Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01348

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/01348

 

ЧМ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/01989 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ЧМ ХХК-ийн хариуцагч НШШГГ-рт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шийдвэр гүйцэтгэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр мэдэгдэл бичиж Монгол шyyдaнгaap ирүүлснийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан. Уг мэдэгдэлд манай компанийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/-ийн гудамж, 521 дугаар байр 00 тоот, 3 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээчээр Б ХХК-ийг томилж, 83 895 000 төгрөгөөр үнэлсэн гэж бичсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь орон сууцны үнэлгээний талаар манай компаниас санал авалгүйгээр дээрх хуулийн заалтыг зөрчиж манай хөрөнгийн үнэлгээг хэт доогуур хийлгэн үнэгүйдүүлсэн. Тус орон сууцны одоогийн зах зээлийн ханш 1 м.кв нь 1 950 000 төгрөгийн үнэлгээтэй байгаа ба 50.23 м.кв орон сууц 97 948 500 төгрөгийн үнэлгээтэй байгаа болно. Үнэлгээний санал авах мэдэгдэл ирээгүй. Энэ талаарх баримт бидэнд ирээгүй. Хуулбар баримт өгсөн тул эргэлзээтэй байна. Уг орон сууцыг битүүмжилсэн гэж байна. Хуульд нэг сарын дотор үнэлгээ хийлгэнэ гэсэн. Гэтэл 2018 оноос хойш 3 жилийн дараа хураан авах ажиллагаа хийсэн байна. Хураах ажиллагаанд төлбөр төлөгч биш н.Д-г оролцуулсан байна. Нэхэмжлэгчийг төлөөлөх хүн нь Т.Ч- юм. Иймд уг хураах тогтоол нь хүчин төгөлдөр бус юм. Зах зээлийн үнэ нь нийтэд илэрхий баримт юм. Арматурын үнэ нэмэгдсэнээр байрны үнэ нэмэгдсэн байгаа. Иймд шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчөөс орон сууцны үнэлгээний талаарх саналыг авалгүйгээр зах зээлийн ханшнаас хэт доогуур үнэлүүлж, манай эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн байх тул 3 өрөө орон сууцыг 83 895 000 төгрөгөөр үнэлсэн Баян модот ХХК-ийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 741 дүгээр шийдвэрээр ЧМ ХХК-аас 146 500 000 төгрөгийг гаргуулж ЭК ХХКд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч ЧМ ХХК-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул арилжааны 13 банкуудад мөнгөн хөрөнгөөс суутгал хийх мэдэгдэл хүргүүлж, холбогдох бүртгэлийн байгууллагуудаас лавлагаа авахад улсын бүртгэлийн Ү-2204084381 дугаартай Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 521 дүгээр байрны 00 тоот 50.23 м.кв орон сууц бүртгэлтэй талаар хариу ирүүлсэн. Төлбөр төлөгчийн өмчлөлийн тус 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17261161/1 дугээр эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17261161/03 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хурааж, төлбөр төлөгчид үнийн санал өгөхийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4-164/3571 дүгээр, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 4-164/5010 дугаар мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч ЭК ХХК нь хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт ирүүлсэн тул хөрөнгийн үнэлгээний Баян модот ХХК-аар үнэлүүлэхэд тус орон сууцыг 83 895 000 төгрөгөөр үнэлснийг 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4-164/5996 дугаар мэдэгдэл, тайлангийн хуулбарын хамт төлбөр төлөгчийн хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн хувиар тооцон 58 726 500 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр оруулахаар нийтэд зарласан байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/Ш32021/07748 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч ЧМ ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дэх хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-рт холбогдох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран гудамж /13301/, 521 дүгээр байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084381 дүгээрт бүртгэгдсэн 3 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч ЧМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Ч- давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хуралдааныг нээсний дараа нэхэмжлэгч талаас хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гаргуулах, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд маргаан бүхий орон сууцны өмчлөгч буюу оршин суугчийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулж зөрчигдөж байгаа эрхийг нь эдлүүлэх тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан. Хүсэлтэд заасан зүйлүүдийг шийдвэрлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй буюу хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд эргэлзээ төрсөн учир энэ үндэслэлээр хуульд заасны дагуу шүүгчээс татгалзаж байгаагаа илэрхийлж хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, шүүх хуралдаан эхлэх үед шүүгчээс татгалзах үндэслэл байхгүй байсан учраас татгалзал байхгүй гэдгийг хэлсэн ба нэхэмжлэгч талд хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээд оролцуулах нь хэргийг үнэн зөв шударгаар шийдвэрлэхэд үндэслэл болно гэсэн итгэл үнэмшлээр хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан нь асуудалд хэт хайнга хандаж шийдвэрлэж байгаа нь хэргийг шударгаар шийдвэрлэх эсэхэд эргэлзээ төрсөн учир шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзах үндэслэл бий болж шүүгчээс татгалзсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явах ёстой. Гэтэл журам зөрчсөн алдаатай буюу төлбөр төлөгч иргэнд хэт хохирол учруулахаар ажиллагаа явагдсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас манай компанийн үл хөдлөх эд хөрөнгийг 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр битүүмжлэх тогтоол үйлдэж, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр эд хөрөнгийг хураан авах тогтоол үйлдсэн байдаг ба компанийн эрх бүхий хүнийг байлцуулалгүйгээр ямар ч хамааралгүй хүнийг оролцуулан гарын үсэг зуруулсан нь ажиллагааны журам зөрчигдсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжилснээс хойш 1 сарын дотор хураан авах болон үнэлгээ хийлгэх ажиллагаа явагдах ёстой.

Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн үнэлгээний талаар хуульд заасан хугацаанд мэдэгдээгүй ба шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журам зөрчигдсөн. Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн гэх боловч үүнтэй холбоотой нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, утсаар ярьсан болон хаягаар очсон баримт байхгүй, мөн шуудангаар хүргүүлсэн гэх боловч баримтгүй байхад шүүх буруу шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө ү ү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч ЧМ ХХК нь хариуцагч НШШГГ-рт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

ЧМ ХХК нь Баянзүрх дүүргийн ЭК ХХКд 146 500 000 төгрөгийн төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШЗ2016/0741 дугаар шийдвэрийг /хх36-46/ сайн дураар биелүүлээгүй тул 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 662 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, 2017 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /хх35, 47/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 521 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084381 дугаарт бүртгэгдсэн 50.23 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2018 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17261161/1 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 17261161/03 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар битүүмжлэгдсэн хөрөнгийн үнэлгээний талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас санал авах ажиллагааг 2021 оны 3 дугаар сарын 12, 22-ны өдрүүдэд 4-164/3571, 4-164/5010 дугаар мэдэгдлээр төлбөр төлөгч ЧМ ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нь үнийн санал ирүүлээгүй байна. /хх80-82/

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага үнийн санал ирүүлэх мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлсэн баримтыг шүүхэд гаргасан, харин мэдэгдэл төлбөр төлөгчид хүргэгдээгүй, шуудан буцсан талаарх баримтгүй байна. Иймд санал аваагүй, мэдэгдлийг хүлээн аваагүй, мэдэгдсэн гэх баримтыг шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхэд ирүүлээгүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Төлбөр төлөгч үнийн санал гаргаагүй тул төлбөр авагчийн шинжээч томилуулах хүсэлтийн дагуу 2021 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 3/39 тоот шинжээч томилох тухай тогтоолоор үнэлгээ хийлгэхээр Б ХХК-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасанд нийцсэн байна.

 

Томилогдсон шинжээч 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Хөрөнгө үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Улаанхуаран /13301/, Улаанхуарангийн гудамж 521 дугаар байр, 00 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204084381 дугаарт бүртгэгдсэн 50.23 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 83 895 000 төгрөгийн үнэ цэнэтэй гэж тодорхойлжээ.

 

Шинжээчийн дүгнэлтийн талаарх 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4-164/5900 тоот мэдэгдлийг төлбөр төлөгч ЧМ ХХК-д баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй.

 

Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд хандах гэж заасныг зөрчсөн, нэхэмжлэгч хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаагүй байна.

 

Шинжээч үнэлж буй хөрөнгийн төлөв байдал болон өртгийн хандлагын арга, орлогын хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргыг ашигласан талаар Үнэлгээний тайланд тодорхой тусгагдсан байх бөгөөд зэргэлдээ байрлах хөрөнгийн зориулалт, төхөөрөмжлөгдсөн байдал, барилгын хийцийн хувьд ижил төстэй 3-6 орон сууцыг худалдан борлуулахтай холбоотой 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн мэдээллийг үндэслэн зохих тохируулгыг хийж, 50.23 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 83 895 000 төгрөгөөр тогтоожээ.

 

Үнэлгээний тайлангийн агуулгаас үзвэл шинжээч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчөөгүй, үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд зах зээлийн хандлагаар ижил байршилд байрлах орон сууцны үнэлгээтэй харьцуулан, орон сууцны талбайн хэмжээ, байрлалын итгэлцүүр, чанар хийц, давуу болон сул дутагдалтай талуудыг харгалзан үнэлгээг тогтоосныг үл хөдлөх хөрөнгийг хэт доогуур үнэлж, үнэгүйдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь тухайн орон сууцны зах зээл дэх үнэлгээ м.кв нь 1 950 000 төгрөгийн үнэ ханштай байгаа гэх тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэлийн үндэслэлээ баримтаар нотлоогүй, үл хөдлөх эд хөрөнгийг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүний шаардлагаар үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхэд барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцыг эзэмшиж байгаа н.Д-г хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй орхихдоо үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, шүүх хуралдаан даргалагч хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгчээс татгалзах эсэхийг шүүх хуралдааны оролцогчдоос асуухад зохигчид татгалзалгүй гэсэн ч хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбоотойгоор хүсэлт хангаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзсаныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсгийг баримталж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг өөрөө шийдвэрлэж хууль зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үнэлгээг зөвшөөрөхгүй талаарх нэхэмжлэлийн үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй, хэргийн баримтыг маргаанд хамааралтай, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2021/01989 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

А.ОТГОНЦЭЦЭГ