Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 0047

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Тд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй

 

Шүүх хуралдаанд:    

Прокурор                                                         Л.Э

Шүүгдэгч                                                          Ү.Т

Нарийн бичгийн дарга                                Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолтой, Ү.Тд холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Ү.Тын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Ө овогт Ү-н Т.

Шүүгдэгч Ү.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг 1-16 дугаар байрны гадна Ж.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Ө овогт Ү-н Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Тыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ү.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоож,

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ү.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж,

 

Хохирогч Ж.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ү.Т давж заалдах гомдолдоо:

Миний бие Ү овогтой Т нь 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээр орж нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэгдсэн.

Одоо бол “Г” ХХК-д ажилд орсон тул тус шийтгэлийг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Э дүгнэлтдээ: Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ү.Тын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Ү.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Зэст багийн 1-16 дугаар байрны гадна Ж.Л-н нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

             Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

             Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ү.Тыг 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Зэст багийн 1-16 дугаар байрны гадна Ж.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/-аас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

             Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ү.Т ... “Г” ХХК-д ажилд орсон тул тус шийтгэлийг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч Ү.Тын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Шударга ёсны зарчим болон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцсэн байна.

 

             Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд түүнийг “Г” ХХК-д ажилд орсон гэдгийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй ба гомдол гаргагч энэ талаарх нотлох баримтаа давж заалдах шатны шүүхэд ирүүлээгүй байх тул түүнд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Тодруулбал: шүүгдэгч Ү.Т гэрчээр мэдүүлэг өгөхдөө “Б” ХХК-д краннистаар ажилладаг гэж, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ажлаасаа халагдсан тус тус гэж мэдүүлдэг ба яллах дүгнэлтэд түүнийг “Б” ХХК-д краннист ажилтай гэж дурьдсан боловч шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Б” ХХК-иас гарсан, одоо “Г” ХХК-д ажилладаг гэсэн тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгчийг ажил эрхэлж байгаа гэж үзэх боломжгүй юм.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Тын ... “Г” ХХК-д ажилд орсон тул тус шийтгэлийг торгох ялаар сольж шийдвэрлэж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 155 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ү.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

             ШҮҮГЧ                                                        С.ЦЭЦЭГМАА

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР