Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2021/00813

 

Т.А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00739 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч Л.У-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 21 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Я, хариуцагч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би Л.У-тай 4774 тоот бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай, 8 хувийн хүүтэй, өдөр бүр 480 000 төгрөгийн эргэн төлөлт хийх нөхцөлтэйгөөр зээлсэн. Гэрээ байгуулсан даруй нотариатын байранд мөнгөө нэг бүрчлэн тоолж түүнд хүлээлгэн өгч акт үйлдэж авсан. Л.У-ыг зүс таньдаг бөгөөд зээлийг өөрийн эрхэлдэг найман нэрийн дэлгүүрийн үйл ажиллагаанд ашиглана гэж хэлж байсан. Зээл авсан өдрөөс эхлээд төлбөрөө төлөхгүй байсан учир түүний ажиллуулдаг дэлгүүрт нь үеэл эгчийн хамт очсон боловч өөрөө байгаагүй, харин түүний ээж, хүү нар байсан. Ээжээс нь түүний талаар асууж, зээлийн төлбөр мөнгөө төлөх ёстой, нэлээд хэд хоног хэтрүүллээ гэж хэлэхэд ээж нь уурлаад дэлгүүрээ хаяад явчихсан, үүний учрыг тодруулах зорилгоор утсаар холбогдох гэж олон удаа оролдсон боловч утсаа огт аваагүй. Маргааш өдөр надтай холбоо барьж, төлнө гэсэн боловч төлөлт огт хийгээгүй. Ийнхүү төлөлт хийлгүй явсаар гэрээний хугацаа дууссан. Иймд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 4774 тоот зээлийн гэрээний төлбөрт үндсэн зээл 20 000 000 төгрөг, хүү 1 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөгийг Л.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 8 нэрийн дэлгүүр ажиллуулж байхдаа Т.А, Э.Э нараас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд 8 удаа тус бүр 40 000 000 төгрөгийг, 1 удаа 14 000 000 төгрөгийг 8-10 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай, мөн 7 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай тус тус зээлэн авч төлж байсан. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаатай авсан нь үнэн. Дээрх зээлүүдэд өдөр бүр 960 000-1 920 000 төгрөгийг тасралтгүй төлж, нийт 419 430 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжилж буй 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлсэн 20 000 000 төгрөгөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 480 000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 480 000 төгрөг, 02-ны өдөр 480 000 төгрөг, 03-ны өдөр 480 000 төгрөг, 04-ний өдөр 480 000 төгрөг, нийт 2 400 000 төгрөгийг өөрийн ажиллуулж байсан дэлгүүрээс эгч Э.Э д нь бэлнээр төлсөн бөгөөд 19 200 000 төгрөг төлөгдөөгүй байгаа. Иймд 19 200 000 төгрөгийг 10 сарын хугацаанд тэнцүү төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.У-аас 21 600 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 265 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.У-аас 265 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай зээлсэн бөгөөд дээрх 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч нь надад бэлнээр хүлээлгэн өгсөн бодит байдлыг хүлээн зөвшөөрсөн боловч нэхэмжлэгчийн зүгээс бэлнээр 5 хоногийн хугацаанд нийт 2 400 000 төгрөгийг хүлээн авсан талаар шүүхэд худал мэдүүлэг өгч шүүхээс энэ талаар зөв дүгнэлт хийгээгүй байна. /Өдрийн төлөлтийн мөнгийг эгч Э.Э нь ирж өдөр бүр авдаг байсан./ Миний бие Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо Шархадны 37 тоот Эх дэлхий захад архи, пиво, ундааны бөөний лангуу ажиллуулж байсан бөгөөд дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсантай холбогдуулан улс орон даяар хатуу хөл хорио тогтоож энэ хугацаанд архи согтууруулах ундаа худалдаалахыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар хориглож, үйл ажиллагаа бүрэн зогсонги байдалд орсон болно. Гэвч энэ талаар дүгнэлт хийгээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт ач холбогдолтой дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр хуулийн дагуу үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр хариуцагчаас 21 600 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг бэлнээр төлсөн 2 400 000 төгрөгийг хасч 19 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.А-ийн хариуцагч Л.У-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 1 600 000 төгрөг, нийт 21 600 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч 2 400 000 төгрөгийг эс зөвшөөрч, үлдэх 19 200 000 төгрөг төлөхийг зөвшөөрчээ.

 

Талууд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Т.А нь 20 000 000 төгрөгийг, 8 хувийн хүүтэй, 45 хоногийн хугацаатай Л.У-д зээлдүүлэх, Л.У өдөр бүр 480 000 төгрөг төлж зээлийг буцаан төлөх нөхцөлтэйгөөр зээлдүүлэхээр тохиролцсон байна.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээг Т.А-ийн нэр дээр хийсэн болохоос мөнгө зээлүүлсэн хүн нь Т. Э зээлийн хүүд 2 400 000 төгрөг төлсөн гэж тайлбарласан.

 

Зээлийн гэрээний дагуу 20 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Т.А хариуцагч Л.У-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 6 дах талд авагдсан бэлэн мөнгө хүлээлгэж өгсөн тухай гар бичмэл баримтаар тогтоогдсон тул шүүх мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр тэдгээрийн хооронд гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Хариуцагч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1 дэх хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэнээс талуудын хооронд маргаан үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Гэрч Э.Л шүүхэд надад бэлдэж өгсөн мөнгийг 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хооронд Т.А-ийн эгч Т.Э-д өдөр бүр 960 000 төгрөг тоолж өгдөг байсан гэж мэдүүлжээ.

 

Дээрх гэрчийн мэдүүлэг нь өөр баримтаар давхар нотлогдоогүй тул зээлийн хүүг нэхэмжлэгчид хариуцагчаас төлсөн гэж эргэлзээгүйгээр дүгнэх боломжгүй.

 

Талуудын байгуулсан гэрээний зээлдэгч зээлийг гэрээ байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш өдөр бүр 480 000 төгрөг төлж барагдуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийн зохицуулалтад нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь 20 000 000 төгрөгийг 45 хоногийн хугацаатай авсан байхад зээлийн төлбөрийг зээл авсны маргааш өдрөөс өдөр бүр хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэж зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд ашиглах боломжийг олгоогүй гэж үзнэ. Учир нь зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацааны хариу төлбөр нь зээлийн хүү юм. Иймээс зээлдүүлэгч Т.А нь бичгээр хийгдсэн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн гэрээг үндэслэн хариуцагчаас хүү шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, зээлдэгч Л.У ашиглаагүй зээлд хүү төлөх үүрэггүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Л.У-аас зээл 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2021/00739 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.У-аас 20 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 600 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дах заалтын 265 950 гэснийг 257 950 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 53 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ