Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 101/2021/01196

 

 

 

 

 

 

 

 

    2021        04            20                                         101/ШШ2021/01196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 14200, Ерөнхий сайд Амарын гудамж хаягт байрлах, Хас банк /хуулийн этгээдийн регистрийн дугаар:2578697/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Б

 

Хариуцагч: Ж.Б-Э

 

81,495,311 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Э.Амартүвшин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэг Хас банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ж.Б, Ж.Б-Э  нар нь Хас банктай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 1410002724 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 77,000,000 төгрөгийг жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан.

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлдэгч нар нь үндсэн зээлд 1,706,454 төгрөг, зээлийн хүүд 53,736,547.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,470.28 төгрөгийг төлсөн.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуваарьт төлбөрөө төлөөгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 157 хоног хугацаа хэтрүүлсэн.

Хас банк нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгч нараас шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

1410002724 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Баттулгын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаартай, 000492244 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 дугаар байр, 90 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1410002724 дугаартай зээлийн гэрээний 6.1.1 дэх заалтын дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 75,293,546 төгрөг, 2020 оны 9 дүгээр сарын 244-ний өдрийн байдлаарх хүү 6,201,765 төгрөг, нийт 81,495,311 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна, хавтаст хэргийн 7 дэх талд байгаа 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг шүүхэд төлөөлөх эрх нээлгэсэн гэж үзэхгүй байна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол Иргэний хуулийн 222.2-т зааснаар хугацаа хэтрэлт үүссэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй гэж заасан байгаа. 2020 оны 01 сарын 02-ны өдөр корона вирусын эхний тохиолдол илэрсэн. 2020 оны 01 дүгээр сарын сүүл хэсгээс засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг хааж хил хаасан. Гэрээ байгуулахад үндсэн зээлдэгч Ж.Б Хятад улсын Эрээн хотод мужааны цех ажиллуулж хувиараа ажил эрхэлж зээлээ төлдөг байсан учраас орлого олох боломжгүй болсон. Зээлийн гэрээний үүргээ ялимгүй биелүүлээгүй учраас зээлийн гэрээг цуцлах шаардлагагүй. Мөн тус байр албан ёсны баталгаагаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй байгаа. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, Зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, хариуцагч Ж.Б хилийн цаана ажилладаг учраас ажил эрхлэх боломжгүй байгаа гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Хас банк” ХХК нь хариуцагч Ж.Б, Ж.Б-Э  нарт холбогдуулан, зээлийн болон барьцааны гэрээний үүрэгт 81,495,311 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байн.

Хас банк нь Ж.Б, Ж.Б-Э  нартай 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр №1410002724 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 77,000,000 төгрөгийг 240 хоногийн хугацаатай, жилийн буюу 365 хоногийн хүү нь банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй, 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ 16,5 хувь, энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьс хүүгийн хувь хэмжээ 20 хувь байхаар харилцан тохиролцож, зээлийг олгожээ.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр №1410002724-01 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Ж.Баттулгын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаартай, 000492244 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 дугаар байр, 90 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

Дээрх зээлийн гэрээ болон барьцаа, батлан даалтын гэрээнүүд нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,

мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,

мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байх тул дээр дурьдсан хуульд нийцүүлэн, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Нэхэмжлэлээр шаардаж буй үндсэн зээлийн төлбөр 75,293,546 төгрөг, хүү 6,201,765 төгрөг, нийт 81,495,311 төгрөгийн тооцоолол үндэслэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 1410002724 дугаартай зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Хариуцагч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагын тооцооллыг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргасан боловч үндэслэлийг тодруулаагүй, уг тайлбартай холбоотой тодорхой тооцоолол бүхий үндэслэл гаргаж мэтгэлцээгүй, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь цар тахлын улмаас орлого олох эх үүсвэр, ажил зогссон, зээл төлөх боломжгүй болсноо банканд мэдэгдэхэд банк арга хэмжээ аваагүй, хүү зогсоогоогүй хэмээн маргасан боловч Монгол Улсын хилээр гарсан, орсон лавлагаа нь зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, орлогын эх үүсвэрийн талаар мэдээлэл агуулаагүй, уг тайлбар нотлох баримтаар нотлогдоогүй, зээлдэгч нар цар тахлын улмаас үүссэн хүндрэлтэй байдлаа банканд мэдэгдэж, тодорхой хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж зааснаар, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Ж.Б, Ж.Б-Э  нараас зээлийн гэрээний үүрэгт 81,495,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Б, Ж.Б-Э  нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд, Ж.Баттулгын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаартай, 000492244 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 дугаар байр, 90 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635,441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 185 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлж, хариуцагч Ж.Б, Ж.Б-Э  нараас улсын тэмдэгтийн хураамжид 635,626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.УНДРАА