Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01269

 

 

 

 

 

 

 

 

 

    2021        05          11                                     101/ШШ2021/01269         

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 0 дүгээр хороо, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, С овогт Л.Т-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дүгээр байр, 0 тоот хаягт оршин суух, Ч овогт Б.М-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 18,307,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Т,

Хариуцагч Б.М,

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мандахтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Т миний бие нь Б.М-тай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг, хоногийн 45,000 төгрөгийн хүүтэй, 49 хоногийн хугацаатай байхаар тохиролцож зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу мөн өдөртөө 10,000,000 төгрөгийг Б.М-д бэлнээр хүлээлгэн өгсөн боловч тэрээр уг зээлээ төлөхгүй 2 жил болж байна.  

Б.М нь миний данс руу 200,000 төгрөг шилжүүлсэн гэх боловч үүнийгээ нотолж чадахгүй байх бөгөөд миний бие түүнээс мөнгө зээлэх хэмжээний хувийн харилцаагүй. Түүнийг зээлээ төл гэж шаардахад төлсөн төлбөр юм.

Зээлийн гэрээний дагуу Б.М-д 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүрэг шаардсан. Гэрээнд хүү төлөхөөр бичгээр тохиролцсон тул хүү шаардсан. Тэрээр 10,000,000 төгрөг зээлж авсан талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг, бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдсэн.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. 281.1: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282.1: “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ.” гэж тус тус заасантай нийцсэн зээлийн гэрээг Б.М-тай байгуулсан.

Дээрх гэрээнд нэг талаас иргэн Л.Т, нөгөө талаас иргэн Б.М оролцсон, иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ юм. Хэрэв ББСБ-тай гэрээ байгуулсан бол түүнээс нэмэгдүүлсэн хүү шаардах учиртай.

Зээлийн гэрээнд “Т ББСБ” ХХК-ийн тамга дарснаар түүнийг тухайн гэрээний оролцогч гэж болохгүй бөгөөд зээл өгч авсан үйл баримт, зээлийн гэрээний үгийн шууд утга агуулгаас харахад Л.Т миний бие зээлдүүлэгч буюу уг гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд болох нь тогтоогдоно.

Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул “Т ББСБ” ХХК нь  энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна.

Талуудын тайлбар, үйл баримтаар миний бие 10,000,000 төгрөгийг Б.М-д хүлээлгэж өгсөн болох нь тогтоогдоно.

Хариуцагч Б.М нь миний ажиллуулдаг ББСБ-иас зээл авсан гэх боловч өөрөө “хүү гэж Л.Т-н дансанд 200,000 төгрөг шилжүүлсэн” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

“Т ББСБ” ХХК-ийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад Б.М-тай байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй учир уг гэрээний үүргийг иргэний хувьд шаардах ёстой байсан байх гэж үзэж байна.

Миний бие өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагыг алданги гэж буруу тайлбарласан байна.

Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2019.08.27-ны өдрөөс 2021.01.22-ны өдөр хүртэлх хугацааны хүү 8,307,500 төгрөг, нийт 18,307,500 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч Г.Б-н хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.М миний бие нь иргэн Л.Т-ээс зээл аваагүй, харин “Т ББСБ” ХХК-иас 10,000,000 төгрөгийг, 49 хоногийн хугацаатай, хоногийн 45,000 төгрөгийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан.

Л.Т нь 2019.08.27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр Сансарын ХААН банкны АТМ-ээс мөнгийг бэлнээр авч, надад хүлээлгэн өгсөн.   

Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Л.Т биш гэж үзэж байна.

Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Т ББСБ” ХХК-иас Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлалд Б.М-д холбогдуулан гаргасан өргөдөлд дээр дурдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүсэлт, өргөдөл зэрэг баримтаар 10,000,000 төгрөгийг иргэн Л.Т-ээс бус, харин “Т ББСБ” ХХК-иас авсан гэдэг нь хангалттай нотлогдох болно.  

Б.М нь зээл авсан дээр маргаагүй. Гол нь ББСБ-тай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс үзэхэд Л.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

- Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид “Т ББСБ” ХХК нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Б.М-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг гаргуулахаар өргөдөл гаргасан байдаг.

Эвлэрүүлэн зуучлагчид ирүүлсэн зээлдэгчийн зээлийн картад Б.М-аас 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 5,000,000 төгрөг бэлнээр төлснийг үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүнээс хасч тооцсон талаар тусгасан байдаг.

Түүнээс гадна талуудын хоорондох гар утасны мессежинд энэхүү 5,000,000 төгрөгийн асуудал тусгагдсан байгааг үзлэг хийж бэхжүүлсэн. Мөн Л.Т-ийн өөрийнх нь өгсөн ХААН банкны .... тоот дансанд 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн.

Эдгээр баримтаас үзэхэд Банк бус санхүүгийн байгууллагатай 2019.08.27-ны өдрийн зээлийн гэрээ байгуулснаар тэрээр гэрээний үүрэг шаардсан, уг гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтөд 5,000,000 төгрөг төлсөн нь тогтоогдсоор байтал  иргэн Л.Т энэхүү гэрээг үндэслэн Б.М-аас гэрээний үүрэг шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна.

Эвлэрүүлэн зуучлалын явцад “Т ББСБ” ХХК, Б.М  нарын  эвлэрлийн гэрээг шүүх хуульд нийцээгүй гээд баталгаажуулахаас татгалзаж, уг ажиллагаа дууссан.

- Б.М-тай 2019.08.27-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг иргэн Л.Т, эсхүл ББСБ 2-т шаардах эрхийг хэн хэнд нь бий болгосноор тэд алданги, эсхүл нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхийг бий болгоод байж болохгүй. Энэ нөхцөл байдлаас үзэхэд уг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Л.Т нь 2021.01.22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа  алданги 6,102,500 төгрөг гэж нэмэгдүүлсэн мөртлөө өнөөдрийн шүүх хуралдаанд   хүү гэж тодотгосон нь түүний нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхээр байна. Гэтэл уг зээлийн гэрээнд анз, торгууль шаардах талаар тусгаагүй, харин нэмэгдүүлсэн хүүг тусгасан байдаг учир үүнийг нэхэмжлэх боломжтой.

“Т ББСБ” ХХК нь нэмэгдүүлсэн хүү нэхэмжлэх эрхтэй боловч иргэн Л.Т-ийн хувьд үүнийг нэхэмжлэх эрхгүй, мөн гэрээнд анз төлөхөөр заагаагүй тул алданги ч нэхэмжлэх эрхгүй байна.  

Иймд Б.М-аас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 8,307,500 төгрөг, нийт 18.307.500 төгрөг гаргуулах тухай Л.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хүү 8,307,500 төгрөг, нийт 18,307,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.  

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 10,000,000 төгрөгийг, 49 хоногийн хугацаатай, хоногийн 45,000 төгрөгийн хүүтэй зээлдүүлэх зээлийн гэрээний зээлдүүлэгч талд Л.Т, зээлдэгч талд Б.М тус тус гарын үсэг зуржээ.

 

/хх-ийн 4 тал/

 

Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч Б.М нь гэрээний зүйл болох 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Т-ээс бэлнээр хүлээн авсан байх ба зохигч үүнтэй маргаагүй болно. 

 

Хариуцагч Б.М нь уг зээлийн гэрээг “Т ББСБ” ХХК-тай байгуулсан, энэхүү гэрээ байгуулагдснаар 10,000,000 төгрөгийг тус ББСБ-ын гүйцэтгэх захирал Л.Т-ээс бэлнээр хүлээн авсан, гэрээний үүрэгт 5,000,000 төгрөгийг “Т ББСБ” ХХК-д буцаан төлсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.  

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д: “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”,

282 дугаар зүйлийн 282.4-т: “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан.

 

Үүнээс үзэхэд зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцохоор байна.

 

Хариуцагч Б.М нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Л.Т-ээс гэрээний зүйл 10,000,000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан талаар маргаагүй боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, талуудын хооронд үүрэг үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлага  үндэслэлгүй гэж тайлбарласан.

/хх-ийн 56-83 тал/

 

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр “Т ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Т нь 2019.08.27-ны өдрийн Б.М-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 12,312,094 төгрөг гаргуулах маргаанд эвлэрүүлэн зуучлал хийлгэхээр хандсан, ажиллагааны явцад талууд 2020.01.29-ний өдөр №49 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээг шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/03041 дугаартай захирамжаар баталгаажуулахаас татгалзжээ.

 

/хх-ийн 56-83 тал/

 

Түүнчлэн “Т ББСБ” ХХК нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Б.М-аас 17,177,900 төгрөг гаргуулах өргөдлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргасан боловч өргөдлөө татан авах хүсэлт гаргаснаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-т зааснаар 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан №295 дугаартай тэмдэглэл үйлдсэн байна.

/хх-ийн 56, 147 тал/

 

Дээр дурдсан баримтаас үзэхэд “Т ББСБ“ ХХК нь 2019.08.27-ны өдөр Б.М-тай байгуулсан зээлийн гэрээний үүрэг буюу нэхэмжлэгч Л.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээний үүргийг шаардаж байсан болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.  

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д: “Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна”, 198.2-т: “Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно” гэж заасан.

 

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д зээлийн зориулалт-эргэлтийн хөрөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ-үндсэн хүүгийн 20 хувь, 1.5-д энэхүү гэрээний 1.3-д заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд заасан төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд төлбөрийг бүрэн хийж дуусах хүртэл үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хугацаа хэтэрсэн хоногийн тоогоор тооцож төлнө. Төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлийн дараалалаар хийнэ гэж тусгасан, гэрээний зээлдүүлэгч талд “Т ББСБ” ХХК тамга дарсан байна.  

 

Дээрх гэрээгээр зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл гэсэн дараалалын дагуу төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д: “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасантай нийцэхээр байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас ирүүлсэн баримт, талуудын гар утасны мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь тогтоогдсонгүй гэж үзэв.

 

Иймд хариуцагч Б.М-аас үндсэн зээл 10,000,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацааны хүү 8,307,500 төгрөг, нийт 18,307,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.М-аас 18,307,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Т-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШЗ2021/00443 тоот захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр байхыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ