Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2021/01711

 

 

 

 

 

 

 

2021          06          07  

               101/ШШ2021/01711

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: В ХХК-ийн нэхэмжлэлтэй,  

 

Хариуцагч: Ц.Б,

 

Хариуцагч: М.Т нарт холбогдох, 

 

Зээлийн гэрээний үүрэгт 20,881,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.  

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ц.Б, М.Т, Б.Мөнхзаяа нар 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан В ХХК-аас 10,000,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй авсан. В ХХК нь дээрх 10,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг Хаан банкны данснаас, 1,000,000 төгрөгийг Голомт банкны данснаас тус тус шилжүүлсэн. Хариуцагч нар хэд хоногийн дараа 9,000,000 төгрөгийг буцаан төлж, 1,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүний дараа 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэмж 2,000,000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Б, М.Т нар В ХХК-аас нэмж 9,000,000 төгрөгийг зээлж, нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талууд үндсэн зээлийн үлдэгдэл буюу 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 9,000,000 төгрөг, нийт 12,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар cap хүртэл зээлийн хүүг төлсөн ба түүнээс хойш төлөөгүй. Үндсэн зээл 12,000,000 төгрөгийн 1 сарын хүү 720,000 төгрөг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 09 дүгээр cap хүртэл 7 сарын хүү 5,040,000 төгрөг байна. Хариуцагч нар нь 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөгийг В ХХК-д шилжүүлсэн тул зээлийн хүү 5,040,000 төгрөгөөс хасч тооцон хүү 4,840,000 төгрөг болно. Иймд хариуцагч нар үндсэн зээл 12,000,000 төгрөг, түүний хүү 4,840,000 төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 16,840,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талууд зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэг хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон. Үүрэг гүйцэтгэвэл зохих үндсэн зээл болон хүү нийт 16,840,000 төгрөгөөс нэг хоногийн 0.5 хувиар алданги тооцвол хоногийн 84,200 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 48 хоногийн алданги 4,041,600 төгрөг. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 4,840,000 төгрөг, алданги 4,041,600 төгрөг, нийт 20,881,600 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Ц.Б, М.Т, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Ц.Б нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явж мөнгө олох зорилгоор 2019 оны 07 дугаар сард Солонгосын виз гаргаж өгдөг хүнтэй холбогдож виз гаргуулахаар тохиролцож ажлын хөлс 5,000,000 төгрөг, явах хугацаанд өөрийн дансанд байршуулах дансны үлдэгдэл 5,000,000 төгрөг хэрэгтэй гэсний дагуу 10,000,000 төгрөгийн шаардлага үүссэн. Улмаар таньдаг эгч Б.Мөнхзаяагаар зуучлуулан нэхэмжлэгчтэй холбогдож, зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Хэд хоногийн дараа визний материал өгөх хугацаа хойшилсон гэхээр нь зээлдүүлэгч В ХХК-ийн Хаан банкны дансанд үндсэн зээл 9,140,000 төгрөгийг шилжүүлж, зээлийн үлдэгдэл 860,000 төгрөг болсон. Улмаар 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулалгүй зээлсэн. Түүнчлэн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр В ХХК-аас 7,000,000 төгрөгийг зээлэхээр тохиролцож гэрээ байгуулах үед Б.Мөнхзаяад зээлдүүлсэн 1,590,000 төгрөгийн үлдэгдлийг чамд олгох зээлийн дүнд нэмж бичээд чиний дансанд мөнгө орж ирэнгүүт Б.Мөнхзаяагийн зээлийн төлбөрийг манайх руу шилжүүлээрэй гэж хэлээд 9,000,000 төгрөгийн дүнгээр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Тэгэхдээ нэхэмжлэгчээс мөнгө шилжин орж ирээгүй, 9,000,000 төгрөг С.Номуундарь гэх иргэнээс миний Хаан банкны 5720473846 тоот дансанд шилжин орж ирсэн. Тухайн мөнгөнөөс В ХХК-ийн Голомт банкны дансанд 1,615,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Гар дээр үлдсэн нь 7,385,000 төгрөг юм. 2020 оны 02 дугаар сард корона вирусын нөлөөллийн улмаас хөл хорионд орж ажилгүй болсноор 2020 оны 03 дугаар сараас эхлэн зээлээ төлж чадахгүй байдалд орсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 07 дугаар сарын 04-ний өдөр над руу мессеж бичиж, шүүхэд хандах талаар хэлэхэд нь би зөвшөөрч, хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүхэд өгөөгүй, дахин 2020 оны 09 дүгээр сард утсаар холбогдож, шүүх рүү шилжүүлэхээс өмнө хамтран зээлдэгч Б.Мөнхзаяаг гэрээнээс хасч байж шүүхэд өгнө гээд байхаар нь уулзахад Б.Мөнхзаяаг зээлдэгчээс хасч бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулаад аваад явсан. Тэр гэрээний хувийг надад өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр В ХХК-ийн өр барагдуулах албаны хүмүүс гэх 3 залуу манай гэрт ирж мөнгөө төл, үгүй бол гэрээний залилан хийсэн гэж шоронд суулгана гэж дарамталсан ба утсаар залгаж гэрт чинь ирж суугаад гэрийн чинь гадна хонож өнжөөд чамайг дарамталж байгаад мөнгөө авна шүү гэж заналхийлсэн. Ц.Б, Б.Мөнхзаяа нар зээл авсан болохоос М.Т нэг ч төгрөгийн мөнгө зээлж аваагүй, гар дээр нэг ч төгрөгийг аваагүй учир хариуцагч биш. Ялангуяа 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн гэрээнд М.Т гарын үсэг зураагүй, тухайн гэрээний дагуу мөнгө аваагүй учир төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Болсон зүйл хуульд нийцсэн эсэхийг шүүхээр хянуулах хүсэлтэй байна. 9,140,000 төгрөгөөс гадна 5,000,000 орчим төгрөгийг зээлдэгч болон С.Номуундарийн данс руу шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.  

 

Хариуцагч Ц.Б, М.Т, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Батбаатар нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Б.Мөнхзаяа, Ц.Б, М.Т нар В ХХК-тай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь 10,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэх бөгөөд зээлдэгч нар гэрээ байгуулагдсаны дараа мөнгөний шаардлагагүй болсон учир 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид үндсэн зээлд 9,140,000 төгрөгийг буцаан өгсөн. В ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулалгүй 2,000,000 төгрөгийг Ц.Б-д өгч, гэрээний бусад оролцогчийг оролцуулалгүй 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-19/15 дугаар нэмэлт гэрээ хийсэн байдаг. Тодруулбал 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ байгуулахад М.Т, Б.Мөнхзаяа нар оролцоогүй, гарын үсэг зураагүй бөгөөд уг гэрээг байгуулах, бусдаас хүүтэй мөнгө зээлэх хүсэл М.Т-д байгаагүй. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ, 43.2.1 дэх хэсэгт талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж тус тус заажээ. Талууд гэж гэрээнд оролцож, хүсэл зоригоо илэрхийлэн түүний дагуу үүрэг хүлээх этгээдийг хэлэх бөгөөд нэмэлт гэрээ нь ЗГ-19/21 дүгээр гэрээний салшгүй нэг хэсэг учир энэ гэрээнд оролцсон бүх этгээдийг талууд гэж үзнэ. Иймд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээнд талууд бүгд гарын үсэг зураагүй учир тус гэрээг хийсэн гэж үзэх, мөн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн дүгээр гэрээний нэмэлт гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 50 дугаар зүйлд зөвшөөрлөөр хийх хэлцлийн талаар хуульчилсан ба хуулийн 50.1 дэх хэсэгт хэлцэл хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий гуравдагч этгээд уг зөвшөөрлийг олгосон буюу олгохоос татгалзсан тухайгаа хэлцлийн талуудад нэгэн адил мэдээлнэ гэж заажээ. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээдэг. ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээний дагуу Б.Мөнхзаяа, Ц.Б, М.Т нар энэхүү үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээгээр талуудад үүрэг үүсч байгаа учир тухайн үүргийг хүлээх эсэх, дахин гэрээ байгуулах эсэх хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай ба нэмэлт гэрээ байгуулагдах тохиолдолд өмнөх гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд тухайн гэрээнд оролцох эсхүл зөвшөөрөл олгох нь гэрээ хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болно. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнд М.Т, Б.Мөнхзаяа нар оролцоогүйгээс гадна тус гэрээг байгуулах зөвшөөрлийг өгөөгүй. Иргэний хуулийн дагуу хэлцэл хийх зөвшөөрөл нь хэлцэл хийхийн өмнө болон дараа байж болох бөгөөд тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт хэлцэл хийсний дараа зөвшөөрөл өгөх хугацааг заасан байна. Тухайн хугацаа нь 14 хоног байна, энэ хугацаанд зөвшөөрөл өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ гэж заажээ. Зөвшөөрөл олгохоос татгалзсан болон анхнаасаа зөвшөөрөлгүй хийгдсэн тохиолдолд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд М.Т, Б.Мөнхзаяа нар зээлийн нэмэлт гэрээ байгуулахын өмнө болон гэрээ хийсний дараа аль ч үед нь зөвшөөрөл өгөөгүй учир хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ юм.  Нэхэмжлэлд хавсаргасан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 50 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж хийгдсэн гэрээ учир хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.

 

Нэхэмжлэгч В ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “... Шүүх тодорхой гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой, тодорхой, хуулиар тогтоосон хүрээнд байх ёстой. Сөрөг нэхэмжлэлд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4 дэх хэсэгт нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтыг тусгасан байхыг хуулиар шаарддаг. 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр бус үр дагаварт юу шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч шүүхээс юу хүссэн, ямар үндэслэлээр хүсэх болсон талаар эрх зүйн хувьд зөв илэрхийлж чадаагүй, ойлгомжгүй нөхцөлтэй байх тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ц.Б, М.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20,881,600 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,

Хариуцагч Ц.Б, М.Т нар нь нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ. 

 

                      Шүүх дор дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч нартай байгуулсан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/04 тоот зээлийн нэмэлт гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан ба хариуцагчийн зүгээс уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан.

 

            Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар дараахь үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

            Нэхэмжлэгч нь хариуцагч нар болон Б.Мөнхзаяатай 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дүгээр зээлийн гэрээг бичгээр байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохирч, хариуцагч Ц.Бүрэнжаргалд 10,000,000 төгрөг шилжүүлсэн байх /хх-6-9/ ба хариуцагч Ц.Бүрэнжаргалаас 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 9,140,000 төгрөг нэхэмжлэгчид буцаан шилжүүлжээ /хх-55/.

 

            Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг хариуцагч Ц.Бүрэнжаргалд шилжүүлсэн /хх-10/.

 

            Үүний дараа нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дүгээр зээлийн нэмэлт гэрээг бичгээр байгуулж, 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-19/21 дүгээр гэрээний 1.1.1, 1.1.3 дахь заалтыг үндсэн зээлийн үлдэгдэл 1,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн үлдэгдэл 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт зээлийн дүн 9,000,000 төгрөг, нийт зээлийн үндсэн дүн 12,000,000 төгрөг, зээлийн хүү /сар/ 6 хувь, зээлийн гэрээний хугацаа 12 сар гэж өөрчилж, зээл, хүүгийн төлбөрийг эргүүлэн төлөх хуваарийг хавсралтаар тохирчээ /хх-7/.

             

            Дээр дурдсан үйл баримтын талаар талууд шүүхэд маргаагүй.

           

            Хариуцагч нар нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/04 дүгээр зээлийн нэмэлт гэрээг байгуулахад 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээний тал болох Б.Мөнхзаяа, М.Т нар оролцоогүй, гарын үсэг зураагүй, нэмэлт гэрээ байгуулах зөвшөөрөл өгөөгүй үндэслэлээр уг нэмэлт гэрээг Иргэний хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаж, сөрөг шаардлага гаргасан.                                                       

 

            Улмаар Б.Мөнхзаяа, М.Т нарын гарын үсэг зурагдаагүй 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/15 дугаар зээлийн нэмэлт гэрээний хувийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсаргасан зээлийн нэмэлт гэрээний хувь дээр хариуцагч М.Т гарын үсэг зурснаа үгүйсгээгүй, мөн тухайн гэрээг нөхөж хийсэн гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй /хх-51/. Түүнчлэн нэхэмжлэгчид 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт зээл авахаар бичгийн хүсэлт гаргасан болохоо хариуцагч М.Түгүйсгэж маргаагүй /хх-35/.

 

                      Дээрх баримтууд, талуудын тайлбарыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч В ХХК, хариуцагч Ц.Б, М.Т нар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээ байгуулахаар хүсэл зоригоо илэрхийлэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан буюу тэдний хооронд зээлийн нэмэлт гэрээ бичгээр байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

            Хариуцагч Ц.Б, М.Т нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид болно.

           

            Харин зээлийн нэмэлт гэрээ байгуулахад Б.Мөнхзаяа оролцоогүй байх ба тэрээр 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээг байгуулахад хариуцагч нарыг зуучилж өгсөн, зээл аваагүй, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэмэлт гэрээ байгуулахад оролцох шаардлага байгаагүй гэж шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгснийг нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь үгүйсгэж маргаагүй.  

 

            Зээлдэгч Ц.Б, М.Т нарын зээл авах талаарх бичгийн хүсэлтүүд /хх-35-38/, зээл олгосон болон зээл төлсөн баримтууд /хх-8-11, 52-61/, гэрч Б.Мөнхзаяагийн мэдүүлэг зэргийг харьцуулан үзэхэд Б.Мөнхзаяаг зээлийн нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий этгээд гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Иймээс зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/04 дүгээр зээлийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн сөрөг шаардлагыг үндэстэй гэж үзэх боломжгүй.

 

                      Нэхэмжлэгч компани нь 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй.

 

            Нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 9,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөг тус тус дансаар шилжүүлсэн талаар зохигч шүүхэд маргаагүй, талуудын дансны хуулгад тусгагдсан байна.

 

            Хариуцагчийн тайлбарт зарим төлбөрийг иргэн С.Номуундарь шилжүүлсэн гэж дурдсан ба Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт зааснаар үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болохоос гадна нэхэмжлэгчийн өмнөөс С.Номуундарийн шилжүүлсэн зээлийн төлбөрийг хариуцагч татгалзахгүй хүлээн авч ашигласан байна.

 

            Түүнчлэн хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгчээс 7,000,000 төгрөг зээлэхээр тохиролцож, гэрээ байгуулах үед Б.Мөнхзаяагийн зээлийн үлдэгдэл 1,590,000 төгрөгийг нэмж 9,000,000 төгрөгийн үнийн дүнгээр нэмэлт гэрээ байгуулсан, бодитой авсан зээл 7,385,000 төгрөг гэж маргасан ба тэрээр 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 9,000,000 төгрөг хүлээн авч, үүнээс 1,590,000 төгрөгийг “Бүрэнмэнд Мөнхзаяа зээл хаав” гүйлгээний утгатай буцаан шилжүүлжээ /хх-11, 52/.

 

            Гэвч гэрч Б.Мөнхзаяагийн мэдүүлгээс үзэхэд түүний зээлийн үлдэгдлийг хаах талаар хариуцагч Ц.Б, гэрч Б.Мөнхзаяа нар хоорондоо хэлэлцэж тохирсон болох нь нотлогдож байна. Үүнээс гадна 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Б, М.Т нар 9,000,000 төгрөгийн нэмэлт зээл авах хүсэл зоригоо нэхэмжлэгчид бичгээр илэрхийлсэн байх ба Б.Мөнхзаяагийн зээлийн талаар тусгагдаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь гэрч Б.Мөнхзаяагийн зээлийн үлдэгдэл 1,590,000 төгрөгийг нэхэмжлэгчийн хүсэлтээр төлсөн гэх үндэслэл дээрх баримтуудаар тогтоогдохгүй байна.

 

            Иймээс нэхэмжлэгчийг хариуцагч нарт зээл олгох үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж дүгнэв.

 

            Нэхэмжлэлд 2020 оны 02 дугаар сар хүртэл хугацааны зээлийн хүүг бүрэн төлсөн үндэслэлээр зээл 12,000,000 төгрөг, зээлийн хүү 2020 оны 02-09 дүгээр сарын 7 сарын хугацаагаар тооцон 5,040,000 төгрөгөөс 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг хасч тооцон 4,840,000 төгрөг, алданги 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 48 хоногоор тооцон 4,041,600 төгрөг, нийт 20,881,600 төгрөг гаргуулахаар хариуцагчаас шаардсан.

 

            Хариуцагч Ц.Б-н дансны хуулгаар 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 9,140,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 62,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 62,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 124,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 25,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 720,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 744,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 720,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 424,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 178,000 төгрөг, 13-ны өдөр 142,000 төгрөг, 24-ний өдөр 744,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 200,000 төгрөг тус тус төлсөн болох нь нотлогдож байх ба эдгээр төлбөр тооцоог зохигч шүүхэд маргаагүй /хх-52-61/.

 

                      Шүүх талуудын тайлбар, хэргийн баримтыг үндэслэн хариуцагчийн үүргийг дор дурдсанаар тодорхойлох үндэстэй гэж дүгнэв. Үүнд:

 

            - 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 9,140,000 төгрөгийн хувьд, зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг сарын 6 хувиар, зээл ашигласан 3 хоногоор тооцоход 60,000 төгрөг /10,000,000*6%/30*3/ болох ба зээлийн хүүнд илүү тооцон авсан 80,000 төгрөгийг зээлд тооцох үндэстэй.

 

            - 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 2,000,000 төгрөгийн зээл олгохдоо зээлийн гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулаагүй тул уг зээлд хүү тооцогдохгүй. Иймээс 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 124,000 төгрөгийг зээлд тооцох үндэстэй. Харин талууд 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг бичгээр байгуулахдаа уг 2,000,000 төгрөгийг зээлийн дүнд оруулж тусган улмаар хүү тооцохоор тохирсныг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмын хүрээнд хүсэл зоригоо хүчин төгөлдөр болохыг хожим хүлээн зөвшөөрч, хуульд заасан хэлбэрээр илэрхийлсэн гэж үзэх тул нэмэлт гэрээгээр уг зээлийн дүнд хүү төлөх үүрэг хариуцагчид үүссэн байна. 

 

            - Зээлийн төлбөрийн хуваарийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийг хэсэгчлэн төлөхөөр тохирсон тул 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 200,000 төгрөгийг зээлийн хүүнд бус Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлд тооцох нь зүйтэй.

           

                      Дээрх тооцоогоор 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 11,796,000 төгрөгт /12,000,000-80,000-124,000/ хүү 1,415,520 төгрөг /11,796,000*6%*2/, 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 11,596,000 төгрөгт /11,796,000-200,000/ хүү 3,478,800 төгрөг /11,596,000*6%*5/, нийт 4,894,320 төгрөг тооцох үндэстэй.

 

            Алдангийн хувьд, зээл, зээлийн хүүний нийлбэрээс тооцсон нь зээлийн гэрээний 1.1.5 дахь хэсэгт зээлийн үлдэгдэл дүнгээс тооцохоор тохирсонтой нийцээгүй байх тул нэхэмжлэлд дурдсан 48 хоногийн хугацаанд 2,783,040 төгрөг /11,596,000*0.5%*48/ тооцогдоно.

 

            Дээрх үндэслэлээр шүүх хариуцагч нараас зээлийн үлдэгдэл 11,596,000 төгрөг, зээлийн хүү 4,894,320 төгрөг, алданги 2,783,040 төгрөг, нийт 19,273,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 1,608,240 төгрөгт холбогдох хэсэг болон зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б, М.Т нараас 19,273,360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлээс 1,608,240 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ц.Б, М.Т нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 262,400 төгрөг, хариуцагчийн 207,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, М.Т нараас 254,317 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА