Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01285

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01285

 

 

ГБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01526 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ГБ ХХК-ийн хариуцагч Д.Э-т холбогдуулан гаргасан 42 956 925.20 төгрөг, 10 150.32 ам.доллар гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б, Ө.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Э- нь 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Голомт банктай ЗГ/КР/3798 920191 00729 тоот, зээлийн эрхтэй Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-г байгуулж, хосолсон валюттай Алтан Американ экспресс картыг 20 000 000 төгрөг, 5 000 ам.долларын зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөлд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч нь ЗГ/КР/3798 920191 00729 тоот зээлийн гэрээний хугацаа 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дууссан боловч эргэн төлөлт хийлгүй үндсэн зээл, зээлийн үндсэн хүү, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү зэргийг төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний төлбөрт 42 956 925.20 төгрөг, 10 150.32 ам. доллар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн үлдэгдлийг бүрэн төлж барагдуулан зээлийн картыг хаалгах гэсэн боловч банкнаас дахин зээл олгох боломжтой байгаа учир та хаалгах хэрэггүй гэснийг үндэслэн дахин картаа ашиглаж эхэлсэн. Гэтэл коронавируст цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлд орсон. Хариуцагчийн зүгээс үндсэн зээл, үндсэн хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна. Голомт банк нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан журмыг зөрчсөн. Хүүгээс хүүг дахиж бодоод байгаа нь хүүг хүүлэх аргачлал буюу өдрийн зээлийн аргачлалаар явж байгаа хууль бус аргачлал байна. Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хугацаа дууссанаар үйлчилгээг зогсоох, зээлийг буцаан дуудах эрхээ банк хэрэгжүүлээгүй тул зөвхөн ашигласан зээлийг төлнө, хүү төлөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч Д.Э-ээс 39 137 196.2 төгрөг, 9 349.56 ам. доллар гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3 819 729.02 төгрөг, 800.76 ам. долларт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 639 565 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-ээс улсын тэмдэгтийн хураамжид 645 037 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГБ ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо:

... Шүүхийн шийдвэрийг гаргахдаа агуулгын болон бичилтийн алдаа гаргажээ. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар ...үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрч байна гэж дурдсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэл болон хариуцагчийн тайлбарт үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрсөн тухай ойлголт огтхон ч дурдагдаагүй болно. Мөн үндэслэх хэсэгт Зээлдэгч Х.Насангэрэл... гэж хэрэгт огтхон ч хамааралгүй хүний нэрийг дурдсан. Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл-ээр үүрэг дуусгавар болгохоор заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний 4.3 дугаар зүйлийн 4.3.1-д Карт эзэмшигчийн хүсэлтээр зээлийн зарцуулалт, нэмэгдүүлсэн хүү бүрэн төлөгдсөний дараа ...картыг бүрэн хаах, зээлийн эрхийг хаах талаар тусгагдсан нь үүрэг дуусгавар болох тухай ойлголт юм. Үүний дагуу хариуцагч Д.Э- нь 2018 оны 9 дүгээр сард зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж, барагдуулан зээлийн эрхийг хаалгасан. Энэ нь Г банкны 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 10/597 дугаар Кредит карт хаасан тухай албан бичгээр нотлогдоно. 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөр дуусгавар болсон. Зээлийн гэрээг шинээр байгуулсан зүйл байхгүй. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээний харилцаа нэгэнт дуусгавар болсон, шинээр гэрээний харилцаа үүсээгүй байх тул зээлийн хүү, алданги тооцон авах эрхгүй.

Анхан шатны шүүхээс хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан зээлийн гэрээ дуусгавар болсон талаарх тайлбар, хэрэг авагдсан Кредит карт хаасан тухай албан бичгэн нотлох баримтыг бодитойгоор, хэрэгт ач холбогдолтой нотлох баримт байсан атал огт үнэлэлгүйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Хариуцагч нь тухайн үед Голомт банкнаас авсан мөнгө болох 20 988 450.84 төгрөг 4976 доллар буюу 14 181 600 төгрөг, нийт 35 170 050.84 төгрөгийг эргүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрнө. Гэрээний үүргийг гаргуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 168 дугаар зүйлийн 168.1.1-д шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэж заасныг үндэслэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн зарим хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хариуцагч Д.Э-т холбогдуулан 42 956 925.20 төгрөг, 10 150.32 ам.доллар гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/КР/3798 920191 00729 тоот, Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ-гээр хосолсон валюттай Алтан Американ экспресс картыг 20 000 000 төгрөг, 5 000 ам.долларын зээлийн эрхтэйгээр харилцагчид олгосон байх ба кредит картын үндсэн нөхцлийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах гэж гэрээний 2 дахь заалтад тусган тохиролцжээ. /хх4-5/

 

Карт эзэмшигч Д.Э- нь дээрх гэрээний дагуу 19 652 070.84 төгрөгийг бэлнээр, 1 336 380 төгрөгийг бэлэн бусаар, 4971.48 ам.долларыг бэлнээр, 4.52 ам.долларыг бэлэн бусаар авч ашигласан үлдэгдэлтэй, зохигчдын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд зээлийн эрхийн дагуу авч ашигласан төгрөгийн болон ам.долларын зээлийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч нь 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гэрээний хугацаа дуусч, зээлийг бүрэн хааж дуусгасан байхад банк картыг хураан аваагүй буруутай гэх үндэслэлээр уг хугацаанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасныг хүлээн авах үндэслэлгүй. Учир нь зээлдэгч зээлийн картыг өмнөх гэрээний нөхцлийн дагуу хэрэглэж, мөнгийг бодитоор ашигласан, зээлийг буцаан төлөх үүргээ зөрчсөнөө үгүйсгээгүй бөгөөд гэрээний үүргийг шаардах эрх зээлдүүлэгчид үүссэн байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан. Талууд гэрээний 2 дахь заалтаар зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь байхаар харилцан тохиролцсон нь хуулийн дурдсан зохицуулалтыг зөрчихгүй бөгөөд зээлдүүлэгч хууль болон гэрээний дагуу хугацаа хэтрүүлсний хүү шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагчаас 19 652 070.84 төгрөгийг бэлнээр, 1 336 380 төгрөгийг бэлэн бусаар, 4971.48 ам.долларыг бэлнээр, 4.52 ам.долларыг ашигласны хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг гаргуулах үндэслэлтэй бөгөөд хууль болон гэрээний заалтын дагуу нэхэмжлэгчээс гаргасан зээлийн тооцооллоор үндсэн хүүд 10 665 180 төгрөг, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд 3 079 650 төгрөг шаардсаныг үндсэн зээлийн хамт гаргуулах үндэслэлтэй.

 

Харин гэрээний 2-т заасан зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү-гийн талаарх заалт нь хууль зүйн үндэслэлгүй, эрх хэтрүүлсний болон хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүг давхар шаардах эрхийг зээлдүүлэгчид олгосон байх бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж заасанд нийцэхгүй тул зээлдэгчид ашигтай байдлаар тайлбарлах үндэслэлтэй, эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хангах үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч ГБ ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа нь үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэх ойлголтод хамаарахгүй бөгөөд шүүхэд нэгэнт маргаан үүсгэснээс хойш хүүг нэмэгдүүлэн тооцож шаардах нь гэрээний талуудын тэгш байдлыг зөрчих болно.

 

Дээрхээс үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлснийг болон зээлийн эрх хэтрүүлсний хүүг хасч үүргийг тооцвол шүүхэд нэхэмжлэл гаргасан үе буюу 2020 оны 5 дугаар сарын 3-ныг хүртэлх хугацааны гэрээний үүрэгт үндсэн зээл, хүү, хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүд нийт 33 186 096 төгрөг, 7 945 ам.долларыг хариуцагч Д.Э-ээс гаргуулж, нэхэмжлэгч ГБ ХХК-д олгох үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9 770 029.2 төгрөг, 2 205.32 ам.долларт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийг хангасан болон хэрэгсэхгүй болгосон дүнг өөрчилсөн, мөн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2021/01526 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 39 137 196.2 төгрөг, 9 349.56 ам.доллар гэснийг 33 186 096 төгрөг, 7 945 ам.доллар гэж, 3 819 729.02 төгрөг, 800.76 ам.долларт гэснийг 9 770 829.2 төгрөг, 2 205.32 ам.долларт гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 645 037 төгрөг гэснийг 595 234 төгрөг гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 311 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ