Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/01269

 

 

 

 

 

 

                                   ТБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01114 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ТБ ХХК-ийн хариуцагч Н.н, Б.Ц нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 12 262 569.22 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хариуцагч Н.Н гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхнаран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ТБ ХХК 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Н.Н, Б.Ц нартай зээлийн болон фидуцийн гэрээг тус тус байгуулж 12 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй шалтгаанаа хулгайн мал худалдаж авсан, бизнес зогссон, барилгын ажил эхлээгүй гэж тайлбарладаг. Мөн хамтран зээлдэгч Б.Ц гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар ярьж мэдэгдэхэд санхүүгийн боломж байхгүй гэх тайлбарыг хэлдэг. Зээлдүүлэгчийн зүгээс зээл төлүүлэх шат дараалсан арга хэмжээ авч зээлдэгч нартай олон удаа утсаар холбогдох, хаягаар очиж уулзах, дуудаж биечлэн уулзах зэргээр байнга харилцсан. Зээлдэгч нар зээлийн төлбөрт нийт 4 731 844 төгрөг төлсөн. Иймд банк өөрийн санаачилгаар гэрээг цуцалж, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар зээлдэгч нараас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 10 542 713.45 төгрөг, үндсэн хүү 1 797 152.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 703.67 төгрөг, нийт 12 362 569.22 төгрөг байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч нар 480 000 төгрөг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцоход татгалзах зүйлгүй. Мөн фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргаагүй гэжээ.

 Хариуцагчийн тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Төрийн банкнаас автомашин худалдан авах зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн. Зээлээ төлж чадаагүй шалтгаан нь 2019 оны 04 дүгээр сараас хувийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөлт хийх боломжгүй болсон. Мөн коронавирусийн цар тахлын улмаас зээлийн эргэн төлөлтөө хийж чадаагүй. Энэ талаар зээлийн эдийн засагчид хэлж байсан. Дэлхий нийтэд тархаад байгаа коронавирустэй холбоотойгоор Монгол улсад бүх нийтийн бэлэн байдал зарлах, хөл хорио тогтоох үед зарим албан байгууллагууд зогссон хэдий ч одоо хэвийн үйл ажиллагаандаа орж эхлээд байна. 2021 оны 7 дугаар 01-ний өдөр хүртэл эргэн төлөлтөө нөхөж төлөх зэргээр тохиролцох хүсэлттэй байсан. Зээлийн төлбөрт 4 731 844 төгрөг төлсөн. Хамгийн сүүлд 480 000 төгрөг төлсөн. Гэрээ цуцлах ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна. Онц байдал зарлаагүй байсан бол төлөлтөө хийх байсан гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Н.Н, Б.Ц нараас 11 882 569 /арван нэгэн сая найман зуун наян хоёр мянга таван зуун жаран есөн/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан ТБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 480 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч ТБ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 251.10 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд үлдээж, хариуцагч Н.Н, Б.Ц нараас 205 071 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

  Хариуцагч Н.Намнансүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Ковид-19 нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн төлөлт хойшлогдсон нь илт тодорхой байхад уг хугацаанд зээлээ төлөх боломжтой гэж дүгнэсэнг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн үүрэг гүйцэтгүүлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох 57-21 УБӨ улсын дугаартай Субару импреза маркийн автомашиныг гаргуулахыг шаардаагүй, харин мөнгө шаардсан нь нэхэмжлэгч фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй гэсэн шүүх хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Талууд фидуцийн гэрээний талаар мэтгэлцээгүй байхад дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй, хэрэв үүргийг гүйцэтгэх бол фидуцийн гэрээгээр хангуулах нь зүйн юм. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харгалзан шийдвэрлээгүй, талуудыг мэтгэлцүүлээгүй үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАСАН:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч ТБ ХХК нь хариуцагч Н.Н, Б.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлд 10 542 713.45 төгрөг, зээлийн хүүд 1 797 152.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22 703.67 төгрөг, нийт 12 362 569.22 төгрөг нэхэмжилсэн байна.

Хариуцагч Н.Н, Б.Ц нар 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэгч ТБ ХХК-аас эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 12 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд 57-21 УБӨ улсын дугаартай Субару импреза маркийн автомашиныг барьцаалсан ба талуудын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцсэн байна. /хх8-12/

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээлд 12 000 000 төгрөг, зээлийн хүүд 6 305 965.35 төгрөг, нийт 18 305 965.35 төгрөг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл үндсэн зээлд 1 457 286 төгрөг, зээлийн хүүд 3 233 538 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 41 021 төгрөг, нийт 4 731 841 төгрөг төлсөн байна. Үүргийн зөрчил 2019 оны 8 дугаар сараас үүссэн, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 10 542 713.45 төгрөг, зээлийн хүү 1 797 152.10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22 703.67 төгрөг, нийт 12 362 569.22 төгрөгийн үүрэг гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хариуцагчийн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэрэг баримтаар тогтоогдсон. Зохигчид зээлийн тооцооллын талаар маргаагүй болно. /хх13-14, 24/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2.1-д зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ зээлдэгч биелүүлээгүй байх тул зээлдүүлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, биечлэн уулзах, утсаар холбогдох, гэрийн хаягаар мэдэгдэл хүргүүлэх зэрэг ажиллагааг хийж байсан болох нь хэргийн 15-20, 25 дугаар тал дах мэдэгдэх хуудас, тэмдэглэл зэргээр тогтоогджээ. Зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгч нарт боломжит хугацаа олгосон боловч үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсэгт заасан журмын дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй. /хх15-20, 25/ Шүүх зохигчдын гэрээг цуцлах үндэслэл, үүргийн зөрчил үүссэн нөхцөл байдал зэргийг харьцуулан үзэж талуудын хоорондын зээлийн гэрээ 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цуцлагдсан гэж үзсэн нь зөв.

Хариуцагч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 2.1.5-д заасны дагуу үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, хариуцагч нарын гэрээний хугацаа дууссанаас хойш төлсөн 480 000 төгрөгийг төлбөл зохих 12 362 569.22 төгрөгөөс хасч хариуцагч нараас 11 882 569.22 төгрөг гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй.

Фидуцийн зүйл болох 57-21 УБӨ улсын дугаартай Субару импреза маркийн автомашиныг хариуцагч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хойш эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд нэхэмжлэгчийн тухайн автомашиныг худалдсан ч зээлийн төлбөрт хүрэхгүй, автомашиныг хариуцагч 3 жил хэрэглэсэн гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт буруу биш.

Хариуцагч нь короновируст цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа зогсож зээлээ төлөх боломжгүй болсон, гэрээг цуцлах ямар үндэслэл байгааг ойлгохгүй байна гэж тайлбарладаг боловч короновируст цар тахал Монгол Улсад тархахаас өмнө гэрээний үүрэг зөрчигджээ. Түүнчлэн банканд хандаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зээлийн хүүг тодорхой хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргаагүй байхын зэрэгцээ цар тахлын улмаас хариуцагчийн ямар үйл ажиллагаа, хэрхэн доголдсон талаар нотолсон баримтгүй. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол, тайлбар үндэслэлгүй.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01114 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 108 500 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                     ШҮҮГЧ                                 Д.БАЙГАЛМАА

                                                                                                  А.МӨНХЗУЛ