Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/01094

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/01196 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х Б ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б-, Ж.Б- нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 81,495,311 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Ж.Б-, Ж.Б- нар нь Х Б ХХК-тай 2016 оны 06 сарын 23-ны өдөр 1410002724 дугаартай зээлийн гэрээ байгуулан 77,000,000 төгрөгийг, жилийн суурь хүү дээр 3,5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй, 240 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн. 1410002724 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Ж.Б-ын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаартай, 000492244 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 дугаар байр, 90 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 1,706,454 төгрөг, зээлийн хүүд 53,736,547.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 7,470.28 төгрөг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар нийт 157 хоног хугацаа хэтрүүлсэн. Эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөрийн үүргээ гүйцэтгэхийг нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа шаардаж, мэдэгдсэн. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 1410002724 дугаартай зээлийн гэрээний 6.1.1-т тус тус заасны дагуу гэрээг цуцалж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 75,293,546 төгрөг, 2020 оны 09 сарын 24-ний өдрийн байдлаар хүү 6,201,765 төгрөг, нийт 81,495,311 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийг гаргах эрхгүй этгээд гаргасан байна. Хэргийн 7 дахь талд авагдсан 2019 оны 08 сарын 09-ний өдрийн гүйцэтгэх захирлын тушаалыг шүүхэд төлөөлөх эрх нээлгэсэн гэж үзэхгүй. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэлт үүссэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийн хугацаа хэтэрсэн гэж үзэхгүй. 2020 оны 01 сарын 02-ны өдөр Монгол Улсад Корона вирусын эхний тохиолдол илэрсэн. 2020 оны 01 сарын сүүл хэсгээс Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг хааж хил хаасан. Гэрээ байгуулахад үндсэн зээлдэгч Ж.Б- БНХАУ-ын Эрээн хотод мужааны цех ажиллуулж хувиараа ажил эрхэлж зээлээ төлдөг байсан учраас орлого олох боломжгүй болсон. Зээлийн гэрээний үүргээ ялимгүй биелүүлээгүй учраас зээлийн гэрээг цуцлах шаардлагагүй. Мөн барьцаа болох орон сууц нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй. Нэхэмжлэгч тал улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч Ж.Б-, Ж.Б- нараас зээлийн гэрээний үүрэгт 81,495,311 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Ж.Б-, Ж.Б- нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй, төлбөрийг төлөөгүй тохиолдолд, Ж.Б-ын өмчлөлийн, эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаартай, 000492244 дугаар гэрчилгээтэй, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13311/ гудамж, 200 дугаар байр, 90 тоот хаягт байршилтай, 57 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, үнийн дүнгээс нэхэмжлэгч Х Б ХХК-д олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 635 441 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 185 төгрөгийг нэхэмжлэгчээс нөхөн гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 дугаар дансанд төлүүлж, хариуцагч Ж.Б-, Ж.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 635 626 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улс 2020 оны 01 сараас эхлэн хилээ хаасан ба үндсэн зээлдэгч Ж.Б- нь үүнээс үүдэн урьдын эрхэлж байсан ажил хөдөлмөрөө эрхлэх боломжгүй болсон байдаг. Үндсэн зээлдэгч Ж.Б- нь БНХАУ-руу тогтмол очин тэндээ мужааны цех ажиллуулан олсон орлого, үр шимээр зээлээ төлдөг байсан боловч дэлхий нийтийг хамарсан давагдашгүй хүчин зүйлийн улмаар буюу өөрөөс үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас зээлээ хугацаанд нь төлөх боломжгүй болсон. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт заасан хуулийн заалтын дагуу зээлдэгч нарыг зээлээ хугацаандаа төлөөгүй гэж үзэх боломжгүй юм. Шүүх энэхүү хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу хариуцагч нараас нийт 6,201,765 төгрөгийн хүү гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Коронавируст халдвар /Ковид- 19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2020 оны 04 сарын 29-ний өдөр батлан дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн агуулга нь дэлхий нийтийг хамарч цар тахал гарсантай холбогдуулан эдийн засгийн аюулгүй байдлыг ханган бизнес эрхлэгчдийг дэмжих, хамгаалах талаар зохицуулсан бөгөөд тус хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй байна. Анхан шатны шүүхээс нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. Үндсэн зээлдэгч Ж.Б-ын хувьд хилээр байнга нэвтрэн өөрийн ажил хөдөлмөрийг эрхэлдэг бөгөөд Хил хамгаалах Ерөнхий газрын Хилээр орсон гарсан лавлагаа-г үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч нараас зээлийн гэрээний хүүнд 6 201 765 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х Б ХХК нь хариуцагч Ж.Б-, Ж.Б- нарт холбогдуулан үндсэн зээл 75,293,546 төгрөг, хүү 6,201,765 төгрөг, нийт 81,495,311 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч нар корона вирусын улмаас орлого олох боломжгүй болсон учир зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Х Б ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 08 сарын 09-ний өдрийн А/938 тоот тушаалаар шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхэд банкийг төлөөлөх бүрэн эрхийг банкны салбар, тооцооны төвийн захиралд олгосон байх тул нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэх хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан 1410002724 тоот Зээлийн гэрээ /хх 11-15/, 1410002724-01 тоот Барьцааны гэрээ /хх 16-21/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 22/ зэрэг бичгийн нотлох баримт, зохигч талуудын тайлбараар Х Б ХХК болон Ж.Б-, Ж.Б- нар 2016 оны 06 сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Х Б ХХК нь 77,000,000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар 240 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлийг зээлийн хүүгийн хамтаар буцаан төлөх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Ж.Б-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204051359 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 26-р хороо, Хүннү /13311/ гудамж, 200-р байр, 90 тоот хаягт байршилтай 57 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалах, барьцаалуулахаар тус тус харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн дээрх харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон боловч зээлдүүлэгч, зээлдэгч нарын зээлийн хүүгийн талаарх тохиролцоо хууль нийцээгүй байгааг анхааралгүй Х Б ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

 

Тодруулбал, 1410002724 тоот Зээлийн гэрээ-ний 2.2-т ...Банкны төгрөгийн жилийн суурь хүү дээр 3.5 хувийг нэмсэнтэй тэнцүү хувьсах хүүтэй байна. 2016 оны 10 сарын 01-ний өдрийг хүртэл мөрдөх жилийн суурь хүүгийн хэмжээ нь 16.5 хувь байх ба энэ хугацаанд мөрдөх зээлийн жилийн хувьсах хүүгийн хувь, хэмжээ 20 хувь байна гэж, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зээлийн хүүгийн төлбөрийн хэмжээг тодорхойлох багананд (Зээлийн өмнөх сарын үлдэгдэл)*(зээлийн жилийн хүү/365)*(ашигласан хоног) гэж тус тус тусгасныг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.7-д тус тус нийцээгүй гэж үзнэ.

 

Учир нь 141002724 тоот Зээлийн гэрээ-ний холбогдох заалтаар зээлийн хүүг урьдчилан тооцох боломжгүй, ирээдүйд хувьсах хүү хэд байхаас шалтгаалан өөрчлөгдөх шинжтэй, тодорхой бус, зээлдэгчийг төөрөлдүүлэхүйц байдлаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зүгээс ямар хугацаанд ямар хэмжээний хүү төлөх үүрэг хүлээснийг зээлийн гэрээ болон зээлийн эргэн төлөлтийн хуваариар тодорхойлох боломжгүй байна.

 

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл ойлгомжгүй бол уг нөхцлийг хүлээн авсан талд ашигтайгаар тайлбарлах учиртай. Иймд 1410002724 тоот Зээлийн гэрээ-ний дагуу нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй, зээлийн хүүг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлтэй. Харин нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардаагүй байх тул нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэсэн хариуцагч талын тайлбар ач холбогдолгүй байна.

 

Х Б ХХК-аас шүүхэд гаргаж өгсөн Ж.Б-ын эзэмшлийн 1410002724 тоот данснаас үзэхэд зээлдүүлэгч Х Б ХХК нь 2016 оны 06 сарын 24-ний өдөр зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж 77,000,000 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, зээлдэгч нар зээлийн гэрээний дагуу нийт 53,736,547 төгрөг төлсөн, зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйл баримт тус тус тогтоогдож байхаас гадна удаа дараа зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг мэдэгдэж байсан гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй.

 

Иймд нэхэмжлэгч Х Б ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүргийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Хариуцагч нар Х Б ХХК-аас гаргасан үндсэн зээлийн үлдэгдлийн дүнгийн талаар маргаагүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж маргасан, мөн зээлийн гэрээний хүү 6,201,765 төгрөгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гарган, холбогдох улсын тэмдэгтийн хураамжийг төлсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт 6,201,765 төгрөгийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь талуудын зарчимд нийцнэ гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.      Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 сарын 20-ны өдрийн 101/ШШ2021/01196 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Б-, Ж.Б- нараас 75,293,546 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, үлдэх 6,201,765 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын ...56.1... гэснийг ...56.2... гэж, ...635,626... гэснийг ...534,418... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 06 сарын 17-ны өдөр төлсөн 114,179 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР