| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2019/04729/и |
| Дугаар | 101/ШШ2021/02700 |
| Огноо | 2021-09-15 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2021/02700
| 2021 09 15 | 101/ШШ2021/02700 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Бямбажаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Жаргалан хотхон, 1 байр, 0 тоот хаягт оршин суух Түвхэн хан овогт Э.Ч /0 /-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 0 байрлах, Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.О /рд:0/, /0 тэмдэгтэй/-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Сүхбаатарын гудамж, Бодьцамхаг Бодь Интернэшнл ХХК-ийн байранд байрлах “Голомт банк” ХХК /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар 9016001014, регистрийн дугаар /,
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч, Голомт банктай байгуулсан гэх БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гэрч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хөдөлмөрийн яам болон “Х ц” ХХКнар Орхон аймгийн ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх №ХААГ-А-2013/ХХҮП-04/34 дугаар гэрээг 2013 оны 05 сарын 23-ны өдөр байгуулсан байдаг. Голомт банк дээрх гэрээний гүйцэтгэлийн баталгааг Хөдөлмөрийн яаманд гаргахдаа Голомт банк, “Х ц” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 дугаартай 889,081,894 төгрөгийн, ТЕ0499131005 дугаартай 108,081,894 төгрөгийн банкны баталгааны гэрээнүүдийг байгуулсан байна. Уг баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон иргэн Э.Ч-ын Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 0 тоот, 128,91 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан 0 дугаартай ипотекийн гэрээ, улмаар 0, 0 дугаа бүхий эх үүсвэргүй гүйцэтгэлийн баталгааны гэрээ буюу батлан даалтын гэрээнүүдийг Голомт банк Э.Чтай байгуулахдаа батлан даагчийг болон барьцаалуулагчийг төлөөлөн, “Хасууцамхаг” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Э.Ч гэж гарын үсэг зуруулсан байдаг. Иргэн Э.Ч-ын Голомт банктай байгуулсан гэх 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ”, 2013 оны 12 сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131005-ЗА, 0 дугаартай батлан даалтын гэрээ тус бүрийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.О гэрчилсэн болох нь Голомт банкаас Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Хасуу цамхаг ХХК, иргэн Н.Д, Э.Ч нарт холбогдуулан гаргасан гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэлэлцэх үед мэдэгдсэн юм.
Нотариатч Ц.О нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ”, 2013 оны 12 сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131005-ЗА, БГ/ТЕ0499131006-ЗА дугаартай батлан даалтын тус бүрийг гэрчлэхдээ Э.ыг оролцуулалгүй гэрчилсэн байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас гаргуулан авсан нотариатын бүртгэлийн дэвтрийн 15 дугаар хуудсанд зурагдсан “Э.Ч” гэсэн гарын үсэг нь түүний гарын үсэг биш байна. Мөн бүртгэлийн дэвтрийн 15 дугаар хуудасны үргэлжлэл хуудсанд “12 сарын 16-ны өдөр, бүртгэлийн дугаар №” гэсэнд “1317” гэж бичигдсэны дараа “Ихбогд Нямдаваа Д ВЮ71082178”, “Дорноговь Сайншанд 2-р баг 15-38”, Т- 000271652, Ү-2203031745, СБД 15 хороо Санзайн ...-р хэсэг 00 тоот хувийн сууц барьцааны 781 000 000 төгрөгний Банкны баталгааны гэрээ” гээд үл танигдах хүний гарын үсэг зурагдсан байгаа бөгөөд энэ нь Э.Ч-ын гарын үсэг биш байна.
2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээг бүртгэлийн 1317 дугаарт, мөн өдрийн БГ7ТЕ0499131005-ЗА болон БГ7ТЕ0499131006-ЗА дугаартай батлан даалтын гэрээг нотариатч Н.О “энэ гэрээний үнэн зөвийг гэрчлэв” гэсэн нотариатын 247 дугаартай тэмдэг дарж баталгаажуулсан нотариатын үйлдэл хийхэд Э.Ч байгаагүй, оролцоогүй болохыг Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газраас гаргуулан авсан нотариатын бүртгэлийн дэвтэр нотолж байна. Нотариатч Н.Оын Нотариатын хууль, Нотариатын үйлдлийг хийх зааврыг зөрчсөн нотариатын үйлдлийн улмаас иргэн Э.Ч “СБД 15-р хороо Санзай хотхон /14140/ 1 дүгээр хэсэг, 0 тоот, 128,91 м.кв талбайтай хувийн сууцыг барьцаанд хураагдах үр дагавартай хүргэсэн байна. Нотариатч Н.Оын дээрх нотариатын үйлдэл нь Нотариатын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийн “Нотариатч болон энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтны хийсэн нотариатын үйлдсэн буюу гэрчилсэн бусад баримт бичиг, түүний хуулбар, лавлагааг нотариатын баримт гэнэ”, мөн зүйлийн 11.2 дахь хэсгийн “Энэ хуульд заасны дагуу үйлдэж олгосон нотариатын баримт нотлох баримтын эх сурвалж болох бөгөөд хуульд заасан тохиолдолд нотариатын баримтыг гүйцэтгэхбаримт бичигт тооцно” гэснийг, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн 21.1.1-д заасан “нотариатын үйлдэл хийлгэж байгаа этгээд /цаашид“үйлчлүүлэгч” гэх/-ийн хувийн байдлыг тогтоох”, мөн зүйл хэсгийн 21.1.2-т “нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах”, мөн зүйл хэсгийн 21.1.3-д “шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдийг дуудан ирүүлэх” гэж заасныг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, cap өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ”, мөн зүйлийн 26.2 дах хэсэгт “Нотариатын бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхний болон регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хэрэв нотариатын үйлдэл хийхэд тэмдэглэл хөтөлсөн бол энэ тухай тус тус тэмдэглэнэ”, мөн зүйлийн 26.3 дахь хэсэгт заасан “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна”, мөн зүйлийн 26.4 дэх хэсэгт заасан “Нотариатын үйлдэл хийсэн баримт бичипг дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна” гэснийг, 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Нотариатч үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо түүний иргэний баримт бичиг, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг үндэслэх бөгөөд итгэмжлэл, төлөөлөл нь зохих ёсоор бүрдсэн эрх зүйн чадамжтай эсэхийг шалгаж, шаардлагатай бол эрх бүхий байгууллагын тодорхойлолт, эсхүл тухайн хүнийг таних хоёр гэрчээр тодорхойлуулан тогтоож болно” заасныг тус тус зөрчсөн байна.
Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Нотариатын үйлдлийг хийх зааврын 3 дугаар зүйлийн 3.6 дах хэсэгт заасан “Бүртгэлийн дэвтэрт үйлчлүүлэгчийн гарын үсгийг нэрийн тайлалын хамт зуруулах бөгөөд хуулийн этгээд хувьд тамга, тэмдгээр нь баталгаажуулж болно” гэснийг тус тус зөрчсөн байна.
Иймд Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.Оын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 0 дугаар, 0 дугаар батлан даалтын гэрээг тус тус гэрчилсэн үйлдэл нь Нотариатын тухай хууль, энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор эрх бүхий этгээдээс гаргасан заавал даган мөрдөн шинжтэй журам бүхий зааварт нийцээгүй байх тул уг нотариатын үйлдлийг хүчингүйд тооцож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Ноовын Оюунжаргал би 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Голомт банкны хүсэлтийн дагуу Хасуу цамхаг ХХК түүний ерөнхий захирал Э.Ч, гүйцэтгэх захирал Н.Д нартай байгуулах 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн TE0499131005 тоот банкны баталгааны гэрээ, 0 тоот батлан даалтын гэрээ, 0 тоот батлан даалтын гэрээ, 0 тоот батлан даалтын гэрээ, 0 тоот батлан даалтын гэрээ, 0 тоот банкны баталгааны гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах тухай 0 тоот хэлцэл, ТЕ/БГ0499131006-1 тоот гэрээний орлого барьцаалах гэрээ, БГ/ТЕ049913006 тоот ипотекийн гэрээ зэрэг хоорондоо салшгүй багц гэрээнүүдийг гэрчлүүлэх үйлчилгээг талууд авсан. Тухайн үйлчилгээг Баянзүрх дүүргийн Сансар хорооллын Кемпински зочид буудлын ард байрлах Голомт банкны байранд очиж хийсэн ба гэрээг гэрчлэхэд гэрээнд оролцогч талууд бүгд байлцсан болно. Гэрчлүүлсэн гэрээнүүдийг нотариатчийн гэрээний бүртгэлийн 2013 оны дэвтэрт 1312-1317 хүртэл дугаарт бүртгэж гэрчилсэн. Гэрчлүүлсэн гэрээнүүдийг бүртгэлийн дэвтэрийн 15-р хуудаст бүртгэж байх явцад 1312-1316 дугаарт бүртгэгдсэн гэрээнүүдийг бичээд хуудас дууссан тул 15-р хуудасны ар талд 1317 дугаар сүүлийн гэрээг бүртгэж бүртгэлийн хөтлөлт дууссан. Нотариатын үйлдэл хийх зааварт заасны дагуу хоорондоо холбоо хамаарал бүхий гэрээнүүдийг нэг цаг хугацаанд гэрчлүүлж байгаа учир бүртгэлийг нэг дор бичиж түүнд оролцогчоор нэг удаа гарын үсэг зуруулж болдог учир Э.Ч, Н.Днарын ургийн овог, эцгийн нэр, нэр, регистрийн дугаар, гэрийн хаягийг бичиж, мөнгөний тасалбарын №/үйлчилгээний хураамжийн/ хэсэгт нотариатчийн үйлчилгээний хураамжид 300,000 төгрөг, 100,000 төгрөг, 32,000 төгрөг, гэрчилсэн гэрээнүүдийг нэг бүрчлэн бичиж хөтлөлт хийн, уг дэвтэрт Э.Ч, Н.Д нар нь өөрийн биеэр байлцаж гарын үсэг зурсан юм.
Түүнчлэн уг гэрээг гэрчлүүлэхэд Голомт банкны ажилчид байлцсан болно. Дээр дурдсан бүх гэрээнүүдэд үүрэг гүйцэтгэгч, батлан даагч , барьцаалуулагчаар Э.Ч, Н.Днар нь оролцож өөрийн гарын үсгээ зурж "Х " ХХК-ийн тамгыг дарсан нь нотариат дээр өөрийн биеэр ирснийг гэрчлэх үйл баримт юм. Гэрээ гэрчлүүлэх үед үйлчлүүлэгч нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор Э.Ч, Н.Днарын иргэний үнэмлэх, Хасуу цамхаг ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, Орхон аймгийн ХААИС-ийн МСҮТ-ийн хичээлийн байр барих ажлыг гүйцэтгэх гэрээ, Барилга хот байгуулалтын яамнаас Хасуу цамхаг ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг хуулбарлан авсан ба тухайн баримт нь архивт хадгалсан байгаа болно. Түүнчлэн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр батлуулсан бүх гэрээнд Э.Чимэддавга гэж зурагдсан гарын үсгүүд, бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгүүдийг харьцуулан үзэхэд Э.Чимэддагвын өөрийн гарын үсэг болох нь тодорхой харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.4-т хуульд өөрөөр заагаагүй бол талуудын аль нэг нь хүсвэл үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж болно гэж заасан ба энэ хууль болон бусад хуульд барьцааны гэрээг заавал нотариатаар гэрчлүүлэх шаардлагыг хуульчлаагүй байна. Иймд ипотекийн гэрээг нотариатч Нотариатын тухай хуулийн шаардлагад нийцүүлэн гэрчилсэн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм” гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч нь нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулсан байлаа ч ипотек болон баталгааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцохгүй юм. Нэхэмжлэгч нь ипотекийн гэрээ болон батлан даалтын гэрээний дагуу хөрөнгөө алдахгүйн тулд нотариатын үйлдлийг хүчингүй болгуулахаар үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байна гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Голомт банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хариуцагчаас гаргаж буй тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч нь банкны өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийхийн тулд уг нэхэмжлэлийг гаргасан байна. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцлоо ч гэсэн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг нь хэвээр байх болно. Нотариатын үйлдлийг хүчингүйд тооцох үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ч нь хариуцагч Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.Од холбогдуулан 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр “Голомт банк” ХХК, Э.Ч нарын хооронд байгуулагдсан гэх БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Голомт банк” ХХК оролцож, тэрээр хариуцагчаас гаргасан хариу тайлбарыг дэмжсэн.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
“Голомт банк” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ТЕ0499131006 тоот мөн ТЕ0499131005 тоот банкны баталгааны гэрээнүүдийг тус тус байгуулж, “Голомт банк” ХХК нь “Хасуу цамхаг” ХХК-ийн өмнөөс Хөдөлмөрийн яаманд 781,000,000 төгрөг болон 108,081,894 төгрөгийг тус тус төлөх, “Х ц” ХХКнь банкинд дээрх төлбөрүүдийг 21 сарын дотор 1 жилийн 4 хувийн хүүтэй буцааж төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /1-р хх-ийн 46-48 дугаар тал/
Нэр бүхий дээр дурдсан банкны баталгааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “Голомт банк” ХХК нь “Х ц” ХХК-тай ипотекийн гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах гэрээ, батлан даалтын гэрээ, орлого барьцаалах гэрээ зэргийг мөн 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус байгуулсан байна. Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Х ц ” ХХК-ийг төлөөлж ерөнхий захирал Э.Ч гэрээг байгуулжээ. /1-р хх-ийн 35-45, 49-59 дүгээр тал/
Талуудын хооронд байгуулагдсан баталгааны гэрээний үүрэг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар “Голомт банк” ХХК-иас “Х ц” ХХКболон Н.Д, Э.Ч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 184/ШШ2019/02987 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 159 дүгээр магадлалаар “Х ц” ХХК-иас банкны баталгааны гэрээний үүрэгт нийт 1,061,181,739 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг одоогийн маргааны зүйл болох 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 106-117 дугаар тал/
Эдгээр банкны баталгааны гэрээнүүд, ипотекийн гэрээ, ирээдүйд бий болох хөрөнгийг барьцаалах гэрээ, батлан даалтын гэрээ, орлого барьцаалах гэрээнүүдийг 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн тойргийн нотариатч Н.О нь нотариатын бүртгэлийн дэвтрийн 1312-1317 дугаарт бүртгэж, нэг цаг хугацаанд, хамтад нь гэрчилжээ. /1-р хх-ийн 60-74 дүгээр тал/
Нэр дурдсан дээрх бүх гэрээнүүдийн хуудас бүрт “Хасуу цамхаг” ХХК-ийг төлөөлж “Ерөнхий захирал Э.Ч” гэж гарын үсэг зурсан байх ба шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Э.Час “...гэрээнүүдэд би өөрөө гарын үсгээ зурсан үйл баримтад маргахгүй. Дээрх гэрээнүүдийн дагуу банкнаас мөнгөн хөрөнгийг гаргуулсан. Харин нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш” гэж тайлбарлаж, уг үндэслэлээр гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шаардсан.
Хариуцагч буюу нотариатч Н.Оаас “...2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Голомт банк ХХК болон Хасуу цамхаг ХХК-тай байгуулсан нэр бүхий 9 төрлийн гэрээг Голомт банкны байранд очиж гэрчилсэн. Гэрээг гэрчлэхэд гэрээний оролцогч талууд бүгд байлцсан. Э.Ч нь өөрөө гэрээ болон бүртгэлийн дэвтэрт гарын үсгээ зурсан” гэж тайлбарлаж, маргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон А.Г-с “...Би Голомт банкны Сансар салбарт харилцааны менежерээр ажилладаг, одоо жирэмсний амралттай байгаа. Би анхан шатны ажлуудыг хийж, хуулийн хэлтсээр хянуулж, захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулж нотариат болон харилцагчаа дууддаг. 2013 оны 12 дугаар сард Хасуу цамхаг ХХК-тай байгуулах гэрээг би бэлдэж, захирал хуулийн хэлтсээр хянуулж, нотариатаар батлуулсан. Нэг харилцагч байхгүй бол нотариат гэрчилдэггүй. Тухайн үед цамхаг ХХК-ийн ерөнхий захирал, гүйцэтгэх захиралтайгаа ирж гарын үсэг зурж байсан. Сансар салбар нь банкны гэрээт нотариатаар үйлчлүүлдэг. Би нотариатаа дуудаад тэднийг уулзуулж батлуулдаг. Салбар дээрээ нотариат болон харилцагчаа дуудаад уулздаг байсан. Гэрээ баталснаас хойш 30 хоногт харилцагчаар гарын үсэг зуруулж, нотариатаар батлуулдаг. Харилцагчийг нэг удаа ирэхэд нь батлуулдаг. Салбарууд ойролцоох салбарынхаа нотариаттай хамтарч ажилладаг. Тухайн үед дууддаг байсан нотариатч тул Н.О нотариатчийг дуудсан. Нотариатын үйлдлийг тухайн үед салбар дээрээ дуудаж хийсэн. Би харилцагчаа нотариаттай уулзуулаад орхидог. Тэр үед нотариатч, харилцагч нар байсан. Нотариатч гэрээний тал буюу барьцаалуулагч тал биечлэн ирээгүй тохиолдолд гэрээг гэрчилдэг тохиолдол гарч байгаагүй. Харилцагчтайгаа 1 биш 2 удаа ба түүнээс олон удаа уулздаг учраас бичиг баримтыг нь шалгаж оруулдаг. Бид бүх зүйлээ бэлэн болгоод цаг товлоод харилцагчаа нотариаттай дууддаг. Гэрээний аль тал цаг товлосон үед ирээгүй бол гэрээний хувь надад байж л байдаг, харилцагч ирсэний дараа бүгдээрээ ирээрэй гээд явуудаг. Өөрөө ирээд гарын үсэг зурдаг. Сандраад зурахдаа өөр, өөрөөр зурсан байж магадгүй. Нотариатын үйлчилгээний төлбөрийг харилцагч өөрөө төлдөг” гэж мэдүүлсэн. /2-р хх-ийн 126-127, 131-135 дугаар тал/
Нотариатын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгч нотариатчийн ажлын байранд ирэх боломжгүй бол нотариатч түүний хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийж болно” гэж заажээ. Уг хуулийн зохицуулалтаар нотариатч нь хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар үйлчлүүлэгчийн хүсэлтээр байгаа газарт нь очиж нотариатын үйлдэл хийх боломжтой байна.
Нотариатч Н.О болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон А. нараас Голомт банкны байранд нотариатын үйлдлийг хийсэн, уг нотариатын үйлдлийг хийх үед гэрээний тал болох “Х ц ” ХХК-ийн захирал Э.Ч нь биечлэн байсан талаар тайлбарлаж, мэдүүлсэн.
Нэхэмжлэгч Э.Ч нь нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж маргасантай холбоотойгоор зохигчдын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Э.Ч-ын гарын үсэг мөн эсэхт дүгнэлт гаргуулахад шинжээчээс “...нотариатын бүртгэлийн дэвтрийн “1312-1316” гэж дугаарласан гарын үсэг гэсэн багананд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Ч-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. “1317” гэж дугаарласан бүртгэлийн гарын үсэг гэсэн багананд зурагдсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Э.Ч-ын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай бүтцээрээ тохирохгүй байна” гэх дүгнэлтүүдийг ирүүлсэн. /2-р хх-ийн 43-55, 72-84 дүгээр тал/
Хэдийгээр шинжээч нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн гарын үсэг нь нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан Э.Ч-ын гэх гарын үсгийн загвартай тохирохгүй гэх дүгнэлт гаргасан боловч нотариатын үйлдэл хийх үед нэхэмжлэгч Э.Ч нь биечлэн байсан, тэрээр өөрөө бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан болох нь хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон.
Түүнчлэн Нотариатын тухай хуулийн 46 дугаар зүйлд зааснаар нотариатч нь маргааны зүйл болох гэрээг гэрчлэхдээ хуульд нийцсэн болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх, тэгш эрхийн үндсэн дээр байгуулсан эсэх, бусдын дарамт шахалт, нөлөөлөлд автаагүй эсэх, агуулга нь үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн илэрхийлж чадсан эсэх, үүсэх үр дагавар, үр дүнд бодитой хандаж чадсан эсэхийг нотариатч нягтлах замаар нотариатын үйлдлийг хийсэн болох нь нэхэмжлэгч Э.Час гаргасан “...гэрээнүүдэд би өөрөө гарын үсэг зурсан, уг гэрээнүүдийн дагуу банкнаас мөнгөн хөрөнгө гаргасан” гэх тайлбараар тогтоогдож байна.
Мөн нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг зохих журмын дагуу тогтоож нотариатын үйлдэл хийсэн болох нь 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий гэрээнүүдийг гэрчлэх үед үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн баримтууд болох Э.Ч, Н.Днарын иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, ажил гүйцэтгэх гэрээ, “Х ц” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Нотариатч нь үйлчлүүлэгчийн хувийн байдлыг тогтоохдоо шалгасан дээрх баримтуудыг нотариатын үйлдэл хийхдээ хуулбарлан авах замаар зохих журмын дагуу хавсаргасан болох нь шүүхээс 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн архивын газарт явуулсан үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. /1-р хх-ийн 202-250 дугаар тал/
Нэхэмжлэгчээс гаргасан өөрийн иргэний үнэмлэх, түүний нэр дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ, компанийн гэрчилгээ, дүрэм зэрэг баримтыг “...би нотариатчид гаргаж өгөөгүй” гэх тайлбар нь учир зүйн үндэслэлгүйн дээр нотариатч дээрх баримтуудыг олж авах боломжгүй юм. Иймд нотариатч нь Нотариатын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй байна.
Нотариатын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлд гарын үсэг зурна” гэж заасан. Нотариатын бүртгэлийн дэвтэр дэх зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар өгсөн баримтуудад зурагдсан гарын үсэгтэй тохирохгүй байгаа нь нотариатчыг Нотариатын тухай хуулийн 27, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Ч нь нотариатын үйлдэл хийх үед тэрээр биечлэн байсан болох нь тогтоогдсон тул нотариатын бүртгэлийн дэвтэр дэх гарын үсгийг зөвхөн үндэслэн нотариатчыг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж шууд үзэх боломжгүй тул нотариатын үйлдлийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Н.Д нь “...2013 оны үйл явдал тул тухайн үеийн явдлыг сайн санахгүй байна” гэж мэдүүлсэн.
Иймд хэрэгт авагдсан нотолгооны хэрэгслүүдээр Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч Э.Ч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...нотариатын бүртгэлийн дэвтэрт зурагдсан гарын үсгийг өөрийн гарын үсэг биш” гэж тайлбарласан. Шүүхийн хэлэлцүүлэг дуусч, хэргийн оролцогчоос нэмж тодруулах шатанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...нотариатын бүртгэлийн дэвтэрт Н.Дгарын үсэг зураагүй” гэх тайлбар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй, уг үндэслэлээр шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн нотариатч Н.Оын 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Э.Ч, “Голомт банк” ХХК нарын хооронд байгуулсан БГ/ТЕ0499131006 дугаартай ипотекийн гэрээ, БГ/ТЕ0499131005-3А дугаар болон БГ/ТЕ0499131006-3А дугаар батлан даалтын гэрээнүүдийг гэрчилсэн үйлдлийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Э.Чимэддагвын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ