Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2021/01038

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод байрлах “АГХ” ХЗХ,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, А.Г,

         Зээлийн гэрээний үүрэг болох 13.078.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч, хариуцагч А.Г, гэрч Т.Б, Т.БС, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ Нь:

   Нэхэмжлэгч “АГХ” ХЗХ-ны гүйцэтгэх захирал Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хоршооны гишүүн А.Г нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хоршоотой зээлийн гэрээ байгуулж 3.500.000 төгрөгийг сарын 3,5%-ийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн.

       А.Г нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахад баталгаа болгож О.Н-ын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ...тоот хаягт байршилтай Эрхийн улсын бүртгэлийн Г-220....6 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18....66 дугаартай 532 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 13-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан.

       Зээлдэгч А.Г нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж үндсэн зээл 3.500.000 төгрөг, зээлийн хүү 6.385.833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.192.667 нийт 13.078.500 төгрөгийг төлөөгүй байна.

         Иймд А.Г-ээс  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13.078.500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

    Хариуцагч: А.Г хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд тус хоршооны гишүүнээр элсэж ороод, эхнэрийнхээ ажилд тус дэм болохоор зээл авахаар хоршооны дарга Д.Б-тэй тохиролцсоны дагуу зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Б нь 3.500.000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулсан боловч, бэлэн 500.000 төгрөг өгч, үлдэгдэл 3.000.000 төгрөгийг дараа өгнө өгнө гэж тохиролцсон. Гэвч дараа нь манай гэр бүлийн хүн болох Т.Б-ын өрөнд суутгаж авсан гээд өгөөгүй. Би 500.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлсэн мөнгөө төлөөд дууссан. Би өөрийн нэрээр зээл авсан боловч эхнэр өөрийн оёдлын үйлдвэрлэлээ явуулахыг тулд зарцуулсан. Зээлээ төлж дуусгасан. Сүүлд нь зээлийн хүү гээд нэмж мөнгө төлөөд дуусгасан гэв.

     Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч Т.Б, Т.БС нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “АГХ” ХЗХ нь хариуцагч А.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.078.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн кассын зарлагын баримт, дансны хуулга зэрэг баримтуудыг үндэслэж байна.

        Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Ч ...тус хоршооны гишүүн А.Г нь хоршооноос 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 3.500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн /жилийн 42 хувь/ хүүтэй 12 сарын хугацаатай зээлсэн ба зээлийн барьцаанд О.Н-ын өмчлөлийн газрыг барьцаалсан.

      А.Г нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн. Үндсэн зээл 3,500,000 төгрөг, зээлийн хүү 7,087,833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,192,667 төгрөг, нийт 13,780,500 төгрөгийг нэхэмжилж байна ... гэх,

        Хариуцагч А.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, тус хоршооны гишүүнээр элсэж, бүх бичиг баримтад гарын үсэг зурсан нь үнэн. 3.500.000 төгрөг хүлээн авсан баримтад гарын үсэг зуруулсны дараа бэлэн 500.000 төгрөг өгч, үлдэх 3.000.000 төгрөгийг дараа нь өгнө гэж хэлсэн. Сүүлд нь манай гэр бүлийн хүн Т.Б-ын өрөнд суутгаж авсан гээд өгөөгүй. Би 500.000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлсэн мөнгөө төлөөд дуусгасан. Би өөрийн нэр дээр зээл авч, эхнэр Т.Б оёдлын үйлдвэрлэлээ явуулахыг тулд зарцуулсан Т.Б миний өмнөөс зээлийг төлж дуусгасан. Сүүлд нь зээлийн хүүд гэж мөнгө нэмж төлөөд дуусгасан... гэх тайлбар тус тус гарган мэтгэлцэж байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 42 дугаар зүйлийн 42.1-д зохигчдын шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зохигч талын гаргасан тайлбар нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болно гэж тус тус зохицуулсан.

         Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.

         Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 132 тогтоолоор нэхэмжлэгч “АГХ” ХЗХ нь тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байх ба А.Г нь тус хоршооны гишүүнээр элссэнийг улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь зохигчдын тайлбар, хавтас хэргийн 4-18 талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

        Хариуцагч А.Г нь тус хоршооны гишүүнээр элсэж, улмаар хоршоотой 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зээл гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргахгүй байгаа болно.

       Харин зохигчид 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 3.500.000 төгрөг шилжүүлсэн эсэх, авсан зээлийн хэмжээ, зээл төлөгдөж дууссан эсэх талаар маргаж байна.

       Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээх ба зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

        Зохигчийн хооронд байгуулагдсан 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр А.Г нь “АГХ” ХЗХ-оос үйлдвэрлэлийн зориулалтаар 3.500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлэх, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээж, зээлийн үүрэгт О.Н-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг ...тоот хаягт байршилтай 532 м.кв талбайтай газрыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

       Гэвч талууд дээрх үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан гэх барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2, 156.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болжээ.

       Нэхэмжлэгч гэрээнд заасан 3.500.000 төгрөгийг шилжүүлсэн бол зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч зээлийн төлбөрийг шаардах эрхтэй.

      Хариуцагч А.Г нь нэхэмжлэгч “АГХ” ХЗХ-оос 3.500.000 төгрөг хүлээн авсан гэх баримтад гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрч байгаа боловч тус хоршооны захирал Д.Б нь гэрээ байгуулсан өдрөө 500.000 төгрөгийг бэлэн өгч, үлдэх 3.000.000 төгрөгийг өгнө гэсэн боловч өгөөгүй гэх тайлбарыг гаргаж байх бөгөөд энэ тухай гэрч Т.Б, Т.БС нар мэдүүлж байна.

        Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

        “АГХ” ХЗХ нь А.Г-т 3500.000 төгрөгийн зээл олгохоор тохиролцож байгаа хэдий ч 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт бодит байдлаар 500.000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Т.Б, Т.БС нарын мэдүүлгээр тогтоогдсон үзнэ.

         Иймд “АГХ” ХЗХ нь А.Г-т 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээгээр 500.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, жилийн 42 хувь хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн гэж үзнэ.

      Нэгэнт талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дууссан, хариуцагч гэрээгээр тохирсон хугацаанд зээлсэн мөнгөө бүрэн төлөх үүргээ гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй гэж үзэн нэхэмжлэгч 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гарган, зээлийн гэрээний үүрэгт 13.078.500 төгрөгийг шаардаж байгаа гэх боловч, нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа баримтаа өөрөө шүүхэд гаргаж өгөх, бодит үнэнд нийцсэн тайлбар, нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй.

      Хариуцагч А.Г нь зээлийн гэрээний хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 500.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 50.000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 50.000 төгрөг тус тус төлсөн тухайд талууд маргаагүй.

       Зээлдэгч А.Г-ийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээг тодорхойлбол: Үндсэн зээл 500.000 төгрөг, 12 сарын хүү /сарын хүү 17.500 төгрөг/ 210.000 төгрөг нийт үндсэн үүрэг 710.000 төгрөг ба үүнээс гэрээний хугацаанд төлсөн 100.000 төгрөгийг хасаж тооцоход биелүүлээгүй үүрэг 610.000 төгрөг байх бөгөөд, үүнээс хойш буюу 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 5 удаагийн төлөлтөөр 1.200.000 төгрөг төлжээ.

        Хариуцагч нь 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд зээлийн эргэн төлөлтөд нийт 1.300.000 төгрөг төлсөн байх ба эдгээр төлөлтийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан заалтуудад нийцүүлэн тооцоход, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж дууссан гэж үзэхээр байна.

        Иймд А.Г-ээс зээлийн үүрэгт 13.078.500 төгрөг гаргуулах тухай үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч “АГХ” ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Г-ээс 13.078.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “АГХ” ХЗХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “АГХ” ХЗХ-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223.342 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

       3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүхийн шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ Ж. ЦЭНГЭЛ