Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 0155

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

Улсын яллагч Л.Э

Хохирогч Ж.Л

Шүүгдэгч Ү.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ү.Т-д холбогдох эрүүгийн  дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ү.Т

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ү.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Л-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ү.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 сарын 05-ны  өдөр 10 цагийн орчим тамхи авах гээд гэрээсээ гарсан. Гэтэл машины дугуйны хий суларсан байсан. Дугуйгаа хийлээд дуусаж байтал нэг согтуу хүн ирээд ах нь яг ийм машин сонирхдог юм, машиныг чинь сонирхоё гээд хажууд зогсоод байсан. Би энэ хүнтэй юу ч яриагүй. Дугуйгаа хийлж дуусаад насосоо хураагаад багажруугаа хийгээд копудаа хаах гэтэл машины копудыг тал хаасан, хаахдаа  амартизатор нь тахийчихсан байсан. Гэтэл тэр согтуу хүн цаашаа явж байхаар нь араас нь дуудаад та яаж байгаа юм бэ, зүгээр байсан машин ийм болгочихлоо, согтуу хүний юм эвдчихээд та яв гэж хэлсэн. Тэгтэл явахгүй хажууд янз бүрийн  юм яриад зогсоод байсан. Тэгэхээр нь би баруун гарынхаа ар хэсгээр Л ахын нүүрэн тус газар цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Хөл рүү нь нэг удаа өшиглөсөн. Өнөөдрийн байдлаар 150.000 төгрөг төлсөн. Шүдээ эмчлүүлээд хэдэн төгрөг болно түүнийг нь төлнө. Машины эвдрэлийн хувьд бид хоёр жич тохиролцож болох байх. Надад одоо машин байхгүй, эхнэр 400.000 төгрөгийн тэтгэмж авдаг, түүнийгээ өр зээлд өгдөг гэсэн мэдүүлэг,

-Хохирогч Ж.Л-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 01 сарын 05-ны өдөр архи уучихаад харьж явах замд кровн машин байсан. Ах нь ийм машинтай моторыг нь сонирхоё гэж хэлсэн. Тухайн үед машиныхаа дугуйг нь хийлж байсан. Дуугарахгүй байхаар нь машиныг нь копудыг хаах гээд дарсан чинь хөшүүн болчихсон. Тэгээд уурлаж ирээд намайг цохисон. Шүүгдэгч надад 150.000 төгрөг өгсөн. Шүдээ эмчлүүлчихвэл өөр хэлээд байх зүйлгүй. Эмнэлэг 800.000 төгрөгөөр шүдийг эмчилнэ гэсэн. Одоо шүдээ эмчилүүлэх гэтэл мөнгөгүй байна гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Ж.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ах нь машины чинь копудыг хаачих уу? гэж хэлсэн чинь жолооч залуу дуугарахгүй байхаар нь би машиных нь копудыг хаах гээд дарсан чинь копуд нь хагас хаагдаад хөшүүн болчихоор нь больчхоод хойшоо ухараад зогсож байтал жолооч залуу машинаа тойрч ирээд миний нүүрний баруун тал руу цохиод унагаасан. Би тухайн үед цохиулснаас болоод хэсэг зуур манараад хэвтсэн. Улмаар маргааш нь босоод толинд харсан чинь миний нүүрний баруун тал хөхрөөд хавдсан, мөн баруун талын 2 шүд үзүүр хэсгээрээ хугарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг/хх 6 хуудас/

-Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай нөхөр ...00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд унтсан. Шөнө би Л-г анзаараагүй юм. Улмаар маргааш өглөө нь босоод хартал Л-гийн баруун талын нүд нь хөхөрсөн, баруун талын 2 шүд нь хугарчихсан байдалтай байсан. Мөн баруун талын хөл өвдөөд байна гэж хэлсэн. Би юу болсон талаар асуутал Вокзал руу хүн хүргэж өгчихөөд буцаж яваад нэг машины урд талын копуд нь онгорхой байхаар нь хааж байгаад юмыг нь эвдсэн. Гэтэл жолооч нь намайг цохисон гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 12 хуудас/

Гэрч Б.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...” Тухайн үед манай нөхөр уг хүнийг гарынхаа араар нүүр лүү цохиж харагдсан. Гэтэл нөгөө хүн нь цагдаа дуудна гээд байсан. Манай нөхөр машинаа асаагаад яваад өгөхөөр нь би нөхөр лүүгээ залгаад яасан талаар асуутал нэг согтуу хүн машиныхаа дугуйг хийлж байх хооронд миний машины копудны амортизаторыг нь эвдчихсэн байна гэж хэлсэн. Би нөгөө хүнийг нь цонхоор харж байтал цагдаа дуудаад байх шиг байсан. Удалгүй манай нөхөр ирээд тэр үед нь цагдаа нар ч гэсэн ирж таараад манай нөхрийг нөгөө хүнтэй нь хамт аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 11 хуудас/

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай: Ж.Л-гийн биед баруун хоёр гурав дугаар шүднүүдийн хугарал, баруун нүдний зовхи, баруун өвдөгний гадна хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт үүсчээ. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Баруун хоёр гуравдугаар шүднүүдийн хугарал, баруун нүдний зовхи, баруун өвдөгний гадна хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 14 хуудас/

Шүүгдэгч Ү.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...машиныхаа дугуйг хийлж байтал нэг согтуу ах ирээд ах нь машинд сонирхолтой юм машиныг нь сонирхоё гээд байсан. Би дугуйгаа хийлж дуусгаад насосыг нь салгаад хартал машины копуд онгорхой байсан копудыг хаахдаа амартизаторыг маань хугалсан байсан. Тэр ах цаашаа явсан ба би араас нь дуудаад та яаж байгаа юм бэ? миний машины копудыг хугалсан байна гээд тэр ахын нүүрэн тус газар цохиж, баруун хөлөөрөө ахын зүүн шилбэ рүү нь 1, 2 удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 57-58 хуудас/

Ү.Т-г яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 56, 57-58 хуудас/

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 54хуудас/ зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

        Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Ү.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Л-г цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй байна гэв.

Шүүгдэгч  Ү.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэн Ж.Л-г нүүрэн тус газарт нь гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэнБаруун гарынхаа ар хэсгээр Л ахын нүүрэн тус газар цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Хөл рүү нь нэг удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, хохирогч Ж.Л-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Дуугарахгүй байхаар нь машиныг нь копудыг хаах гээд дарсан чинь хөшүүн болчихсон. Тэгээд уурлаж ирээд намайг цохисон.” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Б, Б.Ө нарын мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийнЖ.Л-гийн биед баруун хоёр гурав дугаар шүднүүдийн хугарал, баруун нүдний зовхи, баруун өвдөгний гадна хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт үүссэнийг тогтоосон 98 дугаартай шинжээчийн дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогч нарт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

            Орхон аймгийн прокуророос шүүгдэгч Ү.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ эмчилгээний зардал 800.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэж байх ба хохирлын талаар ямар нэгэн нотлох баримт ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна. Иймд хохирогч Ж.Л нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрллээ.

   Шүүгдэгч хохиролд 150.000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

       Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

            Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй.