Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01062

 

 

Л.Тийн нэхэмжлэлтэй                                                                      иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/001269 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Тийн хариуцагч Б.Мд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 18 307 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Т миний бие Б.Мтай 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг, хоногийн 45 000 төгрөгийн хүүтэй, 49 хоногийн хугацаатай байхаар тохиролцож зээлдүүлсэн. Зээлийн гэрээний дагуу мөн өдөртөө 10 000 000 төгрөгийг Б.Мд бэлнээр хүлээлгэн өгсөн боловч тэрээр уг зээлээ төлөхгүй 2 жил болж байна. Б.М нь миний данс руу 200 000 төгрөг шилжүүлсэн гэх боловч үүнийгээ нотолж чадахгүй байх бөгөөд миний бие түүнээс мөнгө зээлэх хэмжээний хувийн харилцаагүй. Түүнийг зээлээ төл гэж шаардахад төлсөн төлбөр юм. Зээлийн гэрээний дагуу Б.Мд 10 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсан, талуудын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээний үүрэг шаардсан. Гэрээнд хүү төлөхөөр бичгээр тохиролцсон тул хүү шаардсан. Тэрээр 10 000 000 төгрөг зээлж авсан талаар маргадаггүй, хүлээн зөвшөөрдөг, бидний хооронд зээлийн гэрээ бичгээр хийгдсэн. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1,  282 дугаар зүйлийн 282.1, 281.4, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дах хэсэгт тус тус заасантай нийцсэн зээлийн гэрээг Б.Мтай байгуулсан. Дээрх гэрээнд нэг талаас иргэн Л.Т, нөгөө талаас иргэн Б.М оролцсон, иргэд хооронд байгуулагдсан зээлийн гэрээ юм. Хэрэв ББСБ-тай гэрээ байгуулсан бол түүнээс нэмэгдүүлсэн хүү шаардах учиртай. Зээлийн гэрээнд “Тэлмэнхас ББСБ” ХХК-ийн тамга дарснаар түүнийг тухайн гэрээний оролцогч гэж болохгүй бөгөөд зээл өгч авсан үйл баримт, зээлийн гэрээний үгийн шууд утга агуулгаас харахад Л.Т миний бие зээлдүүлэгч буюу уг гэрээний үүргийг шаардах эрхтэй этгээд болох нь тогтоогдоно. Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан тул “Тэлмэнхас ББСБ” ХХК нь энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Хариуцагч Б.М нь миний ажиллуулдаг ББСБ-иас зээл авсан гэх боловч өөрөө хүү гэж Л.Тийн дансанд 200 000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.”Тэлмэн хас” ББСБ ХХК-ийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад Б.Мтай байгуулсан эвлэрлийн гэрээг шүүх баталгаажуулаагүй учир уг гэрээний үүргийг иргэний хувьд шаардах ёстой байсан байх гэж үзэж байна Миний бие өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ нэмэгдүүлсэн шаардлагыг алданги гэж буруу тайлбарласан байна.Иймд зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, хүү 8 307 500 төгрөг, нийт 18 307 500 төгрөгийг хариуцагч Б.Маас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Тээс зээл аваагүй, харин “Тэлмэн Хас” ББСБ ХХК-иас 10 000 000 төгрөгийг, 49 хоногийн хугацаатай, хоногийн 45 000 төгрөгийн хүү төлөхөөр зээлийн гэрээ байгуулж авсан. Л.Т нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үндсэн дээр Сансарын ХААН банкны АТМ-ээс мөнгийг бэлнээр авч, надад хүлээлгэн өгсөн. Уг гэрээний дагуу нэхэмжлэгч нь Л.Т биш гэж үзэж байна. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Тэлмэн хас ББСБ” ХХК-иас Баянзүрх дүүргийн эвлэрүүлэн зуучлалд Б.Мд холбогдуулан гаргасан өргөдөлд дээр дурдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүсэлт, өргөдөл зэрэг баримтаар 10 000 000 төгрөгийг Л.Тээс бус, харин “Тэлмэн хас ББСБ” ХХК-иас авсан гэдэг нь хангалттай нотлогдох болно.Б.М нь зээл авсан дээр маргаагүй. Гол нь ББСБ-тай гэрээ байгуулсан гэж үзэж байгаа бөгөөд үүнээс үзэхэд Л.Т нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-т зааснаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Б.Маас 18 307 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322 820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

                Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргаж байна. Анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгосон зээл гэж үзсэн нь үндэслэлгүй.

“Тэлмэн хас ББСБ” ХХК нь 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Б.Маас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл гаргуулах өргөдлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргасан боловч өргөдлөө татан авах хүсэлт гаргаснаар эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа дуусгавар болсон. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн анхан шатны шүүх эвлэрүүлэн зуучлалд хандсан гэх баримтаас бусад хэрэгт авагдсан нотлох баримт болон хэргийн бодит байдлыг үнэлэхгүйгээр шийдвэр гаргасан байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Нэг талаас МУ-ын иргэн Лхагвын Тэмүүлэл, нөгөө талаас Чонс ургийн овгийн Батжаргалын Мөнхжаргал бид зээл олгох, авахаар тохиролцож энэхүү гэрээг байгуулав” гэж гэрээний талуудыг тодорхойлсон байдаг. Цаашлаад гэрээний гуравдугаар зүйлийн 3.9-д талуудын мэдээллийг оруулахдаа зээлдүүлэгч, зээлдэгч нарыг иргэн болохыг тодорхойлж, иргэний нэр, хаяг, утас, регистрийн мэдээллийг оруулсан байна. Хариуцагч Б.М нь “Тэлмэн хас ББСБ” ХХК-аас зээл авахаар хүсэлт гаргаж байгаагүй. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

                Нэхэмжлэгч Л.Т нь хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18 307 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

                Талууд 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг, 49 хоногийн хугацаатай, хоногийн 45 000 төгрөгийн хүүтэй зээлэхээр тохиролцож, тус өдрөө нэхэмжлэгчээс 10 000 000 төгрөгийг хариуцагчид бэлнээр өгсөн талаар талууд маргаагүй. /хэргийн 4 дүгээр тал/

                Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Анхан шатны шүүхээс талуудын эрх зүйн байдлыг буруу тодорхойлсон байх ба давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

                Тодруулбал, талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээний чөлөөт зарчмын хүрээнд зээлийн гэрээг байгуулсан байна.

                Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “Тэлмэн хас ББСБ” ХХК-тай гэрээ байгуулсан, уг гэрээнд “Тэлмэн хас ББСБ” ХХК тамга дарсан болон өмнө нь эвлэрүүлэн зуучлалд хандахдаа “Тэлмэн хас ББСБ” ХХК-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан гэх агуулгаар тайлбарлажээ.

                Хэдийгээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд “Тэлмэн хас ББСБ” ХХК-ийн тэмдэг дарагдсан байх боловч зээлийн гэрээг нэг талаас иргэн Л.Т, нөгөө талаас иргэн Б.М байгуулж гарын үсгээ зурсан, гэрээнд зээлдүүлэгч Л.Т гэж заасан байх тул гэрээний нэг талыг “Тэлмэн хас ББСБ” ХХК гэж үзэх үндэслэлгүй.

                Түүнчлэн, “Тэлмэн хас ББСБ” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд дээрх гэрээний үүргийг хариуцагч Б.Маас шаардаж, хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2020/03041 захирамжаар Эвлэрлийг гэрээ баталгаажуулахаас татгалзаж шийдвэрлэснийг, зээлийн гэрээний үүргийг “Тэлмэн хас ББСБ” ХХК шаардах эрхтэй гэж үзэх боломжгүй. /хэргийн 78-80 дугаар тал/         

Хариуцагч Б.М нь дээрх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10 000 000 төгрөг, зээлийн хүү 2 205 000 төгрөг, нийт 12 205 000 төгрөг төлөхөөс 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5 000 000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 200 000 төгрөг, нийт 5 200 000 төгрөгийг төлсөн гэх үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй. Талууд гэрээндээ хүү тооцох талаар заасан байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Маас зээлийн гэрээний төлбөрт 7 005 000 төгрөгийн гаргуулж, нэхэмжлэгч Л.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 302 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

                Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 1.1-д “нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг үндсэн хүүгийн 20 хувиар тооцох”-оор заасан байх боловч нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний тал бөгөөд зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд биш учир нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй.

                Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2021/01269 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Маас 7 005 000 төгрөгийн гаргуулж, нэхэмжлэгч Л.Тд олгож, нэхэмжлэлээс үлдэх 11 302 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дэх заалтын “үлдээсүгэй.” гэснийг “үлдээж, хариуцагч Б.Маас улсын тэмдэгтийн хураамжид 127 030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Тд олгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

                2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 910 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                             Г.ДАВААДОРЖ

                   

                                                            С.ЭНХТӨР