Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2021/02537

 

 

 

 

 

                                                 2021        08          27

                     101/ШШ2021/02537

 

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 0 тоот хаягт оршин суух, Б.С /рд:/-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 0 тоот хаягт оршин суух, А.Ч /рд:0/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баян монгол хороолол, 401 дүгээр байр 0 тоот хаягт оршин байрлах, “Б Т Б к” ХХК/рд:0/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, 4 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Цэдэн овогт Э.Б /рд:0/,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагч “Б Т Б к” ХХКболон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч “Б Т Б к” ХХК-ийн  өмгөөлөгч Р., хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018 оны 2 дугаар сард Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцанд ажил гүйцэтгэх гэрээний дагуу тухайн барилгад цахилгаан угсралтын ажлыг хийсэн. Энэ үед тус барилгад барилгын өрлөг, заслын ажлыг хийж байсан А.Ч гэх залуу “...би энэ ажлыг хийж өгөөд ажлын хөлсөнд нь гурван байр авч байгаа. Та 9-р давхрын зүүн

талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 70,000,000 төгрөгөөр надаас худалдаж авах уу, дүүд нь мөнгө хэрэгтэй байна дүү нь ажлаа хурдан дуусгамаар байна. Бас хамт ажил хийж байгаа хүмүүсийн цалин мөнгийг ч өгөх хэрэгтэй байна” гээд гуйгаад байхаар нь би тухайн үед “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал Ж-Э болон инженер Бум-Дүүрэн гэх хүмүүстэй уулзаж энэ байрны 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чоос худалдаж авч болох талаар асуухад “...тийм ээ болно. А.Ч нь хийж байгаа ажлынхаа хөлсөнд гурван орон сууц манай компаниас авч байгаа нь үнэн тэрний нэг нь 9-р давхрын зүүн талын 74.19 м.кв талбай бүхий 3-н өрөө орон сууц мөн, орон сууцны худалдах үнэ бол надад огт хамаагүй миний ажил хурдан дуусч л байвал худалдах үнэ, хөлсөө та хоёр өөрсдөө тохир” гэсэн.  Ингээд миний хувьд ямар ч байсан тухайн орон сууцыг худалдаад авахад алдах зүйлгүй, ямар нэгэн маргаан байхгүй, эрхийн зөрчилгүй асуудалгүй юм байна гэж бодоод хүүхдийнхээ хашаа байшинг 25,000,000 төгрөгөөр зараад дээр нь өөрөөсөө 5,000,000 төгрөг нэмээд 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр А.Чын хаан банкны дансруу 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Дараа нь А.Чтой харилцан тохиролцож өөрийн өмчлөлийн 15-75 УНМ улсын дугаартай Tоёото приус-30 маркийн автомашиныг 15,000,000 төгрөгөөр тооцож 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр А.Чтой хамт ажилладаг дүүгийнх нь нэр дээр шилжүүлж өгсөн.  Үүнээс хойш 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 15,000,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 2,000,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарьш 12-ний өдөр 100,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 100,000 төгрөг,  2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 6,900,000 төгрөгийг тус тус А.Чын хаан банкны дансруу шилжүүлсэн.

2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Ч бид хоёр гэрээ байгуулж, миний зүгээс орон сууцны төлбөр болох 70,000,000 төгрөгийг тухайн өдөр бүрэн барагдуулж дууссан. 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр А.Ч нь “Би Ти Би Констракшн” ХХК-тай орон сууцны байшин худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талаар надад хэлсэн. Үүнээс хойш удалгүй 2018 оны 12 дугаар сард тухайн байр ашиглалтад орж, манай хүүхэд С.Баасанхүү нь эхнэр хүүхдийн хамтаар тухайн байранд нүүж орсон. Нүүж ороход орон сууцны талаар ямар нэгэн маргаан хэл ам гараагүй өнөөдрийг хүртэл тухайн орон сууцанд миний хүүхдүүд амьдарч, орон сууцныхаа СӨХ, ашиглалт, цахилгаан болон кабелын телевизийн гэх мэт төлбөрүүдийг тогтмол төлж, шударгаар эзэмшиж, ашиглаж амьдарч байна.

Байр ашиглалтад орсноос хойш миний зүгээс орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авах талаар “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал Жаргалан- Энхтэй уулзах болгонд “...би А.Чтой тооцоо нийлж дуусаад өмчлөх эрхийн гэрчилгээг чинь өгнө гэхээс өөр зүйл хэлдэггүй. Харин А.Чтой уулзах болгонд “...би Ж-Э захиралтай ямар нэгэн тооцоо байхгүй танай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх ёстой, гаргаж өгнө гэж байсан гаргаж өгөөгүй юм уу” гэх мэт зүйл ярьж, бие биерүүгээ түлхээд хоёр өөр юм ярьж орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хэн нь шилжүүлж өгөх нь мэдэгдэхгүй өнөөдрийг хүрлээ. Энэ орон суудны өмчлөх эрхийг гэрчилгээг гаргуулж авах асуудлаар жил гаран араас нь явсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй учир аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд иргэн А.Ч болон “Б Т Б к” ХХКнараас Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 92б байрны 9 давхрын 42 тоот 79.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу тус шүүхээс маргаан бүхий орон сууцтай холбоотой үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад маргаан бүхий орон сууцыг 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “Би Ти Би Констракшн” ХХК-ний захирал М.Ж-Э түүний эхнэр Э.Б нар нь орон сууц захиалгын гэрээ хийж 2019 оны 04 дүгээр сарын 10-ний өдөр орон сууцыг Э.Бгийн нэр дээр ордерыг гаргуулах тухай хүсэлт гаргаж, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.Бгийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Ү-2204101409 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан байна. Бодит байдал дээр тус маргаан бүхий орон сууцыг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Би Ти Би Констракшн” ХХК-ний захирал М.Ж-Э, А.Ч нар нь орон сууц худалдах худалдан авах гэрээ хийж, тус орон сууц нь А.Чын эзэмшилд бүрэн шилжсэн. Мөн тухайн өдөр буюу 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Б.С миний бие А.Чтой тус орон сууцыг 70,000,000  төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, худалдах-худалдан авах гэрээ байгуулж,  тус маргаан бүхий орон сууцны эрх, үүрийг шилжүүлэн авч, 2018 оны 12 дугаар сард анх ашиглалтад орсон үеэс эхлэн тухайн орон сууцад өнөөдрийг хүртэл шударгаар эзэмшиж, ашиглаж, амьдарч байгаа болно. Гэтэл тухайн үед барилга барих хүнгүй, хөрөнгө оруулалт байхгүй байх үед “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал М.Ж-Э, А.Ч нар барилгын бүх ажлаа надаар хийлгэсэн. Тэгээд таны орон сууцны ордерыг удахгүй гаргаж өгнө гэж хэлж байсан хүмүүс дараа нь утсаа авахгүй, уулзах бүрд надад хамаагүй гэх мэтээр бие биелүүгээ түлхэж, хоорондоо үгсэн хуйвалдаж иргэн намайг хохироож байгаад миний бие гомдолтой байна. Миний зүгээс энэ орон сууцыг худалдан авахын тулд хүнээс мөнгө зээлж, хүүхдийнхээ хашаа байшин, өөрийн авто машин зэрэг бүх зүйлээ зарж байж авсан. Одоо энэ орон сууцад миний хүүхэд эхнэр хоёр хүүхдийн хамтаар амьдарч байгаа. Миний бие өөрөө хүртэл орох оронгүй байр түрээслэн амьдарч, хүүхдүүдээ орох оронтой очих хаягтай болгох гэсэн үүднээс тус байрыг худалдан авсан. Миний хувьд тус орон сууцыг анх ашиглалтад орохоос өмнө худалдан авч, ашиглалтад орсон цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл манай хүүхдүүд амьдарч байгаа. Иймд Б.С миний зөрчигдсөн эрхийг сэргээж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 42 тоот 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.С намайг тогтоож өгнө үү гэв.

 

Гуравдагч этгээд Э.Б нь Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл А.Ч нь “Би Тй Би Констракшн” ХХК-ийн захирал М.Ж-Этэй харилцан тохиролцож, ажил хийж гүйцэтгэсний төлбөрт худалдан авах тухай худалдах-худалдан авах гэрээг байгуулсан талаарх үйл баримтын талаар гуравдагч этгээд Э.Б болон хэн аль нь мэдэж байсан, мэдэх боломжтой байсан бөгөөд хэргийн материалд талуудын хооронд байгуулсан гэрээ тодорхой байгаа 2019 дүгээр 03 дугаар сарын 15-ны өдөр “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал М.Ж-Э анхнаасаа бус хөнгөмсгөөр хандаж, түүнийг илэрнэ гэж урьдаас тооцож, хүсэл зоригоо илэрхийлэн хийсэн хэлцэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм. Иймд “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал М.Ж-Э түүний эхнэр авдагч этгээд Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХКшүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус шүүхэд хандан гаргасан А.Ч болон “Б Т Б к” ХХКнарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “Б Т Б к” ХХКнь иргэн Б.Стай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот 75.68 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй, иргэн болон “Би Ти Би констракшн” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах хэлцэл нь гэрээний дагуу явагддаг. “Би ти би констракшн” ХХК-тай Б.С ямар нэг гэрээ хийгээгүй. Б.С нь “Би ти би констракшн” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/13 тоот гэрээгээр 9 давхар барилгын 3250 м.кв талбайн цахилгааны ажил хийхээр тохирсон. Ажлын хөлсөө 1 м.кв-ыг нь 1,000 төгрөгөөр тооцож, 32,500,000 төгрөгийн гэрээ байгуулсан. Уг ажлын хөлсөнд нь тооцож бартераар орон сууц өгөхөөр тохиролцож, уг орон сууцыг Б.Сд өгсөн ба уг орон сууцаа Б.С нь өөрийн эхнэрийн дүү гэх н.Банзрагчийн нэр дээр шилжүүлүүлсэн болно. Өөрөөр манай компанийн зүгээс Б.Стай харилцан тохиролцож, орон сууц худалдсан зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ гэдэг бол нэг байгууллагын нэрийн өмнөөс хэн нэг этгээд дур мэдэж байгуулдаг зүйл биш. Гэтэл Б.С нь А.Чтой байгуулсан гэрээг үндэслэж манай компаниас орон сууц шаардаад байна. А.Ч манай барилгад ажил гүйцэтгэхээр тохиролцсон байсан боловч ажлаа бүрэн дуусгаагүй, ажлаа  дүгнээгүй, улсын комисс ажиллахад оролцоогүй. Б.С энэ бүх хугацаанд “Би Ти Би констракшн” ХХК–тай харилцаатай байсан. Б.С нь маргаан бүхий орон сууцны мөнгийг ямар нэг байдлаар төлнө гэсэн тул бид байрандаа оруулж амьдруулсан. Ингэхдээ А.Чтой ажил гүйцэтгэх гэрээний дагуу түүнд байр олгогдохгүй гэдгийг хэлсэн. Удаа дараа н.Ж-Э нь Б.Стай уулзаж үүнийг хэлж байсан. А.Чтой нэхэмжлэгч Б.С нь холбоотой ба нийлж  ашиг хонжоо олох гэсэн л үйлдэл байх. Төлбөрөө яаж төлөх асуудлаа шийдэх юм бол гуравдагч этгээдээс Б.Сд орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлж өгөх эрх нь нээлттэй. Орон сууцны төлбөр төлсөн гэх мөнгө нь “Би ти би констракшн” ХХК-д биш, А.Чд төлсөн гэх мөнгө байна. Ямар үндэслэлээр 70,000,000 төгрөгт тооцож орон сууц авах гээд байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Авах санаа зорилго байсан бол ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаад, хүлээлгэж өгөөд, ажлын хөлсөнд бартераар энэ орон сууцыг авах гэж байна гэсэн нөхцөл үүссэн үед л худалдаж авах эрх нээлттэй. Ажил дуусаагүй байхад яагаад А.Чтой гэрээ хийгээд байна вэ. н.Ж-Этэй өдөр бүр л уулзаж байсан шүү дээ.   “Би ти би констракшн” ХХК-иас  Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 0 тоот 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг А.Чд худалдахаар тохиролцсон нь үнэн. Гэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүргээ буюу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул Би ти би констракшн ХХК өөрийн байрыг өөр хэн нэгэнд шилжүүлэх нь байгууллагын эрх. Тухайн үед нь Б.С бүртгэлийн үнэн зөвтэй холбоотой маргаан үүсгэх эрх нь нээлттэй байсан. Б.С төлбөрийг нь төлнө гээд л орон сууцанд орчихсон. А.Ч нь авч байгаа байрныхаа мөнгийг нь төлж чадахгүй юм байна, Б.С төлөх юм байна гээд л оруулсан. Э.Бгийн хөрөнгийг бусдын өмнөөс худалдах эрх, нэхэх эрх байхгүй. Би ти Би констракшн ХХК, Б.С нарын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй. Худалдах-худалдан авах гэрээ бичгээр хийгдэнэ, бүртгэлийн газар бүртгэгдэж байж хуучин өмчлөгчөөс шинэ өмчлөгчид очиж байж өмчлөгч болно гэж хуульд заасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас “Би Ти Би констракшн” ХХК-тай холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Маргаан бүхий орон сууц нь н.Ж-Эийн эхнэр Э.Бгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. Миний бие нь хоригдож сэтгэл санаа тогтворгүй байгаа учир тайлбар бичиж чадахгүй байна. Иймд өмгөөлөгч авч хариу тайлбар гаргах өгөх болно. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий орон сууцны гэрчилгээ Э.Бгийн нэр дээр гарсанд маргаагүй. Улсын комисс хүлээн авснаас хойш Б.С ажиллаж байсан гэдгийг хариуцагч талаас үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүй. н.Ж-Этэй амаар тохиролцсоны үндсэн дээр өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч амьдарч байна. 10 жилийн боловсролтой хүн шүүхэд үг болон үйлдлээрээ хуурамч баримт бүрдүүлье гэх бодол байхгүй. “Би Ти Би констракшн” ХХК-ийн захирал н.Ж-Э нь орон сууцны үнийг А.Чоор дамжуулан Б.Сгаас авч, уг мөнгөө тухайн үеийн барилгын зардал болон үйл ажиллагаанд зарцуулагдсан нь гэрчүүдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Худалдах-худалдан авах гэрээ хийгээгүй ч гэсэн танихгүй хүнийг 2 жилийн хугацаанд барьсан байрандаа 3 жил амьдруулсны дараа ордер гаргаж өгье гэх гэнэн цайлган компани байхгүй. Б.Сд өмчлөлийн гэрчилгээг гаргаж өгөөгүйн үүднээс өнөөдрийн асуудал үүсч байна. 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн н.Ж-Э, А.Ч нарын орон сууц худалдах-худалдан авах гэрээнд н.Ж-Э өөрөө гарын үсэг зурж, тамга дарсан байдаг, үүнийг үгүйсгэсэн баримт гаргахгүйгээр нотлогдоно. Б.Сгийн нэхэмжлэлийн шаардлагыг миний бие дэмжиж байна. “Б Т Б к” ХХКнь анхнаасаа уг орон сууцыг Б.С худалдан авч байгааг мэдэж байсан учраас өнөөдрийг хүртэл орон сууцандаа амьдруулсаар байна. Өнөөгийн зах зээлийн нийгэмд орон сууцны төлбөр төлөөгүй хүнийг 2 жил байтугай 2 сар ч үнэгүй амьдруулаад байх компани байхгүй. А.Ч нь Баянзүрх дүүрэг, 22-р хороо, 92б байрны 9 давхрын 42 тоот 75.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг “Би Ти Би констракшн” ХХК-ийн барилгын ажил гүйцэтгэж өгсөний хөлсөнд тооцож худалдан авахаар тохиролцож, уг орон сууцаа цаашаа Б.Сд худалдахаар тохиролцсоныг бүгд мэдэж байгаа. Энэ тохиролцоог “Би Ти Би констракшн” ХХК-ийн захирал н.Ж-Эийн зөвшөөрлийн үндсэн дээр хийгдсэн. Иймд өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХКшүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Б Т Б к” ХХКнь иргэн М.С-тай өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтанд оруулсан Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74.19 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг байгуулаагүй. Б.С болон “Би Ти Би констракшн” ХХК-ийн хооронд ямар нэгэн гэрээний үүрэг хариуцлага үүсээгүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах тухай тохиролцоог манай байгууллага иргэн А.Чтой хийж улмаар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээг 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан. Гэтэл хариуцагч Б.С нь манай байгууллагатай гэрээ хэлцэл байгуулаагүй, орон сууцны төлбөрт нэг ч төгрөгийн төлбөр төлөөгүй атлаа тухайн хаягт байрлах манай компаний өмчлөлийн орон сууцыг 2018 оны 12 дугаар сараас хойш хууль бусаар хүү С.Б-гийн хамтаар эзэмшиж оршин сууж байгаа болох нь нэхэмжлэгч М.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл тайлбараар тогтоогдож байгаа болно. Иймд манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж буй тул уг орон сууцыг М.Самдангийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан. Уг шаардлагаа Б.С болон Би Ти Би констракшн” ХХК-иудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгохоор өөрчилж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч Б.Сгаас сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

“Би Ти Би Констракшн” ХХК-ийн хувьд А.Чтой харилцан тохиролцож ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тус орон сууцыг өгөхөөр харилцан тохиролцож 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр мөн орон сууц байшин худалдах худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Миний хувьд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр А.Чтой гэрээ байгуулж тус орон сууцны эрх, үүргийг шилжүүлж авсан. “Би Ти Би Констракшн” ХХК-ийн захирал н.Ж-Э, А.Ч нараас энэ 2018 оны 06 дугаэр сарын 16-ны өдөр байгуулсан “Орон сууцны байшин худалдах худалдан авах гэрээ”-г өөрчилж миний нэр дээр болгох талаар шаардахад н.Ж-Э захирал болон А.Ч нар нь ямар нэгэн асуудал байхгүй барилга орсны дараа орон сууцны гэрчилгээг чинь гаргаж өгнө гэж байсан учир миний бие нээх юм бодоогүй учир нь тус орон сууцанд миний бие ажил хийж гүйцэтгэж байсан огт таньж мэдэхгүй, танихгүй хүнээс орон сууц худалдаж авсан бол нэг өөр хэрэг байх. Мөн тэнд байсан хамт ажил хийж байсан хүмүүс бүгд мэдэж байгаа ер нь гадуур баригдаж байгаа барилга ихэнхи нь бартерээр буюу орон сууц өгч ажлаа хийж гүйцэтгүүлдэг. Гэтэл Ти Би Констракшн” ХХК нь өнөөдөр ажлаа хийлгүүлчихээд тус орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхгүй өнөөдрийг хүртэл Б.С намайг хохироож байна. Миний хувьд Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92 б байрны 42 тоот 74.19 кв.м сууцыг анх орсон цагаас нь эхлэн төлбөрөө бүрэн төлж өнөөдрийг хүртэл тус сууцыг шударгаар эзэмшиж, ашиглаж ирсэн. Иймд Б.С миний бие шударга эзэмшигч тул хариуцагч “Би Ти Би Констракшн” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож тус орон сууцны өмчлөгчөөр Б.С намайг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбартаа:

 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр улсын комисст хүлээлгэн өгөөгүй болохоос 90 хувь хүртэл нь А.Ч ажилласан. А.Ч “Б Т Б к” ХХКнарын хооронд төлбөр тооцооны асуудал байхгүй. А.Ч 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ хийж, Б.Сд шилжүүлэх зөвшөөрлийг н.Ж-Эээс авсан тул Б.Сд шилжүүлсэн. “Би ти Би констракшн” ХХК-тай А.Ч өр төлбөрийн асуудал байхгүй. Өр төлбөр нь бол н.Ж-Э-д Б.Сд гэрчилгээ гаргаж өгөх талаар А.Ч сануулж хэлж байсан. Б.Сг 3 жил ажиллуулсан, түүнээс авсан 70,000,000 төгрөгөөс өөртөө огт наалгүйгээр н.Ж-Ээд өгсөн. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

            Гуравдагч этгээд Э.Б шүүхэд гаргасан бие даасан шаардлага болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б байрны 42 тоот орон сууцыг Б.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү. Э.Б нь нэхэмжлэгч Б.Стай Баянзүрх дүүргийн 22-р хороо, 92б байрны 42 тоот 74,19 м.кв талбатгай үл хөдлөх эд хөрөнгийг худалдах , худалдан авах гэрээг байгуулаагүй тэдний хооронд ямар нэгэн үүргийн хариуцлага үүсээгүй бөгеөд харин гуравдагч этгээдийн өмчлөлийн орон сууцанд 2018 оны 12 дугаар сараас хойш нэхэмжлэгч тал хууль бусаар оршин сууж хууль ёсны эрх ашгийг нь хөндөж буй тул уг орон сууцыг Б.Сгийн хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:

Иргэний хуулийн 114 дүгээр зүйлд эд хөрөнгийг шударгаар өмчлөх талаар заасан. Барилгын хөрөнгө оруулагч нь Э.Б. Тэрээр уг орон сууцыг Б.Сг худалдан авч байгаа үйл баримтыг мэдэж байсан, мэдэх боломжтой байсан. Хөрөнгө оруулсан мөнгөндөө аль байрыг авах байсан талаар Э.Б мэдэх боломжтой. Хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т заасан хэлцэл юм. Бусдын эд хөрөнгийг захиран зарцуулж байгаа нь хууль бус. Мөн тэрээр н.Ж-Э-ийн эхнэр нь байсан. Би ти би констракшн ХХК, А.Ч нарын гэрээг болон Б.Сд шилжүүлсэнг Э.Б мэдэж байсан. Гэтэл өнөөг хүртэл эрх нь зөрчигдөж байхад шүүхэд хандаагүй байгаа нь ойлгомжтой байна гэв.

 

Хариуцагч А.Чын итгэмжлэгдсэн төлөөлөгч бие даасан шаардлагад холбогдуулан гаргасан тайлбартаа:

Байр авч буй хүн байраа очиж үзнэ. Гэтэл Э.Б очихгүйгээр авсан, хэдэн төгрөгөөр авсан нь мэдэгдэхгүй байна. н.Ж-, Э.Б нарын үйлдэл нь Б.Сд хохирол учруулсан үйлдэл. Ямар ч хүн авах гэж байгаа байраа очиж үздэг. 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байрыг н.Ж-Э-ээс авсан боловч Б.Сг амьдарч байсныг мэдэхгүй байна гэх зүйл байхгүй тул Б.Сг хохироох үйлдэл гэж харахаар байна гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б Т Б к” ХХКболон А.Ч нарт холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б Т Б к” ХХКболон Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар өөрчилсөн.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч “Б Т Б к” ХХКболон А.Ч нарт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг, хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-д холбогдуулан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус гаргасан гэж шаардлагаа тодруулсан.

 

Хариуцагч “Б Т Б к” ХХКнь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Б.Стай гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгохоор өөрчилсөн.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Э.Бгаас нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага гаргасан.  

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд,

 

Хариуцагч “Б Т Б к” ХХКнь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд 43 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байх ба уг барилгын ажлын өрлөг, шавар, заслын ажлыг хариуцагч А.Чын эзэмшлийн “ММОч” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан байна. Уг гэрээний ажлын хөлсийг нийт 123,302,100 төгрөгөөр тохиролцсон байх ба уг ажлын хөлсний оронд тухайн баригдах барилгаас орон сууц өгөхөөр тохиролцжээ. /хх-ийн 214-218 дугаар тал/

Дээрх тохиролцооны дагуу орон сууцыг А.Чын ажлын хөлсөнд тооцож шилжүүлэхийн тулд 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч “Б Т Б к” ХХКболон А.Ч нар орон сууцны байшин худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр “Б Т Б к” ХХКнь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэх, А.Ч нь орон сууцны үнэд нийт 92,737,500 төгрөг төлөхөөс гэрээ байгуулсан өдөр 12,600,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгах нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 38-41 дүгээр тал/

 

Үүний дагуу барилгын өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгэгч “ММОч” ХХК-ийн захирал А.Ч нь ажлын хөлсөнд авах орон сууц болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг цаашаа нэхэмжлэгч Б.Сд худалдахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6 дугаар тал/

 

Ингээд А.Ч, Б.С нар мөн 2018 оны 06 дугаар сарын 16-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, А.Ч нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг шилжүүлэх, Б.С нь орон сууцны үнэд 70,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон. Уг гэрээний үнэд Б.С нь 55,000,000 төгрөгийг дансаар А.Чд шилжүүлж, 15,000,000 төгрөгт тооцож Тоёото приус-30 маркийн автомашиныг А.Чын хүсэлтээр түүний хамаарал бүхий этгээдэд шилжүүлж, орон сууцны үнийг бүрэн төлсөн үйл баримтын талаар Б.С, А.Ч нар маргаагүй. Мөн уг үйл баримт хэрэгт авагдсан Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тус тус тогтоогдсон. /хх-ийн 6, 9-19, 86-87 дугаар тал/

 

Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 0 тоотод байрлах 74.19 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.Сгийн хүү болох С.Б нь гэр бүлийн хамтаар 2018 оны 12 дугаар сараас эзэмшиж, одоог хүртэл амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, цахилгаан болон орон сууцны ашиглалтын төлбөр төлсөн баримтуудаар тогтоогдсон. /хх-ийн 5, 151-165 дугаар тал/

 

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар талуудын маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг “Би  Б к” ХХК-тай 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Э.Б нь орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн байна. Улсын бүртгэлд маргаан бүхий орон сууцны талбайн хэмжээг 75.68 м.кв гэж бүртгэжээ. /хх-ийн 62-67 дугаар тал/ 

 

Хариуцагч А.Чоос “...Б Т Б к” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авах ёстой орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд өгөхөөр тохиролцсон ба үүнийг хариуцагч “Б Т Б ” ХХК-ийн захирал М.Ж-Э зөвшөөрсөн, тэрээр орон сууцны өмчлөх эрхийг Б.Сд өгнө гэсэн тул Б.Стай гэрээ байгуулсан...” гэж,

 

Нэхэмжлэгч Б.С нь “...“Би Т Б ” ХХК-ийн захирал М.-Э-ээс уг орон сууцыг А.Ч авч байгаа эсэхийг тодруулж, А.Чын ажлын хөлсөндөө авах уг орон сууцыг худалдан авч болох эсэхийг асуухад тэрээр А.Чын хэлсэнийг бататгаж, надад орон сууцыг худалдахыг зөвшөөрсөн тул А.Чтой гэрээ байгуулж, орон сууцны үнийг А.Чд төлсөн” гэж тус тус тайлбарласан.

 

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон этгээд болох Б.Батмагнайгаас “...барилга барихад А.Ч нь тухайн үед санхүү тааруу байсан тул бартераар байр авч, үнээ буулгаж байсан. Би нэг удаа оффис руу ороход А.Ч, Б.С, М.Ж-Э гурав А.Чын бартерын байрыг Б.С авахыг зөвшөөрч байсан. Б.Стай аль байранд бартерийн гэрээ хийж байгааг мэдээгүй” гэж,

Гэрч Х.Ганболдоос “...Би “Би Ти Би констракшн” ХХК-д 2019 оны 01 дүгээр сард ажилд орсон. А.Ч нь бартераар 2 байр гаргуулсан. С.Баасанхүүгийн амьдарч байгаа 42 тоот орон сууцыг А.Чд өгөх ёстой мөнгө орж ирнэ гэж М.Ж-Э хэлсэн. А.Чоос мөнгө орж ирвэл Б.Сд байрыг өгнө. А.Чын ажлын хөлсөнд 2 ширхэг байр өгнө гэж байсан” гэж тус тус мэдүүлсэн. /хх-ийн 197-203 дугаар тал/

 

Дээрх зохигчдын тайлбар болон гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгч Б.С, хариуцагч А.Ч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч А.Ч нь орон сууцны өмчлөх эрхийг худалдан авагч Б.Сд шилжүүлэх, худалдан авагч тал үнийг нь төлөх үүрэг хүлээсэн бол, нөгөө талаас хариуцагч “Б Т Б к” ХХКболон ажил гүйцэтгэгч “ММОч” ХХК-иудын хооронд мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, захиалагч “Б Т Б к” ХХКнь ажлын хөлсөнд тооцож А.Чд талуудын маргааны зүйл болох орон сууцыг хүлээлгэн өгөхөөр тус тус тохиролцсон байна.

 

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...манай компани А.Чын эзэмшлийн “ММОч” ХХК-иар өрлөг, шавар, заслын ажлыг гүйцэтгүүлсэн боловч тэрээр ажлаа бүрэн гүйцэтгээгүй, хаяж явсан. Иймд А.Чд орон сууцыг өгөх үүрэггүй, тэрээр орон сууцны үнийг төлөөгүй тул өөр этгээдэд орон сууцыг шилжүүлсэн” гэж тайлбарласан.

 

Гэтэл хариуцагч А.Чын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс үзвэл тэрээр хариуцагч “Б Т Б к” ХХКнь ажил гүйцэтгэгч “ММОч” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу тус ажлын хөлсөнд авах ёстой 123,302,100.00 төгрөгөөс 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд өгөхийг “Б Т Б к” ХХКнь зөвшөөрчээ.  

 

Тодруулбал, нэг талаас нэхэмжлэгч Б.С нь орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч А.Чоос 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууц авах эрхтэй байсан, нөгөө талаас хариуцагч А.Ч нь хариуцагч “Б Т Б к” ХХКболон ажил гүйцэтгэгч “ММОч” ХХК нарын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу 123,302,100.00 төгрөгийг шаардах эрхтэй байсан бөгөөд А.Ч нь “Би Ти Би констракшн” ХХК-иас авах 123,302,100.00 төгрөгөөс 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд өгөхөөр шаардах эрхээ шилжүүлсэн байна. Иймд шаардах эрх шилжүүлсэний дагуу Б.С худалдах, худалдан авах гэрээгээр гүйцэтгэх төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ” гэж, мөн 123.2.-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж тус тус заажээ.

 

Хариуцагч А.Ч нь нэхэмжлэгч Б.Стай байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний төлбөрт нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийг бодитоор хүлээн авч, “Би Ти Би констракшн” ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу авахаар тохиролцсон байсан ажлын хөлс 123,302,100.00 төгрөгөөс 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгчид өгөх замаар ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг тооцуулсан байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1.-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу хариуцагч “Б Т Б к” ХХКнь ажил гүйцэтгэгч “ММОч” ХХК-д өгөх ёстой 123,302,100.00 төгрөгөөс тус компанийн зөвшөөрлөөр 70,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг нэхэмжлэгч Б.Сд өгөх байдлаар ажил гүйцэтгэх гэрээний хөлсний тодорхой хэсгийг тооцуулжээ.

 

Хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-иас ажил гүйцэтгэгч А.Ч нь гүйцэтгэвэл зохих ажлаа бүрэн гүйцэтгээгүй тул түүнд орон сууцыг өгөх үүрэггүй гэж маргах боловч үүнтэй холбоотой тайлбараа баримтаар нотлоогүй.

 

Гэвч шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг “Б Т Б к” ХХКнь гуравдагч этгээд Э.Бгийн өмчлөлд шилжүүлсэн байх тул худалдах, худалдан авах гэрээний үүрэг хэрэгжиж, нэхэмжлэгч Б.Сг орон сууцны өмчлөгчөөр тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна. Өөрөөр хэлбэл, орон сууцыг бусад этгээдэд шилжүүлсэн учраас үүрэг биелэгдэх боломжгүй болжээ.

 

Орон сууцны өмчлөгч Э.Б нь “Инвескор ББСБ” ХХК-тай 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, маргааны зүйл болох орон сууцыг барьцаалсан байна. /хх-ийн 70-73 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.С нь хариуцагч “Б Т Б к” ХХКболон гуравдагч этгээд Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.4-т тус тус зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тэрээр уг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа хариуцагчаар Э.Бг тодорхойлоогүй.

 

Нэхэмжлэгч Б.Сгаас гаргасан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд Э.Б нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох юм. Учир нь гуравдагч этгээд Э.Б нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор бие даасан шаардлага гаргаагүй, өөрийн өмчлөлийн зүйлд саад учруулж буй үйлдлийг зогсоолгохтой холбоотойгоор бие даасан шаардлага гаргасан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь хэсэгт “Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй” гэж заасан. Иймд хариуцагч “Б Т Б к” ХХКболон гуравдагч этгээд Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус эсэхтэй холбоотой маргааныг уг иргэний хэрэгт шийдвэрлэх боломжгүй. 

 

Иймд нэхэмжлэгч Б.Сгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, “Б Т Б к” ХХКболон Э.Б нарын хооронд байгуулсан 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.С нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүйгээс учирсан хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар холбогдох этгээдүүдэд нэхэмжлэлийн шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Б Т Б к” ХХКнь нэхэмжлэгч Б.Сгаас гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...Б.Стай худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, түүнтэй орон сууц худалдах талаар тохиролцоо байгаагүй” гэж тайлбарлаж, маргадаг.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан Б.Стай гэрээний харилцаа үүсээгүй болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь бие даасан нэхэмжлэл бус, үндсэн нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэл нь байна. Иймд шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын тухайд:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж, 106.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус заасан.

 

Талуудын маргаан бүхий орон сууцанд С.Б нь амьдарч байгаа болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд гуравдагч этгээд Э.Бгаас нэхэмжлэгч Б.Сд холбогдуулан гаргасан хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлага үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Сг маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа болон өмчлөгчийн өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд түүнийг саад болж байгаа гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.  Иймд нэхэмжлэгч Б.Сгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Э.Бгийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Бусад:

Нэхэмжлэгч Б.С хариуцагч “Б Т Б к” ХХКнарын хооронд 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Б.С нь 9 давхар барилгын цахилгаан угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, “Б Т Б к” ХХКнь ажлын хөлс 32,500,000 төгрөг төлөх үүрэг хүлээсэн байна. /хх-ийн 219-222 дугаар тал/

 

Уг гэрээний дагуу ажлын хөлс болох 32,500,000 төгрөгийн оронд “Б Т Б к” ХХКнь Б.Сд 2 өрөө бүхий орон сууц өгөхөөр талууд амаар харилцан тохиролцсон талаар талуудын хэн аль нь тайлбарласан. Уг тохиролцооны дагуу “Б Т Б к” ХХКнь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 4 тоотод байрлах, 2 өрөө, 55.61 м.кв талбай бүхий орон сууцыг Б.Сгийн хүсэлтийн дагуу түүний эхнэрийн дүү гэх Ц.Банзрагчийн өмчлөлд шилжүүлсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь маргаагүй тайлбарласан. /хх-ийн 208-213 дугаар тал/

 

Дээрх Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 4 тоотод байрлах, 2 өрөө, 55.61 м.кв талбай бүхий орон сууц нь талуудын маргааны зүйлтэй хамааралгүй, тусдаа үүссэн гэрээний харилцаа байх ба талууд мөн энэ талаар тайлбарладаг.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.С нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 0 тоотод байрлах, 2 өрөө, 55.61 м.кв талбай бүхий орон сууцыг ажил гүйцэтгэх гэрээний дагуу өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөнд авч, харин маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах, 3 өрөө орон сууцыг худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдаж авахаар тохиролцсон байгааг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б Т Б к” ХХКболон А.Ч нарт холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 92б дугаар байр, 42 тоотод байрлах, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэгч Б.Сгийн үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Б.Сд холбогдох гэрээний үүрэг үүсээгүй болохыг тогтоолгох тухай хариуцагч “Би Ти Би констракшн” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Сд холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Э.Бгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,114,600 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,200 төгрөг, гуравдагч этгээдээс төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.БЯМБАЖАРГАЛ