Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01145

 

 

 

 

 

 

 

 

 

А- ХЗХ-ны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01038 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- ХЗХ-ны хариуцагч А.Г-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 13 078 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч А.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус хоршооны гишүүн Аюушийн Гэндэнпүрэв нь 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хоршоотой зээлийн гэрээ байгуулж. 3 500 000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн. А.Г- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож О.Наранбаатарын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх-Уулын 4 дүгээр гудамж, 610б тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Г-2202014565 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 18640319193166 дугаартай, 532 м.кв талбай бүхий газрыг барьцаалж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч А.Г- нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж үндсэн зээл 3 500 000 төгрөг, зээлийн хүү 6 385 833 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 192 667 төгрөг, нийт 13 078 500 төгрөгийг төлөөгүй байна. Иймд А.Г-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 078 500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Миний хувьд тус хоршооны гишүүнээр элсэж ороод, эхнэрийнхээ ажилд тус дэм болохоор зээл авахаар хоршооны дарга Д.Б-тэй тохиролцсоны дагуу зээлийн гэрээ байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 3 500 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу Д.Б- нь 3 500 000 төгрөгийн баримтад гарын үсэг зуруулсан боловч, бэлэн 500 000 төгрөг өгч, үлдэгдэл 3 000 000 төгрөгийг дараа өгнө гэж тохиролцсон. Гэвч дараа нь манай гэр бүлийн хүн болох Т.Батбаярын өрөнд суутгаж авсан гээд өгөөгүй. Би 500 000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч байна. Зээлсэн мөнгөө төлж дууссан. Би өөрийн нэрээр зээл авсан боловч эхнэр өөрийн оёдлын үйлдвэрлэлээ явуулахын тулд зарцуулсан гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч А.Г-ээс 13 078 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч А- хадгаламж зээлийн хоршооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А- хадгаламж зээлийн хоршооны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 342 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч А.Г- нь 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 3 500 000 төгрөгийг зээлсэн бөгөөд тус мөнгийг хүлээн авч, кассын зарлагын ордерт гарын үсэг зурсан. Мөн нэхэмжлэгч нь зээлийн эргэн төлөлтийг төлж байсан харилцагчийн дансны хуулгуудыг гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс эдгээр баримтыг үнэлэлгүй зөвхөн гэрчүүдийн мэдүүлгээр хэргийг шийдвэрлэсэн. Гэрч Т.Батбаяр нь хариуцагчийн эхнэр бөгөөд нэхэмжлэгчээс авсан зээлийг хамтран зарцуулсан тухай шүүхийн хэлэлцүүлгийн үед гэрчээр мэдүүлж, өмнөх зээлийн үлдэгдлээс суутгуулсан гэж хэлсэн. Гэрч Т.Батсодном нь хэдэн төгрөг өгч авалцсан тухай мэдэхгүй гэж мэдүүлсэн байхад анхан шатны шүүхээс түүний мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч нь өөрийн татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй. Хариуцагч нь 500 000 төгрөг зээлсэн юм бол түүний хүү, эргэн төлөлтөд 2 удаа 500 000 төгрөгийн төлөлт хийхгүй байсан ба он удаан жил эргэн төлөлтийн мөнгө гэж бага багаар мөнгө хийхгүй байх байсан. Хариуцагч нь 3 500 000 төгрөгийг эгүүлэн төлнө гэсэн бодлоор зээлийн эргэн төлөлтийг хийж ирсэн ба түүний зээлийн эргэн төлөлтөд хийсэн төлбөр нь 500 000 төгрөгийн зээлийн хүү, үндсэн зээлээс давсан байгааг шүүх анхаараагүй. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу авах ёстой 3 500 000 төгрөгийг дутуу авсан бол мөнгөө гүйцээж авах талаар нэхэмжлэгчээс шаардаж, гэрээгээ цуцлах эсвэл өөрчлөх талаар мэдэгдэх, 500 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг аль эрт дуусгах байсан. Өнгөрсөн хугацаанд ийм шаардлага гаргаж байгаагүй, 3 500 000 төгрөгийн зээлийг эхнэрээсээ гаргуулж төлнө гэж хэлдэг байсан ба эхнэр Т.Батбаяр нь хариуцагчийн өмнөөс зээлийн эргэн төлөлтийн мөнгийг хийдэг байсан талаар шүүх хуралдаанд хэлсэн. Бид өөрийн гишүүндээ 500 000 төгрөг зээлсэн бол түүнээс 3 500 000 төгрөг болгон өсгөж нэхэмжлэх ямар ч шаардлагагүй бөгөөд гагцхүү зээлийн гэрээнд тусгагдсан 3 500 000 төгрөгийг бодитоор өгсөн учраас зээлдэгч А.Г-ээс зээлсэн мөнгөө хүүгийн хамт авахаар нэхэмжлэл гаргасан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч А- ХЗХ нь хариуцагч А.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 13 078 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч А.Г- нь зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан боловч эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, зээлийг хугацаанд нь төлөөгүй гэсэн агуулгаар тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч талууд зээлийн гэрээ байгуулсан боловч бодитоор 500 000 төгрөг өгсөн, үлдэх 3 000 000 төгрөгийг манай гэр бүлийн хүн болох Т.Батбаярын өрөнд суутгана гээд өгөөгүй, би 500 000 төгрөгийг эгүүлэн төлсөн гэх үндэслэл заан татгалзсан байна.

 

Хэрэгт 3 500 000 төгрөгийг хариуцагч А.Г-т хүлээлгэн өгсөн талаарх кассын орлогын ордер гэх баримт авагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн Т.Батбаяр нь би нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Б-гээс өмнө нь 2 000 000 төгрөг зээлж, тодорхой хэмжээний төлөлт хийсэн байхад манай нөхөр А.Г-ийн зээлсэн мөнгөнөөс 3 000 000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй гэх агуулгатай мэдүүлэг өгчээ. /хх-ийн 97-100-р тал/

Талууд зээлийн мөнгөн хөрөнгө болох 3 500 000 төгрөгийг хүлээлгэн өгсөн эсэх талаар маргаж байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч А- ХЗХ нь зээлийн гэрээний үүрэг болох 3 500 000 төгрөгийг хариуцагч А.Г-т хүлээлгэн өгсөн эсэх, эсхүл нэхэмжлэгч байгууллагын захирал Д.Б- болон хариуцагч А.Г-ийн эхнэр болох Т.Батбаяр нарын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгт суутгасан эсэх үйл баримтыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан. Иймд дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч А- ХЗХ нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 3 500 000 төгрөгийг хариуцагч А.Г-т шилжүүлсэн эсэх нөхцөл байдал эргэлзээгүйгээр тогтоогдсон байх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Иймд дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2021/01038 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 342 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Г.ДАВААДОРЖ