Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00770

 

 

 

 

 

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2021/00770

 

 

Б ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00608 дугаар шийдвэртэй

Б ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Хд холбогдох

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болох үндсэн зээлд 4 324 406 төгрөг, зээлийн хүүд 3 999 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 841 төгрөг, нийт 9 020 498 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ч.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж тус ББСБ-аас 24 сарын хугацаатай 4 000 000 төгрөгийг нэг сарын 4,50 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн барьцаанд Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 0000 тоотод байрлах 58 м.кв хувын сууц, Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 0000 тоотод байрлах 378 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. Мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №ЗГ010000203362-1 тоот нэмэлт зээлийн гэрээ байгуулж 2 340 000 төгрөгийг нэг сарын 4,50 хувийн хүүтэйгээр зээлсэн бөгөөд нийт 6 340 000 төгрөгийг зээлсэн юм. Зээлдэгч Ч.Хтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Ч.Хгээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 4 324 406 төгрөг, зээлийн хүүд 3 434 915 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 583 974 төгрөг, түүнчлэн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №ЗГ010000203362 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 850 000 төгрөг буюу нийт 9 193 116 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 232 239 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох дээр дурдсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус ББСБ нь иргэн Ч.Хд холбогдуулан нэхэмжлэлийг 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ. Иймд тус ББСБ нь 2020 оны 8 дугаар сарын 11-ны өдрийн №08/11/05 тоот нэхэмжлэлээр нэхэмжилсэн шаардлагынхаа зээлийн хүүг 564 335 төгрөг, нэмэгдүүлсэн хүүг 112 867 төгрөг, нийт 677 202 төгрөгөөр нэмэгдүүлсэн байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Хгийн хүсэлтийн дагуу 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28-р хороо, Хужирбулан 1 хэсэг 8 гудамж 0000 тоотод байрлах 58 м.кв хувын сууц, мөн хаягт байрлах 378 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан. 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулж 2 340 000 төгрөгийг нэмж зээлж авахдаа өмнөх зээлийн гэрээний 24 сарын хугацаанд багтаан төлөхөөр авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг удаа дараа биелүүлээгүй тул шүүхэд хандсан. Зээлийн гэрээний хүү болох 4,5 хувийг харилцан тохиролцон тогтоосон. Зээлийн гэрээний хугацаанд хариуцагч үндсэн зээлд 2 015 593 төгрөгийг, зээлийн хүүд 1 782 478 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүд 98 080 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд энэ дүн дээр хариуцагч маргаагүй ба 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс огт төлөлт хийгээгүй. Энэ хугацаанд зээлийн гэрээний талаар ямар нэгэн гомдол санал гаргасан зүйл байхгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байгаа. Иймд хоёр зээлийн гэрээний гүйцэтгээгүй болох үндсэн зээлд 4 324 406 төгрөгийг, зээлийн хүүд 3 999 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 841 төгрөгийг нэхэмжилж байгаа. Харин өмгөөлөгчийн ажлын хөлсний зардал болох 850 000 төгрөгийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Ч.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Би Бид ББСБ-аас надад холбогдуулан гаргасан 942 535 төгрөгний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Бид ББСБ-ын зээлийн гэрээнд тусгагдсан сарын хүү нь 4,50% бөгөөд энэ бол маш өндөр хүү. Би зээлийн эргэн төлөлтийг төлж дийлэхгүй болоод зээлээ төлөхөө зогсоосон. Бид ББСБ-д хариуцагч Ч.Х би зээлийн эргэн төлөлт болгож 3 сая орчим төгрөгийг төлсөн байхад үүнийг огт дурьдаагүй бөгөөд намайг 1 ч төгрөгний эргэн төлөлт хийгээгүй мэтээр нэхэмжлэл гаргажээ. Бид ББСБ ХХК нь хариуцагч Ч.Х надад холбогдуулж гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагаа миний хашаа байшин буюу барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг хүсчээ! Хариуцагч Ч.Х би нялх хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ өвлийн хүйтэнд гэр орноосоо хөөгдөж гудамжинд гарах нөхцөл бүрдэж байгааг мөн луйварчид ямар хүчтэй байдгийг зах цухаас нь эхэлж мэдэрч эхэллээ. Бид ББСБ-ын хуулийн зөвлөх нь өөрийнхөө 86902028 утсаараа миний төлөөлөгч Н.Эрхэмбаярын 88836700 утас руу залгаж бид нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээлийн хүүнээсээ хасъя, өөр нөхцөл байдлаар ч тохиролцож болно шүү гэж 3 удаа ярьсан. Иймд Бид ББСБ-аас хариуцагч Ч.Х надад холбогдуулж гаргасан нэхэмжлэл нь анхнаасаа л бусдын хөрөнгийг залилан авах сэдэлтэй, харгис агуулга илэрхийлсэн учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 22 дугаар зүйлийн 22.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч Боржигон овогт Бын Х /ЦД85091419/-ээс зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт буюу үндсэн зээлд үндсэн зээлд 4 324 406.18 төгрөг, зээлийн хүүд 3 999 250.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 841.83 төгрөг, нийт 9 020 498.08 /есөн сая хорин мянга дөрвөн зуун ерэн найман төгрөг 08/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК /5013348/-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар дээрх үүргийг хариуцагч Ч.Х сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 0000 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 00 дугаартай, 378 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-2204027501 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2204092343 дугаартай, хүнсний дэлгүүр зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 850 000 төгрөгөөр багасгасан болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн нийт 232 239.86 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Хгээс 229 478 /хоёр зуун хорин есөн мянга дөрвөн зуун далан найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрхэмбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч Ч.Х бидэнд олгогдсон Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх заалтад бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ... нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэсэн заалтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам нь авилгал, ашиг сонирхлын зөрчилдөө хөтлөгдөж, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн луйвардсан, мөнгөтэй луйварчин Б ХХК-ийн талд буюу өөрөөр хэлбэл нэг талыг барьсан, тэгш байх зарчим алдагдсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 608 дугаар шийдвэрээрээ хариуцагч талыг хохироож шийдвэрлэсэн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхгүйгээр хэргийн оролцогч бид нарыг хагас жилийн хугацаагаар хохироолоо. Үүнд цар тахал ямар ч хамаагүй бөгөөд шүүх хурлыг хийх хугацаа хангалттай байсан. Хариуцагч Ч.Х бидний шүүгч Д.Янжиндуламаас татгалзсан хүсэлтийг минь хангаагүй. Хариуцагч Ч.Х бидний Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилуулахаар гаргасан хүсэлтийг минь хангаагүй. Хариуцагч Ч.Хд би эхнэр Д.Сайнбилэгийг гэрчээр татан оролцуулах хүсэлтэй байсан. Хариуцагч Ч.Х би шүүгчийн захирамжаар банкнаас мөнгө тушаасан баримтыг нотлох баримтаар татуулан гаргуулах хүсэлттэй байсан гэх мэт. Бид өөрсдийнхөө зөрчигдсөн эрхээ сэргээлгэх олон янзын хүсэлтэд байсан ч шүүгч Д.Янжиндулам нь мөнгөтэй хүмүүст үйлчлээд хариуцагч талд ямар ч боломж бололцоо олгохгүйгээр хохироож шийдвэрлэсэн. Б ХХК нь хариуцагч Ч.Хд холбогдуулж 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хууль бусаар хийгдсэн ЗГ01000203362 дугаартай зээлийн гэрээ дээр үндэслэн нэхэмжлэлийг гаргасан. Гэтэл энэ хууль бус зээлийн гэрээг хянан шийдвэрлээгүй байхад Б ХХК нь дахин 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Ч.Хд холбогдуулж Монгол Улсын Засгийн газрын 183 дугаар тогтоолыг зөрчин байж нэхэмжлэлийн шаардлагаа 677 202.01 төгрөгөөр нэмэгдүүлснийг шүүгч Д.Янжиндулам нь хангаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүх рүү дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ч.Хд холбогдуулан зээлийн гэрээний үндсэн үүрэгт 4 324 406 төгрөг, зээлийн хүүд 3 999 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 841 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 850 000 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа 850 000 төгрөгөөр багасгажээ. /хх.11-2, 46, 74/

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зохигчид 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ЗГ010000203362 тоот зээлийн гэрээ байгуулж, 4 000 000 төгрөгийг сарын 4,50 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, мөн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ010000203362-1 тоот зээлийн гэрээ байгуулж, 2 340 000 төгрөгийг сарын 4,50 хувийн хүүтэй, 15 сар 2 хоногийн хугацаатай зээлсэн байна. /хх.9, 15/

Мөн талууд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр барьцааны гэрээ байгуулж Ч.Хгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужирбулан 1 хэсэг 8-р гудамж, 0000 тоот хаягт байршилтай, 378 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай, 58 м.кв талбайтай хүнсний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус барьцаалжээ. /хх.11-18/

Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурж хүчин төгөлдөр гэрээ байгуулсан, анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалттай нийцжээ. Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу зээлдэгч мөнгөн хөрөнгийг хүлээн авсан болохоо үгүйсгээгүй.

Зээлдэгч Ч.Х зээлийн гэрээний үндсэн үүрэгт 2 015 593 төгрөг, зээлийн хүүд 1 782 478 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 98 080 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх.6/

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Зээлдүүлэгч байгууллага нь зээлдэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ч.Хгээс үндсэн зээлд 4 324 406 төгрөг, зээлийн хүүд 3 999 250 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 696 841 төгрөг, нийт 9 020 498 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ ...шүүгчээс татгалзсан хүсэлт, Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилуулах хүсэлтийг шүүх хангаагүй гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 00578 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчээс татгалзах тухай хүсэлт, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03339 дугаар захирамжаар Санхүүгийн зохицуулах хороог шинжээчээр томилуулах хүсэлтийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хариуцагч Ч.Хгийн эхнэр Д.Сайнбилэгийг гэрчээр асуулгах, банкнаас мөнгө тушаасан баримтыг нотлох баримтаар татуулах тухай хүсэлт гаргаагүй байна. Иймд дээрх үндэслэлээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Нэхэмжлэгч Б ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хангаж, хариуцагчийг зээлийн төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/00608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 229 478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ц.ИЧИНХОРЛОО