Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2021/01012

 

 

 

 

 

 

 

    2021          03          30

                101/ШШ2021/01012

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Д” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, П.Б холбогдох

 

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 521,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Амартүвшин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д” сууц өмчлөгчдийн холбоо, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Очирбат шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

П.Бнь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны “Д” сууц өмчлөгчдийн холбооны харьяа ******* байрны ******* тоотод оршин суугч бөгөөд холбогдох хуульд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулсан зардалд сард 26,500 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар нийт 521,000 төгрөгийн /2019 онд 7 сар х 30,500 төгрөг= 213,500 төгрөг, 2020 онд 4 сар х 30,500 төгрөг= 122,000 төгрөг, 2020 онд 7 сар х 26,500 төгрөг= 185,500 төгрөг/ өр үүсгэж бусад оршин суугч болон тус холбоог хохироож үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь тус оршин суугчид сар бүр мэдэгдэл, шаардах хуудас өгч, удаа дараа биечлэн уулзаж шаардсан боловч үндэслэлгүй тайлбар тавьж үүргээ биелүүлэхгүй тус холбооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. Сууц өмчлөгчдийн холбооны нэг сарын төлбөр нь засвар тохижилтын зардлын хуримтлал 7,100 төгрөг, үйлчлэгчийн зардал 5,000 төгрөг, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал 500 төгрөг, камерын зардал 500 төгрөг, усны зардал 300 төгрөг, жижүүрийн зардал 5,000 төгрөг, бичиг хэргийн зардал 100 төгрөг, үйлчлэгч ажилчдын хөлс 2,000 төгрөг, орц гадна талбайн гэрэлтүүлэг 1,500 төгрөг, лифт ашиглалтын зардал 6,000 төгрөг, нийт 26,500 төгрөгөөр тогтоосон Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан тооцоо нэхэмжлэлийг баримтад хавсаргав. Тус холбоо нь 8 байрны *******0 гаруй айл өрхөөс 10,425-26,500 төгрөгийн хураамж авч дундын өмчлөлийн үйл ажиллагааны зардал болох цахилгаан гэрэлтүүлэг, халуун хүйтэн усны төлбөр, гадна дотор засвар үйлчилгээ, үйлчлэгч цэвэрлэгч ажилчдын цалин хөлс, бусад шаардлагатай засвар үйлчилгээнд батлагдсан төсвийн дагуу зарцуулан үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Иймд сууц өмчлөгчдийн холбоонд төлөх 521,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд сарын төлбөрийг 30,500 төгрөгөөр тооцсоныг 26,500 төгрөгөөр тооцон нийт 477,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.

 

Хариуцагч П.Бшүүхэд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол ******* байрны ******* тоотод оршин суугч иргэн П.Бби “Д” сууц өмчлөгчдийн холбооны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн 1 хувийг гардан аваад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 16 дугаар хороолол Дандарбаатарын гудамж ******* байр нь 2018 оны 12 дугаар сард ЦЭЭБ ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд миний гэр бүл 2019 оны 3 дугаар сард тус байранд орж амьдарч эхэлсэн. Тус байр нь шинээр ашиглалтад орсон байр бөгөөд засвар үйлчилгээ хийх шаардлагагүй, 2019 оны 7 дугаар cap хүртэл хугацаанд ЦЭЭБ ХХК-ийн ажилтан жижүүрийн байранд сууж цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан төлбөрийг төлж байсан, зарим тохиолдолд цэвэрлэдэггүй байснаас шалтгаалан оршин суугчид бид дундын өмчлөлийн шат, цахилгаан шат, хонгил зэргийг цэвэрлэж, ариутгаж байсан билээ. Мөн миний бие нь халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан зэрэг ашиглалтын төлбөр, зарим сантехникийн засвар үйлчилгээний зардал зэрэг өөрийн өмчлөлийн орон сууцтай холбоотой төлбөрийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий байгууллага болох ОСНАА Хэрэглэгчдэд үйлчлэх төв, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ зэрэг газруудад зохих журмын дагуу хугацаанд нь төлж орон сууц өмчлөгчийн бусад үүргээ зохих ёсоор нь биелүүлж ирсэн. Миний оршин сууж байгаа байр шинээр ашиглалтад ороод 2 жил болж байгаа тул засвар үйлчилгээ хийх шаардлагагүй байсан, 2 жил амьдрах хугацаанд Д сууц өмчлөгчдийн холбоонд орох талаар 2003 онд батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" хуулийн 7 дугаар зүйлд заасан бүх гишүүдийн хурал хийж байгаагүй, хийх гэж оролдож байсан ч ирц хүрээгүй ******* байрны 84 айлаас 10-20 оршин суугч ирж ирц хүрээгүй, дээрх 10-20 хүний хувьд СӨХ-ийн төлбөр 35,500 төгрөг нь хэт өндөр байна зэрэг санал гаргаж байсан зэргээс шалтгаалан тодорхой шийдвэр гарч байгаагүй болно. Мөн Дэд бүтцийн сайдын 2003 оны 227 дугаар тушаалаар батлагдсан “Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм” 8.В-Д зааснаар “тухайн онд хийх их болон урсгал засварын ажлыг тодорхойлж хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтоох” талаар 2019-2021 онд оршин суугч, гишүүдтэй хуралдаж, ярилцаж, мэдээлэл хүргүүлж шийдвэрт хүрэх талаар “Д” нь зохион байгуулж байгаагүйгээс гадна холбооны жилийн орлого, зарлагын төсөв, их ба урсгал засварын ажлын төлөвлөгөө зохиох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргаж тайлагнаж байгаагүй зэрэг нь “Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрэм”-ийн заалтуудыг хэрэгжүүлэх, сууц өмчлөгчийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалттай холбоотой наад захын ажлыг огт хийгээгүй байж шүүхэд гаргасан нэхэмжлэлд 2019 онд 7 cap х 30,500 төгрөг = 213,500 төгрөг, 2020 онд 4 сард х 30,500 төгрөг = 122,000 төгрөг, 2020 онд 7 cap х 26,500 төрөг = 185,500 төгрөг, нийт 521,000 төгрөгийг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан гэх тооцоог нэхэмжилсэн байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар удирдах зөвлөлийн эрх, үүргийг тусгайлан заасан байх ба хуримтлал үүсгэх тогтоох эрх заагаагүй. Дын удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан тооцоо нэхэмжлэлд хуримтлал 7100 төгрөг, үйлчлэгчийн зардал 5000 төгрөг, ариутгал 500 төгрөг, камер 500 төгрөг, усны зардал 300 төрөг, жижүүр 5000 төгрөг, бичиг хэрэг 100 төгрөг, үйлчлэгч ажилчин 2000 төгрөг, гадна гэрэлтүүлэг 1500 төгрөг, литф 6000 төгрөг нийт 26,500 төгрөгөөр тогтоосон гэх боловч дээрх дүнгийн нийлбэр 28,000 төгрөг болж байгаа зэрэг нь ямар ч тооцоо судалгаагүй, үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгааг харж болох юм. Д сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлд 8 байрны *******0 гаруй оршин суугчтай талаар дурдсан байгаа боловч нийт гишүүдийг биш юм гэхэд ******* байрны 84 айлын оршин суугчийн 50-70 хувийг цуглуулж ядахнаа хурал хийж байгаагүй, тус холбооны 8 байрны *******0 гаруй иргэдээс 10,425-26,500 төгрөгийн хураамж авдаг гэх боловч хамгийн сүүлд шинээр ашиглалтад орсон ******* байрны оршин суугчдаас хамгийн өндөр төлбөр болох 26,500-30,500 төгрөг хурааж ямар засвар, ямар үйлчилгээ хийх болсон, хийсэн талаар тодорхойгүй, дурдах зүйлгүй нь хуулийн 7 дугаар зүйлд зааснаар “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал”-аар хэлэлцээгүй хэдэн хүн дурын мөнгөө нэхдэг гэдгийг харуулж байна. Д сууц өмчлөгчдийн холбооны гэх хүмүүс жижүүрийн байранд сууж та нар хэл ам гаргаад байхаар нь СӨХ-ийн төлбөр 35,000 төгрөг биш 30,500 төгрөг болсон одоо төлбөрөө төл гэх зэргээр шаардах хуудас өгч байсан ба шинэ байранд ямар засвар хийх гэж байгаа, ямар засвар хийсэн, цэвэрлэгээ хийхгүй байгаа талаар мөн оршин суугчийн зүгээс ******* байрны арын талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглоход хүйтэн, нар үзэхгүй байхаас гадна 3-4 метр өндөртэй гаражийн нүхэн гарцны дээр хашаагүй байрлуулсан нь хүүхэд унаж гэмтэх цаашлаад амь нас хохирох бололцоо үүссэн байна, тоглоомууд бэхэлгээгүй, хөдөлгөөнтэй тул хүүхэд дарах, цохих зэргээр гэмтээж байгаа талаар мэдэгдсэн.Тэдний зүгээс ажиллаж байгаа байгууллага, дарга албан тушаалтанд чинь хэлээд төлбөрөө авна шүү гэх зэргээр дарамтлах, нөлөө үзүүлэх гэж оролдож байсан. Цаашлаад орон сууцны суугчид, өмчлөгчдөд зориулагдсан хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж бүхий нийтийн эдэлбэрийн газрыг ашиглах боломжийг хааж чипээр хааж, онгойх хаалт хийж 20,000 төгрөгөөр СӨХ-ийн төлбөр төлсөн суугчид өгнө зэргээр ялгамжтай худалдан борлуулж байгааг хэлэхэд “чи үндэслэлгүй тайлбар тавьж төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй байна” гэх зэргээр миний эрхийг зөрчиж байхаас гадна байнгын харуул, жижүүргүйгээс болж шөнийн цагт түргэн тусламж, цагдаа зэрэг яаралтай тусламжийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Миний бие шөнийн 3 цагт хадам ээжийн бие муудаж эмнэлэгт хүргэх гэсэн боловч хаалтны дотор талд чиптэй хүн ирэхийг хүлээж цаг гаран хүлээж байсан иймд оршин суугч бүрт ялгаварлан гадуурхахгүйгээр чипийг үнэгүй олгох шаардлагатай байна. Мөн Д СӨХ-ийн ажилчин гэх өвгөн нь байр ашиглалтад ороход байсан орцны хаалганы соронзон түгжээ, домофонг засварлах нэрийн дор эвдэж одоог хүртэл ажилгаагүй болгосноос болж ******* байр нь тэнэмэл, архи уусан, согтуу хүний орогнох, орцонд бие засах үйлдэл гаргаж байсан ба бидний эрүүл, аюулгүй байдлыг алдагдуулах нөхцөлийг бүрдүүлж байгаа тул Д СӨХ нь үндэслэл, тооцоогүй төлбөр нэхэхээсээ өмнө хэвийн ажиллагаатай байсан зүйлийг хэвийн байдалд нь оруулах нь зүйтэй байна. Цаашид СӨХ-ийн төлбөртэй холбоотой асуудлаар Д сууц өмчлөгчдийн холбооны ажилчдын зүгээс миний ажиллаж буй байгууллага, эрхэлж буй ажил, хувь хүнтэй холбоотой байдлаар дарамтлах, шахалт үзүүлэхгүй байхыг хүсье.

Иргэн П.Бминий бие нь Д сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хууль, журам, дүрэмд зааснаар ондоо хуримтлуулах хөрөнгийн хэмжээг холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар тогтоосон зардлыг Иргэний хуулийн 147, 1******* дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж төлж байхад бэлэн байгаагаа илэрхийлж тайлбар гаргаж байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч П.Бт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 7 сарын төлбөр 213,500 төгрөг, 2020 оны 4 сарын төлбөр 122,000 төгрөг, 2020 оны 7 сарын төлбөр 185,500 төгрөг, нийт 521,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 477,000 төгрөг гаргуулахаар багасгасан болно.

 

Хариуцагч нь “Д сууц өмчлөгчдийн холбооны зүгээс хууль, журам, дүрэмд зааснаар ондоо хуримтлуулах хөрөнгийн хэмжээг холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар тогтоосон зардлыг Иргэний хуулийн 147, 1******* дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж төлж байхад бэлэн байгаагаа илэрхийлсэн тайлбарыг гаргаж байна

 

Д сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороонд байрлах, *******, *******, *******, *******, *******, ******* дугаар байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор 2014 онд байгуулагдан, Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгүүлсэн, улмаар 2019 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 36/В байрыг хариуцан ажиллахаар болсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 36/В дугаар байрны ******* тоот орон сууцны өмчлөгч  П.Бболох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд сууц өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө” гэж заасан байна.

 

Дсууц өмчлөгчдийн холбоо нь дээрх ******* тоотын оршин суугчийн сууц өмчлөгчдийн холбооны 2019 онд 7 сар буюу 6-12 дугаар сарыг дуусталх хугацааны төлбөрийг нэг сарын 30,500 төгрөгөөр тооцон 213,500 төгрөг, 2020 онд 4 сар буюу 01-04 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг нэг сарын 30,500 төгрөгөөр тооцон 122,000 төгрөг, 2020 онд 7 сар буюу 5-11 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрийг нэг сарын 26,500 төгрөгөөр тооцон 185,500 төгрөг, нийт 521,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 36/В дугаар байрны хувьд 30,500 төгрөгөөр тооцсонтой холбоотой шийдвэр байхгүй, энэ талаар хариуцагч гомдолтой байх тул нэхэмжилсэн бүх хугацааны 1 сарын төлбөрийг 26,500 төгрөгөөр тооцож, нийт 477,000 /18 сар х 26,500/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэх тайлбар гаргаж, энэ нь хэрэгт авагдсан “Д” СӨХ-ны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд үндэслэлтэй байна.  

 

Хариуцагчийн хувьд “Д” СӨХ-тэй холбоотой аливаа асуудлаар эрх бүхий байгууллагад хандах эрх тань нээлттэй бөгөөд Иргэний хуулийн 147, 1******* дугаар зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан тодорхой эрхүүдийг эдлэх боловч мөн төлбөр төлөх үүргээ хуульд заасан арга, журмаар хэрэгжүүлэх учиртай. 

 

Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч нь өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

    

            1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан хариуцагч П.Баас сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 6-12 дугаар сар, 2020 оны 01-11 дүгээр сарыг дуусталх хугацааны төлбөрт 477,000 /дөрвөн зуун далан долоон мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Баас улсын тэмдэгтийн хураамжид 14,960 /арван дөрвөн мянга есөн зуун жар/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Дсууц өмчлөгчдийн холбоонд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Т.ЭНХЖАРГАЛ