Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/02307

 

 

 

 

 

 

 

      2021         08           05                                     101/ШШ2021/02307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  М Т ХХК

 

Хариуцагч: Т.Т д холбогдох 

 

Ажиллах хугацаандаа учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 108,500 төгрөг, нийт 15,108,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэндэнхорол нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “М Т” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Т.Т  нь борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа компанид учруулсан хохирол болох нийт 62,000,000 төгрөгөөс 47,000,000 төгрөгт BMW X-5 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, үлдэгдэл 15,000,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 108,500 төгрөг, нийт 115,108,500 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан.

Т.Т  гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 15,108,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Т  нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М Т” ХХК нь хариуцагч Т.Т д холбогдуулан, ажиллах хугацаандаа учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 108,500 төгрөг, нийт 15,108,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

 

М Т” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 97/13 дугаартай тушаалаар Т.Т ийг мөн өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь халж, Т.Т ээр компанид учирсан хохирлыг төлүүлэхээр болжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан баримтууд болох 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай баримт”, “М Т” ХХК-д 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргасан Т.Т ий хүсэлт, 47,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг Т.Т ээр төлөөлүүлж С.Тэргүүнээс “М Т” ХХК-д худалдсан тухай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээ” зэргээс үзэхэд, талууд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр харилцан тохиролцож, хариуцагч Т.Т  нь “М Т” ХХК-д учруулсан хохирол 62,000,000 төгрөгийн 47,000,000 төгрөгт тооцож автомашин шилжүүлэн өгч, үлдэх 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Дээр дурьдсан үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад хохирол учруулсан этгээд гэж үзэхээр байх боловч түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх этгээд мөн эсэхийг нэхэмжлэгч нотлоогүй.

 

Харин талуудын харилцан тохиролцож, үйлдсэн 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Төлбөр барагдуулах тухай баримт” нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж тухайлан заасантай нийцсэн, үүрэг гүйцэтгүүлэх, гүйцэтгэх харилцаа, шаардах эрхийн шинжийг агуулсан байх тул 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчаас шаардсан цалингийн зээлийн үлдэгдэл 108,500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, талуудын хооронд цалингийн зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч нотлоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.

 

Хариуцагч нь дээр дурьдсанаар нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар ирүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргээ биелүүлээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах үндэслэл болохгүй.

 

Мөн хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүхэд хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр ажлаас халагдсан Т.Т тэй холбоотой асуудлаар өмнө нь шүүхэд хандаж байсан тухай баримтууд хэрэгт авагдсан буюу тус шүүхийн шүүгчийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/15041 дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 271 дугаар шийдвэрээр хариуцагч Т.Т ийг эрэн сурвалжлуулсныг дурьдах нь Иргэний хуулийн 74, 75 дугаар зүйлд тухайлан заасан хугацаа тооцоход ач холбогдолтой гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Т.Т ээс 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  “М Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233,500 төгрөгийн 23,477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Т.Т ээс улсын тэмдэгтийн хураамж 23,477 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “М Т” ХХК-д олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.УНДРАА