Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 101/ШШ2021/02649

 

 

 

 

 

 

                                               2021        09          13

                     101/ШШ2021/02649

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорноговь аймаг, Замын-Үүд, 2 дугаар баг, Эрчим гудамж, 0 тоотод оршин суух, Хайрханчууд овогт М.Б-Ө /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ШШГЕГ-ын 44 дүгээр байр, 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Амгалан хотхон, 14 дүгээр байр, 0 тоотод оршин суух, Боржигон овогт Л.Х /рд:0/-д  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Л.Хд 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэхдээ Л.Хын данс руу 2,600,000 төгрөгөөр, 400,000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн.  Уг мөнгийг Л.Х нь 2021 оны 05 сараас 06 сарын хооронд буцааж өгнө гэж тохиролцсон. Би Л.Хтай хамтын амьдралтай байгаагүй. Бид 2017 онд Дорноговь аймгийн Хаан банкны салбарт хамт ажилладаг байсан. Энэ үедээ хамтын амьдрал үүсгэхгүйгээр дотно харилцаатай байсан. Хамт тасралтгүй байсан өдөр гэвэл нийт 4 хоног л байгаа. Л.Х нь 2018 оны намар Улаанбаатар хот дахь Хаан банкны салбарт ажиллахаар шилжиж явсан. Би одоо ч Дорноговь аймгийн Хаан банкиндаа ажилладаг. Иймд бид хамтын амьдралтай байх боломжгүй. Л.Х нь нөхөр хүүхэдтэй. Л.Х нь Улаанбаатар хотод орон сууц авсан. Уг орон сууцандаа тавилга авах мөнгөгүй байна, мөнгө зээлдүүлэх боломж байна уу гэж асуусан. Би түүнд 2021 оны 05 сараас 06 сарын үед дүү маань бөөгийн сахиус авна. Энэ үед мөнгө хэрэгтэй болно, тэр үед мөнгийг маань буцаагаад өгвөл зээлдүүлж болно гэж хэлсэн. Ингээд тэр 2021 оны 05 сараас 06 сарын үед буцааж өгнө гэсэн тул би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Бид нэг газар хамт ажиллаж байсан тул хамт олны хүмүүсийн төрсөн өдөр, нийллэг гэх мэт зүйлд мөнгө хураадаг байсан. Эдгээр тохиолдлуудад болон бие биедээ мөнгө зээлдүүлэх тохиолдолд байдаг. Иймд Л.Хаас 3,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Х нь М.Бтэй 2017 онд танилцаж, улмаар 2018 оноос дотно харьцаатай болж хамт амьдрах болсон хэдий ч сүүлийн жилүүдэд хоорондоо таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай болж тусдаа амьдрах болсон. Тэд хамт амьдарч байх хугацаандаа Л.Х нь М.Бийн данс руу гэр бүлийн хэрэгцээнд зориулж байнга мөнгө шилжүүлдэг байсан. Гэтэл 3,000,000 төгрөг зээлсэн, 2021 оны 5, 6 сард өгнө гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. 3,000,000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр хийсэн зүйл огт байхгүй. Хамтран амьдарч байх хугацаандаа зарцуулсан зардал тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хамтран амьдрахаа больсны дараа ахуйн хэрэгцээндээ зарцуулсан мөнгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зохигчдын дансны хуулгыг үзвэл бие бие рүүгээ удаа дараагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд зохигчид хамтын амьдралтай байсан болох нь батлагдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 3,000,000 төгрөгийг зээлдүүлсэн, 2021 оны 5 сараас 6 сарын үед буцаан авах нөхцөлтэй зээлдүүлсэн боловч хугацаандаа төлөөгүй” гэж,

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ “...бид хамтын амьдралтай байсан. Уг мөнгийг хамтын амьдралын хэрэгцээндээ зарцуулсан. Зээлийн гэрээг аман болон бичгийн аль ч хэлбэрээр байгуулаагүй” гэж тус тус тайлбарласан.

 

Нэхэмжлэгч М.Бөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөгийг хариуцагч Л.Хын эзэмшлийн Хаан банк дахь 0 тоот дансанд шилжүүлсэн болох нь Инвескор хэтэвч ББСБ ХХК-ийн тодорхойлолт, дансны хуулга, Хаан банк ХХК-ийн дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон. Хариуцагч уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад маргаагүй. /хх-ийн 4-6 дугаар тал/

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээнд хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлага тавигдаагүй, хариуцагч Л.Х нь 3,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бөөс хүлээн авсан болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

Хэдийгээр талууд зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх хугацааг тохиролцсонтой холбоотой баримтгүй, буцаан төлөх хугацааг бичгээр тодорхойлж тохиролцоогүй байх боловч Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна” гэж зааснаар зээлдүүлэгч нь хэдийд ч мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Зохигчид 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулснаас хойш хариуцагч Л.Хаас 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 50,000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бийн эзэмшлийн Хаан банк дахь 5374486940 тоот данс руу шилжүүлсэн байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс дээрх 50,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцож авсан гэж тайлбарласан. Иймд уг мөнгөн хөрөнгийг гүйцэтгэвэл зохих үүрэг болох 3,000,000 төгрөгөөс хасч, үлдэх 2,950,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

Хариуцагч нь хамтын амьдралын хэрэгцээнд дээрх мөнгөн хөрөнгийг зарцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд тэдгээрийг эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдралтай байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал,

Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт “...Бид 2017 онд Дорноговь аймгийн Хаан банкны салбарт хамт ажилладаг байсан. Энэ үедээ хамтын амьдрал үүсгэхгүйгээр дотно харилцаатай байсан. Хамт тасралтгүй байсан өдөр гэвэл нийт 4 хоног л байгаа. Л.Х нь 2018 оны намар Улаанбаатар хот дахь Хаан банкны салбарт ажиллахаар шилжиж явсан. Би одоо ч Дорноговь аймгийн Хаан банкиндаа ажилладаг. Иймд бид хамтын амьдралтай байх боломжгүй. Л.Х нь нөхөр хүүхэдтэй” гэж тайлбарласан.

 

Нөгөө талаар, гэр бүлийн хамтын амьдралтай этгээдүүд бие биедээ мөнгөн хөрөнгө зээлдүүлэхийг хуулиар хориглоогүй ба хариуцагч нь хамтын амьдралын хэрэгцээнд зарцуулсан бол юу, юунд уг мөнгөн хөрөнгийг зарцуулсан эсэхтэй холбоотой баримтгүй, энэ талаар тайлбар гаргаагүй.

 

Хариуцагч нь  “...хамтын амьдралын хэрэгцээнд маргааны зүйл болох мөнгөн хөрөнгийг зарцуулсан гэх тайлбараа дансны хуулгаар тогтоогдоно. Уг дансны хуулгуудаас харвал М.Б, Л.Х нар 2018 оноос 2021 он хүртэл бие бие рүүгээ удаа дараагийн гүйлгээгээр мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан нь тэдгээрийг хамтын амьдралтай, хамтын амьдралын хэрэгцээнд мөнгөө зарцуулдаг” болохыг нотлоно гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагчаас хэрэгт цуглуулж өгсөн дансны хуулгаар тэдгээрийг хамтын амьдралтай байсан гэж үзэх боломжгүйн дээр нэхэмжлэгчээс “...бид танилууд учир бие биедээ бага хэмжээгээр мөнгө зээлдүүлэх, хамт олны нийллэг, найзуудын төрсөн өдөр гэх мэтээр мөнгө хураадаг” байсан гэж тайлбарлаж, хариуцагчийн тайлбарыг үгүйсгэсэн.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Л.Хаас 2,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох 50,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Хаас 2,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Бт олгож, нэхэмжлэлээс 50,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62,150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ