Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2021/00739

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Т.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Л.У-д холбогдох,

  

Зээлийн гэрээний үүрэгт 21,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А, түүний өмгөөлөгч С.Ялалт нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Л.Утай 4774 тоот бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480,000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр зээлсэн юм. Гэрээ байгуулсан даруй нотариатын байранд мөнгөө нэг бүрчлэн тоолж түүнд хүлээлгэн өгч нотариатчийн нүдэн дээр акт үйлдэж авсан. Л.У-ыг зүс таньдаг бөгөөд зээлийг өөрийн эрхэлдэг найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаанд ашиглана гэж хэлж байсан. Зээл авсан өдрөөс эхлээд төлбөрөө төлөхгүй байсан учир түүний ажиллуулдаг дэлгүүрт нь үеэл эгчийн хамт очсон боловч өөрөө байгаагүй, харин түүний ээж, хүү нар байсан. Ээжээс нь түүний талаар асууж, зээлийн төлбөр мөнгөө төлөх ёстой, нэлээд хэд хоног хэтрүүллээ гэж хэлэхэд ээж нь уурлаад дэлгүүрээ хаяад явчихсан, үүний учрыг тодруулах зорилгоор утсаар холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа огт аваагүй. Маргааш өдөр надтай холбоо барьж, төлнө гэсэн боловч төлөлт огт хийгээгүй. Ийнхүү төлөлт хийлгүй явсаар гэрээний хугацаа дууссан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4774 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 20,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөгийг Л.У-аас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Л.У шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхдаа Т.А, Э.Энхтүвшин нараас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 8 удаа тус бүр 40,000,000 төгрөгийг, 1 удаа 14,000,000 төгрөгийг 8-10 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай, мөн 7,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай  тус тус зээлэн авч төлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40,000,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай авсан нь үнэн. Дээрх зээлүүдэд өдөр бүр 960,000-1,920,000 төгрөгийг тасралтгүй төлж, нийт 419,430,000 төгрөгийг төлсөн. Нэхэмжилж буй 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 20,000,000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 480,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 480,000 төгрөг, 02-ны өдөр 480,000 төгрөг, 03-ны өдөр 480,000 төгрөг, 04-ний өдөр 480,000 төгрөг, нийт 2,400,000 төгрөгийг өөрийн ажиллуулж байсан дэлгүүрээс эгч Э.Энхтүвшинд нь бэлнээр төлсөн бөгөөд 19,200,000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд 19,200,000 төгрөгийг 10 сарын хугацаанд тэнцүү төлж барагдуулах хүсэлттэй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, зохигчийн өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч Л.У-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 20,000,000 төгрөг, хүү 1,600,000 төгрөг, нийт 21,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 2,400,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 19,200,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, нэхэмжлэгчээс хариуцагчид 20,000,000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлдүүлэх, хариуцагч зээлийн төлбөрт өдөр бүр 480,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-5/.

 

Хариуцагчийн зүгээс дээрх зээлийн гэрээг нэхэмжлэгчтэй байгуулснаа хүлээн зөвшөөрч маргахгүй байх боловч зээлийг эгч Э.Энхтүвшингээс хүлээн авсан гэж тайлбарласан.

 

Хэрэгт авагдсан “Ууганжаргалд А-с бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн баримт” гар бичмэл баримтад нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг бэлнээр хариуцагчид хүлээлгэн өгсөн талаар тусгаж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан /хх-6/, мөн зээлийн гэрээний 3.4 дэх хэсэгт “зээлийг бэлнээр 2020.10.30 өдөр зээлдэгчид хүлээлгэн өгөв” гэж тусгасан байх бөгөөд хариуцагч нь эдгээр баримтыг үгүйсгэсэн баримт шүүхэд гаргаагүй, мөн зээлийг Э.Энхтүвшингээс хүлээн авсан гэх тайлбараа шүүхэд нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймээс Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч нь зээл 20,000,000 төгрөг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлсэн байх тул хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Хариуцагчаас нэхэмжлэгчид 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл өдөр бүр 480,000 төгрөг нийт 2,400,000 төгрөг төлсөн гэж тайлбарлан гэрч Э.Лхамсүрэнгээс мэдүүлэг авахуулсан бөгөөд гэрч нь дурдсан хугацаанд өдөр бүр хариуцагчийн бэлдэж өгсөн 960,000 төгрөгийг Энхтүвшинд бэлнээр өгч байсан гэж мэдүүлж байна.

 

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх бөгөөд дээрх гэрчийн мэдүүлэгт дурдагдаж буй Энхтүвшин үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах талаар зохигчдын байгуулсан зээлийн гэрээнд тусгагдаагүй, мөн Энхтүвшинг зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг хүлээж авах эрхтэй гэж үзэх өөр нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

          Иймээс нэхэмжлэгчид 5 өдрийн хуваарьт төлбөр болох 2,400,000 төгрөгийг төлсөн гэх хариуцагчийн тайлбарыг шүүх үндэстэй гэж үзэх боломжгүй байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Нэхэмжлэлд зээлийн хүүнд 1,600,000 төгрөг /20,000,000*8%/ тооцон нэхэмжилсэн ба зээлийн гэрээний 3.3 дахь хэсэгт 8 хувийн хүү төлөхөөр тусгасан, Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасантай нийцэж байх тул хариуцагчаас хүү төлөхийг шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

Дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.  

 

Нэхэмжлэгч Т.А өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах хүсэлт бичгээр гаргасныг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалтыг шүүх хуралдаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Уаас 21,600,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч   олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА