Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2021/01989

 

 

 

 

 

 

 

 

 

                            2021        06          25 

            101/ШШ2021/01989

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч.М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ч.М” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч Б.М нь 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Мэдэгдэл бичиж Монгол шyyдaнгaap ирүүлснийг 2021 оны 04 дүгээр сарын 06- ны өдөр хүлээн авсан. Уг мэдэгдэлд манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 8-р чож. Улаанхуаран \13301\ -ийн гудамж, .... тоот, 3 өрөө орон сууцыг ШШГТХ-ийн 55-р зүйлд заасны дагуу шинжээчээр “Баян модот” ХХК-ийг томилж, 83,895.000 төгрөгөөр үнэлсэн гэж бичсэн байна. Шүүхийн шийдвэр гүйдэтгэх тухай хуулийн 55-р зүйлийн 55.1-д: “Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө" гэж заажээ. Гэтэл шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцны үнэлгээний талаар манай компаниас санал авалгүйгээр дээрх хуулийн заалтыг зөрчиж манай хөрөнгийн үнэлгээг хэт доогуур хийлгэн үнэгүйдүүлсэн байна. Тус орон сууцны одоогийн зах зээлийн ханш 1 мкв нь 1.950.000 төгрөгийн үнэлгээтзй байгаа ба 50.23 мкв орон сууц 97.948.500 төгрөгийн үнэлгээтэй байгаа болно. Иймд НШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс орон сууцны үнэлгээний талаарх саналыг авалгүйгээр зах зээлийн ханшаас хэт оогуур үнэлүүлж, манай эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн 8-р хороо, Улаанхуаран /13301/-ийн гудамж, ..... тоот 3 өрөө орон сууцыг 83,895,000 т өгрөгөөр үнэлсэн “Баян модот” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчээс татгалзаж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 2-ны мэдэгдлээр хураасан орон сууцыг 83 895 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох шаардлага гаргасан. Үндэслэл нь мэдэгдлийг 4 сарын 6-нд хүлээж авсан. Уг мэдэгдэлд орон сууцыг үнэлүүлэх шинжээч томилсон гэсэн. Хуульд битүүмжилсэн хураасан эд хөрөнгийг төлбөр төлөгчийн саналыг харгалзан үнэлгээ хийлгэхээр заасан. Гэтэл төлөгчөөс санал авалгүйгээр үнэлгээ хийлгэж үнэгүйдүүлсэн. Одоо арматурын үнэ нэмэгдээд нэхэмжлэл гаргаснаас хойш үнэ нь нэмэгдсэн. Хариуцагч нь зах зээлийн үнээс хэт доогуур үнэлүүлсэн. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү. Үнэлгээний санал авах мэдэгдэл ирээгүй. Энэ талаарх баримт бидэнд ирээгүй. Хуулбар баримт өгсөн тул эргэлзээтэй байна. Уг орон сууцыг битүүмжилсэн гэж байна. Хуульд нэг сарын дотор үнэлгээ хийлгэнэ гэсэн. Гэтэл 2018 оноос хойш 3 жилийн дараа хураан авах ажиллагаа хийсэн байна. Хураах ажиллагаанд төлбөр төлөгч биш Дэлгэрмааг оролцуулсан байна. Нэхэмжлэгчийг төлөөлөх хүн нь Чингэс юм. Иймд уг хураах тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Зах зээлийн үнэ нь нийтэд илэрхий баримт юм. Арматурын үнэ нэмэгдсэнээр байрны үнэ нэмэгдсэн байгаа юм гэв.

 

    Хариуцагчийн төлөөлөгч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр “Ч.М” ХХКомпаниас 146.500.000 төгрөгийг гаргуулж “Э.К” ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч "Ч.М” ХХКомпанид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул арилжааны 13 банкуудад мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад улсын бүртгэлийн .... дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж ......50.23 м.кв орон сууц бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, улаанхуарангийн гудамж ..... 50.23 м.кв 3 өрөө орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугээр эд хөрөнгө битүүмжпэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ......дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ..... дүгээр, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 4-..... дугаар мэдэгдэлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлэхэд  үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч “Э.К” ХХКомпани нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний “Баян-Модот” ХХКомпаниар үнэлүүлэхэд тус орон сууцыг 83.895.000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн .... дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлэгдсэн үнийн хувиар тооцон 58.726.500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр оруулахаар нийтэд зарласан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ...... дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч “Ч.М” ХХКомпаний гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. БЗДИХАШШ-н шийдвэрээр нэхэмжлэгчээс 145 сая төгрөг гаргуулахаар шийдсэн. Улмаар ажиллагаа явуулж шийдвэр биелүүлэхийг мэдэгдсэн. Улмаар төлөөгүй тул банк бусад байгууллагаас лавлагаа авахад энэ орон сууц бүртгэлтэй байсан. Улмаар уг орон сууцыг битүүмжилж, хураан авсан. Үүний дараа төлөгчид баталгаат шуудангаар үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн боловч санал ирүүлээгүй. Улмаар авагч нь шинжээч томилуулах хүсэлт ирүүлснээр үнэлгээ хийлгэж баталгаат шуудангаар хүргүүлсэн. Ингээд албадан дуудлага худалдаанд оруулах болоход шүүхээс ажиллагааг түдгэлзүүлсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хуулийн 55-д зааснаар 2018 онд битүүмжилсэн. Үүний дараа удаа дараа Чингэсийг дуудаж мэдэгдэл явуулсан, эрэн сурвалжилсан. Хуулиар хурааснаас хойш сарын дотор гэсэн бөгөөд энэ хугацаанд байгаа юм. 2020.6.12-нд нэхэмжлэлийг хангаад өмнөх үнэлгээ хүчингүй болсон тул дахиж ажиллагаа хийсэн юм. Үнэлгээний мэдэгдлийг гардаж аваагүй гэж байна. Шуудангийн дардас дарагдсан бөгөөд буцаж ирээгүй юм.  Хэрэв ажиллагаа буруу гэж байгаа бол яагаад манай байгууллагад гомдол гаргаагүй юм бэ. Мөн орон сууцанд төлөгч оршин суудаггүй тул байгаа хүнийг нь л байлцуулсан гэв.

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ч.М ” ХХК нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад гарсан үл хөдлөх эд хөрөнгөний үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж, үнэлгээ үндэслэлтэй гарсан гэж маргаж байна.

 

Шүүх хуралдаан даргалагчаас хуралдааныг нээж, хуульд зааснаар шүүх хуралдааны дэгийг танилцуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасан эрхийг тайлбарлан өгч татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг лавласан. Шүүх хуралдаанд оролцогчид татгалзан гаргах хүсэлт гаргаагүй тул шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нотлох баримт гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлт гаргасан. Улмаар шүүх хуралдааныг завсарлуулан хүсэлтийг хэлэлцэж, хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ үед нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Тамир нь хүсэлтийг хүлээн авахаас татгалзсантай холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасан.

Шүүх хуралдаан тодорхой дэг, дэс дарааллаар явагдах бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг тайлбарласан боловч татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д зааснаар татгалзан гаргах үндэслэл тогтоогдсон тухайн үед гэж зохицуулсан боловч хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэлд хамаарахгүй. Учир нь хүсэлтийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхэд олгосон бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа юм. Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 92.2 дахь заалтад үндэслэл тогтоогдсон үед гэдэг нь татгалзан гарах этгээдэд холбогдох үүргийн талаар бөгөөд харин зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ талаар мэдэгдэх тухай зохицуулалт юм. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү заалт нь хэргийн оролцогч хэн нэг этгээдэд таалагдахгүй нөхцөл байдал үүсэх үед шүүгчийг татгалзан гаргах эрх олгосон зохицуулалт биш. Иймд хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, тодруулбал татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, байхгүй гэж хариулснаас хойш хүсэлт хүлээн авахаас татгалзах тухай захирамж гарах хүртэл хугацаанд шүүгчийг татгалзан гаргах үндэслэл бий болсон гэж үзэх боломжгүй. Эдгээр үндэслэлээр шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт нэгэнт гаргаагүй, улмаар үндэслэлгүйгээр хүсэлт гаргасан нь шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзсэн болно. Иймд шүүх хуралдааны дэгийн дагуу шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 0741 дүгээр шийдвэрээр “Ч.М ” ХХК-с 146,500,000 төгрөг гаргуулж, “Э.К” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хэргийн 36-46 дугаар тал/

 

Улмаар “Ч.М ” ХХК нь дээрх 0741 дүгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас бичигджээ. /хэргийн 35 дугаар тал/

Гүйцэтгэх хуудас бичигдсэнээр 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай ....дүгээр тогтоол үйлдэгдсэн. /хэргийн 47 дүгээр тал/

Ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2.1-т нийцсэн бөгөөд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасныг зөрчөөгүй байна.

 

Улмаар төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгчид төлбөр төлөхийг мэдэгдсэн болох нь 2017 оны 04 дүгээр сарын 27, 05 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл, мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тогтоогдсон. /хэргийн 48-50 дугаар тал/ Нэхэмжлэгч нь энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгчийн талаарх мэдээллийг холбогдох байгууллагаас гаргуулахаар хүсэлт явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.2-т нийцжээ. Дээрх хүсэлтийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газраас зохигч маргаж буй Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж /13301/, 521 дүгээр байр, .... хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .... дүгээрт бүртгэгдсэн 3 өрөө орон сууц нь төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч “Ч.М ” ХХК-ний өмч болох тухай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлсэн байна. /хэргийн 53 дугаар тал/

 

Үүний дараа төлбөр төлөгдөөгүй гэсэн үндэслэлээр 2018 оны 06 дугаар сарын 09-ны өдөр .... дүгээр тогтоолоор дээрх .... тоот хаягт байрлах, 3 өрөө орон сууцыг битүүмжилж, төлбөр төлөхийг дахин мэдэгдсэн байна. /хэргийн 56-59 дүгээр тал/

Цаашлаад 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр ..... дугаар тогтоолоор маргаж буй эд хөрөнгийг хураасан байна. /хэргийн 77 дугаар тал/

Эдгээр эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д нийцсэн ажиллагаа болжээ.

Энд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өмнө нь гарсан үнэлгээг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгож хураах ажиллагаа дахин явагдсан талаар хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч тал үүнийг үгүйсгэж маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д зааснаар маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураасан тул төлбөр төлөгч буюу энэ хэргийн нэхэмжлэгч “Ч.М ” ХХК-д 2021 оны 03 дугаар сарын 12 болон 22-ны өдөр тус тус үнийн санал ирүүлэхийг мэдэгдсэн. /хэргийн 80-81 дүгээр тал/

Гэвч төлбөр төлөгч үнийн санал ирүүлээгүй байх тул төлбөр авагчийн төлөөлөгч Э.Сайнсанаа нь 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинжээч томилох тухай хүсэлт гаргаснаар 29-ны өдөр маргаж буй эд хөрөнгийн үнэлгээг гаргуулах 3/39 дүгээр шинжээч томилох тухай тогтоол үйлдэгджээ. /хэргийн 103, 82 дугаар тал/

Ийнхүү шинжээч томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т нийцсэн байна.

 

Эдгээрээс дүгнэвэл төлбөр төлөгч тал эд хөрөнгө битүүмжлэх болон бусад ажиллагаанд оролцсон, удаа дараа төлбөр төлөх талаар мэдэгдэл хүлээн авч байсан байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн үнийн санал авах тухай мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

 

Томилогдсон шинжээчид хууль сануулж, холбогдох баримт үйлдсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн холбогдох заалтад нийцнэ. /хэргийн 83-84 дүгээр тал/

 

Шинжээчээр томилогдсон “Баян модот” ХХК нь хөрөнгийн үнэлгээ гаргах эрхтэй болох тус хуулийн этгээдийн .... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дүгнэлт гаргах ажиллагааг гүйцэтгэсэн шинжээч нь тусгай зөвшөөрөлтэй болох нь .... дүгээр тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /хэргийн 97, 95 дугаар тал/

 

Шинжээч нь ....тоот орон сууцны үнэлгээг зах зээлийн үнэ цэнээр тооцож 83,895,000 төгрөгөөр үнэлж 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр захиалагчид хүргүүлсэн байна. /хэргийн 85-98 дугаар тал/

Нэхэмжлэгч нь энэхүү гаргасан үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй гэж маргаж байх боловч энэхүү тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч нь арматурын үнэ нэмэгдсэнээр үнэлгээг үндэслэлгүй болсон гэж маргаж байх боловч энэ нь нэгэнт баригдаж, ашиглагдаж байгаа барилгын хувьд нөлөөлөх эсэх нь тусгай мэргэжил шаардах асуудал бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаарх өөрийн тайлбарыг нотлоогүй.

 

Дээрхийг бүхэлд нь нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж /13301/, ..... тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн .... дүгээрт бүртгэгдсэн 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч “Ч.М ” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД