| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0128/Э |
| Дугаар | 0044 |
| Огноо | 2020-05-20 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | С.Б |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 0044
Г.Мд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор С.Б
Шүүгдэгч Г.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолтой, Г.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлтэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, И овогт Г-н М.
Шүүгдэгч Г.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” захын гадна 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Ч.Бг айлган сүрдүүлж, хүч хэрэглэж довтлон хүрэмнийх нь халаасанд байсан Самсунг эс-З маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан бэлэн 50.000 төгрөгийг тус тус дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч И овогт Г-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.М-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-ын цагдан хоригдсон 52 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.М-аас 170.000 төгрөг гаргуулан хохирогч Ч.Бд олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Т давж заалдах гомдолдоо:
“... Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Ц, Ж.Б нараас мэдүүлэг авахдаа хохирогч тухайн үед яг ямар гар утастай байсан талаар асууж, тодруулаагүй. Г.М-ын тухайд хохирогчийг LG маркийн гар утастай байсан гэж мэдүүлсэн. Харин хохирогч Ч.Б Samsung-S3 маркийн гар утас байсан гэж мэдүүлдэг.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь үнэн бол шүүхээс оногдуулах ял шийтгэл гарцаагүй гэдгийг гэм буруутай этгээд хүлээн зөвшөөрнө. Харин нотлох баримтад тулгуурлахгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хохирлыг тооцон, хэргийг шийдвэрлэсэн нь хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна.
Үндсэн хуулийн энэ зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэж хуульчлагдсан.
Шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд үндэслэсэн тус хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь заалт болон 36.1 дүгээр зүйлийн 5.4-д заасан шаардлагад нийцээгүй тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгдэгч Г.М давж заалдах гомдолдоо:
“... 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр би LG маркийн гар утсаа Ч.Бд зарсан. Уг нь 50.000 төгрөгөөр зарах бодолтой байсан ч 25.000 төгрөгөөр зарсан. Үүнийг хамт байсан М болон Ж.Б нар мэдэж байгаа. Би Samsung-S3 маркийн гар утсыг хохирогч Ч.Б-гээс аваагүй. LG маркийн гар утас авсан болно.
Хохирогчийн үгийг үнэн гэж үзээд миний үгийг авч хэлэлцэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Би хэрэг хийсэн л болохоос адилхан хүн. Хууль, шүүх хэн ч байсан бүгдэд тэгш хандаасай гэж хүсч байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Мөн миний цагдан хоригдсон 52 хоногийг нийт эдлэхээр оногдуулсан 3 жил 3 сар 13 хоногийн ялаас хасаагүй байна” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Мт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Г.М нь 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүлэг” захын гадаа иргэн Ч.Бд хүч хэрэглэж довтлон түүний хүрэмний халаасанд байсан “Самсунг эс-З” маркийн гар утас, өмдний арын халаасанд байсан 50.000 төгрөгийг тус тус дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Г.Мын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нолох баримтуудыг үндэслэн түүний гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Д.Т нар нь “ ... хохирогч Б-с Samsung-S3 маркийн гар утсыг аваагүй, LG маркийн гар утас авсан ... ямар утас авсныг тогтоогоогүй ...” гэх гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Б мэдүүлэхдээ “... архиа ууж дуусчихаад М надад мөнгө байгааг мэдчихээд намайг дахиад архи авч өг гээд намайг барьж авчихаад миний халааснаас миний гар утсыг авчихаар нь за тэгвэл би чамд дахиад нэг шил архи авч өгье, харин чи миний гар утсыг өг гэсэн чинь М за гэхээр нь би М-д итгээд дэлгүүр орж дахиад нэг шил архи аваад М-д өгсөн чинь М надаар архи авахуулчихаад надад гар утсыг минь өгөлгүй яваад өгсөн. Тэгтэл Ц над дээр хүрч ирээд та гар утсаа ав гээд миний гар утсыг авчирч өгсөн чинь М цаанаас хүрч ирээд миний хоолойг боож газар унаган миний гар утсыг дахин аваад явсан. М нь намайг “архи авч өг, би сая тэнсэнгийн ял авсан сэтгэл санаа хэцүү байна” гэж айлган сүрдүүлж миний хоолойг боож, хөлөөрөө хавсарч газар унаган миний гар утас болон халаасанд байсан 50.000 төгрөгийг маань авч явсан ... миний гар утас 2018 онд 160.000 төгрөгөөр худалдан авч байсан Samsung-S3 маркийн хар хөх өнгөтэй гар утас байсан...” гэсэн /хх 23/,
дахин мэдүүлэхдээ “... намайг дээрэмдэж миний биед явсан Samsung-S3 маркийн гар утас, мөн миний өмсөж явсан жинсэн өмдний ар талын баруун халаасанд байсан 50.000 төгрөгийг минь надаас дээрэмдэж булааж авч явсан...Тэр үед Ц, Б нар нь хажууд яг байгаагүй, цаашаагаа алхаад явж байсан ...” гэсэн /хх 25, 28/ ,
гэрч М.Ц нь “... М өөрийгөө шүүх хурлаар сая орлоо, тэнсэн авсан сэтгэл санаа нэг тиймэрхүү байна, та дүүгээ мэдэж байна уу дүүдээ ганц шил архи аваад өгөөч гэж хэлээд Б ахаас гуйж дэлгүүрээс архи авахуулсан, дараа нь дахин халуурч М Б ахтай янз бүрийн юм ярьж байгаад гар утсыг нь булааж аваад гар утсаар нь барьцаалж үг хэлж ятгаж байгаад хоёр дахь шил архийг М Б ахаар авахуулж уусан ... Б ах явах гээд гар утсаа М-с авах гэтэл М гар утсыг нь өгөхгүй Б ахтай маргах гээд байсан. Тэр үед би голоор нь орж гар утсыг нь М-с авч Б ахад буцааж өгсөн, тэр үед М Б ахыг согтуугаар нь далимдуулж хоолойг нь боож, газарт унагаан дээрэлхэж зодохыг завдсан, тэгээд мөн өмсөж явсан куртикнийх нь халааснаас гар утсыг авсан...тэгээд яг яасан эсэхийг би сайн мэдэхгүй байна ... хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа энэ талаар Мэндбаяр надад Б-н гар утсыг дээрэмдэж авсан гэдгээ хэлсэн юм...” гэж /хх 31/,
гэрч Ж.Б нь “... Б ах М, Ц бид нар нөгөө авсан архийг хувааж уусан, ууж байх үедээ М нь Б ахаас тоглоомоор юм уу, шоглож гар утсыг нь авч байхыг би харсан, гэхдээ дээрэм хийж авсан гэж би тухайн үед бодоогүй, гэтэл эсрэгээрээ дээрэлхсэн үйлдэл гаргаж авсан байсан .. . би Төгөл дэлгүүр лүү орж явах үед араас Ц гүйж ирснээ сая М Б ахын гар утсыг авах гэж байна. Би сая М-с гар утсыг нь булааж аваад буцаагаад Б ахад өгчихлөө гэж хэлээд араас ирсэн ...” гэж /хх 34/ тус тус мэдүүлжээ.
Түүнчлэн эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтад “ ... үнэлгээнд хамрагдсан Самсунг эс3 маркийн гар утсыг 2018 онд худалдаж авсан нүүрний шил хагарсан боловч хэвийн ашиглагдаж байсан ... “ гэсэн ба гэмт хэрэг үйлдэгдэх үеийн байдлаар Самсунг эс3 маркийн хуучин утас 120.000 төгрөгөөр үнэлэгдсэн /хх 14/ бөгөөд шүүгдэгч нь “ ... Samsung S3 маркийн гар утас үнэлсэн байна. Миний утас LG маркийн гар утас байсан ...” гэсэн боловч тэрээр хавтаст хэргийн материалтай танилцаад тухайн үед ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байна.
Харин шүүгдэгч Г.Мын өгсөн “ Б-тай нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтэй байна” гэсний дагуу гэрч Ж.Б-с мэдүүлэг авсан боловч тэрээр “... өмнө өөрийн өгсөн гэрчийн мэдүүлэгтээ тодорхой ярьсан учраас дахин Г.М-тай уулзахыг хүсэхгүй байна ...” гэсэн бөгөөд Ж.Б нь дээрх үйл баримт болохоос өмнө Г.М-ыг Ч.Б-д гар утас зарсан талаар огт мэдүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 2-т “Яллагдагчийн нүүрэлдэж мэдүүлэг өгөх хүсэлтийг гэрч, хохирогч, бусад яллагдагч зөвшөөрсөн бол нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан бөгөөд гэрч Ж.Б нь мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй тул түүнийг шүүгдэгч Г.М-тай нүүрэлдүүлж мэдүүлэг авах боломжгүй юм.
Мөн гэрч М.Ц, Ж.Б нар нь Ч.Бг ямар маркийн гар утастай байсан талаар тодорхой мэдүүлдэггүй, харин хохирогч Ч.Б нь өөрийн дээрэмдүүлсэн гар утас болон тухайн үед болсон үйл баримтын талаар удаа дараа, тогтвортой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлгүүд нь гэрч М.Ц-н өгсөн “... М гар утсыг нь өгөхгүй Б ахтай маргах гээд байсан. Тэр үед би голоор нь орж гар утсыг нь М-с авч Б ахад буцааж өгсөн, тэр үед М Б ахыг согтуугаар нь далимдуулж хоолойг нь боож, газарт унагаан дээрэлхэж зодохыг завдсан, тэгээд мөн өмсөж явсан куртикнийх нь халааснаас гар утсыг авсан ...” гэсэн мэдүүлэгтэй тохирч байх тул хохирогч Ч.Бгийн мэдүүлгийг няцаах, үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Г.Мын гаргасан “... Самсунг эс3 маркийн гар утсыг Ч.Бгээс аваагүй, LG маркийн гар утас авсан ...” гэсэн давж заалдах гомдол, мөн түүний өмгөөлөгч Д.Т-ын гаргасан “... нотлох баримтад тулгуурлахгүйгээр зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн хохирлыг тооцон, хэргийг шийдвэрлэсэн нь хэн ч байсан хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэж заасан Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байна” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй гэж үзэв.
.
Харин анхан шатны шүүх энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Мт оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг тогтоохдоо түүний эдлээгүй үлдсэн ялыг 1 жил 3 сар 13 хоног гэж буруу тооцжээ.
Учир нь: Г.Мын ялын тооцооны тодорхойлолтонд 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 8 сар 17 хоног биечлэн эдэлсэн, эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоног гэсэн /хх 113/ байх боловч түүний эдэлсэн ялыг тооцож үзвэл шүүгдэгч нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл нийт 8 сар 20 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн байна.
Шүүгдэгчийн биечлэн эдэлсэн 8 сар 20 хоногийн хорих ялыг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас хасч тооцвол Г.М нь 1 жил 3 сар 10 хоногийн ялыг эдлээгүй, тодруулбал шүүгдэгч Г.Мын биечлэн эдэлсэн болон эдлээгүй үлдсэн ялыг өмнөх шийтгэх тогтоол гарсан өдрөөс эхлэн энэ гэмт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан өдөр хүртэл тооцох байтал шүүх 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан ялын тооцоог үндэслэн түүний эдлээгүй үлдсэн ял болон нийт эдлэх ялын хугацааг тогтоосон нь үндэслэлгүй гэж үзнэ.
Мөн Г.М нь анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаартай захирамжаар энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж гэм буруутай нь шүүхээр хянан шийдвэрлэгдэх өдөр /2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр/ хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсон атал шүүх түүний цагдан хоригдсон хоногийг 52 хоног гэж буруу тооцож, эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа ялтны эдлээгүй үлдсэн ял болон нийт эдлэх ялын хэмжээг хэрхэн тооцсон талаараа дүгнэлт хийгээгүйн зэрэгцээ Г.М-ын цагдан хоригдсон хугацааг буруу тооцож, түүний эдлэх ялаас хасч тооцохоор шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шүүхийн шийдвэр нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл болно.
Түүнээс гадна шүүгдэгч Г.М-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь буруу байна.
Иймд шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзэж, шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...1 жил 3 сар 13 хоногийн...” гэснийг “... 1 жил 3 сар 10 хоногийн...” гэж, “...3 /гурав/ жил 3 /гурав/ сар 13 /арван гурав/ хоногийн...” гэснийг “...3 жил 3 сар 10 хоногийн...” гэж,
тогтоох хэсгийн 4 дэх заалтын “... 5.6 дугаар зүйлийн 1...” гэснийг “... 5.6 дугаар зүйлийн 4...” гэж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...52...” гэснийг “...55...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгч Д.Т нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ