Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01569

 

 

 

 

 

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01569

 

 

Ц.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Г.Даваадорж, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01ий өдрийн 101/ШШ2021/02576 дугаар шийдвэртэй, Ц.Аийн нэхэмжлэлтэй М.Гт холбогдуулан 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Гарьд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ц.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нөхөр Д.Майдар нь 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 46/3 байрны, зоорийн давхрын 3 тоот автозогсоолыг иргэн М.Гөөс 21 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, урьдчилгаа 10 000 000 сая төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг автозогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсны дараа төлөхөөр харилцан тохиролцсон. М.Г нь таарах болгондоо автозогсоолын гэрчилгээ удахгүй гарахаар шилжүүлнэ, санаа зоволтгүй гэж хэлдэг байсан. Сүүлдээ утсаа авахаа больсон. Гэтэл 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банкнаас 3 хүн ирээд, манай гараж, чөлөөлж өгнө үү гээд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ үзүүлж, гараашийг чөлөөлж авсан. Иймд бид иргэн М.Гт залилуулсан гэж үзээд цагдаагийн байгууллагад иргэн Д.Майдарын нэрээр гомдол гаргасан. Энэ үед нөхрийн эрүүл мэнд эрс муудаж, эмнэлэгт хэвтэж 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдөр өвчний улмаас нас барсан. Цагдаагийн байгууллага шалгаад, ...хоорондын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж, бодит байдлыг нуух, итгүүлэх байдлаар бусдын 10 000 000 төгрөгийг төөрөгдүүлэн авч залилсан нь тогтоогдсон байна... гэж дүгнэсэн атлаа ...гэмт хэрэг үлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан... хэмээн Сүхбаатар дүүргийн Прокурорын 2019 оны 1104А дугаартай тогтоолоор, хэрэг бүртгэлийг хааж шийдвэрлэсэн. Улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 11-р сарын 18-ны өдөр хандсан боловч, ...хариуцагч нь уг хаягт амьдардаггүй болохыг Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна... гэсэн үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамж гарч, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 540 дугаартай шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс ажиллагаа явуулж, 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2731-2/836 тоот албан бичгээр, Магсарын Ганхөлөгийг Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун алтан өлгий 34 дүгээр гудамж 548б тоотод оршин суудаг болохыг тогтоосон. Тиймээс автозогсоолын урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг М.Гөөс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.Майдар нь анх 2012 оноос хойш уг автозогсоолыг худалдаж авах санал гаргасан. Тухайн үед уг автозогсоолыг Хас банкны зээлийн гэрээний барьцаанд байгаа, хэрвээ худалдан авахаар бол 16.000 ам.доллараар худалдах талаар хэлсэн юм. Гэтэл тэрээр өөрөө барьцаанаас нь чөлөөлөөд нийт 21 000 000 төгрөгөөр худалдаж авъя гэж хэлээд 10 000 000 төгрөгийг урьдчилж өгсөн. Ингээд үлдэгдэл 11 000 000 төгрөгийг төлбөл Хас банкны барьцаанаас чөлөөлүүлэхээр тохиролцсон байсан боловч талийгаачийн зүгээс үл хөдлөхийн гэрчилгээ гараагүй тул үлдэгдэл мөнгө өгөхгүй гэсэн учраас автозогсоолыг барьцаанаас чөлөөлж авч чадаагүй. Ингээд нэгэнт барьцаанд байгаа хөрөнгийг худалдах боломжгүй болсон тул түүнээс авсан 10 000 000 төгрөгийг буцаан өгье гэж хэлэхэд ... энэ хавьд зогсоол олдохгүй маш хэцүү юм. Өгсөн мөнгөндөө нэг өдрийн 7000 төгрөгөөр тооцож түрээслье гэж хэлэхэд нь хариуцагч хүлээн зөвшөөрч зогсоолыг худалдах биш, түрээслэхээр болсон юм. Үүний дагуу нэхэмжлэгч тал нь 2014 оны 6 дугаар сараас 2018 оны 6 дугаар cap хүртэл зогсоолыг хөлсөлсөн бөгөөд нэг өдрийн 7 000 төгрөгөөр тооцоход нийт түрээслэх хугацаа нь 3 жил гаран 4 жил арай хүрэхгүй хугацаатай болсон юм. Ингээд бидний тохиролцсон 4 жилийн хугацаа дуусч Хас банк зээлийн гэрээний барьцаанд уг зогсоолыг шилжүүлэн авсан. Дээр дурьдсанчлан автозогсоолыг худалдаж авахаа болиод түрээслэхээр болсонтой холбоотой энэхүү тохиролцоог зөвхөн талийгаачтай хийсэн бөгөөд түүний ар гэр болох Ц.Атэй нэг ч удаа уулзаж байгаагүй учраас энэ талаар мэдэхгүй байгаа бололтой. Хэрэв үнэхээр автозогсоол худалдаж авчихаад гэрчилгээг нь гаргаж өгөхгүй залилсан гэж үзэж байгаа бол 4 жил дуугүй явахгүй байх байсан. Гэтэл түрээслэхээр тохирсон хугацаа дуусч, зогсоол банкинд шилжсэний дараа гэнэт залилуулсан мэтээр цагдаад хандсан нь ойлгомжгүй бөгөөд өнгөрсөн 4 жилийн хугацаанд хууль хяналтын байгууллагад хандаагүй нь бидний хооронд тохиролцоо байсан болохыг илтгэж байна. Түүнчлэн, автозогсоолыг худалдах биш түрээслэхээр болсныг гэрчлэх гэрч байгаа. Иймд талийгаачийн өгсөн 10 000 000 төгрөг нь автозогсоол худалдаж авах мөнгө биш түрээслэхээр өгсөн мөнгө учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч М.Гөөс 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ц.А нь хариуцагч М.Гтэй 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр автозогсоолыг 21 000 000 төгрөгөөр худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр урьдчилгаа 10 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 11 000 000 төгрөгийг гэрчилгээ гарсан үед төлөх, гэрчилгээ шилжүүлэх тус тус нөхцөлтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг. Энэ цаг мөчөөс нэхэмжлэгчид гэрээний гүйцэтгэлд чиглэсэн шаардах эрх үүссэн. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт заасны дагуу Хас банк нь шүүхийн шийдвэрийн дагуу автозогсоолыг хурааж авсан үйл явдал нь, 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах, худалдан авх гэрээний зүйлийг эрхийн доголдолтой болгож, цаашид гэрээний гүйцэтгэлийг шаардах эрхгүй болсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчиж, гэрээний зүйл нь эрхийн доголдолтой болсон тул гэрээний гүйцэтгэлтэй холбоотой анхдагч шаардах эрх дуусгавар болж, хоёрдогч шаардах эрх буюу хохирлоо гаргуулах шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэст 2018 оны 6 дугаар сарын12-ны өдөр М.Гт холбогдуулан, 10 000 000 төгрөгөө эргүүлж авах талаар өргөдөл гаргасан ба 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 1104А дугаартай Сүхбаатар дүүргийн Прокурорын тогтоолоор хариуцагчийг гэм буруутай хэмээн дүгнэсэн. Улмаар нэхэмжлэгч Хас банктай уулзаж, нэг машины зогсоолоо зарах эсэх талаар асуухад, Хас банк хариуд нь, автозогсоолыг зөвхөн байртай нь хамт худалдаж, борлуулна гэсэн тул нэхэмжлэгч орон сууц, авто зогсоолыг нийт 236 000 000 төгрөгөөр худалдаж авсан ба, одоо тухайн байрандаа авто зогсоолын үл хөдлөх гэрчилгээтэй. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрхлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дах хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлээгүй учир шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гараагүй гэж үзэж байна. Хариуцагч тал эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчсөн, түүндээ гэм буруутай тул, нэхэмжлэгч талаас Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх шийдвэртээ Иргэний хуулийн 205-р зүйлийн 205.1-ийг хуулийн үндэслэл болгож шийдвэрлэснийг, хууль ёсны болоогүй гэж үзэж байна. Учир нь, хариуцагч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үүргээ зөрчсөн, гэм буруутай, цаашид гэрээний гүйцэтгэлээ шаардах боломжгүй болсон тул нэхэмжпэгч тал Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхээс хохирол нэхэмжлэх хоёрдогч шаардах эрхийн дагуу, 10 000 000 төгрөгөө нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2576 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ц.А нь М.Гт холбогдуулан 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 46/3 байрны, зоорийн давхрын 3 тоот машины дулаан зогсоолын урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1-2, 39/

Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

Хэргийн 4 дүгээр хуудсанд 2014 оны 6 дугаар сарын 18-ний өдрийн гэрээ нэртэй бичгийн баримт авагдсан, талууд уг баримтад гарын үсгээ зурсаныг хариуцагч үгүйсгээгүй.

Дээрх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 46/3 дугаар байрны, зоорийн давхрын 3 тоот автозогсоолын урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг хүлээн авснаа хариуцагч үгүйсгээгүй. Харин хожим уг 10 000 000 төгрөгийг түрээст тооцохоор болсон гэж тайлбарласан. /хх39/

Гэрээний бичилтээс үзэхэд үлдэгдэл 11 000 000 төгрөгийг газрын гэрчилгээг Д.Майдарын нэр дээр шилжүүлсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон гэжээ. /хх4/

Нэхэмжлэгчийн ... 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хас банкнаас 3 хүн ирээд манай гарааш чөлөөлж өгнө үү гээд үл хөдлөхийн гэрчилгээгээ үзүүлж, гараашийг чөлөөлж авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй бөгөөд дээрх автозогсоолыг зээлийн барьцаанд, шүүхийн шийдвэрээр Хас банк ХХК-нд шилжүүлсэн гэжээ. /хх145/

Нэхэмжлэгч тал 2014 оноос 2018 оны 6 дугаар cap хүртэл тухайн зогсоолд машинаа байршуулж байсан.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд Сүхбаатар дүүргийн 8-р хороо, 46/3 байрны, зоорийн давхрын 3 тоот машины дулаан зогсоолын өмчлөгчөөр 2018 оны 7 дугаар сарын 3-нд Хас банк ХХК бүртгэгдсэн. /хх48/

Нэхэмжлэгч нь Хас банк ХХК нь 3 тоот автомашины дулаан зогсоолыг орон сууцны хамт зарна гэсэн тул 4 тоотыг нь Хас банкнаас худалдаж авсан гэж тайлбарласан бөгөөд маргааны зүйл болох 3 тоот зогсоолын өмчлөгчөөр 2018 оны 8 дугаар сарын 21-нд Ц.А бүртгэгджээ. /хх49/

Анх 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээг байгуулсан Д.Майдар нь 2018 оны 10 дугаар сарын 9-ны өдөр нас барсан, Д.Майдар, нэхэмжлэгч Ц.А нар хууль ёсны гэр бүл бөгөөд 10 000 000 төгрөгийг шаардах эрхийг Ц.А өвлөн авсан тухай баримтууд хэрэгт авагджээ. /хх 10-11/

Д.Майдарь М.Гт залилуулсан тухай гомдлыг Цагдаагийн байгууллагад өөрийн нэрээр гаргаж байсныг хариуцагч үгүйсгээгүй.

Мөн хэргийн баримтаас үзэхэд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шүүхийн шийдвэрээр М.Гийг эрэн сурвалжилж, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн албан тоотоор 2021 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн байдлаар М.Гийн хаягийг тогтоожээ. /хх 6-8/

Талуудын хооронд үүссэн худалдах худалдан авах гэрээний зүйл доголдолтой байсан эсэх, уг гэрээний үүрэг түрээсийн гэрээний үүргээр солигдсон эсэх, 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулах үндэслэлтэй эсэхэд талууд маргаж байна.

Хариуцагч нь гараашийг нэхэмжлэгч 3 жил гаруй үнэгүй ашигласан талаар тайлбарласан бол нэхэмжлэгч нь 10 000 000 төгрөгийг хариуцагч олон жил ашиглаж байгаа талаар тайлбарлаж байх бөгөөд хэн аль нь хохирлын асуудлаар нэхэмжлэл гаргаагүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг буруу тодорхойлсон, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын хэлцэл хуульд нйицэж байгаа эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч худалдах худалдан авах гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлжээ. Зөвхөн хүчин төгөлдөр хэлцлээс татгалзах тухай ойлголт байх юм.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. Мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. Түүнчлэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэргийн баримтаас үзэхэд талуудын хэлцэлд дээрх хуулийн заалтууд зөрчигдсөнөөс Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2 дах хэсэгт зааснаар барьцаалуулагч нь барьцааны гэрээ байгуулах үед барьцаалах хөрөнгийн хувьд гуравдагч этгээдийн шаардлага байгаа бол түүнд барьцааны эрх үүссэн тухай мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зогсоол эрхийн зөрчилтэй гэдгийг 2018 оны 6 дугаар сард Хас банк ХХК-иас хүмүүс ирэхэд мэдсэн гэх тайлбарыг няцаасан баримтыг хариуцагч гаргаагүй. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. Доголдолтой хөрөнгийг худалдахаар гэрээнд гарын үсэг зурсан, гэрээ нь Иргэний хуулийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл байх тул хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус юм.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт ... хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар заасан.

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тул 10 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцлээс л гэрээний дагуу шаардах эрх үүсэх юм.

 

Анхан шатны шүүх хэдийгээр нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж,Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй боловч уг маргаж буй зогсоолыг 4 жил орчим ашигласан байх тул энэ хугацаанд бусдын эд хөрөнгийг төлбөргүйгээр ашиглаж, үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй гэж талуудын нэхэмжлэл гаргаагүй асуудлаар дүгнэсэн, Ц.Отгонтуяа гэх энэ хэрэгт хамааралгүй этгээдийн гэрээг барьж өөрийн санаачилгаар тооцоолол хийсэн нь диспозитив зарчимд нийцэхгүй болжээ.

Хариуцагч нь эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэх боловч энэ талаар нотлоогүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 101/ШШ2021/02576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч М.Гөөс 10 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ат олгосугай гэж, 2 дах заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Гөөс 174 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Ат олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Ш.ОЮУНХАНД