Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2020/ШЦТ/223

 

          

                                          

 

 

 

 

 

 

 

 

 

                   

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Хохирогч Г.Ууганцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Год холбогдох эрүүгийн 2025000330084 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г

          Орхон аймгийн Прокуророос, шүүгдэгч Б.Гыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 24-03 тоотод эр эмийн хардалт, үл ойлголцлын улмаас найз охин Г.Ууганцэцэгтэйгээ маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан /яллах дүгнэлтэд бичсэнээр/ гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Гын мэдүүлсэн “Гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байгаа. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрнө. Би хардаж цохисон нь үнэн гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Ууганцэцэгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн “ 2020 оны 1 сарын 1-нд хамаатны ахтай хардаж зодсон. Тэрнээс болж би ажлаасаа гарсан. Хамрын яс цөмөрч хугарсан. Хагалгаа хийх шаардлагатай гэсэн. Хөл рүү хэд хэд өшиглөсөн. Хугаралгүй боловч цаад ясанд цууралттай гэсэн. Ээж нь 450,000 төгрөг өгсөн. Одоо хамрын хагалгаанд орох 1,500,000 төгрөг нэхэмжилнэ. Улаанбаатарт 1-р эмнэлэгт очиж үзүүлсэн. Маш их очертой удаан хүлээх тул хувийн эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа 1,5 сая төгрөг болно гэсэн гэх мэдүүлэг,

-хохирогчийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн ...2019 оны 03 дугаар сараас албан ёсоор үерхэж эхэлсэн. Заримдаа бие биеийнхээ гэрээр очиж хонодог байсан. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Гын хамт Батдэлгэрийн гэрт очиж пиво уусан. Намайг хардаж нүүр нүдгүй цохиж зодсон... тухайн үед манай эцэг, эх намайг авах гэж ирэхэд Г эцэг, эхийн маань хажууд гараараа миний нүүр рүү олон удаа цохисон. Өмнө нь хардаж уурласан ч бэртэл, гэмтэл авахаар зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 12-15-р хуудас/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-7-р хуудас/

-Гэрч Б.Ганбатын  мэдүүлсэн...Би эхнэрийн хамт Наран багийн 24-03 тоотод яваад очтол манай охин Ууганцэцэг, Г болон тухайн айлын гэрийн эзэн, эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Ууганцэцэгийн дух, хацар, шанаа хэсэг нь хавдаж улайсан, гартаа цустай 00-н цаас атгасан байсан. Би юу болсон талаар асуухад Г над руу дайрч байгаад гараад явсан гэсэн .. эхнэр бид хоёр орон дээр Ууганцэцэгийг голдоо  суулгаад байж байтал гаднаас Г орж ирээд Ууганцэцэг рүү дайраад нүүр рүү нь гараараа цохисон чинь хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/

- Гэрч Э.Батдэлгэрийн мэдүүлсэн...Г Ууганцэцэгиийн хамар руу нь цохисон. Тэгээд хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/

- Гэрч З.Оюун-Номингийн мэдүүлсэн ...Г Ууганцэцэгийн нүүр рүү нь 2 удаа алгадсан. Тэгсэн Ууганцэцэгийн хамраас нь цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р хуудас/

-Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 83 дугаартай ...Г.Ууганцэцэгийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун шанаа, цээж, дээд доод мөчдөд зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. Тархи доргилт, хамрын ясны хугарал таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Шинэ гэмтэл байна..” гэх дүгнэлт / хх-ийн 28-р хуудас/

-Хохирогч Г.Ууганцэцэгийн хохирол зардлын баримтууд /хх-ийн 47-60-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыш шинжлэн судалхад дараахь үйл баримт тогтоогдлоо.

             Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран баг 24-03 тоотод эр эмийн хардалтаар шалтаглан  Г.Ууганцэцэгтэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа олон удаа цохиж биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруу, баруун шанаа, цээж, дээд доод мөчдөд зөөлөн эдэд цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, нэг шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.Гын бусдын биед санаатай халдаж хөнгөн гэмтэл учруулсан  энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  дүгнэлтээр “...Г.Ууганцэцэгийн  биед  тархи доргилт, хамрын ясны хугарал таславчийн муруйлт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна...” гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч, яллагдагчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугийн талаар маргахгүй байна.

Иймд  Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.                  

 Улсын яллагч шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ найз охин Г.Ууганцэцэгийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай. Хохирлын баримтыг үндэслэн нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ шүүх хуралдаанд, гэм буруугаа хүлээж байгаа. Орлогогүй, аав ээж нь тэтгэвэрт байдаг. Торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулж хэсэгчлэхээр тогтооно уу. Хохирлын баримт авагдаагүй, хүндрүүлэн мэдүүлэг өгч байгааг анхаарна уу гэжээ.

          Шүүгдэгчийн гэм буруутай байдал нотлогдож тогтоогдсон тул ял шийтгэгдсэн  эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж, хохирлоос төлсөн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулах үндэслэлтэй.

             Хохирол төлбөрийн тухайд, хохирогч Г.Ууганцэцэг нь хамрын хагалгаанд орох зардал 1,500,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хамрын ясны хугарал, таславчийн муруйлт зэрэг гэмтэл учирсан, өвчтөн илгээх хуудсаар Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт үзүүлсэн, хагалгаа хийх шаардлагатай болох нь амбулаторын картны эмчийн үзлэг хийсэн бичилтүүдээр нотлогдсон, хэргийн 47-р хуудаст авагдсан “Энхсонор заяа” эмнэлэгийн магадлагаагаар хагалгааны зардал 1,500,000 төгрөг болох нь тогтоогдсон зэрэг нөхцөл байдлыг үнэлэн, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс урьдчилан төлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин хохирогчийн эмчилгээний зардалд 450,000 төгрөг шүүгдэгч төлсөн талаар маргаангүй байна.

  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Х овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар Б.Год оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд  сард  50,000  төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.          

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Год энэ хэрэгт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд, өөр хэрэгт цагдан хоригдсоныг дурьдсугай.

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гоос 1,500,000 төгрөг гаргуулан хохирогч Б.Ууганцэцэгт олгосугай.

           

              6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг хуурцагийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдсугай.

 

            7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ