Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2021/01114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ...байранд байрлах, “ТБ” ХХК,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Н.Н,

         Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ...тоотод оршин суух, Б.Ц нар,

    Зээлийн гэрээ цуцалж, гэрээний үүрэгт 12.362.569,22 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Н.Н хариуцагч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч “ТБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ТБ” ХХК нь Н.Н, Б.Ц нартай 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 2018/51 тоот зээлийн болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулж 12.000.000 төгрөгийг сарын 1,8 хувь /жилийн 21,6 хувь/-ийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай зээлсэн.

       Зээлдэгч Н.Н нь автомашины авах зорилгоор зээл авсан. Тэрээр “хулгайн мал худалдаж авсан, бизнес зогссон, барилгын ажил эхлээгүй” зэрэг шалтгаанаар зээлийн төлбөрт хийгээгүй.

      Хариуцагч Н.Н нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болохоо хүлээн зөвшөөрдөг боловч түүний компанид өгсөн амлалт, хугацаатай авсан үүргүүд нь биелэхгүй байна. Мөн хамтран хариуцагч Б.Ц-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар ярьж мэдэгдэхэд төлбөр төлөх санхүүгийн боломж байхгүй гэх тайлбар хэлж биелүүлэхээс татгалздаг.

      “ТБ” ХХК-ийн зүгээс уг зээлийг төлүүлэхээр шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байгаа боловч тодорхой үр дүн гарахгүй байна. Тооцооны төвийн захирал, харилцааны менежер нар нь зээлдэгч Н.Н, хамтран зээлдэгч Б.Ц нартай олон удаагийн давтамжтайгаар утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудаж биечлэн уулзах зэргээр байнга харилцсан байдаг. Ингэхдээ утсаар ярьсан тэмдэглэл, зээлдэгчийн хаягаар очиж уулзах, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэх хуудас, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл зэргийг өгсөн. Зээлдэгч нар нь зээлийн төлбөрт нийт 4.731.844 төгрөгөөс өөр төлөлт хийгээгүй.

       Иймд “ТБ” ХХК өөрийн санаачилгаар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 10.542.713,45 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1.797.152,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 22.703,67 төгрөг, нийт 12.362.569,22 төгрөг байна.

       Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар 480.000 төгрөг төлсөн ба үүнийг үндсэн зээлээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэв.

         Хариуцагч Н.Н, хариуцагч Б.Ц-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

       ТБ-аас автомашин худалдан авах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. Уг гэрээгээр зээл буцаан төлөх гэрээний хугацаа 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусах юм.

      Зээлээ төлж чадаагүй шалтгаан нь 2019 оны 04 дүгээр сараас хувийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлтөө хийх боломжгүй болсон. Мөн корона вирусийн цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүйд хүргэх зэрэг нөхцөл байдлаас шалтгаалсан. Энэ тухайгаа зээлийн эдийн засагчтай холбогдон хэлж байсан.

        Дэлхий нийтэд тархаад байгаа корона вирустэй холбоотойгоор Монгол улсад бүх нийтийн бэлэн байдал зарлах, хөл хорио тогтоох үед зарим албан байгууллагууд зогссон хэдий ч одоо хэвийн үйл ажиллагаандаа орж эхлээд байна.

      Үүнтэй холбоотойгоор 2021 оны 07 дугаар 01-ний өдөр хүртэл эргэн төлөлтөө нөхөж төлөх зэргээр тохиролцох хүсэлттэй байдаг. Зээлийн төлбөрт 4.731.844 төгрөгийн төлөлтийг хийж байсан. Хамгийн сүүлд 480.000 төгрөг төлөлт хийсэн. Үүнээс өмнө ч зээлийн төлөлт хийж байсан баримтаа нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэрээ цуцлах ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна. Онц байдал зарлаагүй байсан бол төлөлт хийгээд явах л байсан гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч “ТБ” ХХК нь хариуцагч Н.Н, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 12.362.569,22 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

         Хариуцагч Б.Ц Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу өөрийгөө шүүхэд төлөөлөх эрхийг Н.Н д итгэмжлэлээр олгосон байх бөгөөд итгэмжлэл Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ. /х.х-ийн 49 тал/

       Шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн өгсөн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “ТБ“ ХХК, хариуцагч Н.Н, Б.Ц нартай 2018 оны 10 дугаар сарын16-ны өдөр 2018/51 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг сарын 1,8 хувийн хүүтэй, жилийн 21,6 хувийн хүүтэйгээр, 50 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлдүүлэх, зээлдэгч зээлийн хөрөнгийг хүлээн авч, гэрээгээр тохирсон эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүрэг тус тус хүлээжээ.

       Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдэгч Н.Н-ийн 5.-1. У..  улсын дугаартай Субари Импреза маркийн тээврийн хэрэгслийг “ТБ” ХХК нь өөрийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 7-11, 20-27 тал/

        Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан банкнаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, зээлийн болон фидуцийн гэрээ, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т тус тус заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзнэ.

    Нэгэнт гэрээ хүчин төгөлдөр учир талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй бөгөөд гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй.

       Нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн байх ба харин зээлдэгч нар зээлийн мөнгийг хүлээн авсан боловч эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийг төлөөгүй гэрээний зөрчлийг гаргасан байх бөгөөд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах саналыг зээлдэгч талд хүргүүлж байсан тухайд маргахгүй байна. /х.х-ийн 14-19 тал/

        Зээлдэгч гэрээний зөрчлийг гаргаж байсан байх тул зээлдүүлэгч хууль болон гэрээнд зааснаар гэрээг цуцлах, зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.

       Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойлж байгаа зээлийн гэрээ, зээлийн гэрээний хавсралт эргэн төлөлтийн хуваарь, зээлийн тооцоолол зэргээр хариуцагч нар 2020 оны 12 дугаар сарын 11-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 10.542.713,45 төгрөг, зээлийн хүү 1.797.152,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22.703,67 төгрөг, нийт 12.362.569,22 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг тооцсон тооцооллыг хариуцагч нар баримтаар үгүйсгээгүй.

      Харин шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар зээлийн төлбөрт төлсөн 480.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.4-т зааснаар үндсэн үүрэгт оруулан тооцож, нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасаж тооцох нь зүйтэй.

        Хариуцагч нар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний хавсралтад заасан зээл төлөх хуваарийг зөрчиж, уг гэрээний 6.2, 6.2.1, 6.3-т заасан гэрээг цуцлах үндэслэлийг бий болгосон нь хэргийн оролцогчийн тайлбар болон хэргийн үйл баримтаар тогтоогдож байна.

      Дээрх зөрчил нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зургаадугаар зүйлийн “гэрээ дуусгавар болох буюу түүнийг цуцлах” болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2-т заасан гэрээг цуцлах үндэслэлд хамаарах тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

         Гэрээг цуцлах хуульд болон гэрээнд заасан нөхцөл бүрдсэн болох нь хэрэгт авагдсан гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан тухай тус компанийн мэдэгдлүүдээр тогтоогдож байна.

     Нэхэмжлэгчээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсныг хариуцагч баримтаар үгүйсгэхгүй байгаагаас гадна, зээлийн төлбөрт шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 4.731.844 төгрөг, нэхэмжлэл гаргаснаас хойш 480.000 төгрөг тус тус төлж, зээлийн төлбөрт нийт 5.211.844 төгрөг төлсөн тухайд талууд маргахгүй, үүнийг хэн алин нь хүлээн зөвшөөрч байна.

       Зээлийн гэрээний хугацаа 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дуусах боловч хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн төлбөр төлөх хуваарь зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч “ТБ” ХХК нь 2020 оны 12 сарын 11-ны өдөр гэрээг цуцлан, гэрээний зүйлийг буцаан шаардаж, шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

       Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар нэхэмжлэгч гэрээг цуцалснаар мөн хуулийн 205.1-д заасан үр дагавар үүснэ.

      Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээг өөрийн санаачилгаар цуцалж, цуцлах хүртэл хугацааны гүйцэтгэвэл зохих үүргийг тооцоолон шаардсан /гэрээг цуцалж, гэрээний үр дагаврыг тооцож, нэхэмжилсэн/ гэж үзнэ.   

     Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан нь үндэслэлгүй, ...хувийн бизнесийн үйл ажиллагаа доголдсон, цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлт хийж чадаагүй, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл төлөгдөөгүй зээлийн төлбөрөө төлж дуусган, гэрээг үргэлжлүүлэх саналтай“ гэх тайлбар зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

       Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 6.2, 6.3, 6.4-т зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй байна. 

         Хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч өөрийн тайлбараа  нотлох баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

      Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Н.Н, Б.Ц нараас Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.3, 242.11-д зааснаар үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

        Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд хариуцагч нар үүрэг хуваарилах талаар тохиролцоогүй, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний үүргийг хариуцагч бүрээр тодорхойлж, нэхэмжлээгүй байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хүлээх үүрэг нь тэнцүү байна.

        Иймд хариуцагч Н.Н, Б.Ц нараас зээлийн үүрэгт 11.882.569,22 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 480.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

       “ТБ” ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар “эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ” байгуулж, уг гэрээгээр хариуцагч Н.Н-ийн 5.-1. У..  улсын дугаартай Субари Импреза маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрийн өмчлөлд шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбар, тэдний хооронд байгуулагдсан фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.    

       Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт тодорхойлжээ. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан. 

      Үүрэг гүйцэтгүүлэгч “ТБ” ХХК нь фидуцийн гэрээний зүйл болох 5.-1. У..  улсын дугаартай Субари Импреза маркийн автомашиныг гаргуулахыг шаардаагүй, харин мөнгө шаардсан нь нэхэмжлэгч фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.   

“ТБ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээний үүргийг шаардаагүй тул тухайн фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын16-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Н, Б.Ц нараас 11.882.569 /арван нэгэн сая найман зуун наян хоёр мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан “ТБ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 480.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “ТБ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216.251,10 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Н.Н, Б.Ц нараас 205.071 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч “ТБ” ХХК-д олгосугай.

     3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй. Шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                              Ж.ЦЭНГЭЛ