Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/00608

 

 

                                                              

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- байрлах, “Б и д  ББСБ” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- оршин суух, Б овогт Ч.Х холбогдох,

зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлд 4.324.406,18 төгрөг, зээлийн хүүд 3.999.250,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696.841,83 төгрөг, нийт 9.020.498,08 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

            Нэхэмжлэгч 2020-08-12-нд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Хнь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ010000203362 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000605892 тоот гэрчилгээний дугаартай, Улсын бүртгэлийн Ү-2204092343 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 270а тоотод байрлах 58 м.кв хувын сууц, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 270а тоотод байрлах 378 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 24 сарын хугацаатай
4
.000.000 төгрөгийг нэг сарын 4.50 хувийн хүүтэйгээр зээлсэн.

Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ010000203362-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 2.340.000 төгрөгийг нэг сарын 4.50 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд нийт 6.340.000 төгрөгийг зээлсэн билээ. Зээлдэгч Ч.Х-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Ч.Х-ээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 4.324.406,18 төгрөг, зээлийн хүүд 3.434.915,06 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 583.974,83 төгрөг, түүнчлэн 2018.04.16-ны өдөр №ЗГ010000203362 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 850.000 төгрөг буюу нийт 9.193.116,07 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 232.239,86 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ /хх-1/.

Нэхэмжлэгч 2021-01-13-ны өдөр нэмэгдүүлэн гаргасан шаардлагадаа: Тус ББСБ нь иргэн Ч.Х-д холбогдуулан нэхэмжлэлийг 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан. Монгол улсад цар тахал гарч хэрэг шийдвэрлэгдэх хугацаа хойшилж өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэл шийдвэрлэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэлийн шаардлага нь нэг мөр шийдвэрлэгдээгүй, түүнчлэн олон өдөр. хоног өнгөрсөний дараа гэрээгээр үүрэг хүлээсэн хуулийн этгээд болох нэхэмжлэгчид тодорхой, бодитой эрсдлүүдийг хүлээлгэж байна. Нөгөө талаасаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Иймд тус ББСБ нь 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн №08/11/05 тоот нэхэмжлэлээр нэхэмжилсэн шаардлагынхаа зээлийн хүүг 564.335.01 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 112.867 төгрөг, нийт 677.202.01 төгрөгөөр ихэсгэж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэсэн хэмжээгээр болон үндсэн нэхэмжлэлийн хамт тус тус барьцаа хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ /хх-49-50/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Х-гийн хүсэлтийн дагуу 2018-04-16-нд 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 270а тоотод байрлах 58 м.кв хувын сууц, мөн хаягт байрлах 378 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. 2019-01-15-нд дахин зээлийн гэрээ байгуулж 2.340.000 төгрөгийг нэмж зээлж авахдаа өмнөх зээлийн гэрээний 24 сарын хугацаанд багтаан төлөхөөр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Зээлийн гэрээний хүү болох 4,5 хувийг харилцан тохиролцон тогтоосон. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлд 2.015.593,82 төгрөгийг, зээлийн хүүд 1.782.478,28 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 98.080,90 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд энэ дүн дээр хариуцагч маргаагүй ба 2019-07-01-ний өдрөөс огт төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд зээлийн гэрээний талаар ямар нэгэн гомдол санал гаргасан зүйл байхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа.

Иймд хоёр зээлийн гэрээний гүйцэтгээгүй болох үндсэн зээлд 4.324.406,18 төгрөгийг, зээлийн хүүд 3.999.250,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696.841,83 төгрөгийг нэхэмжилж байгаа. Харин өмгөөлөгчийн ажлын хөлсний зардал болох 850.000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэв.

 

Хариуцагч 2021-01-11-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Би “Бид” ББСБ-аас надад холбогдуулан гаргасан 942.535.93 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнд:

“Бид” ББСБ-ын зээлийн гэрээнд тусгагдсан сарын хүү нь 4.50% Энэ бол маш өндөр хүү учраас хариуцагч Ч.Хби зээлийн эргэн төлөлтийг төлж дийлэхгүй болоод зээлээ төлөхөө зогсоосон! Тэгээд ч тэр зээлийн гэрээ нь сайн дурын үндсэн дээр биш харилцан тохиролцож явагддаггүй, урьдаас 1 талыг барьсан, шулан мөлжихөөр бэлдсэн бэлэн залилангийн гэрээ байсан!

“Бид” ББСБ-д хариуцагч Ч.Хби зээлийн эргэн төлөлт болгож 3 сая орчим төгрөгийг төлсөн байхад үүнийг огт дурьдаагүй бөгөөд намайг 1 ч төгрөгний эргэн төлөлт хийгээгүй мэтээр нэхэмжлэл гаргажээ!

“Бид” ББСБ нь хариуцагч Ч.Хнадад холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа миний хашаа байшин буюу барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүсчээ! Хариуцагч Ч.Хби нялх хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ өвлийн хүйтэнд гэр орноосоо хөөгдөж гудамжинд гарах нөхцөл бүрдэж байгааг мөн луйварчид ямар хүчтэй байдгийг зах цухаас нь эхэлж мэдэрч эхэллээ!

МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгын УИХ-ын индэр дээрээс хэлэн үгэнд нь “Банк санхүүгийн байгууллагуудын луйвар хэрээс хэтэрлээ. Барьцаа херөнгө хэзээ ч эзэндээ эргэж очдоггүй, бохир байдал газар авлаа!” гэж ярьсан!

 УИХ-ын дарга Г.Занданшатар мөн л “Монгол банк зээлийн хуу, ипфляцид анхаарлаа хандуулж ажпаа хийгээгүйгээс болж Монгол улс хар саарал жагсаалтанд орсон” гэж ярьсан!

МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх хэдхэн хоногийн өмнө олон нийтэд мэдээлэл хийхдээ онцолж “Ломбард, ББСБ-уудын өндөр хүүтэй луйваруудыг одоо цагдаагийн байгууллагуудаар шалгуулах шаардлагатай цаг нь болсон!” гэж ярьсан. Дээрхи төрийн 3 өндөрлөгийн ярьсан яриаг “Бид” ББСБ-ын луйварчид асар өндөр мэдрэмжтэй хүлээж авдаг бөгөөд хуулийн байгууллагуудаас түрүүлж маш хурдан хугацаанд залилангаа хийгээд явдаг нь дараахь байдлаар нотлогддог! Энэ нь “Бид” ББСБ-ын хуулийн зөвлөх нь өөрийнхөө 86902028 утсаараа миний төлөөлөгч Н.Э-ын 88 утас руу залгаж Бид нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүнээсээ хасъя, өөр нөхцөл байдлаар ч тохиролцож болно шүү!” гэж 3 удаа ярьсан! Иймд “Бид” ББСБ-аас хариуцагч Ч.Хнадад холбогдуулж гаргасан нэхэмжлэл нь анхнаасаа л бусдын хөрөнгийг залилан авах сэдэлтэй, харгис агуулга илэрхийлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье! гэжээ /хх-46/.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Х-д холбогдуулан 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан ЗГ010000203362 дугаартай, 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ010000203362-1 дугаартай зээлийн гэрээнүүдийн гүйцэтгээгүй үүрэгт үндсэн зээлд 4.324.406,18 төгрөг, зээлийн хүүд 3.999.250,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696.841,83 төгрөг, гэрээгээр тохиролцсон өмгөөлөгчийн зардалд 850.000 төгрөгийг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх-1-2, 49-50/, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 850.000 төгрөгөөр багасгасан.

 

Нэхэмжлэгч байгууллагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-08-11-ний өдрийн 08/11/04 тоот итгэмжлэлээр М.Ж-д нэг жилийн хугацаатай /хх-7/, хариуцагч Ч.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-09-08-ны өдрийн бүртгэлийн 0720 дугаар итгэмжлэлээр Н.Эт гурван жилийн хугацаатай /хх-37/ тус тус олгосон байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэргийг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Учир нь нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК нь хариуцагч Ч.Х-тэй 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ010000203362 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 4.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4,50 хувийн хүүтэй зээлдүүлж /хх-9-10/, хариуцагч Ч.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 270А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18654311109520 дугаартай, 378 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /хх-11-12/ тус тус барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Талууд мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ010000203362-1 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2.340.000 төгрөгийг 15 сар 2 хоногийн хугацаатай, сарын 4,50 хувийн хүүтэй зээлдүүлж /хх-15-16/ мөн өдөр хариуцагч Ч.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 270А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18654311109520 дугаартай, 378 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг /хх-17-18/ тус тус барьцаалан барьцааны гэрээ байгуулсан байна.

 

Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Мөн 2018-4-16-ны өдөр байгуулсан 4.000.000 төгрөгийн, 2019-01-15-ны өдөр байгуулсан 2.340.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар хариуцагч хариуцагч Ч.Хишигсүрэнгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 270А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18654311109520 дугаартай, 378 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх бөгөөд дээрх 2018-04-16, 2019-01-15-ны өдөр байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн хуульд заасан шаардлагыг хангасан байна /хх-11-12, 17-18/.

 

Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний зүйл болох 4.000.000 төгрөгийг хариуцагч Ч.Х-гийн Хаан банкны 5039573200 тоот данс руу 2018-04-17-ны өдөр /хх-13/, 2.340.000 төгрөгийг мөн хариуцагчийн Хаан банкны 5039573200 тоот данс руу 2019-01-17-ны өдөр тус тус шилжүүлсэн /хх-19/ байх бөгөөд хариуцагч Ч.Хзээлийн гэрээний зүйл болох 6.340.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авсан болохыг зөвшөөрч, маргаагүй ба Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу байгуулагдсан зээлийн гэрээ байна.

 

Хариуцагч Ч.Х-гээс шүүхэд бичгээр ...маш өндөр хүүтэй, зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр биш урьдаас 1 талыг барьсан, шулан мөлжихөөр бэлдсэн бэлэн залилангийн гэрээ байсан, зээлийн эргэн төлөлт болгож 3 сая орчим төгрөгийг төлсөн байхад үүнийг огт дурьдаагүй, ...төрийн 3 өндөрлөгийн ярьсан яриаг “Бид” ББСБ-ын луйварчид асар өндөр мэдрэмжтэй хүлээж авдаг ...миний төлөөлөгч Н.Э-н 88836700 утас руу залгаж “Бид нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүнээсээ хасъя, өөр нөхцөл байдлаар ч тохиролцож болно шүү!” гэж 3 удаа ярьсан! ...ББСБ нь анхнаасаа бусдын хөрөнгийг залилан авах сэдэлтэй, харгис агуулга илэрхийлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэх тайлбар гаргасан.

 

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д “банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд тодорхой зориулалт, хүү, хугацаа, эргэж төлөгдөх барьцаа, эсхүл батлан даалттайгаар өөрийн болон түүнд хадгалуулсан бусдын мөнгөн хөрөнгийн зохих хэсгийг өөрийн нэрийн өмнөөс бусад этгээдэд олгохыг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэнэ гэж,

хуулийн 22 дугаар зүйлийн 3-т “зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус зааснаар хариуцагч Ч.Х-гээс нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна.

 

Түүнчлэн хариуцагч зээлийн гэрээний үүргээс зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дуусгавар болсноос хойш төлөлт хийсэн болох нь, уг зээлийн төлбөрийн үүргээс хариуцагч Ч.Х-г чөлөөлөх үндэслэл хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй, зээлийн гэрээний хугацаанд төлөгдвөл зохих хүү нь гэрээний үндсэн үүрэг бөгөөд хэтэрсэн хугацааны хүү нь үүргээ зохих ёсоор биелүүлээгүй хугацаа хэтрүүлснээс үүсэх нэмэлт үүрэг буюу гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр юм.

 

Тиймээс зээлийн гэрээ нь хугацаатай байх бөгөөд гэрээний хугацаа 2020-04-16-нд дууссанаар зээлийг буцаан төлөхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байх тул хариуцагч Ч.Х-ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээлд 4.324.406,18 төгрөг, зээлийн хүүд 3.999.250,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696.841,83 төгрөг, нийт 9.020.498,08 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулсан байх тул дээрх үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ч.Х-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 270А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18654311109520 дугаартай, 378 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.6-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар “зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан хариуцагчийн гараар бичсэн өргөдөл хүсэлтийг хариуцагч үгүйсгэж няцаагаагүй бөгөөд барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй болно /хх-8, 14, 25, 26/.

 

Шүүх нэхэмжлэлийн үндэслэл гэдэгт нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдаг тул нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг тул хэргийн оролцогчидод нотлох баримтыг цуглуулах, бүрдүүлэхийн тулд хуулиар хугацаа тогтоогдсон бөгөөд уг хугацааны дотор буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэрэг маргааныг шийдвэрлэнэ.

 

Тиймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар зохигчдын тайлбар нь нотолгооны хэрэгсэлд хамаарах тул хариуцагч маш өндөр хүүтэй зээлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулаагүй болохыг, залилангийн шинжтэй гэрээ байгуулсан болохыг буюу нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлийн талаарх тайлбараа нотлоогүй гэж үзэх бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгждэг тул хариуцагч тал мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ...татгалзлын үндэс болж буй байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй оролцоно.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нь зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилуулах хүсэлтийг хангаагүй, хууль бус шударга бус зүйлтэй эвлэрэхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан болохыг,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар шүүх хуралдаанд оролцох нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд шүүх эрхийг албадан эдлүүлэх боломжгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-08-12-нд төлсөн 162.039,86 төгрөг, мөн өдөр төлсөн 70.200 төгрөг, нийт 232.239,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох 159.278+70.200=229.478 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Б овогт Ч Х //-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд үндсэн зээлд 4.324.406,18 төгрөг, зээлийн хүүд 3.999.250,07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696.841,83 төгрөг, нийт 9.020.498,08 /есөн сая хорин мянга дөрвөн зуун ерэн найман төгрөг 08/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК /5013348/-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Ч.Хсайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 270А тоот хаягт байршилтай, нэгж талбарын 18654311109520 дугаартай, 378 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204027501 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204092343 дугаартай, хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 850.000 төгрөгөөр багасгасан болохыг дурдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн нийт 232.239,86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Х-ээс 229.478 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б и д  ББСБ” ХХК-д олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                     Д.ЯНЖИНДУЛАМ