Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/01526

 

 

 

 

 

 

 

    2021        05         21                                     101/ШШ2021/01526

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай-5, өөрийн байранд байрлах “Голомт банк” ХХК /регистрийн дугаар:2075377/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Э

 

42,956,925.20 төгрөг, 10,150.32 ам. доллар гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Голомт банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Бямбасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Э  нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ/КР/3798 920191 00729 тоот, зээлийн эрхтэй “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г байгуулж, хосолсон валюттай Алтан Американ экспресс картыг 20,000,000 төгрөг, 5,000 ам.долларын зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан.

Зээлдэгч нь ЗГ/КР/3798 920191 00729 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний төлбөрт 42,956,925.20 төгрөг, 10,150.32 ам. доллар гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Э  шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулан зээлийн картыг хаалгах гэсэн боловч банкнаас “дахин зээл олгох боломжтой байгаа учир та хаалгах хэрэггүй” гэснийг үндэслэн дахин картаа ашиглаж эхэлсэн.

Гэтэл коронавируст цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлд орсон. Дэлхий дахинаараа эдийн засгийн хямралд орон энэ талаар арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсад ч 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10.4-т “Цар тахлын үед банкны харилцах дансанд хүү тооцохгүй, гадаад валютын хадгаламжийг албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд хооронд гүйлгээг үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэнэ”, мөн корона вируст халдварын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхижүүлэх багц арга хэмжээний тухай Монгол Улсын Их хурлын 32 дугаар тогтоолын 2.2-т банкны зээлийн хүүг болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах арга хэмжээ авах шаардлагатай зэргээр тусгасан байх тул нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуундарь, өмгөөлөгч Б.Батжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс үндсэн зээл, үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Голомт банк нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хүүгээс хүүг дахиж бодоод байгаа нь хүүг хүүлэх аргачлал буюу өдрийн зээлийн аргачлалаар явж байгаа хууль бус аргачлал байна. “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний хугацаа дууссанаар үйлчилгээг зогсоох, зээлийг буцаан дуудах эрхээ банк хэрэгжүүлээгүй тул зөвхөн ашигласан зээлийг төлнө, хүү төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Э т холбогдуулан, зээлийн гэрээний төлбөрт 42,956,925.20 төгрөг, 10,150.32 ам. доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Голомт банк нь Д.Э тэй 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ЗГ/КР/3798 920191 00729 тоот, “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-г байгуулж, хосолсон валюттай Алтан Американ экспресс картыг 20,000,000 төгрөг, 5,000 ам.долларын зээлийн эрхтэйгээр харилцагчид олгосон байх ба кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлийг гэрээний 2 дахь заалтад тусгажээ.

Зээлдэгч Х.Насангэрэл нь зээлийн эрхтэй картыг ашигласан боловч гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, төлбөрийн тасалдал үүсгэсээр төгрөгийн зээлийн эрх ашигласан дүнд үндсэн зээлийн төлбөрт бэлэн гүйлгээнд 19,652,070.84 төгрөг, бэлэн гүйлгээний шимтгэл 800 төгрөг, бэлэн бус гүйлгээнд 1,335,580 төгрөг, хүүгийн төлбөрт үндсэн хүү 13,546,744.50 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 4,602,000.84 төгрөг, нийт 39,137,196.2 төгрөг, ам. долларын эрх ашигласны дүнд үндсэн зээлийн төлбөрт бэлэн гүйлгээнд 4,969.23 ам. доллар, бэлэн гүйлгээний шимтгэл 2.25 ам. доллар, бэлэн бус гүйлгээнд 4.52 ам.доллар, хүүгийн төлбөрт үндсэн хүү 3.298.72 ам. доллар, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.074.84 ам. доллар, нийт 9,349.56 ам. долларын төлбөрийн үлдэгдэлтэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Зээлийн картын тооцооллын хүснэгт”-ээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасныг баримтлан нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

Зохигч талуудын мэтгэлцээнээс “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-нд заасан Зээлийн эрхийн үндсэн нөхцөлд тусгагдсан, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага болон “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ”-ний хугацаа дууссанаар үйлчилгээг зогсоох, зээлийг буцаан дуудах эрхээ банк хэрэгжүүлээгүй тул зөвхөн ашигласан зээлийг төлнө, хүү төлөхгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн татгалзал нь дээр дурьдсан Иргэний хуулийн 451, 453 дугаар зүйлүүдэд харшилж байх тул зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3,819,729.02 төгрөг, 800.76 ам. доллар төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бэлэн болон бэлэн бус гүйлгээний үндсэн зээл, үндсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар, хариуцагч Д.Э ээс 39,137,196.2 төгрөг, 9,349.56 ам. доллар гаргуулж нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,819,729.02 төгрөг, 800.76 ам. долларт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639,565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э ээс улсын тэмдэгтийн хураамжид 645,037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА