Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 0043

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                 Б.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

       Хэргийн индекс 171/2020/0117/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          Ц.Л

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.О

Нарийн бичгийн дарга                 Б.Алтаншагай нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 304 дугаар захирамжтай, Б.Год холбогдох, эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн  Х овогт Б-н Г

 

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 24-03 тоотод эр эмийн хардалт, үл ойлголцлын улмаас найз охин Г.У-тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 304 дугаар захирамжаар:

Шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорт буцааж,

Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, урьд шийтгүүлсэн хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авагдсан болохыг дурьдаж,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж,

Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих,шүүгдэгч түүний өмгөөлөгч гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Л.Б эсэргүүцэлдээ:

... Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г нь хохирогч Г.У-ийг зодсоны улмаас хөлний яс цуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байхад энэ талаар яллах дүгнэлтэд тусгаагүй гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад бус таамаглалд үндэслэсэн байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Г.Уийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2020 оны 01 дүгээр сарын 06-ны гарсан байдаг ба дүгнэлтийн 4 дэх заалтад “...тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн. Дүгнэлтэд хөлний яс цуурсан талаар тусгагдаагүй.

Хохирогч Г.Уийн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн мэдүүлэгт “ ..уурандаа гараараа миний хамран тус газарт 1-2 удаа цохисон юм. Тэгээд би цагдаагийн газарт дуудлага өгсөн гэх мэдүүлэг / хх-ийн 8-р тал /, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдүүлэгт “...Гараараа нүүр лүү олон удаа цохисон, ..манай аав, ээж, Б хамт байсан гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/, гэрч Э.Б-н “ ..миний санаж байгаагаар бие биенээ хардаад байх шиг байсан. Тэгээд байж байтал У-н аав, ээж, дүү нь ороод ирсэн. Г ээжийнх нь хажууд У-н хамар луу нь цохисон, тэгээд хамарнаас нь цус гарсан, тэр үед У-н аав нь Г руу дайраад байхаар нь салгасан. Удалгүй цагдаа нар ирээд Г-ыг аваад явсан гэх мэдүүлэг / хх-ийн 17-р тал /, гэрч З.О-н Г У-н нүүр лүү нь 2 удаа гараараа алгадаж байх шиг байсан гэх мэдүүлэг / хх-ийн 19-р тал / зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Г нь Г.Уийн хөлний ясыг цуулсан гэх үйл баримт тогтоогдоогүй харин түүний нүүрэн тус газар гараараа цохисны улмаас тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан болох нь нотлогдож байна.

Гэтэл анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлэх ёстой атал хохирогчийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гэмтлийн эмчид үзүүлэхэд цууралттай байна гэсэн гэх нотолгооны эх сурвалжаа зааж чадаагүй, нотлох баримтад үндэслэгдээгүй / эмчид үзүүлсэн гэх баримтгүй/ мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8, 9, 15 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт Б.Г миний хөл рүү өшиглөсөн гэж мэдүүлэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас хойш 3 сарын хугацаа өнгөрсөн байхад одоо болтол хөхрөлт нь арилаагүй байгаа гэх мэдүүлгийг анхаарч үзэлгүй, хохирогчийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь хуульд нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэй” гэж заасан гэтэл шүүгчийн захирамжид яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхийг нь дурдаж өгөлгүй, үндэслэлгүйгээр эрхийг нь хязгаарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 304 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г-д холбогдох эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 24-03 тоот хашаанд байх Э.Б-н гэрт нь эр эмийн хардалт, үл ойлголцлын улмаас найз охин Г.Утэй маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Гыг хохирогч Г.Уийг зодсны улмаас хөлний яс нь цуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнээд мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг Орхон аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

 

Хавтаст авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Г.Уийн хохирогчоор удаа дараа  өгсөн ... шүүгдэгч Б.Гыг гараараа нүүр рүү удаа дараа цохисон...манай аав ээж Б нар хамт байсан... гэсэн мэдүүлэг, гэрч Э.Б-н ... Б.Г, Г.У хоёр бие биенээ хардаад байх шиг байсан. Г.Уийн аав ээж дүү нар нь ороод ирсэн. Б.Г ээжийнх нь хажууд хамар луу нь цохисон. Хамраас нь цус гарсан...гэсэн мэдүүлэг, гэрч З.О-н ... Б.Г, Г.У-ийн нүүр рүү 2 удаа гараараа алгадаж байх шиг байсан... гэсэн мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 83 дугаартай дүгнэлтээр Г.Уийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун шанаа, цээж, дээд доод мөчдөд зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

 

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ...тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт нь тус бүртээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...Шинэ гэмтэл байна гэсэн дүгнэлт зэргээс үзэхэд хохирогчийн хөлний яс цуурсан байж болох талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн ...хөлний шилбэний яс цууралттай гэсэн... гэдэг мэдүүлгийг үндэслэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хуралдаанд хохирогч Г.У ...хөл удаан алхахаар өвдөж хавдаж байгаа тул н.Э эмчид үзүүлэхэд цууралттай байна. Зураг авахуулах шаардлагатай гэсэн. Тэр өдөр Б.Г хөл рүү өшиглөсөн... гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэнд  ...хэсэг газрын үзлэгээр хохирогч Г.Уийн ...2 гар 2 хөлөнд 8 тооны 1х2 см ээс 5х6 см хүртэл хэмжээтэй хөхөрсөн зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтлүүд нь ... доод мөчдөд заасан эдэд цус хуралт ... гэж тогтоогдсон ба энэ гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээч ... бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ... гэж дүгнэлтээ гаргасан, хохирогч 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дээрх шинжээчийн дүгнэлттэй танилцаад санал гомдол байхгүй гэжээ.

 

Мөн хохирогчийн хөлөнд цууралттай гэдгийг нотолсон эмчийн магадлагаа, рентген зураг зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч гаргаж өгөөгүй байхад шүүгдэгч Б.Г зодсоны улмаас хохирогчийн хөлний яс цуурсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна гэж дүгнэж, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 304 дугаар захирамжийг  хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

           2.Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

 

           3. Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдож байгааг дурьдсугай.

 

           4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА