Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00997

 

 

 

“М.И” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч С.Энхтөр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01129 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “М.И” ХК-ийн хариуцагч “Ш.Г” ХХК-д холбогдуулан гаргасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 890 653 908 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/41 тоот гэрээний 1.8 дахь заалт болон мөн өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь “Ш.Г” ХХК, түүний захирал Б.Бтай байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах тухай” 2019/41 тоот гэрээний дагуу 517 223 320 төгрөгийн үнэ бүхий 293,2 тонн арматурыг зээлээр худалдан борлуулсан. Хариуцагч нь зээлээр авсан барааны үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Маахуур гудамжинд баригдаж байгаа орон сууцны барилгаас нэр бүхий 22 орон сууцыг нэг м.кв талбайн үнийг 980 000 төгрөгт тооцохоор харилцан тохиролцож, “Орон сууц захиалгын гэрээ”-г тус компанийн нэр дээр хийсэн. Худалдан авагч “Ш.Г” ХХК зээлээр авсан барааны үнийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор бүрэн төлөхөөр тохиролцсон боловч 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлж үлдэгдэл 512 223 320 төгрөгийг огт төлөөгүй.

Гэрээний 1.5 дахь хэсэгт заасан барааны тонн тутмын үнийн дүн дээр сар тутам 1.99 хувийн хүү төлөхөөр тохиролцсон тул 240 хоногийн хүү нь 81 545 952 54 төгрөг болсон. Зээлээр бараа авснаас хойш 2 жилийн хугацаа хэтэрсэн учир гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар алданги тооцож 296 884.636 27 төгрөг, нийт 890 653 908 төгрөгийг “Ш.Г” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийн зарим хэсгийг 22 ширхэг орон сууцаар хангуулах шаардлагаа дэмжихгүй, зөвхөн төлбөр гаргуулах шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “М.И” ХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 2019/41 тоот “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэвч тухайн үеэс эхлэн ковид-19 буюу коронавирусын цар тахал дэгдсэнээр бараа материал, ажиллах хүчний хомсдолд орсноос гадна иргэдийн худалдан авах чадвар муудаж манай байгууллага төлөвлөгөөний дагуу ажиллах боломжгүй болсон. Улмаар нэхэмжлэгчид төлөх 517 223 320 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй нь үнэн.

Гэвч гэрээний хүүг нэхэмжилсэн шаардлагын тухайд, талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ болно. Талууд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сарын 2 хувийн хүү төлөхөөр тохиролцсон байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үүргээ гүйцэтгэсэн байх ба үүнээс хойш талуудын төлбөр төлөхөөр тохиролцсон хугацаа болох 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл 45 хоногийн хүү 3 хувь байхаар байна. Ийнхүү нийт 517 223 320 төгрөгийн 3 хувь болох 15 516 700 төгрөгийн хүүг хариуцагчаас шаардах үндэслэлтэй бөгөөд хариуцагч нь энэ хэмжээгээр төлөхөөс татгалзах зүйлгүй болно. Харин нэхэмжлэгчийн хүүгийн төлбөрөөс илүү нэхэмжилсэн 66 029 252 төгрөгийг төлөх үндэслэлгүй болно. Алдангийн тухайд, талууд удаан хугацаанд ярилцсаны эцэст 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот албан бичгээр нэхэмжлэгч нь зөвхөн үндсэн төлбөрийг авах тухайгаа мэдэгдсэн. Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт талууд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр өрийг хүчингүй болговол энэхүү үүрэг дуусгавар болно гэж тодорхой заасан. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэгт заасны дагуу нэгэнт дуусгавар болсон үүргийг шаардаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй байна.

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 527 740 020 төгрөгт холбогдох шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Ш.Г” ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах тухай” 2019/41 тоот гэрээний зарим хэсэг буюу 1.8 дахь заалт, мөн түүнийг үндэслэн хийгдсэн 22 ширхэг орон сууцыг барьцаалсан гэх “Орон сууц захиалан бариулах гэрээ”-үүд нь хүчин төгөлдөр бус гэрээнүүд байна. Бодит байдалд хариуцагч компани тухайн барилгуудыг “М.И” ХК-д худалдан борлуулах огт сонирхолгүй байсан бөгөөд энэ талаар ч гэрээнээс тодорхой харагддаг. Уг байрнуудын зах зээлийн үнэлгээ нь ч гэрээн дээр зааснаас өндөр болно. Харин тухайн үед нэхэмжлэгч компани нь барьцааны гэрээ биш захиалан бариулах гэрээ хийнэ хэмээн тулган шаардсан болно. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлагатай. Гэтэл нэхэмжлэгчийн үндэслэлээ болгож буй “Орон сууц захиалан бариулах гэрээ” нь хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу нотариатаар гэрчлүүлээгүй.

Учир нь талуудын бодит байдал дээрх хүсэл зориг тус гэрээнүүдэд зааснаас өөр байсан тул нотариатаар гэрчлүүлэх ч боломж байгаагүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчиж хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байхаар заасан байдаг. Иймд дээрх 22 ширхэг “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ-үүд нь хуулийн дээрх шаардлагыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.3, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч компанийн захирал 500 000 000 гаруй сая төгрөгийн барааг зээлээр авах санал гаргасан. Уг үүргийг хангах барьцаа хөрөнгө шаардахад “одоо баригдах барилгын орон сууцны захиалагч нь бол” гэсэн. Тухайн үед барилга баригдаагүй байсан. 950 000 төгрөг нь “Ш.Г” ХХК-ийн өөрийн гаргасан үнэ. Төлж чадахгүй бол та бүхэн энэ барилгыг баригдаад дуусахаар нь өрөндөө аваарай гэдэг байдлаар өгсөн барьцаа юм.

Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй, гараагүй, суурь нь дутагдаагүй барилгыг үл хөдлөхийн барьцаанд бүртгүүлэх боломжгүй. Өнөөдрийг хүртэл төлбөр төлөх ямар нэгэн арга хэмжээ аваагүй. 22 орон сууцны гэрээг нотариатаар батлуулж чадаагүй, баригдаагүй байсан. Тэр үеийн үнэлгээг одоогийн үнэлгээтэй харьцуулшгүй. Баригдаж эхлээгүй барилгад захиалга авахад баригдсан барилгын үнээс 2-3 дахин бага байдаг нь зах зээлийн жишиг. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан ямар  үндэслэлээр зан суртахууны хэм хэмжээнд харшилсан гэж байгаа нь ойлгомжгүй. Талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлсэн тул өөр хэлцлийг халхавчлах зорилго байгаагүй. Төлбөрөө төлөхгүй тохиолдолд дээрх орон сууцнаас аваарай гэсэн санааг өөрсдөө гаргасан. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1, 262.2.3, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Ш.Г” ХХК /5018676/-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 890 653 908 /найман зуун ерэн сая зургаан зуун тавин гурван мянга есөн зуун найман/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “М.И” ХК /2074605/-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М.И” ХК, хариуцагч “Ш.Г” ХХК нарын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр бичгээр байгуулагдсан орон сууц захиалан бариулах тухай 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг буюу бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний 1.8 дах хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4 681 420 /дөрвөн сая зургаан зуун наян нэгэн мянга дөрвөн зуун хорин/ төгрөг, хариуцагчаас сөрөг шаардлагад төлсөн 7 543 000 /долоон сая тавин зуун дөчин гурван мянган/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Г ХХК-аас 4.611.219,5 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга хоёр зуун арван есөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М.И” ХК-д, нэхэмжлэгч “М.И” ХК-аас 4.155.370 /дөрвөн сая нэг зуун тавин таван мянга гурван зуун далан/ төгрөгийг гаргуулж хариуцагч “Ш.Г” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 512 223 320 төгрөг, хүү 15 516 700 төгрөг, түүний алданги 131 935 005 төгрөгт холбогдох хэсэг болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэнтэй маргахгүй, харин шүүхийн шийдвэрийн үлдэх хэсэг буюу зээлийн хүүд 66 029 252 төгрөг гаргуулах, алдангид 164 949 631 төгрөг гаргуулахтай маргаж байгаа болно. Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтыг буруу үнэлж дүгнэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шалтгаалан шүүхийн шийдвэрийн дээрх хэсэг нь “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй байна.  

Гэрээ нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээний саналыг нөгөө тал хүлээн авснаар байгуулагддаг. Эндээс дүгнэхэд гэрээ байгуулагдсан байхын тулд гэрээний “гол нөхцөл”-ийг талууд харилцан тохиролцсон байх шаардлагатай. Зээлийн хүү гэдэг тухайн зээлийн үнэ байдаг. Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах худалдан авах гэрээний хувьд зээлийн хүү нь зайлшгүй тохирох гол нөхцөл болдог. Үүнийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2.3-т тодорхой заажээ. Эндээс үзвэл, зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол үүрэг болсон зээлийн хүүд нийт төлөх төлбөр эсхүл түүнийг тодорхойлох журмыг зааснаар гэрээ байгуулагдана. Энэ дагуу маргаан бүхий “Бараа, материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 1.4, 1.5-д гэрээний хугацаа нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байхаар, зээлийн хүү нь сарын 1.99 хувь байхаар хангалттай тодорхой заасан. Харин хүү төлөх хугацаа нь тодорхойгүй буюу хязгааргүй үргэлжлэх боломжгүй. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.2 дахь хэсэгт зааснаар гэрээний гол нөхцлийг тодорхойлох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр, зээлийн хүү нь гэрээний үндсэн үүрэг болохоос хариуцлагын арга хэмжээ биш. Гэрээнд заасан хугацаа хэтэрсэн хугацаа бүрт үргэлжлүүлэн хүү тооцох нь иргэний эрх зүйд нийцэхгүй юм. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. Маргаан бүхий гэрээний 8.2-т  хүүг үргэлжлүүлэн тооцох тухай нэг ч утга агуулга байхгүй бөгөөд харин талууд хэн аль нь үүргээ гүйцэтгэж дууссанаар гэрээ хэрэгжиж дуусна гэсэн агуулгатай байдаг. Гэтэл шүүх үүнийг илт мушгин гуйвуулж, мөн нэхэмжлэгч талын огт үндэслээгүй буюу дурдаагүй асуудалд дүгнэлт өгсөн байдаг.

Иймд шүүхийн шийдвэрээс хариуцагчийн зөвшөөрсөн хүүгийн хэмжээ буюу нэхэмжлэгчийн бараа нийлүүлсэн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс гэрээнд заасан хугацаа буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх 45 хоногийн хүү 15 516 700 төгрөгөөс үлдэх хэсэг 66 029 252 төгрөгт холбогдох хэсэг үндэслэлгүй байна.

Алдангийн талаарх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс улбаалж логикийн хувьд байх боломжгүй шийдвэр гаргасан. Тодруулбал, шүүх нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй байна хэмээн үзэж зээлийн хүүг нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцсон атлаа мөн зэрэгцүүлж “хугацаа хэтрүүлсэн” хэмээн үзэж алданги ноогдуулсан. Өөрөөр хэлбэл, Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний хугацаа дууссан, дуусаагүй гэсэн тэс өөр 2 дүгнэлтийг нэг шүүхийн шийдвэрт бичсэн байдаг. Хэрвээ анхан шатны шүүх нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй гэж үзээд хүү төлүүлэхээр шийдвэрлэсэн бол алдангийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Мөн хариуцагчийн зүгээс шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасан үндэслэлээр шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд алдангийг бууруулж өгөхийг хүссэн. Анхан шатны шүүх энэ талаар шүүхийн шийдвэрт огт дурдалгүй хэргийн оролцогчийн маргасан асуудлыг шийдвэрлээгүй байна. 2020 оны 01 сараас эхлэн Ковид 19 цар тахал БНХАУ-д дэгдсэн бөгөөд үүнээс шалтгаалан манай компанийн бараа материал татан авалт удааширсан, компанийн мөнгөн хөрөнгийн авлага шүүхийн шатанд хүрч гацсан, мөн захиргааны хэргийн шүүхээс барилгын ажлын зөвшөөрлийг түдгэлзүүлсэн /дээр заасан нөхцөл байдлын талаар нотлох баримтыг хавсаргасан/ зэрэг биднээс үл хамаарах асуудлаас шалтгаалж шууд санхүүгийн хүндрэлд орсон байдаг. Үүнээс гадна нотлох баримтаар тогтоогдохгүй боловч нийтэд илэрхий үйл баримт байгаа нь Ковид 19 цар тахлаас шалтгаалж иргэдийн худалдан авах чадамж эрс муудсан, улмаар манай компанийн барилгын төслийн захиалга тооцоолсны хагаст ч хүрээгүй гүйцэтгэлтэй явна.

Дээрх байдлыг харгалзан үзэж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасны дагуу алдангийн 50 хувийг бууруулж өгнө үү. Хариуцагчийн зүгээс үлдэх хэсэг буюу 131 935 005 төгрөгийн алдангийг төлөхөд татгалзах зүйлгүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 66 029 252 төгрөгийн хүү, 164 949 631 төгрөгийн алданги буюу нийт 230 978 883 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.

Түүнчлэн анхан шатны шүүх нь шийдвэрийн тогтоох хэсгийнхээ 3-т зохигчдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг харилцан буцааж олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул тус хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчээс гаргаж хариуцагчид олгох мөнгөн дүнгийн хэмжээг 7 472 800 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч “М.И” ХК нь хариуцагч “Ш.Г” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 890 653 908 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч дээрх шаардлагыг 527 740 020 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, үлдэх хэсгийг “хүүг илүү тооцон шаардсан, алдангийн үүргийг харилцан тохиролцон дуусгавар болгосон” гэх үндэслэлээр зөвшөөрөхгүй гэж маргаж, улмаар талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/41 тоот гэрээний 1.8 дахь заалт болон мөн өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч “М.И” ХК нь стандартын шаардлага хангасан арматур, катангийг 1.2-т заасан нэр төрөл, тоо хэмжээгээр худалдан авагчид нийлүүлэх, худалдан авагч “Ш.Г” ХХК барааг хүлээн авч, гэрээнд заасан үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Мөн гэрээний 1.2-т барааны нэр төрөл, тоо хэмжээг нарийвчлан тусгаж, 1.3 дах заалтаар ф12 арматурыг 1 780 000 төгрөгөөр, бусад хэмжээтэй арматурыг 1 760 000 төгрөгөөр тооцох үнэ тогтоож, 1.5-д барааг зээлээр авч байгаатай холбогдуулан бараа авсан өдрөөс хойш нэг сарын 1,99 хувийн хүү тооцох нөхцлүүдийг харилцан тохиролцжээ. Уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /1хх-5-10/ Анхан шатны шүүх дээрх гэрээ, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

            Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй, мөн “Ш.Г” ХХК нь “М.И” ХК-аас 517 223 320 төгрөгийн үнийн дүн бүхий 293.2 тонн арматурыг зээлээр худалдан авч, гэрээний үнэд 5 000 000 төгрөг төлж, үлдэх үүргийг биелүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчийн үүргийн зөрчлийг дүгнэхдээ Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсгийн заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нь хүү тооцсон үндэслэл болон алдангийн талаар маргасан байна.

Талууд гэрээний 1.4-т “Барааг хэсэгчлэн татан авч болох ба татан авсан гэрээний үнийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлнө” гэж, 1.6 дах заалтаар гэрээгээр тохиролцсон хугацаандаа төлбөрөө төлөөгүй бол төлөгдөөгүй нийт үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцон худалдагч талд төлнө” гэж тус тус харилцан тохиролцжээ. /1хх-5/

Нэхэмжлэгч тал “гэрээ байгуулсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс барааны үнэд хүү тооцсон” гэж, хариуцагч компани “2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр бараа материалыг нийлүүлж дуусгасан” гэж тус тус тайлбарласан байх тул хариуцагчийн бараа татан авсан өдрийг 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гэж үзнэ. Уг хугацаанаас гэрээгээр тохирсон мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд зээлээр авсан барааны үнэд ногдох хүүг тооцон төлөх, харин тогтоосон хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээнд зааснаар алданги төлөх үүрэг хариуцагчид үүснэ. Иймээс энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.

Анхан шатны шүүх талуудын гэрээний 8.2-т заасан агуулгыг буруу тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын 81 545 952.54 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсгийн заасныг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

Хариуцагч нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор зээлээр худалдан авсан барааны үнэд 517 223 320 төгрөг төлөх үүргээ зөрчиж, 2020 оны 7 дугаар сард 5 000 000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд маргаагүй учир 517 223 320 төгрөгөөс ногдох хүүг тооцно. Ингээд хүүгийн хэмжээг бараа татан авсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс үүрэг биелүүлэх хугацаа буюу мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал 78 хоногоор тооцвол 26 761 134 төгрөг /517 223 320 х 1.99%=10 292 744 төгрөг : 30 хоног=343 091 төгрөг х 78/ төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч тал алданги зөвшөөрөхгүй үндэслэлээ “нэхэмжлэгч талаас бидэнд ирүүлсэн 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 196 тоот албан бичгээр зөвхөн үндсэн төлбөр авах тухайгаа мэдэгдсэнээр алдангийн үүрэг дуусгавар болсон” гэж тайлбарласан.

Хэргийн 113 дах талд авагдсан 196 тоот албан бичигт алдангийн үүргийг дуусгавар болгосон агуулга тусгагдаагүй байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй. Иймээс нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу алданги шаардах эрхтэй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан гүйцэтгээгүй үүрэг гэдэгт барааны үндсэн үнэ, хүүгийн төлбөр хамаарна. Гэхдээ нэхэмжлэгч тал үндсэн үүрэг болох 512 223 320 төгрөгөөс алданги тооцон шаардсан тул уг дүнгээс алданги тооцох нь талуудын зарчимд нийцнэ.

Хариуцагч “Ш.Г” ХХК нь Ковид19 цар тахлын нөхцөл байдлын улмаас алдангийн хэмжээг багасгах хүсэлтийг давж заалдах гомдолдоо тусгажээ.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагч компаниас нэхэмжлэгч компанид 2020 оны 01, 02 дугаар сард улс орон даяар тархсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж байсан хүсэлт, өнөөгийн нөхцөл зэргийг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн төлөх ёстой 269 492 277 төгрөгийн алдангийг 50 хувиар багасгах нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч “Ш.Г” ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 512 223 320 төгрөг, хүү 26 761 134 төгрөг, алданги 269 492 227 төгрөг, нийт 673 730 567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.И” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 216 923 341 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжид зохих өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус оруулав.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч “Ш.Г” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/41 дугаартай гэрээний 1.8 дах заалт болон мөн өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ” гэх 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг баримтлан дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас “Орон сууц захиалан бариулах тухай 22 ширхэг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, үлдэх хэсэг болох 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/41 дугаартай гэрээний 1.8 дах заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ шийдвэрт зохигч талууд гомдол гаргаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Харин хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байхад анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхисон байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийн заасанд нийцнэ.

Хариуцагч “Ш.Г” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой тул дутуу төлсөн 767 740 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн                 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/01129 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Ш.Г” ХХК-аас 673 730 567 /зургаан зуун далан гурван сая долоон зуун гучин мянга таван зуун жаран долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М.И” ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 216 923 341 /хоёр зуун арван зургаан сая есөн зуун хорин гурван мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дах заалтын “56.2” гэсний дараа “58 дугаар зүйлийн 58.1” гэж, “4.611.219.5 /дөрвөн сая зургаан зуун арван нэгэн мянга хоёр зуун арван есөн/” гэснийг “3 526 603” гэж, “олгосугай” гэснийг “олгож, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 730 567 төгрөгийг хариуцагч “Ш.Г” ХХК-аас гаргуулан улсын орлогод оруулсугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 312 850 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.НЯМБАЗАР

 

                           ШҮҮГЧИД                                        С.ЭНХТӨР

 

                                                                                    Ч.ЦЭНД