Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2021/01129

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- байранд байрлах, М И ХК -н нэхэмжлэлтэй,

хариуцагч-  давхарт байрлах, Ш ХХК -д холбогдох,

гэрээний үүрэгт 890.653.908 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

талуудын хооронд 2019-09-02-ны өдөр байгуулагдсан 2019/41 тоот бараа “материал зээлээр худалдах, худалдан авах” гэрээний 1.8 дугаар заалт болон тус гэрээг дагалдаж хийгдсэн 22 ширхэг “орон сууц захиалан бариулах” тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамханд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани Ш ХХК, түүний захирал Б.Б-тай харилцан тохиролцож 2019-09-02-ны өдөр бараа материал зээлээр худалдах, худалдан авах тухай 2019/41 тоот гэрээ байгуулж, 517.223.320 төгрөгийн 293,2 тонн арматурыг зээлээр худалдан борлуулсан. Ш ХХК нь зээлээр авсан барааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамжинд баригдаж байгаа орон сууцны барилгаас нэр бүхий 22 орон сууцыг нэг м.кв талбайн үнийг 980.000 төгрөгт тооцож орон сууц захиалгын гэрээг тус компанийн нэр дээр хийсэн. Худалдан авагч Ш ХХК зээлээр авсан барааны үнийг 2019-11-20-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцсон боловч 2020-07-10-ны өдөр 5.000.000 төгрөгийг төлж үлдэгдэл 512.223.320 төгрөгийг огт төлөөгүй.

Бид гэрээний 1.5-д барааг хүлээн авсан өдрөөс хойш барааны үнийн дүнд сарын 1,99 хувийн хүү тооцох, 1.6-д гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй үүргийн үнийн дүнгээс 0,5 хувийн алдангийг хоног тутамд тооцохоор заасан тул гэрээний үндсэн үүрэг 512.223.320 төгрөг, хүү 81.545.952,54 төгрөг, алданги 296.884.636,27 төгрөг, нийт 890.653.908 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг доорхи 22 ш орон сууцаар хангаж өгнө үү.

Үүнд: А блок 1-р орц 1-р давхар В тоот 1 өрөө 33,5 м.кв, А блок 1-р орц 1-р давхар С2 тоот 1 өрөө 30,8 м.кв, А блок 1-р орц 1-р давхар D тоот 2 өрөө 37 м.кв, А блок 1-р орц 1-р давхар E тоот 2 өрөө 41.8 м.кв, А блок 1-р орц 3-р давхар G тоот 1 өрөө 37.7 м.кв, А блок 1-р орц 2-р давхар G тоот 1 өрөө 37.7 м.кв, А блок 1-р орц 4-р давхар G тоот 1 өрөө 37.7 м.кв, А блок 1-р орц 5-р давхар В тоот 2 өрөө 53 м.кв, А блок 1-р орц 5-р давхар C1 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 5-р давхар C2 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 5-р давхар E тоот 2 өрөө 41.8 м.кв, А блок 1-р орц 5-р давхар G тоот 1 өрөө 37.7 м.кв, А блок 1-р орц 6-р давхар C1 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 6-р давхар C2 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 7-р давхар C1 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 7-р давхар C2 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 7-р давхар C3 тоот 1 өрөө 30.8 м.кв, А блок 1-р орц 9-р давхар F тоот 2 өрөө 36.5 м.кв, А блок 1-р орц 7-р давхар D тоот 2 өрөө 37 м.кв, А блок 1-р орц 8-р давхар A тоот 3 өрөө 63.8 м.кв, А блок 1-р орц 4-р давхар F тоот 2 өрөө 36.5 м.кв, А блок 1-р орц 8-р давхар G тоот 1 өрөө 37.7 м.кв нийт 373.282.000 төгрөгийн 380,9 м.кв талбай бүхий 22 ш орон сууц гэжээ /хх-1-2/.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2019 оны 09 сарын 02-ны өдрийн гэрээний дагуу Ш ХХК-д 293,2 тонн 517 223 320 төгрөгийн арматур нийлүүлсэн. Энэхүү барааны үнийг 2019 оны 11 сарын 20-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцож, 517.223.320 төгрөгийн бараа материалыг урьдчилгаа төлбөргүйгээр зээлээр авсан учир төлбөр төлөх үүргийн баталгаа болгож барьцаанд нь Баянзүрх дүүргийн маахуур толгой гудамжинд баригдаж байгаа барилгаасаа 22 ширхэг орон сууцыг нэрлэж орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Гэхдээ эдгээр орон сууцыг мөнгөө төлөхгүй бол үл маргах журмаар өөрийн нэр дээр шилжүүлж болно гэж хариуцагч компани сайн дураараа илэрхийлж гэрээ байгуулсан. Ингээд 2020 оны 07 сарын 10-ны өдөр хариуцагч 5.000.000 төгрөг төлсөн бөгөөд одоо 512.223.320 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Манай компани арматурыг зээлээр олгодоггүй. Тухайн үед манай компани хадгаламж зээлийн хоршооноос хүүтэй зээл авч түүгээр барааныхаа татан авалтыг хийсэн байсан учир “бид зээлээр гаргах боломжгүй” гэхэд н.Бадамрагчаа захирал өөрөө ирж уулзаад захирлууд хоорондоо тохиролцоод гэрээг бичгээр үйлдсэн. Тиймээс гэрээний 1.5 дахь хэсэгт заасан барааны тонн тутмын үнийн дүн дээр сар тутам 1.99 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 240 хоногийн хүү нь 81.545.952.54 төгрөг болсон.

Зээлээр бараа авснаас хойш 2 жилийн хугацаа хэтэрсэн учир гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги тооцож 296.884.636.27 төгрөг болсон, нийт 890.653.908 төгрөгийг Ш ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байгаа. Харин шүүхийн шийдвэрт нэр бүхий 22 орон сууцнаас үүргийн гүйцэтгэл хангуулах, төлбөр төлөхийг дурдаж өгнө үү. Бид уг байрыг шууд өрөндөө тооцож авъя гэхгүй, учир нь ашиглалтад ороогүй байгаа. Манайх 890.653.908 төгрөгөө гаргуулахыг хүсч байна. Үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг орон сууцаар хангуулах шаардлагаа дэмжихгүй, зөвхөн төлбөр гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2005 оноос барилгын үйл ажиллагаа тогтвортой явуулж ирсэн. Бид гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулан, орон сууцны барилга барьж бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулж Улаанбаатар хотын нэг ч гэсэн янданг цөөлөх бодлого барьж ажилладаг. Энэ хүрээндээ Баянзүрх дүүрэг, 5-р хороо, Маахуур гудамжид орон сууц барих төсөл хэрэгжүүлж байгаа болно. Уг төслийн арматурын нийлүүлэлтийг М И ХК-тай 2019-09-02-ны өдөр 2019/41 дугаартай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэвч тухайн үеэс эхлэн ковид-19 буюу коронавирусын цар тахал дэгдсэнээр бараа материал, ажиллах хүчний хомсдолд орсноос гадна иргэдийн худалдан авах чадвар шууд муудаж манай байгууллага төлөвлөгөөний дагуу ажиллах боломжгүй болсон. Улмаар нэхэмжлэгчид төлөх 517.223.320 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй нь үнэн болно.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагаас дараах хэсэг нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Үүнд гэрээний хүүг нэхэмжилсэн шаардлагын тухайд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болно. Талууд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийг 2019-11-20-нд төлөхөөр тохиролцсон байх бөгөөд тэр хүртэл хугацаанд сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019-09-06-ны өдөр үүргээ гүйцэтгэсэн байх ба үүнээс хойш талуудын төлбөр төлөхөөр тохиролцсон хугацаа болох 2019-11-20-ны өдөр хүртэл 45 хоногийн хүү 3 хувь байхаар байна. Ийнхүү нийт 517.223.320 төгрөгийн 3 хувь болох 15.516.700 төгрөгийн хүүг хариуцагчаас шаардах үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь энэ хэмжээгээр төлөхөөс татгалзах зүйлгүй болно. Харин нэхэмжлэгчийн хүүгийн төлбөрөөс илүү нэхэмжилсэн 66.029.252 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно.

Алдангийн тухайд нэхэмжлэгч талтай бид удаан хугацаанд ярилцсаны эцэст бидэнд ирүүлсэн 2020-06-19-ний өдрийн 196 тоот албан бичгээр нэхэмжлэгч биднээс зөвхөн үндсэн төлбөрийг авах тухайгаа мэдэгдсэн болно. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1-т талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно гэж тодорхой заасан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 239.1-т заасны дагуу нэгэнт дуусгавар болсон үүргийг шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг орон сууцны барилгуудаар хангуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч шаардлагадаа үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцны захиалгын гэрээг нэр дээр хийсэн, мөн 2019/41 дугаартай гэрээний 1.8 дах хэсэгт ...зээлээр олгох барааны барьцаанд барьцаалж, орон  сууц захиалгын гэрээг хийв... хэмээн тус тус бичжээ. Өөрөөр хэлбэл, дээрх 22 байрыг талууд анхнаасаа захиалан бариулах зорилгогүй, харин үүргийн гүйцэтгэлийн барьцаалах зорилготой байсан нь тодорхой харагдаж байна. Иймд дээрх гэрээ нь Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-т үүргийн гүйцэтгэлийг хангах 7 аргыг нэрлэн заасан. Өөрөөр хэлбэл иргэний хуульд дээрх 7 аргаас бусдаар үүргийн гүйцэтгэлийг хангах боломжийг олгоогүй. Гэтэл нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор тусдаа эрх зүйн харилцаа үүсгэдэг захиалгаар бариулах гэрээ буюу худалдах худалдан авах гэрээ хийсэн нь Иргэний хуулийн дээрх заалтыг зөрчжээ. Иймд 2019/41 дугаартай гэрээний 1.8 дахь хэсэг болон түүнийг дагалдуулан хийсэн 22 ширхэг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.1-т заасан хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл байна.

2019/41 дугаартай гэрээ болон түүнийг дагалдуулан хийсэн 22 ширхэг гэрээ нь Иргэний хуулийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл байна. Талууд бодит байдал дээр тухайн орон сууцнуудыг захиалан бариулах хүсэл зориггүй харин өөр гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор байгуулсан байна. Захиалан бариулах гэрээ нь иргэний хуулийн 243.1-т заасанчлан нэг талаас тухайн орон сууцыг худалдан авагчид шилжүүлэх, нөгөө талаас худалдан авагч нь үнийг төлөх үүрэг хүлээдэг бол манай тохиолдлын хувьд ийм хүсэл зориг талуудын хэн алинд үгүй байсан нь тодорхой байна. Энэ нь Монгол улсын дээд шүүхийн 2010-06-22-ны өдрийн иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 17 дугаартай тогтоолын 5.3-т заасан тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан гэх халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн шинжийг бүрэн агуулж байна. Дээрхээс үзэхэд 2019/41 дугаартай гэрээний 1.8 дахь заалт болон түүнийг дагалдан хийгдсэн 22 гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээ байх тул нэхэмжлэгчийн гаргаж буй нэхэмжлэлийн зарим шаардлагыг 22 орон сууцаар хангуулах нь эрх зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 56.1-д заасан хэлцлүүд нь хийсэн үеэсээ эрх зүйн үр дагавар үүсгэдэггүй тул хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг шүүхээс тусгайлан тогтоолгох шаардлаггүй, харин шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эрх зүйн үндэслэлийг хянахдаа дүгнэлт хийх замаар шийдвэрлэхээр байна. Дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагас 527.740.020 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ /хх-111-112/.

 

Хариуцагч Ш ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019-09-02-ны өдрийн 2019/41 дугаартай бараа материал зээлээр худалдах худалдан авах гэрээний зарим хэсэг буюу 1.8 дахь заалт, мөн түүнийг үндэслэн хийгдсэн 22 ширхэг орон сууцыг барьцаалсан гэх орон сууц захиалан бариулах гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус гэрээнүүд байна. Бодит байдал дээр манай компани тухайн барилгуудыг Материал импекс ХХК-д худалдан борлуулах огт сонирхолгүй байсан бөгөөд энэ талаар ч гэрээнээс тодорхой харагддаг. Уг байрнуудын зах зээлийн үнэлгээ нь ч гэрээн дээр зааснаас өндөр болно. Харин тухайн үед М И ХХК нь барьцааны гэрээ биш захиалан бариулах гэрээ хийнэ хэмээн тулган шаардсан болно. Иргэний хуулийн 109.2-т үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага тависан. Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэлээ болгож буй орон сууц захиалан бариулах гэрээ нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй. Учир нь талуудын бодит байдал дээрх хүсэл зориг тус гэрээнүүдэд зааснаас өөр байсан тул нотариатаар гэрчлүүлэх ч боломж байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг. Иймд дээрх 22 ширхэг орон сууц захиалан бариулах тухай гэрээнүүд нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээнүүд тул Иргэний хуулийн 56.1.1, 56.1.3, 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ /хх-198-200/.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн гэр хорооллыг дахин төлөвлөлтөд оруулж, гэр хорооллын газрыг чөлөөлөх замаар бага м.кв талбайтай, бага үнийн дүнтэй орон сууцуудыг барьж, тухайн гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах үндсэн зорилгын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ зорилгын хүрээнд Баянзүрх дүүргийн 5-р хороо, маахуур гудамжинд барилгын орон сууцны төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Уг барилгын орон сууцны төсөлд арматур нийлүүлэх зорилгоор 2019 оны 09 сарын 02-ны өдөр “М И” ХК-тай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу нийт 517 223 320 төгрөгийн 293.2 тонн бараа материал нийлүүлсэнтэй маргахгүй тул үлдэгдэл 512.223.320 төгрөг байгаад маргахгүй.

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг үндэслэлгүй байгаа учир тухайн хэсэгт холбогдуулж тайлбар хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өөр компаниас зээл авсан гээд зээлийн хүүг төлнө гэдэг тайлбар бол үндэслэлгүй. Тухайн барааг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан учир тодорхой хэмжээний хүү тооцох шаардлагатай гэж талууд үзсэн. Нэхэмжлэгч тал болох “М И ” ХХК зээлээр олгож байгаа учир хүү тооцох шаардлагатай гэж үзсэн учир 1.99 хувийн хүүг 2019 оны 11 сарын 20-ны өдөр хүртэлх буюу гэрээний төлбөр төлөх хугацаагаар тохиролцоотой байсан тул 45 хоногийн хүүг хүлээн зөвшөөрнө.

Талууд алдангийн тухай ярилцаж, тохиролцон нэлээдгүй албан бичиг солилцсон байдаг. Үүний дагуу “Ш” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2020 оны 06 сарын 19-ний өдрийн 196 тоот албан бичгээр нэхэмжлэгч тал алданги тооцохоо больж үндсэн төлбөрөөс төлөлтийг тооцохоор харилцан тохиролцсон гэж ойлгож байгаа. Энэ нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хэлэлцэн тохирсны дагуу алдангийг дуусгавар болгосон гэж ойлгож байгаа учир шаардаж байгаа 296 884 636.27 төгрөгийн алданги үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн 22 ширхэг орон сууцыг үүргийн гүйцэтгэл хангах зорилгоор орон сууц худалдах худалдан авах, захиалан бариулах гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус. Тухайн үед зээлээр бараа материал нийлүүлж авахад нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгө тавих шаардлага гаргасан. Уг барьцаа хөрөнгийг хангуулах зорилгоор 22 ширхэг орон сууцыг нэрлэн заасан боловч бараа материал нийлүүлэх үед барьцааны гэрээ байгуулахгүй, худалдах худалдан авах гэрээ байгуулна гэж шаардлага тавьсан. Үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой хийсэн гэдгийг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.

Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг 7 төрлөөр хангана гэж заасан байгаа. Аль ч нөхцөлд худалдах худалдан авах, ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргийн гүйцэтгэх хангах талаар тодорхой заагаагүй. Энэ нь Иргэний хуулийн тусгай ангийн бие даасан гэрээ хэлцэл буюу тухайн орон сууцыг худалдаж авах хүсэл зорилготой байх шаардлагатай байдаг. Гэтэл ийм хүсэл зорилго байхгүй, барьцааны зорилгоор гэрээ байгуулсан харагддаг.

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлж хийсэн хэлцэлд хамаарч байна. Талууд бодит байдал дээр барьцааны гэрээ байгуулах хүсэл зорилготой байсан боловч нэхэмжлэгч талын шаардсанаар орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцлийн шаардлагыг хангаж хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй байгаа учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцлийн шаардлагыг мөн хангаж байна.

2019 оны 11 сарын 20-ны өдөр төлбөр төлөх ёстой байсан боловч өвлийн улирал болж барилгын ажил явагдахад хүндрэлтэй, удаашралтай болсон. Энэ үед захиалагч нарын идэвх эрс суларч, ажлын явц буурсан байдлаас болж төлбөр тодорхой хэмжээгээр саатсан тохиолдол байсан. 2020 оны 01 сараас эхлэн корона вирусийн цар тахал дэгдсэний улмаас олон сөрөг үр дагавар гарсан. Түүнчлэн иргэдийн худалдан авах сонирхол, худалдан авах чадвар шууд буурсан. Бидний өмнө дурдсанчлан нийгмийн бага, дунд орлоготой хэсэгт үйлчлэх зорилготой, ажиллагааны зарчимтай байгууллага. Корона вирусийн цар тахал бага дунд орлоготой иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлсөн байна гэдэг нь борлуулалтаас харагдсан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас өнөөдрийг хүртэл хугацаа хэтэрсэн асуудлууд байна. Тиймээс төлбөр болон хүүгийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрч, алдангийг талууд хэлэлцэн тохироод, бидний ойлгосноор шаардахгүй гэж үзэж байгаа учир Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт зааснаар алдангийг шаардах эрхгүй гэж үзэж байна.

Иймд 512.223.320 төгрөгийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрт 15.516.700 төгрөг, нийт 527.740.020 төгрөгийг нэхэмжлэгч талд төлөхийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдсэн шаардлага болох 362.913.888 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Орон сууц худалдан, худалдан авах гэрээг байгуулахдаа барьцааны гэрээ байгуулах зорилготой байсан. Тухайн үедээ худалдах худалдан авах гэрээ байгуулна гээд тухайн орон сууцны үнэлгээг илт доогуур 1 м.кв талбайг 980.000 төгрөгөөр тооцон хийсэн нь зах зээлийн ханшнаас илт доогуур үнэлгээтэй байгаа. Энэ нь барьцааны гэрээний зорилгоор хийсэн нь тодорхой харагддаг. Өнөөдрийн байдлаар 22 ширхэг орон сууцны зах зээлийн үнэлгээ 1,5 тэрбум төгрөгт хүрэхүйц үнэлгээтэй болсон байгаа. Гэтэл 527.740.020 төгрөгийн нэхэмжлэлд 1,5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй орон сууцыг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М И ХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан 2019-09-02-ны өдөр байгуулсан “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу шилжүүлсэн 239,2 тонн арматурын үнэнд 512.223.320 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 81.545.952,54 төгрөг, алдангид 296.884.636,27 төгрөг, нийт 890.653.908 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг 22 ширхэг орон сууцаар хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан /хх-1-2/ боловч шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлээр шилжүүлсэн барааны үлдэгдэл төлбөр, хүү, алдангид нийт 890.653.908 төгрөг гаргуулна гэж нэхэмжлэлээ тайлбарласан.

 

Уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас материалын үнийн үлдэгдэл 512.223.320 төгрөгийг хүлээн зөвшөөрч, гэрээний хугацаанд хүү тооцохоор тохирсон тул 2019-11-20-ны өдрийг хүртэлх хугацааны хүүг зөвшөөрнө, 2020-06-19-ний өдрийн албан бичигт үндсэн төлбөр төлөхөөр тохирсон тул алданги шаардсан нь үндэслэлгүй гэж тайлбарлан, маргаж, “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.8 дугаар заалт, уг гэрээг дагалдаж “орон сууц захиалан бариулах” тухай 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасан.

 

“М И” ХК-н гүйцэтгэх захиралаар Б.З-ийг төлөөлөн удирдах зөвлөлийн 2017-04-20-ны өдрийн 03 дугаар тогтоолоор томилсон /хх-145/, улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.З-ийг захиралаар томилсон бүртгэл хийгдсэн /хх-4/, тухайн компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-09-16-ны өдрийн 284 дугаар итгэмжлэлээр Т.Л-д хоёр жилийн хугацаатай олгосон /хх-11/ байна.

 

Хариуцагч Ш ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гишүүдийн тоог 1 гэж, компаний дүрэмд үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийг Б.Б гэж бичигдсэн /хх-93, 94/ байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2021-01-29-ний өдрийн 21/002 дугаар итгэмжлэлээр Б.О-т хоёр жилийн хугацаатай /хх-106/, 2021-02-08-ны өдрийн 21/004 дугаар итгэмжлэлээр Г.Н-т хоёр жилийн хугацаатай /хх-110/ тус тус олгосон байна.

 

Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хариуцагч Ш ХХК нь нэхэмжлэгч “М И” ХК-иас ф10, ф12, ф14, ф16, ф18, ф20, ф22, ф25, ф28, ф8 хэмжээтэй арматур төмөрийг зээлээр худалдан авч, 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, ф12 арматурыг 1.780.000 төгрөгөөр, бусад размерын арматурыг 1.760.000 төгрөгөөр тооцон авч, төлбөрийг 2019-11-20-ны дотор бүрэн төлж барагдуулах, бараа авсан өдрөөс нэг сарын 1,99 хувийн хүү тооцохоор, хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй нийт үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувьтай тэнцэх алданги төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан бараа материал зээлээр худалдах, худалдан авах 2019/41 дугаартай гэрээ, нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчид гэрээ байгуулсан талаар, гэрээний зүйлийг хүлээн авсан талаар хариуцагч тал маргаагүй /хх-5-9/.

 

Зохигч талууд арматур төмөр зээлээр худалдан авч “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан талаараа хэн аль нь маргаагүй тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч М И ХК нь хариуцагч Ш ХХК-иас зээлээр өгсөн бараа материалын үнийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.4-т ...татан авсан гэрээний үнийг 2019-11-20-ны дотор бүрэн төлөхөөр харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй.

 

Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийг 2020-07-10-нд 5.000.000 төгрөг төлсөн тул үлдэгдэл төлбөрт 512.223.320  төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь энэхүү үлдэгдэл төлбөрийн талаар маргаагүй, зээлээр худалдан авсан арматурын үнийг төлнө гэж шүүх хуралдаанд тайлбарласан тул хариуцагч Ш ХХК-иас арматурын үлдэгдэл төлбөрт 512.223.320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М И” ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас барааг зээлээр худалдсантай холбогдуулан гэрээний 1.5-д заасан хүүг 240 хоногоор тооцсон гэж 81.545.952,54 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагч тал бараа татан авсан өдрөөс төлбөр төлөх үүрэг хүлээсэн 2019-11-20-ны өдрийг хүртэлх хугацаанд хүү тооцох ёстой гэж маргаж буй нь үндэслэлгүй байна.

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр нь бичгээр байгуулагдах бөгөөд ийнхүү бичгээр байгуулсан гэрээнд төлбөл зохих хүүгийн хэмжээг тусгасан байхаар Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацааг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн гэрээний үүрэг бүрэн дуусгавар болох хүртэл байна гэж гэрээний 8.2-т заажээ.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 236 дугаар зүйлд заасан үүрэг дуусгавар болох үндэслэл нь зөвхөн гэрээний талуудад хамааралтай зохицуулалт бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд дээрх байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1зааснаар хүчин төгөлдөр байх тул 240 хоногийн хүүг гэрээнд заасан 1,99 хувиар тооцоход 81.546.000 төгрөг байх боловч нэхэмжлэгчийн шаардсан 81.545.952,54 төгрөгийн хэмжээгээр хангах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тул төлөгдөөгүй нийт үүргийн үнийн дүнгээс тооцсон гэж алдангид 296.884.636,27төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй талаараа маргаагүй боловч улс орон даяар цар тахал гарч үйл ажиллагаа зогссон, иргэдийн худалдан авах чадвар буурсан учир алдангис 72.000.000 төгрөгийг төлөх боломжтой гэж тайлбарласан.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасан байх бөгөөд талуудын хооронд байгуулсан “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.6-д “гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй нийт үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувиар алданги төлнө” гэж харилцан тохиролцжээ.  

 

Хариуцагч нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж зааснаар гэрээнд тохиролцсон хугацааны дотор буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

 

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээнд алданги тооцохоор харилцан тохиролцсон, хариуцагч нь үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгчийн алданги шаардсан нь үндэслэлтэй ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангид гүйцэтгээгүй үүрэг болох бараа материалын үнэ 512.223.320 төгрөг, гэрээгээр тохирсон хүү 81.545.952,54 төгрөг, нийт 593.769.272,54 төгрөгний 50 хувь буюу 296.884.636,27 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн татгалзлын нэг үндэслэл болсон хэргийн 113-р талд авагдсан нэхэмжлэгч “М И” ХК-ийн 2020-06-19-ний өдрийн 196 дугаар албан бичигт “төлбөр тооцооны тухай” гээд “...өнөөдрийн байдлаар 528.540.120 төгрөгийн барааны үндсэн үнийн төлбөртэй байгаа...” талаар дурдсан байх тул үндсэн төлбөр төлөхөөр тохирсон тул алданги шаардсан нь үндэслэлгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

Иймд хариуцагч Ш ХХК-иас зээлээр худалдсан арматурын үлдэгдэл төлбөрт 512.223.320  төгрөг, төлбөл зохих хүүгийн төлбөрт 81.545.952,54 төгрөг, үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй алданги 296.884.636,27 төгрөг, нийт 890.653.908 төгрөгийг /512.223.320+81545.952,54+296.884.636,27=890.653.908/ гаргуулж, нэхэмжлэгч “М И” ХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үүргийн зарим хэсгийг 22 ширхэг орон сууцаар хангуулах тухай шаардлагаа дэмжээгүй, татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхийн өмнө болон шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орохын өмнө зохигчоос нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрэх санал байгаа эсэхийг тодруулахад хариуцагч тал үндсэн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хүүгийн төлбөрийн зарим хэсэг, алдангийн тухайд ярилцах санал тавьсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс эвлэрэх боломжгүй гэсэн тул шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд

 

Ш ХХК нь “М И” ХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 2019/41 тоот бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8 дахь заалт, тус гэрээг дагалдан хийгдсэн орон сууц захиалан бариулах тухай 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх-198-200/, үндэслэлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль болон нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл гэж тайлбарласан.

 

Талуудын хооронд байгуулагдсан “бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-ний 1.8-д “талууд бараа материал зээлээр авахтай холбоотой Баянзүрх дүүргийн 5-р хороо, Маахуур гудамж хаягт баригдаж буй орон сууцнаас нийт 22 ширхэг орон сууцыг нэг м.кв талбайн үнийг 980.000 төгрөгт тооцож зээлээр олгох барааны барьцаанд барьцаалж, орон сууц захиалгын гэрээг хийв” гэж дурдсан байх боловч барьцааны гэрээ хийгдээгүй, орон сууц захиалан бариулах гэрээний 2.2-т М И ХК-тай байгуулсан арматур төмөр худалдан авах гэрээний дагуу барьцааны байр гэж дурдсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-д заасан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй.

 

Харин зохигчдын хооронд байгуулагдсан “орон сууц захиалан бариулах тухай” 22 ширхэг гэрээ нь нэхэмжлэгчийн зээлээр худалдсан барааны өртөгт бий болоогүй орон сууцыг барьцаалсан мэтээр, энэхүү хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр тухайн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгох зорилго агуулсан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээний хэлбэрийн шаардлага хангасан хэлцэл боловч агуулгын хувьд дүр үзүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон халхавчлах зорилгоор хийгдсэн байх тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болно.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй боловч дээрх орон сууц захиалан бариулах гэрээний зүйл болох орон сууц бодитоор бий болоогүй, баригдаагүй болохыг зохигч тайлбарлаж, хариуцагч тал маргаагүй.

 

Иймд дээрх үндэслэлээр М И ХК, Ш ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 22 ширхэг гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буюу бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй  болгох үндэстэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй оролцдог тул хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар шаардлага, татгалзлааа өөрөө нотлох, нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2020-10-30-ны өдөр төлсөн 4.681.420 төгрөгийг /хх-3/, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2021-04-05-ны өдөр төлсөн 7.543.000 /хх-201/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

үндсэн нэхэмжлэлийн хангагдсан шаардлагад ногдох 4.611.219,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид,

сөрөг нэхэмжлэлийн хангагдсан шаардлага болох 22 ширхэг орон сууц захиалан бариулах гэрээний нийт дүн 799.484.000 төгрөгт ногдох 4.155.370 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 262.2.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ш ХХК -иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 890.653.908 /найман зуун ерэн сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М И ” ХК -д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М И” ХК, хариуцагч Ш ХХК нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр байгуулагдсан “орон сууц захиалан бариулах” тухай 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буюу бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.  

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4.681.420 /дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун хорин/ төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 7.543.000 /долоон сая тавин зуун дөчин гурван мянган/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

хариуцагч Ш ХХК-иас 4.611.219,5 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М И ХК-д,

нэхэмжлэгч М И ХК-иас 4.155.370 /дөрвөн сая нэг зуун тавин таван мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулж хариуцагч Ш ХХК-д тус тус олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Д.ЯНЖИНДУЛАМ