Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 977

 

187/2020/0430/Э

 

 

 

 

       2020           8              6                                         2020/ДШМ/977    

 

Д.Ц-эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Батзориг, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ц.Ганчимэг,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2020/ШЗ/1343 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 41 дугаартай эсэргүүцлээр Д.Ц-эд холбогдох эрүүгийн 2010000000569 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

 

Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт ирсэн дуудлага мэдээллийн дагуу очсон Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Баттүшиг, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Одонцэцэг нарын цагдаагийн хэлтэс руу дагаж явах шаардлагыг эсэргүүцэж, улмаар эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч О.Баттүшигийн жагсаал хувцасны хоёр мөрдсийг урж, кительний цахилгааныг эвдэлж, хувцсыг нь шороо болгон бохирдуулж, эрүүл мэндэд нь дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруу, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий хохирол, цагдаагийн ахлах ахлагч Э.Одонцэцэгийн эрүүл мэндэд баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуульд хууль сахиулагч гэдгийг цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно гэжээ.

Прокуророос шүүгдэгч Д.Ц-ийг хууль сахиулагч, цагдаагийн дэслэгч О.Баттүшиг, цагдаагийн ахлах ахлагч Э.Одонцэцэг нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан эсэргүүцсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байх боловч О.Баттүшиг, Э.Одонцэцэг нарын ажилд томилогдсон тушаал шийдвэр, мөн 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр тэднийг үүрэг гүйцэтгэж байсан болохыг нотолсон тушаал, шийдвэр, бусад холбогдох баримт зэрэг тэднийг хууль сахиулагч болохыг болон ажлаа хийж байсныг тодорхойлсон баримтууд хэрэгт байхгүй зөрчилтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг эх хувиар нь, хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл үйлдэн хуулбарлан авна” гэж заасан ба хэргийн 69-70 дугаар талд авагдсан О.Баттүшиг, Э.Одонцэцэг нарын ажлын газрын үнэмлэхний хуулбар нь хуулийн дээрх шаардлагыг хангахгүй байна гэж үзэж, Д.Ц-эд холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Эрдэнэтуяа бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул хүлээн авах боломжгүй байна.

1. Прокуророос Д.Ц-эд холбогдох 2010000000569 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг шүүх хуралдаанаас буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг баримталсан нь буруу байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ “....Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх...”-ийг хянана.

Хавтаст хэрэгт цугларсан хохирогч О.Баттүшигийн ”... би Цагдаагийн байгууллагад нийт 4 дэх жилдээ ажиллаж байна. Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицероор 2020 оны 1 дүгээр сараас хойш ажиллаж байна. Болсон асуудлын талаар гэвэл 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-946 тоотод ажил хийж байхад нэг хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгасан. ...” гэх,

хохирогч Э.Одонцэцэгийн “...би Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг, ахлах ахлагч цолтой. Болсон асуудлын талаар гэвэл 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-946 тоотод “ажил хийж байхад нэг хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлсний дагуу очиж шалгасан” гэх,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд хохирогч О.Баттүшиг нь цагдаагийн албан хаагчийн формтойгоо авахуулсан зураг авагдаж, үзлэг хийсэн бөгөөд хохирогч Э.Одонцэцэг, О.Баттүшиг нарын цагдаагийн албан хаагчийн үнэмлэхний хуулбар, яллагдагч Д.Ц-ийн “...би цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэнээ харамсаж байна. Хэргээ хурдан шийдүүлмээр байна. ...” гэх тус тус мэдүүлгээр Д.Ц-ийн үйлдсэн хэрэг нотлогдсон.

Түүнчлэн Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 15 цаг 00 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-946 тоотод ажил хийж байхад нэг хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, эргүүлийн офицер О.Баттүшиг, цагдаа Э.Одонцэцэг нар очиж ажилласан талаар тэмдэглэсэн зэргээр хохирогч О.Баттүшиг, Э.Одонцэцэг нар нь гэмт хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу очиж албан үүргээ гүйцэтгэж байсан нь тогтоогдсон тул шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд  Д.Ц-эд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1343 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

 

Прокурор Ц.Ганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хавтас хэргийн 1 дэх талд Шуурхай удирдлагын тасгийн дуудлага, лавлагааны хуудасны шийдвэрлэлтийн хэсэг дээр эргүүлийн офицер О.Баттүшиг, цагдаа Э.Одонцэцэг нар дуудлагын дагуу очиж ажилласан гэх баримт авагдсан нь цагдаагийн албан хаагч /хууль сахиулагч/ нар нь албан үүргээ гүйцэтгэж байсныг нотолсон гэж үзэж байна. Нөгөө талаар хавтас хэргийн 17-18 дахь талд дэслэгч О.Баттүшиг, ахлах ахлагч Э.Одонцэцэг нар албан үүргээ гүйцэтгэсэн тухай илтгэх хуудас, хавтас хэргийн 20-21 дэх талд цагдаагийн албан хаагч албаны дүрэмт хувцастай авахуулсан зураг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, албаны үнэмлэхийн хуулбарууд авагдсан байхад шүүх захирамжиндаа ямар үндэслэлээр нотлох баримтын шаардлага хангаагүй гэж дүгнэсэн талаар огт дурдаагүй. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ц-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж үзэв.

 

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх бөгөөд уг байдлуудыг шүүх хуралдааны явцад нотлох талаар мөн зүйлд заажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

 

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчимд нийцнэ.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг бусад нотлох баримтуудтай харьцуулан хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байх тул прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 1343 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Д.Ц-эд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх хүртэл Д.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        Б.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧ                                                                        Л.ДАРЬСҮРЭН