Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01808

 

 

 

 

 

 

 

 2021         06         14                                     101/ШШ2021/01808

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А.Х

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 5-т байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа, гуравдагч этгээд Д.Нансалмаа, түүний өмгөөлөгч Л.Нарандаваа, гуравдагч этгээд “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Х  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Х  миний бие иргэн Л.Нансалмаатай гэр бүл болж хамтран амьдарч байсан бөгөөд Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрээр бидний гэрлэлтийг цуцалж, уг шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар нэхэмжлэгч Л.Нансалмаа болон охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв талбай бүхий 1/нэг өрөө орон сууцыг тухайн үеийн /2020 онд/ ханшаар худалдан авч өгөх гэсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж бидний хүүхдүүд болох Х.Хонгорзул, Х.Чингүүн нар нь эхийн асрамжид амьдарч байсан бол 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл А.Х  надтай амьдарч байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалаар охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг эцэг нь болох А.Х  миний асрамжид үлдээхээр шийдвэрлээд байна. Уг шийдвэр, магадлалд Л.Нансалмаа нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улсын Дээд Шүүхэд гомдолд гаргасан байх бөгөөд уг хэрэг Улсын Дээд Шүүхийн Иргэний Танхимын зарим шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байсантай холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай байгаагийн улмаас хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа билээ. Улсын Дээд Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд миний бие охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт өгөх орон сууцны оногдох хэсгийг авч үлдэн орон сууцны Л.Нансалмаад оногдох хэсгийг төлөх хууль зүйн үр дагавар үүсэх билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан гүйцэтгэх баримт бичигт Л.Нансалмаагаас гадна миний охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг төлбөр авагч байхаар заасан байтал төрийн эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өнөөдрийг хүртэл төлбөр авагчаар тогтоолгүй зөвхөн хүүхдүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж амин хувиа бодож байгаа Л.Нансалмааг төлбөр авагч гэж үзэн түүний эрх ашгийг хамгаалж хууль зөрчсөөр байгаа билээ.

Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20360200/02 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14-р хороо 80-03 ба 80-01 тоот хаягт байрлах орон сууцнуудыг битүүмжилсэн байтлаа уг битүүмжлэлийг хүчингүй болгоогүй мөртлөө 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20360200/05 дугаар тогтоолоор миний бусдад бартераар худалдсан, төлбөрийг нь авч байсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/2 байр 100 тоот хаягт байрлах 52.47 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжилж, улмаар тухайн орон сууцыг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20360200/06 тоот тогтоолоор хууль бусаар хураан авсан. Түүний дараа шийдвэр гүйцэтгэгч “Сэлэнгэ Эстимэйт” гэх Хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилсон бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3/10267 тоот албан бичгээр шинжээч 98, 003,886 төгрөгөөр үнэлсэн талаар үнэлгээний мэдэгдлийг надад хүргүүлж, миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид уг мэдэгдлийг гардуулсан.

Миний бие шийдвэр гүйцэтгэгчийн шаардсанаар хөрөнгийг жагсаалтыг гаргаж өгөхдөө дээрх 52.47 м.кв орон сууцыг бусдад худалдсан талаар мэдэгдэж байсан ба 126,000,000 төгрөгөөр тооцон зарим төлбөрийг бартераар, зарим төлбөрийг мөнгөн хэлбэрээр авахаар тохиролцон худалдсан билээ.

Гэтэл дээрх хөрөнгийг анх битүүмжлэхээс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэж миний бие үзэж байгаа бөгөөд ийнхүү зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэнд миний бие гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 100 тоот хаягт байрлах Ү-2204079662 дугаарт бүртгэгдсэн 52.47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 98, 003, 886 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрийн 4 дэх хэсэгт А.Х аар “нэхэмжлэгч Л.Нансалмаа болон охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв талбай бүхий 1/нэг/ өрөө орон сууцыг тухайн үеийн орон сууцны ханшаар худалдан авч өгөх” гэж заасныг албадан гүйцэтгүүлсүгэй гэж шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч А.Х  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж 2 хүүхдээ өөр дээрээ авч, орон сууц худалдан авч өгөхөөс санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүртэл шүүхэд хандан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна.

Дээрхи шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 97/2 дугаар байрны 100 тоотод бүртгэлтэй 52.47 м,кв орон сууцыг битүүмжлэн хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:  

 

Нэхэмжлэгч А.Х  нь хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдуулан, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 100 тоот хаягт байрлах Ү-2204079662 дугаарт бүртгэгдсэн 52.47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 98,003,886 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн 2020 оны үнэлгээний тайланг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2087 дугаартай шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/09749 дугаартай захирамж, мөн өдрөөр огноотой 101/ГХ2020/00678 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, БХЗХТБАА 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 20360200/02 дугаартай тогтоолоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 80-03, 80-01 тоот хаягт байрлах орон сууцнуудыг битүүмжилж, 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 20360200/06 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолоор Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2-100 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2204079662 дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг хураан авч, шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаа тогтоож, үүргийг биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг төлбөр төлөгчид мэдэгджээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, төлбөр авагч, төлбөр авагч нарт хураагдсан эд хөрөнгүүдийн үнийн санал өгөхийг мэдэгдсэн эсэх баримт авагдаагүй, хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба энэ талаар нотлоогүй буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхигүй оролцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлээгүй. 

 

Гэвч гуравдагч этгээд Д.Нансалмаагийн гаргасан тайлбараас үзэхэд, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар өмчлөгч, төлбөр авагч нар үнийн саналаа тус тус гаргаж, харилцан тохиролцоогүй үйл баримт шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасан үндэслэлийг баримтлан, шинжээч томилсон нь үндэслэлтэй болжээ.

 

Шинжээч “Сэлэнгэ-эстимэйт” ХХК нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ, цэнийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар нийт 98,003,886 төгрөгөөр үнэлснийг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах алба 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 3/10267, 3/10241 дугаартай мэдэгдлээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар хүргүүлжээ.

  

Нэхэмжлэгч нь шинжээч “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-иас гаргасан үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан боловч нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар, нотлох баримтаар нотлоогүй.

 

Иймд шинжээчийн гаргасан үнэлгээг нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, хариуцагч нь хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                   ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 100 тоот хаягт байрлах Ү-2204079662 дугаарт бүртгэгдсэн 52.47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 98,003,886 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн 2020 оны үнэлгээний тайланг хүчингүй болгуулах А.Х ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА