Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2021/02576

 

 

 

 

 

 

 

   2021          09          01                                   101/ШШ2021/02576

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ц.А-ын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Г-д холбогдох,

10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г хариуцагчийн төлөөлөгч С.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.М, 2014 оны 06-р сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 46/3 байрны, зоорийн давхрын ... тоот машины дулаан зогсоолыг иргэн М.Г өөс 21.000.000 |хорин нэг сая| төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 10.000.000 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 11,000,000 төгрөгийг дулаан зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон. М.Г  нь таарах болгондоо “зогсоолын гэрчилгээ удахгүй гарна, тэгээд шилжүүлнэ, санаа зоволтгүй” гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа авахаа больж, тухайн 46/3 байрны өөрийн эзэмшлийн ..., .... тоот байран дээрээ ирэхгүй байсан. Гэтэл 2018 оны 06-р сарын 18-ны өдөр Хас банкнаас 3 хүн ирээд, “манай гараж, чөлөөлж өгнө үү” гээд үл хөдлөхийн гэрчилгээгээ үзүүлж, гаражийг чөлөөлж авсан. Иймд бид иргэн Ганхөлөгт залилуулсан гэж үзээд цагдаагийн байгууллагад иргэн Д.М-ын нэрээр гомдол гаргасан. Энэ үед нөхрийн эрүүл мэнд эрс муудаж, эмнэлэгт хэвтэж хагалгаа, нөхөн эмчилгээ зэрэг хийлгээд гаражны асуудлын талаар бодох завгүй үе байсан, нөхөр маань 2018.10.09-ны өдөр өвчний улмаас нас барсан.

  1. Цагдаагийн байгууллагад шалгаад, “....хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух, итгүүлэх байдлаар бусдын 10.000.000 төгрөгийг төөрөгдүүлэн авч залилсан нь тогтоогдсон байна...” гэж дүгнэсэн атлаа ”...гэмт хэрэг үлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан...” хэмээн СБД-ийн Прокурорын 2019 оны ....дугаартай тогтоолоор, хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн.
  2. Улмаар БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11-р сарын 18-ны өдөр хандсан боловч, “....хариуцагч нь уг хаягт амьдардаггүй болохыг БЗД-ийн 22-р хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна....” гэсэн үндэслэлээр 2019 оны 12-р сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж гарсан.
  3. Хариуцагч нь оршин суугаа хаягтаа байхгүй байгаа тул хуульд заасны дагуу СБД-ийн Иргэний анхан шатны шүүхэд М.Г ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, шүүхийн 2020 оны 02-р сарын 20-ны өдрийн ..... дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллагаа явуулсан.
  4.  БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 2021 оны 03-р сарын 02-ний өдрийн .... тоот албан бичгээр М.Г, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Баруун алтан өлгий 34 дүгээр гудамж .... тоотод оршин суудаг болохыг тогтоож, тодорхой болгосон.
  5. Иймд БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх 2019 оны 11-р сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргахад, “хариуцагчийн хаяг тодорхойгүй”, гэсэн нөхцөл байдал арилсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа байна.

Тиймээс авто зогсоолын урьдчилгаанд төлсөн 10.000.000 сая төгрөгийг М.Г өөс гаргуулж өгнө үү.

Зогсоолын урьдчилгаанд өгсөн 10 саяыг буцаан гаргуулна. Анх манай нөхөр 2014 оны 6 сард хариуцагч зогсоолоо зарна гэсэн зар тавьсан байсан тул уулзаад 21 саяар авах болсон. Урьдчилгаа 10 саяыг өгсөн. Гэрчилгээ гаргаад үлдэгдлийг өгнө гэж тохирсон. Удаад байсан ба машинаа гараж тавьж байгаа юм чинь санаа зоволтгүй, удахгүй гэдэг байсан. Манай нөхөрт тэгж хэлдэг байсан. Хаалга хааж машинаа тавьдаг байсан тул олон уулзсан. Би уулзаагүй, нөхөр уулзсан. 2018 онд Хас банкны хүмүүс ирээд өрөнд авсан тул байрны хамтаар зарна гэсэн. Энд үед барьцаанд тавьсныг нь мэдсэн. Цагдаад 2018 оны 6 сард гомдол гаргаж байсан. 2019 оны 10 сард хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэг хаагдсан. Дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хаяг дээрээ байхгүй гэж худлаа хэлсээр өнөөдрийг хүрсэн. Ярьж байгааг харахад анхнаасаа зарах талаар бодоогүй залилах санаатай байсан байна. 10 сая дээр нэмж 16,000 доллар нэхсэн бол тухайн үед цагдаад хандах байсан. Би хариуцагчтай уулзаж байгаагүй ч гэсэн нөхрөөсөө бүгдийг сонсож байсан. Хариуцагчтай худалдаж худалдан авахаар тохирсон, гэрээ ч хийсэн болохоос түрээсийн гэрээ байгуулаагүй. Худалдаж авсан гээд машинаа тавьж байсан. Бид машин тавьж байсан боловч манай мөнгийг бас хүүгүй ашигласан гэв.

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбараа бичгээр өгсөн байгаа юм. 2014.6.18-нд гэрээ байгуулагдсан. Улмаар 10 сая төгрөг өгсөн. 3-4 жилийн хугацаанд төрөл бүрээр харьцаж байсан боловч хариуцагч нь гэрчилгээг удаа дараа гарна гэдэг байсан. Нэхэмжлэгч нь зогсоол эрхийн зөрчилтэй гэдгийг 2018.6 сард л Хас банк ирэхэд мэдсэн. Нэхэмжлэгч нь анхнаасаа худалдаж авахыг хүсэж худалдаж авлаа гэж бодсон. Иймд хас банканд хүсэлт гаргахад орон сууцны хамт зарна гэсэн тул 4 тоотыг нь Хас банкнаас худалдаж авсан. Цагдаа хариуцагчийг залилан хийсэн гэдэг нь тогтоогдсон ба хариуцагч энэ тогтоолд гомдол гаргаагүй. Гэрээний дагуу харилцаа үүссэн. Мөн СӨХ-н дарга Д тайлбар өгсөн байдаг. Эдгээр баримтаар нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч нь гэрээ болон мөнгө авсан талаар маргадаггүй. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулаагүй. Гэрч нь 2014 оноос хойшхыг мэддэггүй юм байна. Гэрээний зүйлийг Хасаас худалдаж авсан тул хариуцагчаас өгсөн мөнгөө авъя гэж байгаа юм. Нэхэмжлэгч нь өмнө нь бас шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба улмаар эрэн сурвалжилж байсан юм гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч С.С нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А-ын нэхэмжлэлтэй М.Г т холбогдох иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.М нь анх 2012 оноос хойш уг авто зогсоолыг худалдаж авах санал байсан. Тухайн үед уг авто зогсоолыг Хас банкны зээлийн гэрээний барьцаанд хэрэв худалдахаар бол 16.000 мянган ам доллараар худалдах талаар хэлсэн юм. Гэтэл тэрээр өөрөө барьцаанаас нь чөлөөлөөд нийт 21.000.000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд 10.000.000 төгрөгийг урьдчилж өгсөн. Ингээд үлдэгдэл 11.000.000 төгрөгийг төлбөл Хас банкны барьцаанаас чөлөөлүүлэхээр тохиролцсон байсан боловч талийгаачийн зүгээс үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй тул үлдэгдэл мөнгө өгөхгүй гэсэн учраас авто зогсоолыг барьцаанаас чөлөөлж авч чадаагүй. Ингээд нэгэнт барьцаанд байгаа хөрөнгийг худалдах боломжгүй болсон тул түүнээс авсан 10.000.000 төгрөгийг буцаан өгье гэж хэлэхэд “... энэ хавьд зогсоол олдохгүй маш хэцүү юм. Өгсөн мөнгөндөө нэг өдрийн 7000 төгрөгөөр тооцож түрээслэе” гэж хэлэхэд нь хариуцагч хүлээн зөвшөөрч зогсоолыг худалдах биш, түрээслэхээр болсон юм. Үүний дагуу нэхэмжлэгч тал нь 2014 оны 6 дугаар сараас 2018 оны 6 дугаар cap хүртэл зогсоолыг хөлсөлсөн бөгөөд нэг өдрийн 7,000 төгрөгөөр тооцоход нийт түрээслэх хугацаа нь 3 жил гаран 4 жил арай хүрэхгүй хугацаатай болсон юм. Ингээд бидний тохиролцсон 4 жилийн хугацаа дуусаж Хас банк зээлийн гэрээний барьцаанд уг зогсоолыг шилжүүлэн авсан. Дээр дурьдсанчлан зогсоолыг худалдаж авахаа болиод түрээслэхээр болсонтой холбоотой энэхүү тохиролцоог зөвхөн талийгаачтай хийсэн бөгөөд түүний ар гэр болох Ц.А-тай нэг ч удаа уулзаж байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байгаа бололтой. Хэрэв үнэхээр зогсоол худалдаж авчхаад гэрчилгээг нь гаргаж өгөхгүй залилсан гэж үзэж байгаа бол 4 жил дуугүй явахгүй байх байсан. Гэтэл түрээслэхээр тохирсон хугацаа дуусаж, зогсоол банканд шилжсэний дараа гэнэт залилуулсан мэтээр цагдаад хандсан нь ойлгомжгүй бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй нь бидний хооронд тохиролцоо байсан болохыг илтгэж байна. Түүнчлэн авто зогсоолыг худалдах биш түрээслэхээр болсныг гэрчлэх гэрч байгаа бөгөөд тэдгээр гэрчүүдийг шүүхэд дуудаж асуулгах болно. Иймд талийгаачийн өгсөн 10.000.000 төгрөг нь авто зогсоол худалдаж авах мөнгө биш түрээслэхээр өгсөн мөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Бүхэлд нь зөвшөөрөхгүй. М агсан нь 2012 оноос хойш худалдаж авъя гэдэг байсан. Хариуцагч нь өөрөө тэнд байдаг түрээсэлдэг байсан тул худалдахгүй гэдэг байсан. 2014 онд мөнгөний хэрэг гараад худалдахаар ярилцсан. О гэж хүн 10 саяыг авсан боловч Г 10 саяыг авсан гэдэгтээ маргадаггүй. 2018 оны 4 сард гадаадаас ирж М гэж хүнтэй уулзаад барьцаанд байгаа гээд худалдах худалдан гэрээг хийж чадаагүй. Улмаар амаар 21 саяар зарахаар тохирсон. Ингээд 10 саяыг авсан гэсэн бичиг дээр гарын үсэг зурсан. Зогсоол нь орон сууцтай хамт гэрчилгээтэй юм. М-т 16 000 доллар төлчих тэгээд барьцааг чөлөөлж өгье гэхэд М нэмж мөнгө өгөх боломжгүй гэсэн. Улмаар мөнгийг нь буцааж өгөх гэтэл гаражийг түрээслэе гээд урьдчилгаа төлбөртөө тооцъё гэсэн. Зогсоолыг өдрийн 7 000 төгрөгөөр түрээсэлдэг байсан тул энэ үнээр 10 саяыг дуустал түрээслэх болсон. Нэхэмжлэгчтэй хариуцагч нь уулзаж байгаагүй. 2014 оноос 2018.6 сар хүртэл зогсоолыг нэхэмжлэгч тал ашигласан. 2018.6 сард Хас банкнаас зээлийн барьцаанд хураагдсан орон сууц болон зогсоолыг чөлөөлж авсан. Энэ үес М нь юу болов гэж ярьж эхэлсэн. Дээрх хугацаанд нэг ч удаа мөнгө болон гэрчилгээний талаар ярьж байгаагүй. Энэ нь худалдах худалдан авах гэрээ нь түрээсийн гэрээний харилцаанд орсон юм. Иймд шаардаж байгаа 10 саяыг буцааж өгөх боломжгүй.

Нэхэмжлэгч нь өөрийн бодлыг тулгаж байна. Талийгаачтай ярьсан гэсэн боловч түрээсийн харилцааг мэдэхгүй байна. 4 жилийн түрээс нь 10 080 000 болдог. Дансны хуулгыг гаргасан зорилго нь хариуцагч нь тухайн мөнгийг буцаан өгөх боломжтой байсан гэдгийг нотлох зорилготой. Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаад мөнгөө шаардаж байна. Гэрээний зүйл нь үл хөдлөх хөрөнгө юм. Өмчлөх эрх шилжиж байгаа тохиолдолд бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлэх ёстой. Гэтэл хэрэгт байгаа гэрээ нь хэлбэрийн шаардлага хангахгүй байна. Хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шаардлага гаргахгүй. Иргэний хуулийн 205-д зааснаар гэрээг хүчин төгөлдөр талыг харж буцаах асуудлыг ярих ёстой. Д нь ашиглалтын зардлыг хариуцагч төлдөг байгаад сүүлийн жилүүдэд төлөөгүй гэдэг. Гэтэл нэхэмжлэгч нь ашиглаж байсан бол яагаад хариуцагчаар төлүүлээд байгаа юм бэ. Худалдах худалдан авах гэрээ нь түрээсийн гэрээ болсон гэдгийг шүүх анхаарч үзээсэй. 2014-2018 онд яагаад шаардлага гаргаж байгаагүйг анхаарах хэрэгтэй. Банк авсны дараа л гомдол гаргаж эхэлдэг гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.А нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 10,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч М.Г  нь авто зогсоолыг худалдах худалдан авах тухай ярилцсан боловч түрээслэхээр болсон, улмаар уг зогсоолыг ашиглаж байсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн нөхөр Д.М агсан болон хариуцагч М.Г  нар нь Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, .... тоот байрны зоорийн давхар, .... тоот хаягт байрлах авто зогсоолыг худалдах худалдан авахаар 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ байгуулсан байна. /хэргийн 4 дүгээр тал/

Уг гэрээний дагуу Д.М агсан нь хариуцагч М.Г т 10,000,000 төгрөг төлсөн болох нь дээрх баримтаар тогтоогдож байна.

Энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй.

 

Улмаар дээрх 3 тоот авто зогсоол нь “Хас банк” ХХК-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан байсан болох нь 2013 оны 03 дугаар сарын 01-ны өдрийн ..... дугаар баталгаат ипотекийн гэрээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 64-68 дугаар тал/

 

Дээрх гэрээний нэг тал болох Д.М агсан нь 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нас барсан болох нь .... дугаар нас барсны бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хэргийн 11 дүгээр тал/

Нэхэмжлэгч Ц.А-т 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөгийг М.Г өөс нэхэмжлэх 0005 дугаар өвлөх эрхийн гэрчилгээ олгогджээ. /хэргийн 10 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Ц.А нь дээрх худалдах худалдан авах гэрээний дагуу шаардлага гаргах эрхтэй.

 

Зохигч худалдах худалдан авах гэрээ байгуулсан талаар маргаагүй боловч уг харилцааг түрээсийн гэрээний харилцаа болгон өөрчилсөн эсэх талаар маргаж байна.

Маргаж буй авто зогсоолыг ашиг олох зорилгоор ашиглаж байгаагүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн эсэх маргаан юм.

 

Хариуцагч нь уг авто зогсоолыг бусдад хөлслүүлдэг байсан болох нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн гэрээ, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон. /хэргийн 52 дугаар тал/

Улмаар 3 тоот авто зогсоолыг худалдахаар Д.М агсантай тохиролцож, 10,000,000 төгрөг урьдчилгаа төлбөрт авсан талаар хэн аль нь маргаагүй боловч эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх тайлбараа хариуцагч тал нотолж чадаагүй. Учир нь хариуцагч маргаж буй зогсоолыг хөлслүүлэхдээ бичгийн хэлбэрийн гэрээ байгуулдаг байсан байх бөгөөд Д.М агсантай эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулаагүй байна. Мөн гэрч Ц.О нь энэ талаар мэдэхгүй гэж мэдүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн тайлбарыг өөрөө нотлох, холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог.

Иймд хариуцагч болон Д.М агсан нарын хооронд эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул гэрээний үүрэг шаардах боломжгүй.

 

Харин маргаж буй 3 тоот авто зогсоолын өмчлөх эрх Д.М агсан буюу нэхэмжлэгчид шилжээгүй, барьцаалагч “Хас банк” ХХК-д өмчлөх эрх шилжсэн талаар зохигч маргаагүй тул шүүх энэхүү үйл баримтыг нотлох шаардлагагүй.

 

Иймд худалдагч буюу хариуцагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид гэрээнээс татгалзаж, төлсөн төлбөрөө буцаан шаардах эрх үүсжээ.

 

Гэвч нэхэмжлэгч нь уг 3 тоот зогсоолыг 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хүртэлх хугацаанд ашиглаж байсан болох нь Д.М агсны 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хохирогчоор өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан СӨХ-ний дарга Г.Д-ын тайлбар, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдсон. /хэргийн 85-87, 100 дугаар тал/

 

Иймд хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй боловч уг маргаж буй зогсоолыг 4 жил орчим ашигласан байх тул энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй.

Өөрөөр хэлбэл дурдсан хугацаанд бусдын эд хөрөнгийг ашигласан төлбөрийг төлөх ёстой.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь авто зогсоолыг өдрийн 7,000 төлбөрөөр хөлслөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байх тул уг мөнгөн дүнгээр тооцох боломжгүй юм. Харин хариуцагч нь 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр өмнөх хөлслөгч буюу гэрч Ц.О-тай байгуулсан гэрээг дуусгавар болгосон байх тул өмнөх гэрээний үнийн дүнгээр тооцлоо.

 

Уг гэрээнд зааснаар авто зогсоолыг сарын 300,000 төгрөгөөр хөлсөлж байсан байна. Нэхэмжлэгч нь авто зогсоолыг 47 сар 20 хоног ашигласан байх тул 47 сард 14,100,000 төгрөг, 1 хоногт 9,863 төгрөг, 20 хоногт 197,260 төгрөг, нийт 14,297,260 төгрөг тооцогдох юм.

 

Иймд бусдын эд хөрөнгийг ашиглахад тооцогдох төлбөр нь урьдчилгаанд өгсөн 10,000,000 төгрөгөөс давсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үүнээс гадна бусдын эд хөрөнгийг ашиглахад тооцогдох төлбөрийг гуравдагч этгээдтэй хийсэн гэрээний дүнг үндэслэн тооцсон тул энэхүү шийдвэр нь хариуцагчид төлбөр шаардах эрх үүсгэхгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М.Г өөс 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.ГАНБОЛД