Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 619

 

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч Д.Ц-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч  Ц- овогт Д-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2010000000569 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер, физикч  мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа, 23 дугаар гудамжны 946 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц- овогт Д-ын Ц- /РД: ОЮ89103119/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-946 тоотод хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Б-, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.О- нар очиж шалгаад, цагдаагийн албан хаагч нарын цагдаагийн хэлтэс руу дагаж явах шаардлагыг эсэргүүцэж улмаар эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Б-ийн албанаас хангалтаар олгогдсон жагсаал хувцасны хоёр мөрдөсийг урж, кителний цахилгааныг эвдэлж, хувцасыг нь шороо болгон бохирдуулж, биед нь дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруу, баруун гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл, мөн цагдаагийн ахлах ахлагч Э.О-ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тус тус учруулж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Д.Ц-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, оногдуулах торгуулийн ялыг 2 жилийн хугацаанд төлөх боломжтой...” гэв.  

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч О.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд Эрүүгийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 946 тоотод ажил хийж байхад хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-н ажилтан ажлын шугамаар хашаанд газардуулга хийх гэхэд эзэн нь гэх залуу гарч ирээд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд маргаан хийсэн айл руу ороход Ц- гэх залуу байсан. Тэр залууд хандаад за хувцасаа өмс, хэлтэс дээр очиж учраа ольё гэхэд яагаад заавал авч явах гээд байгаа юм вэ гэхээр нь дуудлага өгсөн хүн гомдолтой байна гэж хэлсэн. ...Тэнд очоод зөрчлийн байцаагчтай уулзаж байж шийднэ гэхэд тэгвэл би явахаа болилоо гээд хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би явья гэхэд нөгөө залуу намайг шууд тэвэрч авахаар нь түлхэхэд миний хоёр мөрдөснөөс барьж аваад хуу татаад ураад хаячихсан. Тэгэхээр нь би дахиад бариад авахад миний уруул хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн...” /хх-ийн 4-5/ гэсэн,

 

Хохирогч Э.О- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс-112 авто эрүүгийн чиглэлд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 946 тоотод ажил хийж байхад хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэсэн дуудлага ирүүлсний дагуу очиж шалгасан. ...Хэрүүл маргаан хийсэн айл руу ороход Ц- гэх залуу та нар яахаараа миний гэрт шууд орж ирдэг юм гээд хэрүүл өдөж эхэлсэн. ...Б- дэслэгч та дагаж явах шаардлагатай байна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би ч дээрх шаардлага тавьсан. Нөгөө залуу дагаад гарах гэж байснаа Б- дэслэгчийг тэврээд авсан, буцаагаад түлхсэн чинь нөгөө залуу мөрдөснөөс нь барьж байгаад хуу татаад хаячихсан. Тэгээд уруул орчимд нь нэг удаа мөргөсөн. Би болиоч гээд хүрэх гэхэд намайг цохих гээд байсан. Би нэг гараас нь барьж Б- дэслэгчид туслаад гарыг нь гавлах гэсэн боловч намайг гараараа саваад би мөр хэсгээрээ хана мөргөсөн. ...Гавласан байхад та нар муу сайн пизда, чи муу гичий гээд намайг хэл амаар доромжилсон...” /хх-ийн 7-8/ гэсэн,

 

Гэрч Д.Дагва мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 946 тоот хашаанд шитний газардуулга хийх гэж байсан чинь гэрийн эзэн нь гарч ирээд уурласан. Тэгэхээр нь бид нар за больё гээд гарсан. ...Тэгсэн чинь тэр залуу ирээд хэрүүл хийгээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд ажил хийлгэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...Удалгүй цагдаа залгаад нэг хүнтэй хамт хүрээд ирээч гэхээр нь очиход цагдаагийн хувцасны хоёр мөрдөсийг нь хуулчихсан байсан. Тэр цагдаа тухайн залууг дараад доороо хийчихсэн байсан. Тэгээд би очиж тусласан. Тэр залуу цагдааг эсэргүүцээд байсан бөгөөд хамт явсан эмэгтэй цагдааг хэл амаар доромжлоод байсан...” /хх-ийн 13/ гэсэн,

 

Гэрч Г.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэрт цагдаа орж ирэхэд манай нөхөр явахгүй гээд нөгөө хоёр цагдаатай маргалдаад ноцолдоод байсан...” /хх-ийн 16/ гэсэн,

 

Шүүгдэгч Д.Ц- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэртээ амарч байхдаа дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай пиво аваад гэртээ ганцаараа уусан. Тэгж байхад хүүхдүүд аав хашаанд баахан хүмүүс ороод ирлээ гэхээр нь юун хүмүүс юм бол гээд харахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-н ажилчид газардуулга хийх гэж орж ирлээ гэсэн. Тэгэхээр нь хашаанд өвс ихтэй гагнуур хийх гэж байгаа бол галын хор чинь хаана байгаа юм бэ гэхэд багажуудаа хураагаад гараад явсан. ...Удалгүй гэрт гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа орж ирээд өөртэй чинь холбоотой дуудлага мэдээлэл ирсэн, цагдаагийн хэлтэс рүү авч явна гэхээр нь ...би үгүй гээд тэр хоёр цагдааг гэрээс гаргах гээд ноцолдож эхэлсэн. ...Эрэгтэй цагдаатай ноцолдох явцад хоёр мөрдөс нь хууларч унасан, ...эмэгтэй цагдаа миний нэг гараас бариад авч гарах гэхэд би гараа савлаад нөгөө эмэгтэй хананд цохигдсон...” /хх-ийн 14, 48-49/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,

- Илтгэх хуудас /хх-ийн 17-18/,  

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №5837, №5838, №5840 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 23-24, 29-30/,

- Хохирогч О.Б-, Э.О- нарын ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 69-70/,

- Хан-Уул дүүрэг дхэ Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн пост, машинт эргүүлийн томилгоо /шүүх хуралдаанд улсын яллагч шинээр гаргаж ирүүлсэн, хх-ийн 108-119/,

- Шүүгдэгч Д.Ц-ийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 33/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 34/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-38/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 39/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Ц-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Д.Ц- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 946 тоотод хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Б-, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.О- нар очиж шалгаад, цагдаагийн алба хаагч нарын цагдаагийн хэлтэс рүү дагаж явах шаардлагыг эсэргүүцэж, улмаар эргүүлийн офицер цагдаагийн дэслэгч О.Б-ийн албанаас хангалтаар олгогдсон жагсаал хувцасны хоёр мөрдөсийг урж, кителний цахилгааныг эвдэлж, хувцасыг нь шороо болгон бохирдуулж, биед нь дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруу, баруун гарын эрхий хуруунд зулгаралт бүхий гэмтэл учруулсан, мөн цагдаагийн ахлах ахлагч Э.О-ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл тус тус учруулж хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч О.Б-ийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Эрхэс-112 авто эргүүлийн чиглэлд Эрүүгийн үүрэг гүйцэтгэж байхад 15 цаг 07 минутад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 946 тоотод ажил хийж байхад хүн хэрүүл хийгээд ажил хийлгэхгүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХХК-н ажилтан ажлын шугамаар хашаанд газардуулга хийх гэхэд эзэн нь гэх залуу гарч ирээд хэрүүл хийгээд эхэлсэн. Тэгээд маргаан хийсэн айл руу ороход Ц- гэх залуу байсан. Тэр залууд хандаад за хувцасаа өмс, хэлтэс дээр очиж учраа ольё гэхэд яагаад заавал авч явах гээд байгаа юм вэ гэхээр нь дуудлага өгсөн хүн гомдолтой байна гэж хэлсэн. ...Тэнд очоод зөрчлийн байцаагчтай уулзаж байж шийднэ гэхэд тэгвэл би явахаа болилоо гээд хэрүүл маргаан өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би явья гэхэд нөгөө залуу намайг шууд тэвэрч авахаар нь түлхэхэд миний хоёр мөрдөснөөс барьж аваад хуу татаад ураад хаячихсан. Тэгэхээр нь би дахиад бариад авахад миний уруул хэсэг рүү толгойгоороо нэг удаа мөргөсөн...” /хх-ийн 4-5/ гэсэн, хохирогч Э.О-ийн “...Б- дэслэгч та дагаж явах шаардлагатай байна гэж хэд хэдэн удаа хэлсэн. Би ч дээрх шаардлага тавьсан. Нөгөө залуу дагаад гарах гэж байснаа Б- дэслэгчийг тэврээд авсан, буцаагаад түлхсэн чинь нөгөө залуу мөрдөснөөс нь барьж байгаад хуу татаад хаячихсан. Тэгээд уруул орчимд нь нэг удаа мөргөсөн. Би болиоч гээд хүрэх гэхээр намайг цохих гээд байсан. Би нэг гараас нь бариад Б- дэслэгчид туслаад гарыг нь гавлах гэсэн боловч намайг гараараа саваад би мөр хэсгээрээ хана мөргөсөн. ...Гавласан байхад та нар муу сайн пизда, чи муу гичий гээд намайг хэл амаар доромжилсон...” /хх-ийн 7-8/ гэсэн, гэрч Д.Дагвын “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны 946 тоот хашаанд шитний газардуулга хийх гэж байсан чинь гэрийн эзэн нь гарч ирээд уурласан. Тэгэхээр нь бид нар за больё гээд гарсан. ...Тэгсэн чинь тэр залуу ирээд хэрүүл хийгээд гар утсаараа бичлэг хийгээд байсан. Тэгээд ажил хийлгэхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...Удалгүй цагдаа залгаад нэг хүнтэй хамт хүрээд ирээч гэхээр нь очиход цагдаагийн хувцасны хоёр мөрдөсийг нь хуулчихсан байсан. Тэр цагдаа тухайн залууг дараад доороо хийчихсэн байсан. Тэгээд би очиж тусласан. Тэр залуу цагдааг эсэргүүцээд байсан бөгөөд хамт явсан эмэгтэй цагдааг хэл амаар доромжлоод байсан...” /хх-ийн 13/ гэсэн, гэрч Г.Гантуяагийн “...Гэрт цагдаа орж ирэхэд манай нөхөр явахгүй гээд нөгөө хоёр цагдаатай маргалдаад ноцолдоод байсан...” /хх-ийн 16/ гэсэн, шүүгдэгч Д.Ц-ийн “...2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...гэрт гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр цагдаа орж ирээд өөртэй чинь холбоотой дуудлага мэдээлэл ирсэн, цагдаагийн хэлтэс рүү авч явна гэхээр нь ...би үгүй гээд тэр хоёр цагдааг гэрээс гаргах гээд ноцолдож эхэлсэн. ...Эрэгтэй цагдаатай ноцолдох явцад хоёр мөрдөс нь хууларч унасан, ...эмэгтэй цагдаа миний нэг гараас бариад авч гарах гэхэд би гараа савлаад нөгөө эмэгтэй хананд цохигдсон...” /хх-ийн 14, 48-49/ гэсэн мэдүүлгүүд, илтгэх хуудас /хх-ийн 17-18/,  хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 19-21/, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн пост, машинт эргүүлийн томилгоо /шүүх хуралдаанд улсын яллагч шинээр гаргаж өгсөн баримт, хх-ийн 108-119/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч О.Б-, Э.О- нар нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагаар ажилладаг болох нь тэдний ажлын үнэмлэхний хуулбар /хх-ийн 69-70/, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1/ зэргээр тогтоогдож байх бөгөөд тэднийг албан үүргээ гүйцэтгэж байх үед нь шүүгдэгч Д.Ц- хүч хэрэглэн халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэх үед нь хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ц-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Д.Ц- нь нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч О.Б-ийн биед нь дээд уруулд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын эрхий хуруу, баруун гарын эрхий хуруунд зулгаралт, мөн цагдаагийн ахлах ахлагч Э.О-ийн биед баруун, зүүн бугалганд цус хуралт бүхий гэмтэл учирсан хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Д.Ц- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Д.Ц-ийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ц- нь торгуулийн ялыг хоёр жилийн хугацаанд төлөх боломжтой гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн түүний мэдүүлэг зэргийг харгалзан торгуулийн ялыг нэг жил арван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй энцэх хэмжээний төгрөгийг нэг хоногийн тооцож хорих ялаар солихыг Д.Ц-эд анхааруулж мэдэгдэх нь зүйтэй. 

 

Эрүүгийн 2010000000569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Б-, Э.О- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц- овогт Д-ын Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ын Ц-ийг 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Ц-эд оногдуулсан 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Ц- оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жил 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010000000569 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Д.Ц- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч О.Б-, Э.О- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР