Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 001/ХТ2024/00078

 

Б гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дүгээр шийдвэр,            

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00273 дугаар магадлалтай     

Б гийн нэхэмжлэлтэй,

Э , “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох

“Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б , хариуцагчийн өмгөөлөгч Б , нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б  нь хариуцагч Э , “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэгч Б г “Э ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч “Э ” ТӨХК-аас нэхэмжлэгч Б гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78,010,684 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б д олгож, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э ” ТӨХК-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б  нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “Э ” ТӨХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 548,003 төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00273 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Э , “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нарт холбогдуулан гаргасан тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 210/МА2024/00273 дугаар магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

Нэг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь бүхэлдээ хуулийг зөрүүтэй тайлбарлаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэл бүхий дүгнэлтээр үгүйсгээгүй, тодорхой бус, хуулийг зөрүүтэй тайлбарлаж шийдсэн нь дараах байдлаар тогтоогдож байна. Магадлалын хянавал хэсгийн 3-т “Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна” ... гэж дүгнэсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэрт заасан ямар нотлох баримт нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн болохыг магадлалдаа заагаагүй ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гаргасан тайлбарын хүрээнд нэг бүрчлэн үндэслэл бүхий дүгнэлт гаргаж шийдвэртээ тусгасныг, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, үндэслэл бүхий няцаалт хийгээгүй байна.

 Магадлалын 4.4-т “Хариуцагч “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022.11.02-ны өдрийн 26 дугаар тогтоол гаргаж, дээрх хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч Б тай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.5-д заасантай нийцжээ”... гэж дүгнэсэн нь хариуцагч Б тай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.5-заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй бөгөөд хөдөлмөрийн хуулийн аль хэсгийг үндэслэж гэрээг цуцалсан болох нь тодорхой бус тул нэхэмжлэгчээс дээрх гэрээг цуцалсан тогтоолд заасан.Хөдөлмөрийн тухай хуулийн аль заалт хэсгийг үндэслэж гаргасан нь тодорхойгүй байх тул гэрээг цуцалсан 26 дугаар тогтоол нь үндэслэлгүй гэж маргасныг анхан шатны шүүх хөдөлмөрийн гэрээг цуцлах тогтоол нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул гэрээг дуусгавар болгохдоо хариуцагч хууль зүйн үндэслэл болгосон үндэслэлээ тодорхой заагаагүй байна гэж анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Мөн магадлалд заасан 65.4.5 гэдэг заалт Хөдөлмөрийн тухай хуульд байхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуульд байхгүй зүйл заалтыг үндэслэл болгож магадлалдаа тусгасан ба хариуцагчийн гэрээг цуцалсан үндэслэлийг тодорхой заагаагүй фактыг хэрхэн зөвтгөж байгаа нь тодорхой бус харин нэхэмжлэгчийн болон анхан шатны шүүхийн үндэслэлийг хэрхэн няцааж байгаа нь тодорхой бус байна.

Магадлалын 4.2-т “Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тогтоол талуудын маргааны зүйл болсон байна” гэж дүгнэсэн боловч нэг талын буюу хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.3-т заасан үндэслэлээр халсан гэх тайлбарыг хүлээн авч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод байгаа нь нэхэмжлэгчийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.3-т заасан үндэслэл гэж бичигдээгүй, 65.4.3.хөдөлмөрийн гэрээгээр ажилтанд шилжүүлсэн эд хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан, үрэгдүүлсэн, өмчлөгчөөс олгосон эрх мэдлийг хэтрүүлсэн нь тогтоогдсон байдал, тогтоогдоогүй зүйлийг нэг талын тайлбараар дүгнэлт гаргасан.

Магадлалын 5-д заасан “Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар “гүйцэтгэх захирал Б тай байгуулсан 2021 оны контрактын биелэлтийг 96.6 оноогоор сайн гэж дүгнэсэн ..., ... онцгой нөхцөл бүхий гэрээний 2.10-д заасныг зөрчсөн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна”... гэх үндэслэл нь бүхэлдээ анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг эсрэгээр нь дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл, “Э ” ТӨХК-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар гүйцэтгэх захирал Б тай байгуулсан контрактын биелэлтийг 96.6 оноогоор “сайн” гэж дүгнэж гэрээг сунгасан. 2022.10.26-ны өдрийн хяналт шинжилгээний тайланг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хэрэгт авагдсан баримт болон бусад нотлох баримтаар үгүйсгэгдэхгүй байгаа ба давж заалдах шатны шүүх хэрхэн ямар нотлох баримт дээр үндэслэсэн нь бас л тодорхой бус, үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна. Нэхэмжлэгч Б гийн 2021-2022 оны ажлыг 96.6 оноогоор сайн гэж дүгнэсэн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж байгааг хариуцагч нотлоогүй ба 2022.10.26-ны өдрийн хяналт шалгалтын ажлын дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан тэмдэглэлийг 2022.11.02-ны өдөр танилцуулсан ба дээрх тэмдэглэлд үндэслэж Э наас 2022.11.02-ны өдрийн 6/4169 дугаартай “зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичиг ирүүлсэн ба түүний хэрэгжилт зөвлөмжийн хугацаа заасан боловч 2022.11.02-ны өдрийн а/4168 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирал Б г чөлөөлөх тухай хурлаар хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн албан бичгийг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй бөгөөд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.10-д “компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гүйцэтгэх захирлын ажлын тайлан, гэрээний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээ, эсвэл хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулж шийдвэрлүүлэх” гэж заасныг зөрчсөн байна.

Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах хугацаа олгоогүй, зөвлөмжид заасан ажил үүргийг хийж гүйцэтгэж, хийсэн ажлаа тайлагнах хугацаа болоогүй, хувьцаа эзэмшигчид танилцуулаагүй байхад ажлыг дүгнэж шийдвэрлэсэн байгаа мөн “Э ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023.02.10-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор Б гийн оронд томилогдсон Б д 2022 оны жилийн үйл ажиллагааны үр дүнгээр олгох нэмэгдлийн дээд хэмжээг 2.6 сараар олгож урамшуулсан нь 2022.11.02-ны өдрөөс 2022.12.31-нийг хүртэлх хоёр сарын хугацаанд ажил хийсэн байдлыг урамшуулж байгаа нь Б гийн хийсэн ажлын үнэлэлт үргэлжилж байгаа гэж үзэхээр ба гэрээнд заасан ажил удирдах зөвлөлийн тогтоолд заасан шиг муу байсан бол хоёр сар болсон хүнийг шагнах ажлын үзүүлэлт гарахгүй байсан гэж үзэж байгаа болохоо шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж дээрх тогтоолыг өгсөн ба ажлаас хууль бусаар халсан болох нь давхар нотлогдож байгаа болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлд зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд нэхэмжлэгч хүсэлт гаргаж түүнийг уг хороо хүлээн авч “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс 2022.11.02-ны өдрийн 26 дугаар тогтоолд ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул тогтоолыг хууль бус гэж үзэж Б г “Э ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар эгүүлэн томилуулах шийдвэр гаргасан ба хариуцагч тал тухайн шийдвэрийг хүлээн аваад уг шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах байсан ч гаргаагүй нь тухайн 3-н талт хорооны шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэх хууль зүйн үндэслэл харагдаж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.8 “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.” 154.9 ”Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй.”

Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан ба өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн гомдолд холбогдуулж тайлбар гаргасан ба хариуцагч энэ шийдвэрт нэхэмжлэл гаргаагүй нь хариуцагч энэхүү шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй болох нь харагдаж байна. Энэ байдлыг анхаарч үзээгүй.

Магадлалын 5.1-д “Харин хэрэгт авагдсан Эрчим хүчний сайдын 2022.11.02-ны өдрийн А/4168 дугаартай албан бичиг, компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж удирдамж гаргасан гэх үндэслэлгүй агуулга бүхий дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй” ... гэж дүгнэжээ. Дээрх дүгнэлтийг гаргасан боловч шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ойлгомжгүй байна. “Э ” ТӨХК-ийн дүрмийн 8.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна” ..., 8.5-т “Дараах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” ..., 8.5.9-т “Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх” энэхүү дүрэмд зааснаар Эрчим хүчний сайд 2022.11.02-ны өдрийн А/4168 албан бичгээр удирдамж өгөх эрхгүй ба гэрээг цуцалсан 26 дугаар тогтоолд заасан компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 “Хувьцаа эзэмшигчээс гэрээг цуцлах талаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж, чиглэл өгсөн бол” гэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Энэ заалтаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан тогтоол хууль бус үндэслэлгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүхийн 183/ШШ2023/03201 дугаар бүхий шийдвэр үндэслэл бүхий болох талаар. Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн шатанд маргасан үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу Э  болон “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Энэхүү зөрчигдсөн эрхээ хангуулахаар хариуцагчаа тодорхойлж, Эрчим хүчний сайдаас 2022.11.02-ны өдрийн А/4168 албан бичгээр “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгсөн үйлдэлд нь Э ыг хамтран хариуцагчаар татуулах, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрхийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралд хуульд заасан үндэслэл журмын дагуу үгүйсгэх ёстой ба шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрээ гаргасан, гомдолд дурдсан шиг хариуцах эрхгүй этгээдэд холбогдуулж гомдол гаргасныг шүүх хүлээн авч шийдвэрлэлээ гэх гомдол нь үгүйсгэгдэж байгаа ба энэ талаар шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6-д шүүх дүгнэлтээ гаргасан нь нэхэмжлэгчээс энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болно. Нэхэмжлэгч “Э ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагчаар татуулах хүсэлт өгч түүнийг шүүх хүлээн авч ханган шийдвэрлэсэн ба тэр цаг хугацаанаас хойш тайлбар гаргах, нотлох баримт гаргах хугацаа өнгөрсөн ба “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давах гомдолд дурдсан тайлбар, нотлох баримт гаргаж өгөөгүй, мэтгэлцээгүй байхад хэргийг шүүх шийдвэрлэсэн гомдол нь үгүйсгэгдэж байна. Анхан шатны шүүх хариуцагчийн Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3-т заасан үндэслэл болон 2022.10.26-ны өдрийн хяналт шинжилгээний тайлан, зөрчлийг нотолсон баримтууд, 2021.11.17-ны өдрийн 26 дугаартай Б д сахилгын шийтгэл оногдуулах тухай тогтоол болон бусад баримтаар тогтоогдоно гэсэн тайлбарыг үгүйсгэж няцаах дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дахь хэсэгт хийсэн мөн нэхэмжлэгч тал хариуцагчийн хариу тайлбарыг үгүйсгэж мэтгэлцсэн ба анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагад нийцэж байна гэж үзэж байна.

Хариуцагчийн 2021.11.17-ны өдрийн 26 дугаартай Б д сахилгын шийтгэл оногдуулах тухай тогтоолоор үндсэн цалинг 1 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа ба давж заалдах шатны шүүх магадлалд хэрэгт хамааралгүй болохыг дурдсан нь гэрээг цуцлах нэг үндэслэл гэж маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна мөн 2021 оны 12 сард Б г Эрчим хүчний сайдын тушаалаар, Эрчим хүчний салбарын 2021 оны шилдэг менежерээр тодруулж шагнаж урамшуулсан, энэ батламж хэрэгт нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргаж өгсөн ба хариуцлага тооцох этгээд байсан бол шилдэг менежерээр тодруулахгүй байсан болно.

Хариуцагч нараас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1-д зааснаар цуцалсан, хувьцаа эзэмшигч Э наас Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгсөн гэж тайлбарлаж маргаж байгаа боловч “Э ” ТӨХК-ийн дүрмийн 8.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна”.., 8.5-д “Дараах асуудлаар Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ” .., 8.5.9-т “Компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх” энэ дүрмээр Э  удирдамж өгөх эрхгүй болох нь тогтоогдож байгаа ба давах шатны шүүх, удирдамж өгөх эрхгүй болох талаар дүгнэлт хийсэн энэ талаар анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 8 дахь хэсэгт тодорхой дүгнэсэн байна. Б тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан үндэслэл үгүйсгэгдэж байна. Мөн хариуцагч тал 2022.10.26-ны өдрийн хяналт, шинжилгээний тайланг үндэслэж, нэхэмжлэгчтэй байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 2.12 “Гүйцэтгэх захирал гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй бол хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, сахилгын шийтгэл оногдуулах”, 2.13 “Шаардлагатай гэж үзвэл Төлөөлөн удирдах зөвлөл компанийн удирдлага, санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд холбогдох яам, газартай хамтран мэргэжлийн хүмүүсийг оролцуулан хяналт шалгалт хийх”, 2.14 “Гүйцэтгэх удирдлагын буруутай үйл ажиллагааны улмаас байгууллагад хохирол учруулсан, байгууллагын зорилт эрх ашгийн төлөө шударгаар ажиллах эрх, үүргээ хэрэгжүүлээгүй, хамт олны доторх уур амьсгалыг эвдэж, ёс зүйн зөрчил гаргасан, үл ойлголцох байдал үүсгэсэн, үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулсан, ажил олгогчийн итгэлийг алдсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагад хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасны дагуу арга хэмжээ авах, сахилгын шийтгэл оногдуулах”, 2.15 “Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд заавал оролцох үүргээ биелүүлээгүй, жилийн ажлын төлөвлөлт хангалтгүй, эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлж чадаагүй гүйцэтгэх захирлыг ажлаас чөлөөлж, энэхүү гэрээг нэг талын санаачилгаар цуцлах хүртэл арга хэмжээ авах” гэж гэрээний дээрх заалтыг үндэслэж маргасан боловч Хөдөлмөрийн гэрээ цуцалсан тогтоолдоо дээрх гэрээний заалтыг үндэслэл болгоогүй байна.

Гурав. Хэрэгт авагдсан бусад баримтын талаар. Нэхэмжлэгч Б  нь Эрчим хүчний чиглэлийн мэргэжлээр мэргэшиж энэ салбарт 20 гаруй жил ажиллахдаа анхан шатны ажилтан болох цахилгааны монтёроос эхэлж ажилласан ба эрчим хүчний салбар хариуцсан компанийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер болох хүртэл, төрийн албаны мерит зарчмаар өгсөж 2016 оноос эхлэн “Э ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдож ажиллаж байсан. Салбар хариуцсан мэргэжлийн шилдэг менежерийг салбарын сайд өөрчлөгдсөнөөр, Төлөөлөн удирдах зөвлөлд гүйцэтгэх захирлыг оролцуулахгүйгээр, /43.2.10.хөдөлмөрийн гэрээг цуцлах, эсхүл дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах;/, хууль бус удирдамжаар, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл тодорхой бус шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болохыг шүүхийн шатанд нэхэмжлэгчийн өгсөн тайлбар нь ИХШХШТХ-н 37.1-т заасан нотлох баримтаар тооцогдох мөн энэ нотлох баримтыг давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж үгүйсгээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг, хуулийг зөрүүтэйгээр тайлбарлаж гаргасан давж заалдах шатны шүүхийн магадлал нь үндэслэл бүхий байх, хуулийн шаардлага хангахгүй, хуулийг зөрүүтэй хэрэглэсэн илтэд хууль бус, нэг талыг баримталсан байх тул 2024.02.02-ны өдрийн 00273 дугаар магадлалыг хүчингүй болгож, 2023.10.13-ны өдрийн 03201 дүгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх гомдлыг гаргаж байна гэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б  болон Б  нар дээрх гомдлыг эс зөвшөөрч, “...нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тогтоол хууль зүйн үндэслэлтэй, ...онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа одоо дуусгавар болсон, гэрээг дүгнээгүй, урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үндэслэлгүй, ... нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн үндэслэлтэй, ...гомдлыг хангахгүй орхино уу” гэсэн агуулга бүхий тайлбар гаргасан байна.

6. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2024.03.28-ны өдрийн хуралдааны 001/ШХТ2024/00383 тогтоолоор нэхэмжлэгч Д  болон түүний өмгөөлөгч Д  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7. Нэхэмжлэгч Б  нь хариуцагч “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл, Э анд холбогдуулан  ажлаас чөлөөлөх тухай тогтоолыг хүчингүй болгож, тус компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор болон 13 дахь сарын урамшуулал гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан ба үндэслэлээ “ ... хяналт шалгалтын үр дүнг үндэслэж онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй буюу хяналт шалгалтын үр дүнг танилцуулж зөвлөмж өгч, зөвлөмжийг биелүүлэх хугацаа тогтоосон байсан, ...хувьцаа эзэмшигчээс гэрээ цуцлах чиглэл өгсөн гэж гэрээг цуцалсан нь үндэслэлгүй, ...төлөөлөн удирдах зөвлөлөөс ээлжит бус хурлыг хийхдээ нэхэмжлэгчид удирдамж, чиглэл ирсэн талаар танилцуулж мэдэгдээгүй, биечлэн оролцуулах ажиллагааг хийгээгүй гэнэтийн шийдвэр гаргасан...ажлаас чөлөөлөх тогтоолд хуулийн зүйл, заалтыг ерөнхий бичсэн атлаа зөрчил дутагдал гаргасны дагуу чөлөөлсөн гэдгийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Хариуцагч “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь “...Хувьцаа эзэмшигч, төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч салбарын яамны хувьд тус яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дүгнэлтийг үндэслэн компанийн ... зөвлөлд 2022.11.02-ны өдрийн 6/4165 тоот албан бичиг ирүүлсний дагуу холбогдох арга хэмжээг авч, Б г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, ...нэхэмжлэгч Б  ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан.

Хариуцагч Э  нь “...нэхэмжлэгч Б  нь хариуцагчаа буруу тодорхойлсон, Э  нь хувьцаа эзэмшигч гэдгээрээ удирдамж гаргасны дагуу холбогдох арга хэмжээг төлөөлөн удирдах зөвлөлөөс авч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээг яам цуцлаагүй, онцгой нөхцөлт гэрээний 5.2.1-д заасны дагуу компанийн хувьцаа эзэмшигч Э ны сайд нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн а/4168 тоотоор Б г ажлаас чөлөөлөх чиглэл өгсөн...” гэсэн агуулгаар татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

8. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрлөх эрхийн маргаанд хамаарах үйл баримтыг үндэслэл бүхий тогтоосон байна.

8.1. Нэхэмжлэгч Б нь 2016.09.21-ний өдрөөс эхлэн тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилласан ба Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022.11.02-ны өдрийн №26 “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ”-г цуцалсныг тэрээр эс зөвшөөрч, хөдөлмөрийн маргаан таслах комисст хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

8.2. “Э ” ТӨХК-ийн дүрмийн 1.4-д “... 100  хувь төрийн өмчит хувьцаат компани ... нийт хувьцааны 70 хувийг Э , 30 хувийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар тус тус хэрэгжүүлнэ” гэж зааснаар хариуцагч яам нь компанийн хувьцааг эзэмшигч мөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй ба дүрмийн 8.1-д “компанийн эрх барих дээд байгууллага нь Хувьцаа эзэмшигчдийн хурал байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал ээлжит, ээлжит бус байна”, 8.5-д “дараах асуудлыг компанийн Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ”, 8.5.9-д “компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх” гэж заасан, 8.7-д “хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэсэн асуудлаар тогтоол, хурлын тэмдэглэл гаргана” гэж тус тус зохицуулсан байна.

8.3. 2022.11.02-ны өдрийн №26  “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолд “Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15, Эрчим хүчний сайдын 2022.11.02-ны өдрийн а/4168 дугаар албан бичгээр өгсөн удирдамж, 2022 04.26-ны өдрийн компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.2.1 дэх заалт, хяналт шалгалтын дүнг үндэслэн Б-г 2022.11.02-ны өдрөөр тасалбар болгон гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх бөгөөд 2022.10.03-ны өдрийн тус компанийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын удирдамжаар 2021, 2022 оны III улирлын байдлаарх үндсэн үйл ажиллагаа, санхүү, эдийн засаг, худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэл, цахилгаан дамжуулах сүлжээний эрсдэлийн түвшин, хүний нөөцийн бодлого, санхүүгийн дотоод хяналтын хэрэгжилтэд хяналт-шалгалт хийж, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2022.10.26-ны өдөр “Э ” ТӨХК-ийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан” гаргаж, 2022.10.31-ний өдөр уг  тайлан болон дүгнэлт, зөвлөмжийг танилцуулсан байна.

8.4. Зөвлөмжид “гүйцэтгэх захиралтай байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний зүйл заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах” гэсэн байх бөгөөд Э наас гүйцэтгэх захирал Б д ирүүлсэн 2022.11.02-ны өдрийн №6/4169 дугаартай “Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр “...Компанийн үйл ажиллагаанд 2022.10.05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүнд өгсөн дараах зөвлөмжийн мөрөөр холбогдох арга хэмжээг авч, ...онцгой нөхцөл бүхий гэрээний зүйл заалт бүрийг хэрэгжүүлж ажиллах, зөвлөмжийн биелэлт, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023.01.10-ны өдрийн дотор ирүүлнэ үү” гэсэн байх бөгөөд мөн сайдын 2022.11.02-ны өдрийн а/4168 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн албан бичигт “2022 оны 11 сарын ээлжит хурлаар хэлэлцэх асуудлыг хавсралтаар хүргүүлж байна” гэсэн байх ба уг хавсралтад  “...компанийн гүйцэтгэх захирал Б г чөлөөлөх тухай, Хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамж,  Яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022.11.02-ны өдрийн 6/4165 тоот хяналт шалгалтын үр дүнгийн тухай албан бичгийг танилцуулж, гишүүдийн саналыг тусган тус компанийн гүйцэтгэх захирал Б г дээрх шалгалтын дүнг үндэслэн чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах “ гэсэн байх бөгөөд харин уг хавсралтад зааснаар хурлаас гарах шийдвэрт өгөх удирдамжийн үндэслэл болсон Яамны 2022.11.02-ны өдрийн 6/4165 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлд хүргүүлсэн “Хяналт  шалгалтын үр дүнгийн тухай” албан бичигт  “...сайдын 2022.10.03-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу ... сүлжээ ТӨХК-ийн үйл ажиллагаанд 2022.10.05-ны өдрөөс 31-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэсэн төлөвлөгөөт хяналт шалгалтаар илэрсэн асуудлын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллана уу” гэжээ.

8.5. “Э ” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021.11.17-ны өдрийн №26 дугаартай тогтоолоор Б д үндсэн цалинг 1 сар хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан талаар талууд маргаагүй байна.

9. Нэхэмжлэгч Б болон түүний өмгөөлөгч Д  нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг  “ ...шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж,  гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

10. Анхан шатны шүүх Б г “Э ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э ” ТӨХК-аас нэхэмжлэгч Б гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78,010,684 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Э ” ТӨХК-д даалгаж шийдвэрлэснийг хариуцагч нарын гаргасан  гомдлоор  давж заалдах шүүх хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэгч Б гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

11. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр тогтов.

11.1. Анхан шатны шүүх “...хариуцагч нь гэрээг цуцлах үндэслэлээ  2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын ажлын тайлан, зөвлөмжийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3-д заасан үндэслэлээр цуцалсан гэж тайлбарладаг боловч дээрх гэрээг цуцлах тухай ... №26 тогтоолд дурдаагүй, зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 үндэслэсэн байх бөгөөд тогтоол нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул гэрээг дуусгавар болгохдоо дээрх үндэслэлүүдийг хариуцагч нь тодорхой заагаагүй,  ... гэрээний 2.10-д “компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гүйцэтгэх захирлын ажлын тайлан, гэрээний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээ, эсвэл хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа Хувьцаа эзэмшигчийн хуралд оруулж шийдвэрлүүлэх гэж заасныг зөрчсөн” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 

11.2. Хэргийн баримтаас үзэхэд 2022.03.25-ны өдрийн ...компанийн ТУЗ-ийн №07 “Гүйцэтгэх захирал Б тай байгуулсан контрактын биелэлтийг дүгнэх тухай” тогтоолоор Б тай байгуулсан 2021 оны контрактын биелэлтийг 96,6 оноогоор “сайн” гэж, мөн 2022.04.26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын №05 “Гүйцэтгэх захирлын констрактыг дүгнэх тухай” тогтоолоор “...компанийн гүйцэтгэх захирлын 2021 оны контрактын биелэлтийг “сайн” гэж тус тус дүгнэсэн, улмаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсний дараа ТУЗ-ийн  2023.02.10-ны өдрийн №04 дугаартай тогтоолоор компанийн 2022 оны үйл ажиллагааны үр дүнгийн нэмэгдлийг ажилтнуудад 2.6 сараар, гүйцэтгэх захирал Б д 2.6 сараар тус тус олгохоор шийдвэрлэсэн зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн гэж дүгнэх боломжгүй юм.

11.3. Анхан шатны шүүх “...яам нь гүйцэтгэх захирал Б д 2022.11.02-ны өдрийн №6/4169 “Зөвлөмжийн мөрөөр арга хэмжээ авч ажиллах тухай” албан бичгээр зөвлөмжийн биелэлт, түүний мөрөөр хэрэгжүүлсэн ажлын тайланг 2023.01.10-ны өдрийн дотор ирүүлнэ үү гэсэн атлаа 2022.11.02-нд а/4168 дугаар албан бичгээр гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай хурлаар хэлэлцэх асуудлыг хүргүүлсэн, уг бичгийг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй”  гэж дүгнэхдээ хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлжээ.

11.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ... гэрээний 2.12, 2.13, 2.14, 2.15, 6.2-т зааснаар гэрээг цуцлах эрхтэй гэж маргасан ч  гэрээг энэ үндэслэлээр цуцалж, дуусгавар болгоогүй, гэрээг цуцалсан тогтоолд дээрх заалтыг үндэслэл болгоогүй гэж шүүх дүгнээд, ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулахдаа гэрээний хугацаа дуусах хүртэлх буюу 2023.04.26-ны өдрийг хүртэл 5 сар 18 хоногоор тооцож, харин 13 дахь сарын цалинг гаргуулах шаардлагыг үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

11.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах 4 үндэслэлийг тодорхой заасан ба  энэ маргааны хувьд компанийн ТУЗ нь чухам аль үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээг цуцалж байгааг тогтоолдоо тухайлан заагаагүй, түүнчлэн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн дагуу цуцалсан гэх боловч Э яамны сайдаас ирүүлсэн албан бичгийг Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.15-д нийцсэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

11.6. Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааны  маргааны үйл баримтыг зөв тогтоон, хэргийн баримт, талуудын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэжээ.

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг давж заалдах шатны шүүхийн магадлал хангасангүй.

12.1. Давж заалдах шатны шүүх “...компанийн 2021-2022 оны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын 2022.10.26-ны өдрийн ажлын тайлангаас үзвэл тус компанийн худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, их засвар, техник зохион байгуулалтын арга хэмжээний гүйцэтгэлд хяналт шалгалт хийж зөрчил илрүүлэн, дүгнэлт гаргасан, Б  нь энэ шалгалтын дүнтэй танилцсан болох нь түүний тайлбараар тогтоогдож байна” гээд 2022.11.02-ны өдрийн 26 дугаартай тогтоол гаргаж, дээрх хяналт шалгалтын дүгнэлтийг үндэслэн Б тай байгуулсан... гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.5-д заасантай нийцсэн, тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй” гэсэн агуулгатай дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4 дэх заалтыг буруу хэрэглэжээ. Түүнчлэн хуульд байхгүй “65.4.5” гэсэн заалт дурджээ. 

12.2. “...гүйцэтгэх захирал Б тай байгуулсан 2021 оны контрактын биелэлтийг 96,6 оноогоор сайн гэж дүгнэсэн ..., ... онцгой нөхцөл бүхий гэрээний 2.10-д “компанийн жилийн эцсийн санхүүгийн тайлан тэнцэл, аудитын дүгнэлт, гүйцэтгэх захирлын ажлын тайлан, гэрээний биелэлтийг хэлэлцэн үнэлэлт, дүгнэлт өгөх, гүйцэтгэх захиралд олгох урамшууллын хэмжээ, эсвэл хүлээлгэх хариуцлагын талаарх саналаа Хувьцаа эзэмшигчийн хуралд оруулж шийдвэрлүүлэх гэж заасныг зөрчсөн” гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх журамд нийцэхгүй байна гэж анхан шатны шүүхийг буруутгасан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байна. 

12.3. Давж заалдах шатны шүүх “...сайдын 2022.11.02-ны өдрийн А/4168 албан бичиг, Компанийн дүрэм зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх асуудлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэж удирдамж гаргасан гэх үндэслэлгүй гэх агуулга бүхий дүгнэлт гаргасныг буруутгах үндэслэлгүй. Учир нь, “Э ” ТӨХК-ийн дүрмийн 8.5.9-д заасан компанийн гүйцэтгэх удирдлагыг томилох, чөлөөлөх асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлд удирдамж өгөх асуудлыг компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэхээр зохицуулжээ. Хэрэгт хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар талуудын маргаж буй асуудлыг шийдвэрлэсэн талаарх баримт авагдаагүй байна” гэж дүгнэсэн атлаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгосон нь ойлгомжгүй юм.  

13. Давж заалдах шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлд онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцлах Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, харин нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангасан анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/00273 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                      

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   П.ЗОЛЗАЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                     Н.БАТЧИМЭГ

                                                                                  Д.ЦОЛМОН

                                                                      Х.ЭРДЭНЭСУВД