Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01278

 

 

 

 

 

 

 

 

А.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01808 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлтэй, хариуцагч ШШГЕГ БХЗХТБАА-нд холбогдох, “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Төгөлдөр, гуравдагч этгээд Д.Нансалмаа, түүний өмгөөлөгч Л.Нарандаваа, гуравдагч этгээд “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Отгонбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 сарын 15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрээр А.Х-, Л.Нансалмаа нарын гэрлэлтийг цуцалж, уг шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар нэхэмжлэгч Л.Нансалмаа болон охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв талбай бүхий 1/нэг өрөө орон сууцыг тухайн үеийн /2020 онд/ ханшаар худалдан авч өгөх гэсэн зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш нөхцөл байдал өөрчлөгдөж бидний хүүхдүүд болох Х.Хонгорзул, Х.Чингүүн нар нь эхийн асрамжид амьдарч байсан бол 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл А.Х- надтай амьдарч байгаа бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 101/ШШ2020/01809 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 сарын 06-ны өдрийн 1523 дугаар магадлалаар охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг эцэг нь болох А.Х-ын асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Уг шийдвэр, магадлалд Л.Нансалмаа нь 2020 оны 08 сарын 04-ний өдөр Улсын Дээд Шүүхэд гомдолд гаргасан байх бөгөөд уг хэрэг Улсын Дээд Шүүхийн Иргэний Танхимын зарим шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байсантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай байгаагийн улмаас хэзээ эцэслэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байна. Улсын Дээд Шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд миний бие охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт өгөх орон сууцны оногдох хэсгийг авч үлдэн орон сууцны Л.Нансалмаад оногдох хэсгийг төлөх хууль зүйн үр дагавар үүсэх билээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэгт авагдсан гүйцэтгэх баримт бичигт Л.Нансалмаагаас гадна охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарыг төлбөр авагч байхаар заасан байтал төрийн эрх бүхий байгууллага Монгол Улсын Үндсэн хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан хүүхдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, өнөөдрийг хүртэл төлбөр авагчаар тогтоолгүй зөвхөн хүүхдүүдийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж амин хувиа бодож байгаа Л.Нансалмааг төлбөр авагч гэж үзэн түүний эрх ашгийг хамгаалж хууль зөрчсөөр байна. Шийдвэр гүйцэтгэгч 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 20360200/02 дугаар бүхий эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор А.Х-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 14-р хороо 80-03, 80-01 тоот хаягт байрлах орон сууцнуудыг битүүмжилсэн атлаа уг битүүмжлэлийг хүчингүй болгоогүй мөртлөө 2020 оны 10 сарын 13-ны өдөр 20360200/05 дугаар тогтоолоор бусдад бартераар худалдсан, төлбөрийг нь авч байсан Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, /13374/ 97/2 байр 100 тоот хаягт байрлах 52.47 м.кв 2 өрөө орон сууцыг битүүмжилж, улмаар тухайн орон сууцыг 2020 оны 10 сарын 19-ний өдрийн 20360200/06 тоот тогтоолоор хууль бусаар хураан авсан. Түүний дараа шийдвэр гүйцэтгэгч “Сэлэнгэ Эстимэйт” ХХК гэх Хөрөнгийн үнэлгээний компанийг шинжээчээр томилсон бөгөөд 2020 оны 11 сарын 05-ны өдөр 3/10267 тоот албан бичгээр шинжээч 98,003,886 төгрөгөөр үнэлсэн мэдэгдлийг А.Х-т хүргүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулсан. Шийдвэр гүйцэтгэгчийн шаардсанаар хөрөнгийн жагсаалтыг гаргаж өгөхдөө дээрх 52.47 м.кв орон сууцыг бусдад худалдсан талаар мэдэгдэж байсан ба 126,000,000 төгрөгөөр тооцон зарим төлбөрийг бартераар, зарим төлбөрийг мөнгөн хэлбэрээр авахаар тохиролцон худалдсан. Гэтэл дээрх хөрөнгийг анх битүүмжилснээс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан гэж үзэж байгаа бөгөөд ийнхүү зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэнд гомдолтой байна.

Иймд Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 100 тоот хаягт байрлах Ү-2204079662 дугаарт бүртгэгдсэн 52.47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 98,003,886 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 сарын 15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрийн 4 дэх хэсэгт А.Х-аар нэхэмжлэгч Л.Нансалмаа болон охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв талбай бүхий 1/нэг/ өрөө орон сууцыг тухайн үеийн орон сууцны ханшаар худалдан авч өгөх гэж заасныг албадан гүйцэтгүүлсүгэй гэж шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч А.Х- нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж 2 хүүхдээ өөр дээрээ авч, орон сууц худалдан авч өгөхөөс санаатайгаар зайлсхийж өнөөдрийг хүртэл шүүхэд хандан хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхгүй байна.

Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 13 дугаар хороолол 97/2 дугаар байрны 100 тоотод бүртгэлтэй 52.47 м.кв орон сууцыг битүүмжлэн хураан хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлсэн ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Л.Нансалмаа хариу тайлбартаа: 2012 онд гэр бүл цуцлах үед эвлэрлийн гэрээгээр 2 хүүхэд Л.Нансалмаагийн асрамжинд үлдэж, А.Х- нь 2020 онд 1 өрөө орон сууцыг тухайн үеийн ханшаар худалдан авч өгөхөөр тохиролцсон юм. Эрүүл мэндийн шалтгааны улмаас хүүхдүүдээ түр А.Х-т харууулсан боловч 2019 онд Л.Нансалмааг өмссөн хувцастай нь орон байрнаас хөөн гаргаж дахин хүчирхийлэл үйлдэж, 2 хүүхдийг өөрийн асрамжинд авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тэрээр хүүхдүүдийг өөр дээрээ байх хугацаанд Л.Нансалмааг элдвээр муулж, одоог хүртэл уулзуулаагүй байна. 2 хүүхдийг өөр дээрээ авах гэж нэхэмжилж байгаа нь байр өгөхгүй гэж зайлсхийсэн башир арга юм. Энэ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэлийн хэрэг 2020 оны 05 сард нээгдснээс хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа маш удаашралтай байсан учраас удаа дараа дээд шатны байгууллагад гомдол гаргаж маш их хөөцөлдсөн. Ингэж явж байхдаа шийдвэр гүйцэтгэгчтэй уулзахад А.Х- нь эд хөрөнгө битүүмжилсний дараа бусдад щлдан борлуулсан байсан гэж надад хэлж байсан болно. Орон сууцны үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.16.2, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус үндэслэн олон улсын үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, тохирох аргачлалын дагуу хийсэн байна. А.Х- нь хүүхдүүдийн асрамж шийдвэрлэх хэрэг хянан шийдвэрлэгдэж дуусаагүй байхад хууль зүйн үр дагаврыг урдаас тааварлах нь шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Иймд А.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Сэлэнгэ-Эстимэйт” ХХК-ийн тал хариу тайлбартаа: 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 11/61 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн тогтоолын дагуу А.Х-ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг 25 хороо, 13 хороолол, 97-2 байрны 100 тоот хаягтай 52.47 мкв 2 өрөө орон сууцыг 2020 оны 11 сарын 03-ны өдрийн байдлаар үнэлж, зах зээлийн нийт үнэ цэнийг 98,003,886 төгрөгөөр үнэлж гаргасан. Хөрөнгийн үнэлгээг гаргахдаа хууль болон стандарт бусад холбогдох журмын дагуу гаргасан. Үнэлгээний гол зорилго нь Иргэний хуулийн 117-д зааснаар дуудлага худалдаа явуулах зах зээлийн үнэлгээг тогтоож байгаа. Хөрөнгийн үнэлгээний тайланг 3 хандлагаар хослуулсан гаргахаар заасан. Ямар хандлагаар үнэлгээ гаргахаа үнэлгээчин өөрөө сонгох эрхтэй гэж заасны дагуу өртгийн болон зах зээлийн хандлагыг сонгож үнэлгээг гаргасан. Өртгийн хандлагаар 72,425,680 төгрөг гарсан. Зах зээлийн хандлагаар жишиг зүйлсийн аргаар хийсэн. Ижил бүтэцтэй, ойр байрлах хөрөнгөтэй жишиж гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 18 дугаар хуудаст үнийн дүнг харьцуулсан. Мэдээллийн эх сурвалжийг хавсаргасан байгаа. 2 өрөө орон сууц нь 2020 оны 11 сарын 03-ны өдрийн байдлаар 98,003,886 төгрөгийг гаргасан байна. Үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний хуулийг зөрчөөгүй үнэлгээг гаргасан учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах албанд холбогдох, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 97/2 байр 100 тоот хаягт байрлах Ү-2204079662 дугаарт бүртгэгдсэн 52.47 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 98,003,886 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ-эстимэйт” ХХК-ийн 2020 оны үнэлгээний тайланг хүчингүй болгуулах А.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхигүй оролцож, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн мөртлөө түүнийг хуульд заасан журмын дагуу ажиллагаа явуулсан гэж хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн үндэслэлийг заалгүйгээр, өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийсэн.

Нэхэмжлэгч нь М.Амарнасаад итгэмжлэл олгохоос өмнө анхан шатны шүүхэд нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг нотлох зорилгоор “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, уг гэрээний дагуу төлбөр шилжүүлсэн баримтыг хуульд заасан шаардлагыг ханган шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн талаараа болон шүүх түүнийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй талаар тайлбарлаж байсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд туссан байх учиртай. Зохигчийн хуульд заасны дагуу гаргаж өгсөн нотлох баримтыг үгүйсгэн хүлээж аваагүй атлаа нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэж заасан байтал хэргийн оролцогчийн гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэлгүй, ийнхүү аваагүй мөртлөө дээрх байдлаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна. Шүүх дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлбөр авэ(гч болох Л.Нансалмааг гуравдагч этгээдээр татсан явдал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байх бөгөөд бусдын хөрөнгийг хэрхэн үнэлэх нь төлбөр авагч Л.Нансалмаад огт хамааралгүй, түүний эрх, үүрэгт ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй юм.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журмыг ноцтой зөрчиж, нэхэмжпэгчийн итгэмжпэгдсэн төлөөлөгч М.Амарнасааг “Говьсүмбэр аймаг дахь Сум буюу сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн өдөр шүүх хуралдаан давхцсаны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг, холбогдох баримтыг хавсарган гаргасаар байтал хэргийн материалтай танилцах ч боломж олголгүйгээр хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн байх ба нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг ямар үндэслэлээр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн эсэх талаар шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт огт дурдаагүй байна. Анхан шатны шүүхийн энэхүү үйлдэл нь хэргийн оролцогчийн эрхийг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх зарчмыг тус тус ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 10 сарын 15-ны өдрийн 2087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтаар Л.Нансалмаа, А.Х- нарын “Капитал банк”-тай 2012 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан 67 тоот зээлийн гэрээний дагуу авсан зээлийн төлбөрийг хариуцагч А.Х- хариуцан төлж, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204042627 дугаартай А.Х- өмчлөгчөөр бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 25-р хороо, 13-р хороолол, 76-р байрны 72 тоот хаягт байршилтай 2 өрөө орон сууцыг “Капитал банк”-ны зээлийн барьцаанаас чөлөөлүүлж, нэхэмжлэгч Л.Нансалмаа болон охин Х.Хонгорзул, хүү Х.Чингүүн нарт Баянзүрх дүүрэгт байрлах 30-35 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг тухайн үеийн орон сууцны ханшаар худалдан авч өгөх, 69-54 УНС улсын дугаартай Митсубиши Лансер маркийн автомашиныг Л.Нансалмаад үлдээхээр харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх 30-33/

 

Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас явуулж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад төлбөр төлөгч А.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079662 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 97/2 байр, 100 тоот хаягт байршилтай, 52.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг үнэлүүлсэн ажиллагааг эс зөвшөөрч нэхэмжлэгч А.Х- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд гомдол гаргажээ. /хх 1-2/

 

Нэхэмжлэгч нь “бусдад бартераар худалдсан, төлбөрийг нь авч байсан орон сууцыг битүүмжлэн, хурааж, улмаар зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн” гэж шаардлагын үндэслэлээ тайлбарладаг бол хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргадаг. /хх 1-2, 22/

 

Мөн нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгч байгууллагаас явуулсан эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэлд дурдсан “...хөрөнгийг анх битүүмжлэхээс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бусаар явагдсан...” гэх тайлбарт эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Шийдвэр гүйцэтгэх байгууллага 2020 оны 05 сарын 28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж /хх 37/, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 10 сарын 19-ний өдөр хураан авч /хх 43-44/, улмаар 2020 оны 10 сарын 26-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийг үнэлгээчнээр томилжээ. /хх 47/

 

Хариуцагч байгууллагаас явуулсан дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нийцээгүй байх тул дараах үндэслэлээр уг ажиллагааг хүчингүй болгох нь зүйтэй байна: Үүнд:

 

а/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, хураагдсан эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг явуулахаар журамлажээ.

 

Гэтэл “Сэлэнгэ эстимэйт” ХХК-аар үнэлүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079662 дугаарт бүртгэлтэй 52.47 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн тогтоол хэрэгт авагдаагүй байна.

 

Тодруулбал, хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн 2020 оны 08 сарын 25-ны өдрийн 20360200/02 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-д эрхийн улсын бүртгэлийн Ү-20204063560 дугаарт бүртгэлтэй 62 м.кв талбай бүхий гурван өрөө орон сууц, Ү-2204070153 дугаарт бүртгэлтэй 49 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг тус тус битүүмжилсэн тухай дурдсан байх тул дээрх тогтоолоор Ү-2204079662 дугаарт бүртгэлтэй 52.47 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг битүүмжилсэн гэж үзэх боломжгүй. /хх 38-39/

 

б/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тохиолдолд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр журамлажээ.

 

Гэтэл хэргийн баримтаар төлбөр төлөгч А.Х-аас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар санал авсан тухай баримт авагдаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын алба нь төлбөр төлөгч А.Х-аас үнийн санал авах ажиллагааг хийгээгүй атлаа “үнэлгээг талууд харилцан тохиролцоогүй” гэх үндэслэлээр шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т заасан зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч А.Х-ын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийнхээ дагуу зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Хэргийн оролцогчдоос гаргаж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй гэж үзвэл хүлээн авах эсэхийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах тул “нотлох баримтыг шүүх хүлээн аваагүй” гэх, Л.Нансалмаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр авагч учир “Л.Нансалмааг гуравдагч этгээдээр татсан нь хуульд нийцэхгүй” гэх агуулгаар тус тус гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01808 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар А.Х-ын өмчлөлийн, Эрхийн улсын бүртгэлийн Ү-2204079662 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, 97/2 байр, 100 тоот хаягт байршилтай, 52.47 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 98,003,886 төгрөгөөр үнэлсэн “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2020 оны 11 сарын 03-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай” гэж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Х-т буцаан олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 07 сарын 08-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ИЧИНХОРЛОО

                                             

                ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР