Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01524

 

 

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2021/01524

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/02307 дугаар шийдвэртэй М ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т.Т-д холбогдох ажиллах хугацаандаа учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 108 500 төгрөг, нийт 15 108 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгч М ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Т.Т нь борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа компанид учруулсан хохирол болох нийт 62 000 000 төгрөгөөс 47 000 000 төгрөгт BMW X-5 маркийн автомашиныг шилжүүлэн өгч, үлдэгдэл 15 000 000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл төлбөр 108 500 төгрөг, нийт 115 108 500 төгрөгийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож төлбөр барагдуулах гэрээг байгуулсан. Т.Т гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 15 108 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.

ШҮҮХ: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар хариуцагч Т.Тээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 108 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 233 500 төгрөгийн 23 477 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 3 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч Т.Тээс улсын тэмдэгтийн хураамж 23 477 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Т.Т давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар хамгаалагдсан миний эрх ашгийг зөрчиж шийдвэр гаргалаа. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан 2021 оны 2 дугаар сарын 05-ны өдөр товлогдож, хариуцагч тал өмгөөлөгч авах, хэрэгт нэмэлт нотлох баримт гаргах хүсэлт гаргаж шүүх хуралдааныг 101/Ш32021/02310 тоот шүүгчийн захирамжаар хойшлуулсан. Үүний дараа хариуцагч тал цар тахлын ойрын хавьтагч болсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болж, 6 дугаар сарын 25-ны өдөр зарлагдсан шүүх хуралдааныг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 10.30 цаг хүртэл хойшлуулсан. 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч талаас эрх ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч Л.З-г оролцуулах хүсэлт гаргаж, өөрт байсан төлбөр төлсөн баримтын хамт өгч явуулсан ба өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохоор очиход хүсэлтийг нь авсан мөртлөө түүнийг хэргийн оролцогч биш хэмээн шүүх хуралдаанд оролцуулаагүй ба хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанд оролцуулалгүй эзгүйд нь хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн хувьд шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүйгээр, сонгож авсан өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахаар нотлох баримт, хүсэлтийг өмгөөлөгчөөр дамжуулан өгөхөөр явуулсан байхад шүүхийн цагдаа өмгөөлөгчийг маань хэргийн оролцогч биш хэмээн шүүх хуралдааны танхимд оруулаагүй, шүүх хариуцагчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзсэн нь хэргийн оролцогч миний мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Шүүх хариуцагчийг өмгөөлөгч авах, нэмэлт нотлох баримт гаргаж хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байсан мөртлөө өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцохоор очиход нь хэргийн оролцогч биш гэж үзсэн нь ойлгомжгүй бөгөөд энэ нь шүүх хэргийн оролцогчийн эрхийг хангана гэхээсээ илүү өмгөөлөгч нь хэрэгт оролцвол шүүх хуралдааныг хойшлуулж магадгүй гэсэн байр сууринаас хандаж, эрхийг нь зөрчин шийдвэрээ гаргасан гэж харагдаж байна. Хариуцагчийн хувьд өмнө нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэлээ тайлбарлаж, нотлох баримт гаргаагүй байсан ба өмгөөлөгч маань тухайн өдөр очоод шүүх хуралдаан дээр тайлбар гаргаж, нотлох баримтаа өгч, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх гэж байхад хэргийн оролцогч биш гэж үзээд шүүх хуралдаанд оролцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэг, 168.1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг Ажиллах үедээ байгууллагад учруулсан хохирол гаргуулах гэж тодорхойлоод үндэслэх хэсэгтээ төлбөр төлүүлэхээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан нэрлэгдээгүй гэрээ байгуулсан, энэ гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь зөрчилтэй болсон бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд нийцсэнгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Т.Т-д холбогдуулан ажиллах хугацаандаа учруулсан хохирлын үлдэгдэл төлбөр 15 000 000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 108 500 төгрөг, нийт 15 108 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

М ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 97/13 дугаар тушаалаар Маркетинг борлуулалтын газрын борлуулалтын менежер Т.Тийг 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийн гэрээ цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлж, компанид учирсан хохирлыг төлүүлж, амралтын болон холбогдох тооцоог зохих журмын дагуу хийхийг даалгажээ. /хх.13/

Мөн Т.Т, М ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Г.Д нар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Төлбөр барагдуулах тухай баримт үйлдэж, уг баримтаар төлбөр төлөгч Т.Тий аав С.Т-ийн өмчлөлийн ХБНГУ-д 2016 онд үйлдвэрлэгдсэн, BMW Х5 маркийн, бор шаргал өнгөтэй, 01-17 улсын дугаартай суудлын автомашиныг төлбөр авагчийн өмчлөлд 47 000 000 төгрөгт тооцож, үнэлж үл маргах журмаар шилжүүлэхээр, үлдэх 15 000 000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцож гарын үсэг зурсан байна. /хх.11/

Түүнчлэн, хэргийн 15-16 дугаар талд хариуцагч Т.Т нэхэмжлэгч М ХХК-д ХБНГУ-д 2016 онд үйлдвэрлэгдсэн, BMW Х5 маркийн, бор шаргал өнгөтэй, 01-17 улсын дугаартай суудлын автомашиныг хүлээлгэж өгсөн, үлдэх 15 000 000 төгрөгийг 2 сарын дотор хувааж төлөхөө илэрхийлсэн бичгийн баримт үйлджээ. 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Автомашин худалдах худалдан авах гэрээ-ээр автомашиныг М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дд шилжүүлсэн.

Хэрэгт дээр дурдсан баримтуудаас үзэхэд хариуцагч Т.Т нь компанид хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна гэж үзнэ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг үндэслэн хариуцагч Т.Тээс 15 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч байгууллага ...цалингийн зээлийн үлдэгдэл 108 500 төгрөг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагчийн ...өмгөөлөгч тухайн өдөр шүүх хуралдаанд тайлбар гаргаж, нотлох баримтаа өгч, нэхэмжлэгч талтай мэтгэлцэх гэж байхад хэргийн оролцогч биш гэж үзээд шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй юм.

Учир нь, хэргийн 11-12 дугаар талд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан, эрх үүрэгтэйгээ танилцсан, шүүх хуралдааны товыг 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байх тул дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2021/02307 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн 237 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ