Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01287

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01287

 

В ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01711 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б, М.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 20 881 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б, М.Т, Б.М нар 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулан В ХХК-аас 10 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй авсан. В ХХК нь дээрх 10 000 000 төгрөгийн 9 000 000 төгрөгийг Хаан банкны данснаас, 1 000 000 төгрөгийг Голомт банкны данснаас тус тус шилжүүлсэн. Хариуцагч нар хэд хоногийн дараа 9 000 000 төгрөгийг буцаан төлж, 1 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүний дараа 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр нэмж 2 000 000 төгрөгийн зээл авсан. 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Ц.Б, М.Т нар В ХХК-аас нэмж 9 000 000 төгрөгийг зээлж, нэмэлт зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээгээр талууд үндсэн зээлийн үлдэгдэл буюу 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 2 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 9 000 000 төгрөг, нийт 12 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай 6 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч нар нь 2020 оны 02 дугаар cap хүртэл зээлийн хүүг төлсөн ба түүнээс хойш төлөөгүй. Үндсэн зээл 12 000 000 төгрөгийн 1 сарын хүү 720 000 төгрөг 2020 оны 02 дугаар сараас 2020 оны 09 дүгээр cap хүртэл 7 сарын хүү 5 040 000 төгрөг байна. Хариуцагч нар нь 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200 000 төгрөгийг В ХХК-д шилжүүлсэн тул зээлийн хүү 5 040 000 төгрөгөөс хасч тооцон хүү 4 840 000 төгрөг болно. Хариуцагч нар үндсэн зээл 12 000 000 төгрөг, түүний хүү 4 840 000 төгрөг, нийт гүйцэтгэвэл зохих үүрэг 16 840 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Талууд зээлийн гэрээгээр тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэг хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон. Үүрэг гүйцэтгэвэл зохих үндсэн зээл болон хүү нийт 16 840 000 төгрөгөөс нэг хоногийн 0.5 хувиар алданги тооцвол хоногийн 84 200 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл 48 хоногийн алданги 4 041 600 төгрөг. Иймд хариуцагч нараас үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 4 840 000 төгрөг, алданги 4 041 600 төгрөг, нийт 20 881 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь Бүгд Найрамдах Солонгос улс руу явж мөнгө олох зорилгоор 2019 оны 07 дугаар сард Солонгосын виз гаргаж өгдөг хүнтэй холбогдож виз гаргуулахаар тохиролцож ажлын хөлс 5 000 000 төгрөг, явах хугацаанд өөрийн дансанд байршуулах дансны үлдэгдэл 5 000 000 төгрөг хэрэгтэй гэсний дагуу 10 000 000 төгрөгийн шаардлага үүссэн. Улмаар таньдаг эгч Б.Мгаар зуучлуулан нэхэмжлэгчтэй холбогдож, зээлийн гэрээ байгуулан 10 000 000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон. Хэд хоногийн дараа визний материал өгөх хугацаа хойшилсон гэхээр нь зээлдүүлэгч В ХХК-ийн Хаан банкны дансанд үндсэн зээл 9 140 000 төгрөгийг шилжүүлж, зээлийн үлдэгдэл 860 000 төгрөг болсон. Улмаар 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг гэрээ байгуулалгүй зээлсэн. Түүнчлэн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр В ХХК-аас 7 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож гэрээ байгуулах үед Б.Мд зээлдүүлсэн 1 590 000 төгрөгийн үлдэгдлийг чамд олгох зээлийн дүнд нэмж бичээд чиний дансанд мөнгө орж ирэнгүүт Б.Мгийн зээлийн төлбөрийг манайх руу шилжүүлээрэй гэж хэлээд 9 000 000 төгрөгийн дүнгээр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан. Тэгэхдээ нэхэмжлэгчээс мөнгө шилжин орж ирээгүй, 9 000 000 төгрөг С.Н гэх иргэнээс миний Хаан банкны 5720473846 тоот дансанд шилжин орж ирсэн. Тухайн мөнгөнөөс В ХХК-ийн Голомт банкны дансанд 1 615 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Гар дээр үлдсэн нь 7 385 000 төгрөг юм. 2020 оны 02 дугаар сард корона вирусын нөлөөллийн улмаас хөл хорионд орж ажилгүй болсноор 2020 оны 3 дугаар сараас эхлэн зээлээ төлж чадахгүй байдалд орсон. Нэхэмжлэгчийн зүгээс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, 2020 оны 7 дугаар сарын 04-ний өдөр над руу мессеж бичиж, шүүхэд хандах талаар хэлэхэд нь би зөвшөөрч, хүүгээ зогсоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ч шүүхэд өгөөгүй, дахин 2020 оны 9 дүгээр сард утсаар холбогдож, шүүх рүү шилжүүлэхээс өмнө хамтран зээлдэгч Б.Мг гэрээнээс хасч байж шүүхэд өгнө гээд байхаар нь уулзахад Б.Мг зээлдэгчээс хасч бэлдсэн гэрээнд гарын үсэг зуруулаад аваад явсан. Тэр гэрээний хувийг надад өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр В ХХК-ийн өр барагдуулах албаны хүмүүс гэх 3 залуу манай гэрт ирж мөнгөө төл, үгүй бол гэрээний залилан хийсэн гэж шоронд суулгана гэж дарамталсан ба утсаар залгаж гэрт чинь ирж суугаад гэрийн чинь гадна хонож өнжөөд чамайг дарамталж байгаад мөнгөө авна шүү гэж заналхийлсэн. Ц.Б, Б.М нар зээл авсан болохоос М.Т нэг ч төгрөгийн мөнгө зээлж аваагүй, гар дээр нэг ч төгрөгийг аваагүй учир хариуцагч биш. Ялангуяа 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хийгдсэн гэрээнд М.Т гарын үсэг зураагүй, тухайн гэрээний дагуу мөнгө аваагүй учир төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй юм. Болсон зүйл хуульд нийцсэн эсэхийг шүүхээр хянуулах хүсэлтэй байна. 9 140 000 төгрөгөөс гадна 5 000 000 орчим төгрөгийг зээлдэгч болон С.Н-ийн данс руу шилжүүлсэн болно. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа учир хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М, Ц.Б, М.Т нар В ХХК-тай 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээ байгуулсан. Гэрээний гол нөхцөл нь 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, 6 хувийн хүүтэй зээлдүүлэх бөгөөд зээлдэгч нар гэрээ байгуулагдсаны дараа мөнгөний шаардлагагүй болсон учир 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хариуцагчид үндсэн зээлд 9 140 000 төгрөгийг буцаан өгсөн. В ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулалгүй 2 000 000 төгрөгийг Ц.Бд өгч, гэрээний бусад оролцогчийг оролцуулалгүй 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ЗГ-19/15 дугаар нэмэлт гэрээ хийсэн байдаг. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ байгуулахад М.Т, Б.М нар оролцоогүй, гарын үсэг зураагүй бөгөөд уг гэрээг байгуулах, бусдаас хүүтэй мөнгө зээлэх хүсэл М.Тд байгаагүй. Талууд гэж гэрээнд оролцож, хүсэл зоригоо илэрхийлэн түүний дагуу үүрэг хүлээх этгээдийг хэлэх бөгөөд нэмэлт гэрээ нь ЗГ-19/21 дүгээр гэрээний салшгүй нэг хэсэг учир энэ гэрээнд оролцсон бүх этгээдийг талууд гэж үзнэ. Иймд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт гэрээнд талууд бүгд гарын үсэг зураагүй учир тус гэрээг хийсэн гэж үзэх, мөн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-19/21 дүгээр гэрээний нэмэлт гэрээ гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг буцаан өгөх үүргийг хүлээдэг. ЗГ-19/21 дүгээр зээлийн гэрээний дагуу Б.М, Ц.Б, М.Т нар энэхүү үүргийг хүлээсэн. Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээгээр талуудад үүрэг үүсч байгаа учир тухайн үүргийг хүлээх эсэх, дахин гэрээ байгуулах эсэх хүсэл зориг байгаа эсэхийг тодруулах шаардлагатай ба нэмэлт гэрээ байгуулагдах тохиолдолд өмнөх гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд тухайн гэрээнд оролцох эсхүл зөвшөөрөл олгох нь гэрээ хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болно. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнд М.Т, Б.М нар оролцоогүйгээс гадна тус гэрээг байгуулах зөвшөөрлийг өгөөгүй. Зөвшөөрөл олгохоос татгалзсан болон анхнаасаа зөвшөөрөлгүй хийгдсэн тохиолдолд тухайн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд М.Т, Б.М нар зээлийн нэмэлт гэрээ байгуулахын өмнө болон гэрээ хийсний дараа аль ч үед нь зөвшөөрөл өгөөгүй учир хууль зүйн хувьд хүчин төгөлдөр бус гэрээ юм. Нэхэмжлэлд хавсаргасан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 50 дугаар зүйлд тус тус заасныг зөрчиж хийгдсэн гэрээ учир хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Шүүх тодорхой гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, баримтад тулгуурлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжтой, тодорхой, хуулиар тогтоосон хүрээнд байх ёстой. Сөрөг нэхэмжлэлд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүний нотлох баримтыг тусгасан байхыг хуулиар шаарддаг. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа бол хүчин төгөлдөр бус үр дагаварт юу шаардаж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч шүүхээс юу хүссэн, ямар үндэслэлээр хүсэх болсон талаар эрх зүйн хувьд зөв илэрхийлж чадаагүй, ойлгомжгүй нөхцөлтэй байх тул сөрөг нэхэмжпэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б, М.Т нараас 19 273 360 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэгч В ХХК-ийн нэхэмжлэлээс 1 608 240 төгрөгт холбогдох хэсгийг болон нэхэмжлэгч В ХХК-д холбогдуулан гаргасан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай хариуцагч Ц.Б, М.Т нарын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 262 400 төгрөг, хариуцагчийн 207 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б, М.Т нараас 254 317 төгрөг гаргуулан нэхэмжлэгч В ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С.Н гэх хүний Хаан банкны 5006616518 тоот данснаас хариуцагч Ц.Бд 2 000 000 төгрөгийг шилжүүлсэн харилцааг дүгнэхдээ шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр харилцаанд В ХХК нь гэрээний аль нэг тал болж оролцоогүй бөгөөд С.Н, Ц.Б нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Тухайн гэрээний харилцаанд оролцоогүй В ХХК-ийг нэхэмжлэгчээр тодорхойлж Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-д заасныг тайлбарлан хэрэглэж зээлийн төлбөр гаргуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 283 дугаар зүйлийн 282.3, 282.4 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр С.Н-ын Ц.Бд шилжүүлсэн 2 000 000 төгрөг хүү 120 000 төгрөг, алданги 600 000 төгрөгийг В ХХК нь нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй. Хүчин төгөлдөр бус хэлцлийг хийсэн этгээд л тухайн хэлцлийг хожим нь хүлээн зөвшөөрч хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх бөгөөд хариуцагч Б.Б В ХХК-тай уг хэлцлийг хийгээгүй учир тухайн заалт энэ харилцаанд үйлчлэхгүй. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээнд хариуцагч М.Т оролцоогүйгээс гадна тус гэрээг байгуулах зөвшөөрлийг өгөөгүй байдаг. М.Тын хувьд мөнгө зээлдэх зорилгоор нэхэмжлэгч талд хүсэл зоригоо илэрхийлж байгаагүй, зээлийн мөнгөөс нэг ч төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй, эргэн төлөлтийг огт хийж байгаагүй ба энэ нөхцөл байдлаа нотлох зорилгоор 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч талаас М.Т оролцсон гэх хэсэгт гарын үсэг зураагүй гэрээг шүүхэд хүргүүлсэн. М.Тын тухайд нэхэмжлэгчийн өмнө гэрээний дагуу үүрэг хүлээсэн этгээд биш юм. Хэрэв шүүх 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн гэрээ, 8 дугаар сарын 19-ний өдрийн хэлцэл, 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан гэрээг үндэслэж Түмэнжаргалаас төлбөр гаргуулж байгаа бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т заасныг зөрчих юм. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Ц.Б нь В ХХК-аас 7 000 000 төгрөгийг зээлэхээр тохиролцож гэрээ байгуулах үед Б.Мд зээлдүүлсэн мөнгө 1 615 000 төгрөгийн үлдэгдлийг чамд олгох зээлийн дүнд нэмж бичээд, чиний дансанд мөнгө орж ирэнгүүт Б.Мгийн зээлийн төлбөрийг манайх руу шилжүүлээрэй гэж хэлээд 9 000 000 төгрөгийн дүнгээр зээлийн нэмэлт гэрээ байгуулсан ба хариуцагийн гар дээр 7 385 000 төгрөг ирсэн. Мөнгө орж ирсэн даруйд В ХХК-ийн голомт банкны дансанд 1 615 000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба тухайн мөнгийг хариуцагч Ц.Б ашиглаагүй, үр шимийг хүртээгүй учир 1 615 000 төгрөг, түүнд ногдох хүү 1 065 900 төгрөг, алданги 532 950 төгрөг, нийт 3 213 850 төгрөгийг хариуцагч нараас шүүх гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулж үндсэн зээлд оруулан тооцсон 3 615 000 төгрөг, түүнд ногдох хүү 2 265 900 төгрөг, алданги 1 132 950 төгрөг, нийт 7 013 850 төгрөгийг хасч өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч В ХХК нь хариуцагч Ц.Б, М.Т нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20 881 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид болон Б.М нарын хооронд 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ЗГ-19/21 тоот зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр В ХХК нь 10 000 000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар Ц.Б, М.Т, Б.М нарт зээлдүүлж, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 10 000 000 төгрөгийг Ц.Бд шилжүүлсэн болох нь 6, 8-9 дэх талд авагдсан зээлийн гэрээ, Хаан банкны депозит дансны хуулга зэрэг бичгийн баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргахгүй байна. /хх-6-9 дэх тал/

 

Мөн талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ЗНГ/19/04 тоот зээлийн нэмэлт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дээрх 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ-19/21 тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн үлдэгдэл 2 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт зээлийн дүн 9 000 000 төгрөг, зээлийн үндсэн дүн 12 000 000 төгрөг, зээлийн хүү /сар/ 6 хувь, зээлийн гэрээний хугацаа 12 сар гэж тохиролцон өөрчилсөн үйл баримт тогтоогджээ. /хх-7 дах тал/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 9 000 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 9 000 000 төгрөг тус тус дансаар хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийг хариуцагч Ц.Бд шилжүүлсэн болох нь хэргийн 10, 55 дах талд авагдсан С.Н, Ц.Б нарын Хаан банкны депозит данснын хуулга баримтаар тогтоогдсон байна.

 

Дээрх ЗНГ/19/04 тоот зээлийн нэмэлт гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болж хэн аль нь гэрээнд гарын үсэг зурсан тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1 дэх хэсэгт заасан барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/04 тоот зээлийн нэмэлт гэрээнд М.Т гарын үсэг зурсан болох нь тогтоогдсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд дээрх зээлийн нэмэлт гэрээнд М.Тыг гарын үсэг зурсан эсэхийг тодруулж асуухад хариуцагч тал нь гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрсөн тул зээлийн нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан этгээдүүдийг гэрээний нэг тал гэж үзэх бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг Ц.Бд шилжүүлсэн тул хариуцагч нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Ц.Б нь 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 9 140 000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 62 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 62 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 124 000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 25 000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 720 000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 744 000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 720 000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 424 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 178 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 142 000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 744 000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 200 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь хэргийн 52-61 дэх талд авагдсан Голомт болон Хаан банкны дансны хуулгаар тогтоогджээ.

 

 

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч В ХХК-д 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 9 140 000 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн хүүг сарын 6 хувиар зээл ашигласан 3 хоногоор тооцоход 60 000 төгрөг /10 000 000*6 хувь/30*3/ болох ба зээлийн хүүд илүү тооцон авсан 80 000 төгрөгийг зээлд тооцох үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 2 000 000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгохдоо зээлийн гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дах хэсэгт зааснаар бичгээр байгуулаагүй, 2 000 000 төгрөгийн зээлд хүү тооцох үндэслэлгүй тул 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хариуцагчийн төлсөн 124 000 төгрөгийг үндсэн зээлд тооцно. Зохигчид 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн нэмэлт гэрээг байгуулахдаа дээрх 2 000 000 төгрөгийг зээлийн дүнд оруулж тооцон хүү төлөхөөр тохиролцсон тул хариуцагч уг гэрээний дагуу хүү төлөх үүрэгтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байв.

 

Зохигчид 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс зээлийг хэсэгчлэн төлөхөөр зээлийн төлбөрийн хуваарийг тогтоосон, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 200 000 төгрөгийг зээлийн хүүд биш үндсэн зээлд тооцох бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 11 796 000 төгрөг /12 000 000-80 000-124 000/-ийн зээлийн хүүд 1 415 520 төгрөг /11 796 000*6 хувь*2/, 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл 5 сарын хугацаанд зээлийн үлдэгдэл 11 596 000 төгрөгийн /11 796 000-200 000/ зээлийн хүүд 3 478 800 төгрөг /11 596 000*6 хувь*5/, нийт 4 894 320 төгрөг, алдангийг нэхэмжлэлд дурдсан 48 хоногийн хугацаанд 2 783 040 төгрөгөөр /11 596 000*0.5 хувь*48/ тооцсон анхан шатны шүүхийн тооцоолол зөв болжээ.

 

Анхан шатны шүүх хариуцагч Ц.Б, М.Т нараас зээлийн үлдэгдэл 11 596 000 төгрөг, зээлийн хүү 4 894 320 төгрөг, алданги 2 783 040 төгрөг, нийт 19 273 360 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч В ХХК-д олгож, нэхэмжлэлээс 1 608 240 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцжээ.

 

Хэрэгт авагдсан Ц.Б, М.Т нарын зээл авах талаарх хүсэлтүүд, нэхэмжлэгч В ХХК-иас зээл олгосон болон зээл төлсөн баримтууд, гэрч Б.Мгийн мэдүүлэг зэргийг харьцуулан дүгнэвэл зээлийн нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байх зайлшгүй нөхцөл болсон зөвшөөрөл олгох эрх, үүрэг бүхий этгээд гэж Б.Мг үзэхгүй, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн ЗНГ/19/04 тоот зээлийн нэмэлт гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэж 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнийг буруутгах үндэслэлгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч В ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд С.Н нь В ХХК-ийн гүйцэтгэх захирал байх бөгөөд В ХХК нь зээлийн гэрээний үүргийг Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж зааснаар гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж, С.Н-ийн данснаас зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагч нарт шилжүүлсэнийг зээлдэгч тал хүлээн авчээ. Иймд С.Н-с 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр шилжүүлсэн 2 000 000 төгрөгийн зээлийг В ХХК-ийн зээл гэж үзэхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01711 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ