Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2021/00956

 

 

 

 

Д О СӨХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/01012 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д О СӨХ-ны нэхэмжлэлтэй, хариуцагч П.Б-т холбогдох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 477 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: П.Б- нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны Д О СӨХ-ны харьяа 36В байрны 45 тоотод оршин суудаг бөгөөд холбогдох хуульд заасны дагуу дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд зориулсан зардалд сард 26 500 төгрөг төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар нийт 521 000 төгрөгийн өр үүсэж бусад оршин суугч болон тус холбоог хохироож үйл ажиллагаа явуулахад хүндрэл учруулж байна. СӨХ нь тус оршин суугчид сар бүр мэдэгдэл, шаардах хуудас өгч, удаа дараа биечлэн уулзсан боловч үндэслэлгүй тайлбар тавьж үүргээ биелүүлэхгүй тус холбооны үйл ажиллагаанд хүндрэл учруулж байна. СӨХ-ны нэг сарын төлбөр нь засвар тохижилтын зардлын хуримтлал 7 100 төгрөг, үйлчлэгчийн зардал 5 000 төгрө, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал 500 төгрөг, камерын зардал 500 төгрөг, усны зардал 300 төгрөг, жижүүрийн зардал 5 000 төгрөг, бичиг хэргийн зардал 100 төгрөг, үйлчлэгч ажилчдын хөлс 2 000 төгрөг, орц гадна талбайн гэрэлтүүлэг 1 500 төгрөг, лифт ашиглалтын зардал 6 000 төгрөг, нийт 26 500 төгрөгөөр тогтоосон Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан. Иймд СӨХ-нд төлөх 477 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 16-р хороо, 16-р хороолол, 36В байр нь 2018 оны 12 сард ЦЭЭБ ХХК барьж ашиглалтад оруулсан бөгөөд миний гэр бүл 2019 оны 03 сараас тус байранд орж амьдарч эхэлсэн. Тус байр нь шинээр ашиглалтад орсон байр бөгөөд засвар үйлчилгээ хийх шаардлагагүй, 2019 оны 07 сар хүртэл хугацаанд ЦЭЭБ ХХК-ийн ажилтан жижүүрийн байранд сууж цэвэрлэгээ үйлчилгээ хийж байсан төлбөрийг төлж байсан, зарим тохиолдолд цэвэрлэдэггүй байснаас шалтгаалан оршин суугчид бид дундын өмчлөлийн шат, цахилгаан шат, хонгил зэргийг цэвэрлэж ариутгаж байсан билээ. Д О СӨХ нь бүх гишүүдийн хурал хийж байгаагүй, хийх гэж оролдож байсан ч ирц хүрээгүй, дээрх 10-20 хүний хувьд СӨХ-ны төлбөр 36 500 төгрөг нь хэт өндөр байна зэрэг санал гаргаж байсан зэргээс шалтгаалан тодорхой шийдвэр гарч байгаагүй болно. Мөн Д О СӨХ нь тухайн онд хийх их болон урсгал засварын ажлыг тодорхойлж хуримтлуулах хөрөнгийн хэмжээг тогтоох талаар 2019-2021 онд оршин суугч, гишүүдтэй хуралдаж, ярилцаж, мэдээлэл хүргүүлж шийдвэрт хүрэх талаар зохион байгуулж байгаагүй. Удирдах зөвлөл нь хуримтлал үүсгэх, тогтоох эрхгүй юм. Оршин суугчдын зүгээс 36В байрны арын талбайд байрлах хүүхдийн тоглоомын талбайд хүүхэд тоглоход хүйтэн, нар үзэхгүй байхаас гадна 3-4 метр өндөртэй гаражийн нүхэн гарцны дээр хашаагүй байрлуулсан нь хүүхэд унаж гэмтэх цаашлаад амь нас хохирох бололцоо үүссэн байгаа талаар мэдэгдсэн. П.Б- нь Д О СӨХ-ны зүгээс хууль, журам, дүрэмд зааснаар ондоо хуримтлуулах хөрөнгийн хэмжээг холбооны эрх барих дээд байгууллага болох бүх гишүүдийн хурлаар тогтоосон зардлыг Иргэний хуулийн 147, 148 дугаар зүйлд заасан үүргээ биелүүлж төлж байхад бэлэн байгаагаа илэрхийлж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Б-аас сууц өмчлөгчдийн холбооны 2019 оны 6-12 сар, 2020 оны 01-11 сарыг дуусталх хугацааны төлбөрт 477 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д О СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 14 960 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д О СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Тус байр нь шинээр ашиглалтад орсон байр бөгөөд өнөөдрийн байдлаар засвар үйлчилгээ хийгээгүй, хийх шаардлагагүй байсан. Мөн дээрх хугацаанд Д О СӨХ нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.2.2-т заасны дагуу бүх гишүүдийн хурлыг зохион байгуулж байсан тогтоол, тэмдэглэлийг шүүхэд ирүүлээгүй, орон сууцны хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор сан байгуулах талаар хэлэлцэж сан бүрдүүлэх зардлыг тогтоосон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, 7.2.3, 7.2.4-т заасны дагуу холбооны сан болон зээлийн хөрөнгийн бүрдүүлэлт, ашиглалт, захиран зарцуулалтыг шийдвэрлэх гэсний дагуу хийж байгаагүй, удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоогүй, хуульд заасан наад захын ажлыг зохион байгуулаагүй, тодорхой ажил хийгээгүй гэдгийг тайлбараар гаргаж өгөөд байхад нэхэмжлэгчийн талд шийдвэр гарсанд гомдолтой байна. 2019-2021 онд оршин суугч, гишүүдтэй хуралдаж, ярилцаж, мэдээлэл хүргүүлж шийдвэрт хүрэх талаар Д О СӨХ нь зохион байгуулж байгаагүйгээс гадна холбооны жилийн орлого, зарлагын төсөв, их ба урсгал засварын ажлын төлөвлөгөө зохиох, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг гаргаж тайлагнаж байгаагүй зэрэг нь Сууц өмчлөгчдийн холбооны үлгэрчилсэн дүрмийн 8, 9, 10, 10-д заасныг зөрчсөн. Удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгоогүй байхад удирдах зөвлөлийн хурлаар хууль зөрчиж хэлэлцсэн. Мөн зөвлөл гэх хууль бус хүмүүс нь дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.8-д заасан эрх хэмжээнд заагдаагүй хууль бус зүйлийг хэлэлцэж, хууль бус тооцоог нэхэмжилж миний эрх ашгийг хохироож байхад анхан шатны шүүх Д О СӨХ-ны талд шийдвэр гаргасанд гомдолтой байна. Иргэн П.Б- миний бие бүх гишүүдийн хурлаар тогтоосон зардлыг төлж байхад бэлэн байгаагаа илэрхийлсэн боловч анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт Д О СӨХ-ны 2020 оны 04 сарын 29-ний өдрийн удирдах зөвлөлийн тэмдэглэл зэрэг баримтаас үзэхэд үндэслэлтэй байна гэж үзэн 477 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д О СӨХ нь хариуцагч П.Б-т холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 521 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анх гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаа 44 000 төгрөгөөр багасгаж 477 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч П.Б-ыг 2019 оны 06 сараас 2020 оны 11 сар хүртэлх хугацаанд СӨХ-ны төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарладаг бол хариуцагч нь уг СӨХ-ны үйл ажиллагаа муу, оршин сууж буй байр нь шинээр ашиглалтад орсон учир засвар хийх шаардлагагүй, бүх гишүүдийн хурлаас бус удирдах зөвлөлөөс тогтоосон төлбөрийг төлөх үүрэггүй гэх үндэслэл заан татгалзал гаргасан.

 

Хэргийн 6-р талд авагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус дүүргийн 16-р хороо, 24А, 24Б, 32, 36А, 36Б, 48-р байрны оршин суугчдын хурлын шийдвэрийг үндэслэн Д О СӨХ-г 2014 оны 01 сарын 15-ны өдөр бүртгэсэн тухай гэрчилгээний хуулбар нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх боловч талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч нь дээрх СӨХ-ны харьяалдаг байрны оршин суугч болох нь Баянзүрх дүүргийн 16-р хорооны Засаг даргын 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 2919 тоот тодорхойлолт, нэхэмжлэл гардуулсан тухай баримтад бичигдсэн хариуцагчийн оршин суугаа хаяг зэргээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т орон сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй гэж тус тус заажээ.

 

Хариуцагчаас татгалзалдаа зааж буй үндэслэл нь түүнийг дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэх хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Учир нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, үйлчилгээтэй холбоотой зардлыг оршин суугч бүр хуульд заасан журмын дагуу төлөх үүрэгтэй болно. Уг зардлыг СӨХ-ны бүх гишүүдийн хурлаар баталсан тухай баримт хэрэгт байхгүй боловч нэхэмжлэлд зааж буй зардлаас үйлчлэгчийн зардал, ариутгал халдваргүйжүүлэлтийн зардал, камерын зардал, усны зардал, жижүүрийн зардал, бичиг хэргийн зардал, үйлчлэгч ажилчидын хөлс, гэрэлтүүлгийн зардал, лифт ашиглалтын зардал зэрэг нь тогтмол гарах юм.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан ...СӨХ нь бүх гишүүдийн хурал ... хийх гэж оролдож байсан ч ирц хүрээгүй... гэх тайлбарыг нэхэмжлэгчийн тайлбартай харьцуулан үнэлэхэд СӨХ-ны төлбөр хураамжийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлээгүй байгаа нь түүнийг дундын өмчлөлийн зүйлтэй холбоотой гарах зайлшгүй зардлыг төлүүлэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, Д О СӨХ болон хариуцагчийн хооронд үл ойлголцол байгаа эсэхээс үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг төлөх учиртай.

 

Иймд нэхэмжлэгч Д О СӨХ нь хариуцагч П.Б-т холбогдуулан Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй тул 2019 оны 06 сараас 2020 оны 11 сар хүртэлх хугацаанд хамаарах дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 19 400 төгрөг х 18 сар = 349 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Харин уг байрыг шинээр ашиглалтад орсон тул засвар үйлчилгээ хийгдээгүй, хийх шаардлагагүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч няцаагаагүй бөгөөд засварын зардал зайлшгүй гаргах шаардлагатай болохыг нэхэмжлэгч нотлоогүй. Тухайн байранд засвар үйлчилгээ хийсэн талаархи баримт хэрэгт авагдаагүй тул нэхэмжлэлд дурдсан засвар тохижилтын зардлын хуримтлал 7 100 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй гэж үзэн 7 100 төгрөг х 18 сар = 127 800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хийж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 30-ны өдрийн 101/ШШ2021/01012 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар хариуцагч П.Б-аас дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 349 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д О СӨХ-нд олгож, үлдэх 127 800 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 280 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 11 126 төгрөгийг гаргуулан нэхэмлэгч Д О СӨХ-нд буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 05 сарын 12-ны өдөр төлсөн 14 960 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.НЯМБАЗАР