Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01573

 

 

2021 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2021/01573

 

М.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02649 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Х-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр иргэн Л.Х-д 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Уг мөнгийг шилжүүлэхдээ Л.Хын данс руу 2 600 000 төгрөгөөр, 400 000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн. Уг мөнгийг Л.Х нь 2021 оны 5 сараас 06 сарын хооронд буцааж өгнө гэж тохиролцсон. Би Л.Хтай хамтын амьдралтай байгаагүй. Бид 2017 онд Дорноговь аймгийн Хаан банкны салбарт хамт ажилладаг байсан. Энэ үедээ хамтын амьдрал үүсгэхгүйгээр дотно харилцаатай байсан. Хамт тасралтгүй байсан өдөр гэвэл нийт 4 хоног л байгаа. Л.Х нь 2018 оны намар Улаанбаатар хот дахь Хаан банкны салбарт ажиллахаар шилжиж явсан. Би одоо ч Дорноговь аймгийн Хаан банкиндаа ажилладаг. Иймд бид хамтын амьдралтай байх боломжгүй. Л.Х нь нөхөр хүүхэдтэй. Л.Х нь Улаанбаатар хотод орон сууц авсан. Уг орон сууцандаа тавилга авах мөнгөгүй байна, мөнгө зээлдүүлэх боломж байна уу гэж асуусан. Би түүнд 2021 оны 5 сараас 6 сард дүү маань бөөгийн сахиус авна. Энэ үед мөнгө хэрэгтэй болно, тэр үед мөнгийг маань буцаагаад өгвөл зээлдүүлж болно гэж хэлсэн. Ингээд тэр 2021 оны 5 сараас 6 сарын үед буцааж өгнө гэсэн тул би банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч 3 000 000 төгрөгийг зээлдүүлсэн. Бид нэг газар хамт ажиллаж байсан тул хамт олны хүмүүсийн төрсөн өдөр, нийллэг гэх мэт зүйлд мөнгө хураадаг байсан. Эдгээр тохиолдлуудад болон бие биедээ мөнгө зээлдүүлэх тохиолдол байдаг. Иймд Л.Хаас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Х нь М.Б-тэй 2017 онд танилцаж, улмаар 2018 оноос дотно харьцаатай болж хамт амьдрах болсон хэдий ч сүүлийн жилүүдэд хоорондоо таарч тохирохгүй байнгын хэрүүл маргаантай болж тусдаа амьдрах болсон. Тэд хамт амьдарч байх хугацаандаа Л.Х нь М.Б-ийн данс руу гэр бүлийн хэрэгцээнд зориулж байнга мөнгө шилжүүлдэг байсан. Гэтэл 3 000 000 төгрөг зээлсэн, 2021 оны 5, 6 сард өгнө гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь ойлгомжгүй байна. 3 000 000 төгрөг зээлсэн тухай зээлийн гэрээг аман болон бичгийн хэлбэрээр хийсэн зүйл огт байхгүй. Хамтран амьдарч байх хугацаандаа зарцуулсан зардал тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь хамтран амьдрахаа больсны дараа ахуйн хэрэгцээндээ зарцуулсан мөнгийг нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй. Зохигчдын дансны хуулгыг үзвэл бие бие рүүгээ удаа дараагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд зохигчид хамтын амьдралтай байсан болох нь батлагдана. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Хаас 2 950 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Б-т олгож, нэхэмжлэлээс 50 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 62 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: М.Б нь Л.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Хаас 2 950 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Бөд олгож, нэхэмжлэлээс 50 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх Л.Х нь 3 000 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бөөс хүлээн авснаар тэдгээрийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь учир дутагдалтай байна. Хариуцагчийн зүгээс, нэхэмжлэгчтэй хамтран амьдарч байсан бөгөөд гэр бүлийн маргаанаас болж Л.Х нь цагдаад хандаж, асуудал үүссэнтэй холбоотой нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хариуцагч М.Б нь хамтын амьдралтай байсан үйл баримтад маргахгүй гэсэн тайлбарыг гаргадаг. Тухайн баримт нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнтэй холбоотой баримт байсан юм. Гэтэл шүүх хуралдааны явцад тэрээр ...Би Л.Хтай хамтын амьдралтай байгаагүй ... хамт тасралтгүй байсан өдөр гэвэл нийт 4 хоног л байгаа... гэж зөрүүтэй тайлбарыг гаргадаг. Улмаар шүүхээс нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд хамтын амьдралтай байсан үйл баримтыг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж шүүхээс үзсэнд гомдолтой байна.

Хэрэгт авагдсан дансны хуулгаас үзвэл, өдөр болгон тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч болон хариуцагч нар нэг нэгэн рүүгээ шилжүүлдэг байсан нь харагддаг. Нэхэмжлэгчийн тайлбарласнаар хамт олны нийллэгийн мөнгө, бага хэмжээний мөнгийг нэг нэгэндээ зээлдэг байсан гэх боловч мөнгө шилжүүлсэн өдөр, давтамжаас үзвэл, уг тайлбар нь үндэслэлгүй юм. Тодруулбал, өдөр болгон хамт олны нийллэгийн мөнгө гэж нэг нэгэн рүүгээ мөнгө шилжүүлж, өдөр бүр мөнгө зээлдэг байсан гэдэг нь бодит үнэнд нийцэхгүй юм. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасныг дурдаж байна. Дээрхээс үзвэл, хэрэгт авагдсан дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар үнэлээгүй. Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь өөрөө зээлийн харилцааг бүхэлд нь үгүйсгэхгүй талаар Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасан байдаг. Зээлийн харилцаа үүссэн эсэхийг тогтоохын тулд нэхэмжлэгчийн зээлийг шилжүүлсэн гэх үеэс эхлэн хариуцагчаас нэхэмжлэгч рүү зээл төлөв утга бүхий шилжүүлэг хийж байсан эсэх, хоног сар тутам ямар нэгэн байдлаар тогтмол шилжүүлгийг нэхэмжлэгч рүү шилжүүлж байсан эсэхийг шүүхээс анхаарч үзэх шаардлагатай байсан. Нэхэмжлэгчийн зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг ямар учраас хоёр хувааж шилжүүлсэн нь ойлгомжгүй байна. Түүнчлэн, зээлдүүлсэн гэх мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагч руу шилжүүлэхдээ зээлтэй холбоотой утга агуулга бүхий гүйлгээ хийсэн эсэхийг анхаарах байсан. Үүнээс хариуцагч зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө төлөх байсан уу, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үү гэдэгт хууль зүйн дүгнэлт өгөх байсан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх асуудалд нэхэмжлэгч болон хариуцагч нар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийллээс үзвэл нэг нь мөнгө зээлэх, нөгөө нь мөнгөн хөрөнгө зээлж авах хүсэлтэй байсан нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас эргэлзээгүйгээр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм. Дээр дурдсныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Х-д холбогдуулан 3 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М.Б нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 600 000 төгрөг, 400 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг Л.Хын эзэмшлийн Хаан банк дахь 5377033666 тоот дансанд шилжүүлсэн болох нь хэргийн 4, 6, 63 дахь талд авагдсан И ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Хаас 2 950 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Бөд гаргуулж шийдвэрлэсэн нь зөв боловч шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулах боломжтой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй. Учир нь нэхэмжлэгч М.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагч Л.Хтай хамт ажилладаг, хамтын амьдрал үүсгэхгүйгээр дотно харилцаатай байсантай холбон тайлбар гаргасан байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчтай зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг байсан, нөгөө тал мөн адил хүсэл зориг илэрхийлж зөвшилцсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, талуудын тайлбараар няцаагдаж байхад гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн болохоо нотолсон, хариуцагч нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авах эрхтэй байсан гэдгээ нотлох үүрэгтэй.

 

М.Б нь Л.Х-д хууль буюу гэрээгээр 3 000 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан гэх байдлыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй байна.

 

Хариуцагч Л.Х нь нэхэмжлэгч М.Б-тэй гэр бүлийн харилцаатай хамтын амьдралтай байсан учир гэр бүлийн хэрэгцээнд зориулж 3 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан банкны гүйлгээний баримтаар өмнө нь талууд хоорондоо их биш хэмжээтэй мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримтыг 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 600 000 төгрөг, 400 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг нэг өдөрт шилжүүлснийг харьцуулан үнэлбэл уг 3 000 000 төгрөгийг зохигчид хамтын амьдралын хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Ийнхүү зарцуулсан гэх нөхцөл байдлыг хариуцагч нотолж чадаагүй. Иймд хэрэгт авагдсан дансны хуулгыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасны дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч М.Б нь хариуцагч Л.Х-д 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 2 600 000 төгрөг, 400 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 4, 6, 63 дахь талд авагдсан И ББСБ ХХК-ийн тодорхойлолт, Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх хариуцагч Л.Х нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 50 000 төгрөгийг нэхэмжлэгч М.Б-ийн эзэмшлийн Хаан банк дахь 5374486940 тоот данс руу шилжүүлсэнийг 3 000 000 төгрөгөөс хасч, үлдэх 2 950 000 төгрөгийг хариуцагч Л.Хаас гаргуулж нэхэмжлэгч М.Бөд олгож шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль хэрэглээний талаар гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2021/02649 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 281 дүгээр зүйлийн 281.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 870 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ