А.Батбаярын: ...Би 2016 оны 05 дугаар сарын  10-ны өдөр намайг гэртээ байхад Долгорсүрэн намайг 00:00 цаг өнгөрч байхад гэртээ хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлх захын урд байрлах гэрт нь очоод Долгорсүрэнтэй 10 минут орчим уулзсан. Долгорсүрэнтэй би анх удаа уулзсан. Долгорсүрэн надад дүүтэйгээ хоёулаа амьдардаг гэж хэлсэн. Тэгээд Долгорсүрэнтэй уулзаж байхад гар утас нь дуугараад “дүү залгаад байна, орж унтуулаад ирье” гээд орсон. Тэгээд гадаа нь хүлээгээд байж байтал хашаан дотроос нэг залуу гарч ирээд жолоочийн хаалганы цонхоор гараа оруулж ирээд миний нүүр лүү цохиод “ эхнэртэй уулзлаа, ална” гээд машины түлхүүр сугалж авсан. Тэгээд би жолоочийн эсрэг талын хаалгаар зугтаж гараад холдоод харахад нөгөө залуу намайг “надтай ирж уулзаж машинаа аваарай” гэж хэлээд миний унаж явсан машиныг асаагаад хашаа руу орж байшингийнхаа зүүн талын хашааг мөргөж зогсоод машины арын шил, гэрлийг юмаар нүдээд байх шиг байсан. Тэгээд би төв зам руу явж цагдаа дуудсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-90-91/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Долгорсүрэнгийн: ...Би 2016 оны 05 дугаар сарын 10-нд орой 00:00 цаг өнгөрч байхад мессенжрээр танилцсан залуу Батбаяртай уулзахаар гарахад манай нөхөр Мөнхзолбоо унтаж байсан. Батбаяртай Бэлхийн гүүрний хажуугаар сагсны шийдний тэнд уулзаад 20-оод минут болж байхад манай нөхөр залгаад байхаар нь би Батбаярт харьлаа гээд явах гэсэн чинь Батбаяр намайг барьж авчихаад явуулахгүй байхаар нь би уурлаад машинаас нь буугаад гэр лүүгээ харьсан. Тэгээд гэртээ ороход манай нөхөр намайг хааччихаад ирж байгаа юм гээд хэсэг маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад манай нөхөр Мөнхзолбоо бие засах гээд гарсан. Тэгээд байж байсан чинь манай байшингийн цонхоор хашаа руу орж ирж байгаа машины гэрэл туссан. Тэгээд нилээн байж байсан чинь манай нөхөр гэрт орж ирээд “танай тэр залуу чинь хашаа мөргөөд зугтчихлаа, машиных нь цонхыг хагалчихъя” гэж хэлээд гараад явахаар нь би араас нь гарахад манай нөхөр хашаан дотор цохих юм хайж байгаад газраас труба олоод машиных нь цонхыг болон машины ар хэсгийг трубагаар цохиод байсан. Тэгээд гэртээ ороод “цагдаад дуудлага өгнө, хүн доромжилж хашаа мөргөчихөөд зугтаасан овоо банди вэ, тэр бандийг чинь цагдаад бариад өгчихье” гээд өөрийн 99737808 дугаараас цагдаа дуудсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-28-29/,

             Мөрдөн байцаалтад гэрч Г.Батболдын: ...Би 2016 оны 05 дугаар сарын 10-ны шөнө ахлах ахлагч Ч.Мөнх-Очийн хамтаар Бэлх-114 чиглэлд үүрэг гүйцэтгэх хугацаанд Бэлх-10-с 02:00 цаг өнгөрч байхад “Бэлхийн гүүрэн дээр хүлээж байя, намайг хүн зодоод машинаар маань айлын хашаа мөргөчихлөө” гэсэн дуудлага авсан. Уг дуудлагын дагуу Бэлхийн гүүрэн дээр очиход дуудлага өгсөн Батбаяр нь гүүрэн дээр хүлээж байсан. Тэгээд дуудлага өгөгчийг дагуулаад зодсон гэх хүний хаяганд очиход Батбаяр гэгч нь зодсон гэх хүний эхнэр Долгортой уулзаж байгаад нөхрөө дуудахад Долгор нь гэр лүүгээ орсон. Тэгээд Батбаяр араас нь очоод хашааны гадаа зогсож байхад нэг залуу гарч ирээд намайг учиргүй зодохоор нь зугтаагаад гүүрэн дээр гарч ирээд цагдаа дуудсан гэж хэлсэн. Бид нарыг очиход хашааны том хаалга онгорхой, дуудлага өгөгч Батбаярын унаж явсан саарал өнгийн Тоёота маркийн автомашин хашааны зүүн урд талын буланд байшингийн урд талд хашаа мөргөж зогссон байсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,

            Мөрдөн байцаалтад гэрч Н.Энхзаяагийн: ...Би сар өдрөө санахгүй байна. ...нэг сэрэхэд Мөнхзолбоо ах орж ирээд “тэр нэг юм чинь хашаа мөргөчихлөө, би гарч машиныг нь эвдэлнэ” гэж цонхыг хагалж байгаа харагдсан. Долгорсүрэн эгч, миний аав Нямаа нар болиулж байгаа харагдсан... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-31/,

Мөрдөн байцаалтанд гэрч Л.Нямаагийн: ...  Би сар өдрөө сайн санахгүй байна. Тэр шөнө 00:00-01:00 цагийн хооронд намайг гэртээ унтаж байхад хашааны хаалга дуугараад гадаа хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь... гартал машин давхиж орж ирээд хашааны хойд талыг мөргөж зогсоход машины урд жолоочийн суудлаас нэг залуу буугаад зугтаасан. Уг машины хойноос миний дүү Мөнхзолбоо гүйж очоод байшин налуулаад тавьсан саврыг аваад нөгөө машины хойд цонх болон хойд гэрлийг хагалсан байсан. Тэгээд би очоод “хүний юм эвдлээ” гээд болиулахад П.Мөнхзолбоо өөрөө цагдаа дуудаад байсан... ...Намайг харахад хойд талын их гэрэл, хойд талын их гэрэл, хойд салхины шил, машины 2 талд зурааснууд нь байсан. Уг зурааснууд нь хашаа мөргөснөөс болж үүссэн байх. Зурааснуудыг бол машин барьж орж ирсэн хүн учруулсан, арын шил, гэрэл зэргийг Мөнхзолбоо яахын аргагүй юмаар цохиж хагалсан... Ямар ч байсан Мөнхзолбоо машин барьж орж ирээгүй, хойноос нь гүйж очиж байхыг харсан, машин хэн барьж орж ирснийг хараагүй... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26, 165/,

            Мөрдөн байцаалтанд авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл: ... “Тоёота Суксеед” маркийн авто машинд үзлэгийг явуулахад баруун хойд талын их гэрэл, номерний 2 талын гэрэл, арын салхины шил хагарсан байв... гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18-22/,эд зүйлийн үнэлгээ /хх-32/ зарлагын баримт /хх-68-70, 72-73/ гэрч А.Батбаярын сэжигтэн П.Мөнхзолбоогийн эхнэр Долгорсүрэн рүү бичсэн мессэжнүүд /хх-74-77/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-168/,

            Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх: иргэний үнэмлэхний лавлагаа /хх-43/, Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-45/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар /хх-46/, жолоочийн үнэмлэхний хуулбар /хх-46/, хүүхдийн гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн баталгааны хуулбар, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 09 сарын 05-ны өдрийн 1019 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар зэрэг цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэв.

            Шүүгдэгч П.Мөнхзолбоог 2016 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 52 дугаар гудамжны 250 тоот хашаан дотор иргэн Ч.Нямсүрэнгийн өмчлөлийн 62-36 УБП улсын дугаартай “Тоёота Суксеед” маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил, баруун хойд болон хойд талын гэрлүүдийн шилийг санаатайгаар хагалж устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэн Монгол улсын Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Шүүгдэгч П.Мөнхзолбоо Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 1019 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ болон шийтгэх тогтоолын хуулбараар /хх-50-52/ нотлогдож байгаа боловч П.Мөнхзолбоогийн ялтайд тооцох хугацаа Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д хамаарч байна.

            Иймд шүүгдэгч П.Мөнхзолбоо анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэн чин санаанаас гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг харгалзан ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-ийг хэрэглэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Пүрвээгийн Мөнхзолбоог бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар Пүрвээгийн Мөнхзолбоог 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар П.Мөнхзолбоод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, П.Мөнхзолбоо цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар П.Мөнхзолбоод оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.
  6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, П.Мөнхзолбоод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Мөнхзолбоод авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Ү.ТҮМЭНЖАРГАЛ